Н.Алтаншагай: Чөлөөлсөн газраа авто зогсоол, ногоон байгууламж болгоно

1990-ээд оноос хойш Улаанбаатар хотод шилжилт хөдөлгөөн ихэссэн. Үүний үр шимээр хот маань цэцэглэж, өдрөөс өдөрт өнгөжиж, барилга байгууламж нэмэгдсэн ч ямар нэгэн зөвшөөрөлгүй дураараа, дуртай газраа хашаа хатгах, гарааш барих асуудал гарч эхэлсэн.
Зөвшөөрөлгүй газарт барилга байгууламж барьсан иргэд "Нэгэнт барьчихсан юм чинь одоо яалтай вэ" гэх байдлаар хандаж, төрөөс ч тэдэнд энэрэнгүй загнасаар өдийг хүрсэн байдаг. Харин сүүлийн жилүүдэд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг нураах ажлыг эрчимтэй хийж байгаа Сонгинохайрхан дүүргийн энэ удаагийн ажлыг онцлон сурвалжилж байна.
Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нэгдүгээр хорооллын ар хэсгийг эгнэсэн олон гарааш эзэгнэжээ. Энд иргэд нийт 9.5 га талбайг хэрэггүй зүйлсээ агуулах, авто машинаа хадгалах шугамаар ашиглаж байна.
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-нд уг ажлыг санаачлан, иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу ажиллаж байгаа СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай ирсэн байлаа. Иймд СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайтай зарим асуудлын талаар хөндөн ярилцлаа.
-ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-ЭЭС ХАШАА, ХАЙС, ШОНГИЙН АСУУДАЛД АНХААРНА-
-Өнөөдөр энэ хэсгийн гараашуудыг нурааж байгаа юм байна. Ер нь зөвшөөрөлгүй газар ашиглалттай холбоотой энэ онд хийгдэх ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ жил 143 гараашийг чөлөөлнө. Ирэх жилээс 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх зөвшөөрөлгүй газарт барьсан гараашуудыг чөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа. Нэгдүгээр хорооллын ар хэсгээр таван байршилд 1559 гарааш, контейнер, төмөр чингэлгүүд бий. Түүнийг ч мөн чөлөөлнө.
-Чөлөөлсөн газрыг хэрхэн ашиглах вэ?
-Чөлөөлсөн газраа нийтээр ашигладаг газар болгох юм. Ингэхдээ иргэдийнхээ санал хүсэлтийг сонссоны дагуу авто зогсоол, ногоон байгууламж байгуулахаар зураг төслөө гаргаж байна.
-Нөхөн төлбөрийн асуудал яригдах байх. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Нөхөн төлбөртэй холбоотой асуудал ярьвагтай байгаа. Хуулийн дагуу судлаад үзэхээр үл хөдлөхийн гэрчилгээ, газрын зөвшөөрөл байхгүй учраас эрх зүйн маргаан үүсэхгүй.
Мөн аж ахуйн нэгжүүд үйлчилгээний төвөө өргөтгөөд барьчихсан зөвшөөрөлгүй талбай ч байна. Үүнийг аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө орц гарцтай стандартад нийцүүлж барья гээд буулгаж, бидний ажлыг дэмжиж байгаа.
-Ногоон байгууламж бүтээх ажил нь хэр түвшинд явж байгаа вэ?
-Одоогоор зураг төсөл нь гарсан. Нэлээд өндөр өртөгтэй дүн гарч байна. Эхний ээлжид 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чөлөөлсөн газартаа авто зогсоол хийнэ. Үүнд нийслэлийн захирагчийн ажлын албаны хот тохижилтын зардалд төсвөө тусгасан. Түүний дагуу ажлаа хийнэ.
-Гараашаас гадна хашаа, хайш, шонгийн модны асуудлууд ч бий. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Энэ ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хийхээр ажлын хэсэг гарсан. Тэгэхээр тэр үеэс энэ асуудалд анхаарна.
ИРГЭД БИДЭНД ХАНДАЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай зөвшөөрөлгүй газрыг нурааж, ногоон байгууламж барих төлөвлөгөөт ажлынхаа тухай ярьсан бол Нийслэлийн газар зохион байгуулалт, газар ашиглалтын хэлтсийн дарга Ж.Гал иргэдийн хандлагын талаар мэдээлээ.

