Нийгмийн

Ш.Батболд: Эрчүүд өөрийгөө бүхнийг чаддаг гэж үзвэл сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай

Өнөөдөр "Монгол цэргийн баяр"-ын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан эрчүүдийн сэтгэл зүй болоод тулгардаг асуудал, шалтгаан, нөхцөлийн талаар МУБИС-ийн Сэтгэл судлал аргазүйн тэнхимийн багш Ш.Батболдтой ярилцлаа.

-Танаас сэтгэл зүйн зөвлөгөө авч буй хүмүүсийн хэчнээн хувийг эрэгтэйчүүд эзэлдэг вэ?

-Дан ганц надад хандаж байгаа хүмүүсийн тоо, баримт дээр тулгуурлан монголын хувьд тийм байна гэж хэлэх боломжгүй. Харин Улаанбаатар хотод сэтгэлзүйн зөвлөгөө, сургалт, судалгаагаар дагнан тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа төвүүдийн статистик тоо баримтаас дурдъя. Сэтгэл судлалын үндэсний төв болон хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнд хандсан нийт үйлчлүүлэгчдийн ойролцоогоор 88 хувь нь охид эмэгтэйчүүд, 12 хувь нь хөвгүүд эрчүүд эзэлдэг. Энэ тоо баримт олон улсын жишигтэй их ойролцоо. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд сэтгэлзүйн үйлчилгээнд эмэгтэйчүүд их ханддаг. Үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг боловч хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шийдвэр гаргах онцлогт оршдог. Эмэгтэйчүүд шийдвэр гаргахдаа бусадтай ярилцах, тэдний санаа бодлыг сонсох хандлагатай байдаг бол эрчүүд тийм биш, бие дааж шийдвэр гаргахыг илүүд үздэгтэй холбоотой.  

-Зөвлөгөө авахаар хандаж байгаа эрчүүдэд сэтгэл зүйн ямар асуудал гол төлөв тулгарч байгаа нь анзаарагдав?

-Мөн л дээрх байгууллагуудад хандаж байгаа үйлчлүүлэгчдийн мэдээллээс авч үзвэл хүйсээс үл хамааран зөвлөгөөнд хамрагдах болсон шалтгаанаа дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

  1. Сэтгэл хөдлөл тогтворгүй, ойлгомжгүй байдалтай холбоотой асуудлыг хэрхэн шийдэх
  2. Урам зориг, хүсэл тэмүүлэл, сэтгэл хөдлөлгүй болсонтой холбоотой
  3. Тодорхой нэг асуудлаар шийдвэр гаргах, сонголт хийхтэй холбоотой зэрэг асуудал голлох хувийг эзэлдэг. Үүнээс гадна уур бухимдлаа удирдах, амьдралын томоохон таагүй үйл явдал, төрөл бүрийн донтолттой холбоотой асуудлаар зөвлөгөө авч байна.

-Эрчүүд өөрт нь сэтгэл зүйн асуудал үүссэнийг мэдэхгүй яваад байх тохиолдол бий. Тэгвэл яг ямар шинж тэмдгүүд илрээд байвал өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай болсон гэж үзэх вэ?

-Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг онол-аргазүйн чиг баримжаанаас үл шалтгаалан дараах шинж тэмдгүүд хүнд илэрч байгаа бол сэтгэлзүйн зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Үүнд:

  • Тодорхой шалтгаангүйгээр сэтгэл хөдлөл өөрчлөгдөх
  • Шийдэмгий бус байдал. Аливааг хойшлуулдаг, шийдвэр гаргах шаардлага тулгарчхаад байхад шийдвэрээ гаргадаггүй, асуудлыг хүчээр мартах, дарах, үгүйсгэх гэх мэт
  • Харилцааны бэрхшээл. Бусдын оронд өөрийгөө тавих, харилцаанд сэтгэл хөдлөлөө удирдах, илэрхийлэхтэй холбоотой асуудалд байнга орох гэхчлэн
  • Хэт өндөр эсвэл хэт доогуур өөрийн үнэлэлт. Өөрийгөө бүхнийг чадна, чаддаг гэж үзэх, эсвэл юу ч хийх чадваргүй гэж итгэдэг болох.
  • Ямар нэгэн зүйлээс шалтгаангүйгээр түгших, айх, сандрах
  • Үнэт зүйл, амьдралын зорилго, өөрийн болон бусдын талаарх төсөөллийн тодорхойгүй, тогтворгүй байдал, байнга өөртөө эргэлзэх
  • Сэтгэл санааны байнгын эсвэл үечилсэн тогтворгүй байдал
  • Хэт цочромтгой,  стресст хэт эмзэг, ялихгүй зүйлээс болж таагүй болох, маш амархан баярлах, уурлах
  • Сэтгэцэд гэмтэл учруулсан нөхцөл байдал үе үе эргэн сэргэж байгаа мэт мэдрэх
  • Нойрны хямрал. Гүн нойрсож чадахгүй байх гэх мэт.

