Дархан-Уул аймгийн хөлбөмбөгчид УАШТ-д дөрвөн жил дараалан түрүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн зааланд боллоо.
Тус тэмцээнд нийт 19 аймгийн шигшээ баг дээд болон нэгдүгээр шатанд өрсөлдлөө.

Нэгдүгээр шатны хүрэл медалийн төлөө талбайн эзэн Л.Амарбаясгалан дасгалжуулагчтай Баянхонгор болон Б.Батсайхан дасгалжуулагчтай Өмнөговь аймгуудын тоглолт 7:2 харьцаатайгаар Баянхонгор аймаг ялалт байгуулж, мөн дээд шатны хүрэл медалийн төлөө М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон болон Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгуудын тоглолтод Орхон аймгийн шигшээ баг 8:3 харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа.

Нэгдүгээр шатны аваргын төлөө Ц.Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар болон Отгонбаяр дасгалжуулагчтай Ховд аймгуудын тоглолт тун сонирхолтой боллоо. Эл тоглолтод Ховд аймгйн баг өрсөлдөгчөө 6:3-аар хожиж, түрүүллээ. Ингэснээр дараа жилийн тус тэмцээнд Сүхбаатар аймгийн хамтаар дээд шатанд өрсөлдөх эрх авав.

Дээд шатны аваргын төлөө С.Жаргалсайхан Дархан-Уулын хөлбөмбөгчид Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн багтай өрсөлдөв. Эл тоглолтод Дархан-Уул аймгийн баг өрсөлдөгчөө 6:2-оор хожлоо. Ингэснээр тэд улсын аваргад дөрөв дараалан түрүүллээ.

Нэгдүгээр шатны шилдэг хаалгачаар Х.Золбоот /Сүхбаатар/, тоглогчоор Б.Бат-Эрдэнэ /Ховд/, довтлогчоор 16 гоол оруулсан Н.Бямбадорж /Ховд/ нар тодорлоо.
Дээд шатны шилдэг хаалгачаар Э.Пүрэврагч /Дархан-Уул/, тоглогчоор Э.Хосбаяр /Дархан-Уул/, довтлогчоор 15 гоол оруулсан Б.Баяржаргал /Дорноговь/ тодров.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.