Тэрбээр "Нодлин 1556 байршилд газар чөлөөлсөн. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах хүрээнд 34 байршилд тохижилт хийхээр төлөвлөөд дөрвийг нь тохижуулсан. Энэ жил үлдсэн 30 байршлыг тохижуулах гэж байна. Энэ жил гараашаас гадна хашаа, хайш, шон зэргийг чөлөөлж, иргэд олон нийт ашиглаж болох газар болгох юм. Үүний хүрээнд 47 байршлын 447 байгууламжийг чөлөөлнө.
Мөн энэ жилийн ажлын онцлог нь "Иргэнд ээлтэй Улаанбаатар" зорилт дэвшүүлсэн. Үүний хүрээнд иргэд хамтарч ажиллаж байгаа. Зөвшөөрөлгүй баригдсан гараашуудын ойр орчмоор ихээхэн бохирдол үүсдэг хэмээн иргэд хэлдэг байсан" тухай хэлж байлаа. Үүний дагуу бид тус хороонд оршин суудаг иргэн Ц. Оюунчимэгээс байр суурийг нь авсан юм.
ИРГЭН: БИДНЭЭС САНАЛ АСУУСАН, НУРААХ НЬ ЗӨВ

-Эдгээр гараашуудыг өнөөдөр нурааж байгаа юм байна. Энэ талаар та мэдсэн үү?
-Мэдсэн. Биднээс санал асуулга авч байсан.
-Та нураах саналыг өгсөн үү эсвэл эсэргүүцсэн үү?
-Нурааж, нийтээрээ ашиглаж болдог, илүү олон хүнд өгөөжтэй хэсэг болгоосой гэж бодож байсан учраас нураахыг зөвшөөрсөн. Энэ бол хэн нэгнээс зөвшөөрөл авалгүй барьсан газар учраас нураах нь ч зөв гэж харж байна.
-Нийтээр эдэлдэг газар болгоосой гэж боддог юм байна. Яг ямар зориулалтаар бүтээн байгуулалт хийгээсэй гэж бодож байна вэ?
-Авто зогсоол, ногоон байгууламж байвал илүү ээлтэй шүү.
Түүнчлэн СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Батцагаан "Газар чөлөөлнө гэхээр том машин авч ирээд хуугаар нь нураах ажлыг хэлэхгүй. Бид иргэдтэйгээ уулзаж санал авсны үндсэн дээр энэ ажлаа хийж байгаа. Иргэд хэлэхдээ "Бид авто машинаа байршуулах талбай дутмаг байна. Энэ асуудалд анхаарч өгөөч" гэж хүссэн. Тиймээс энэ удаагийн ажил бол иргэнээ сонсож, ойлгож, стрессийг нь бууруулсан үр шимээ өгөхүйц ажил гэж харж байна" гэлээ.
СХД-ийн нутаг дэвсгэр дээрх зөвшөөрөлгүй газрыг нурааж байгаа нь олон нийтээ сонсож, хүндээ ээлтэй ажил болсон болохыг иргэд сайшааж байв. Мөн нийслэл хотод хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг бол зөвшөөрөлгүй газар олголт яах аргагүй мөн. Иргэд болон улсад маань тулгамдаж байгаа асуудлыг шийдэж буй СХД-ийн удирдлагуудын нэг өдрийн ажлыг сурвалжиллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зогсоол болгох нь зөв. Нөгөө агаараар зам тавих гэхийн оронд одоогийн зогсоолуудыг давхарлах т�##�аар бодвол яасым бэ? Ядахдаа 2 давхар болгох хэрэгтэй бус уу?