-Таны дээр дурдсан шинж тэмдгүүдийг тоохгүй яваад байвал юунд хүрэх эрсдэлтэй вэ?

-Хувь хүний онцлогоос шалтгаалан үр дагавар нь өөр өөрөөр илэрнэ. Гэхдээ үр дагаврыг хамгийн ерөнхий хүрээгээр нь авч үзвэл гэр бүлийн хүрээнд зөрчил үүсч эхэлдэг, дараа нь нийгмийн харилцаа, бусадтай харилцах харилцаанд эцэст нь ажлын бүтээмж, гүйцэтгэлд нөлөөлнө. Энэ гурван хүрээнд гурвууланд нь өөрчлөлт гарсан бол стресс, сэтгэцийн тулгамдсан асуудал болон аажмаар сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болж өргөждөг.

-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Мөн ийм байдлаас гарах гарц гаргалгаа юу байна вэ?

-Хүн эхлээд өөртэйгөө ажиллах, өөрийнхөө дотоод ертөнц руу өнгийх шаардлагатай болдог. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш гэж монголчуудын зүйр үг байдаг даа. Хүн өөрийн сэтгэлзүйн онцлогоосоо шалтгаалан бодит байдлыг хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүнд уур бухимдал үүсгэж байгаа нөхцөл байдал, нөгөө хэсэгт нь өөрөөр тусдаг, өөрөөр хүлээж авдаг. Би юуг, яаж хүлээж аваад, ямар хариу үйлдэл үзүүлж, тэр нь  ямар үр дагаварт хүргээд байна вэ гэдэгтээ төдийлөн анализ хийдэггүй. Сэтгэлзүйн зөвлөгөөнд хандсанаар хамгийн наад зах нь хүн өөрийн энэ онцлогоо ойлгох, цаашид тохиолдох бэрхшээлийг урьдчилан харж даван туулах боломжтой болох юм.

-Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол бухимдсан үедээ бухимдлаа, гунигласан үедээ нулимсаа гаргаад зарим тохиолдолд өөрийгөө тайвшруулчихдаг. Харин эрчүүд тэр бүр бухимдлаа илэрхийлж уурлахгүй, уйлахгүй байхыг хичээдэг шүү дээ. Энэ нь тэдний мэдрэмжийг түгжээд байх шиг санагддаг. Энэ тухайд?

-Нэг талаас эрэгтэй, эмэгтэй хүний тархины хэл ярианы хөгжлийг хариуцдаг зүүн тал бөмбөлгийн хөгжил ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд аливаа асуудал тулгарахад ярилцах, хэл яриагаараа дамжуулан мэдрэмжээ илэрхийлэх чадварын хувьд эрэгтэйчүүдээс арай илүү байдаг. Нөгөө талаас эрчүүд, хөвгүүдийн мэдрэмжээ илэрхийлэх байдалд нийгэм-соёл, жендэрийн хэвшмэл ойлголт ч нөлөөлдөг. Хөвгүүдийг багаас нь битгий уйл, эр хүн олон юм ярих шаардлагагүй гэсэн уламжлалт үзлээр хүмүүжүүлдэг арга барил одоо ч байгаатай холбоотой. Энэ нь яваандаа хөвгүүд өөрийн санаа бодол, мэдрэмжээ дарах улмаар сэтгэл хөдлөл мэдрэмжээ ойлгох, удирдах, илэрхийлэх чадвар нь охидтой харьцуулахад хангалтгүй байдалд хүргэдэг.

-Эмэгтэй хүний сэтгэл зүйг ойлгохын тулд ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэсэн зөвлөгөө их байдаг. Харин эрчүүдийнхийг ойлгохын тулд ингэх хэрэгтэй гэсэн зөвлөмж тэр бүр байдаггүй юм байна. Ер нь тэдний сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ?

-Жендэрийн сэтгэл судлалд эрэгтэйчүүдийн дараах нийтлэг байх сэтгэлзүйн онцлогийг тодорхойлсон байдаг. Гэхдээ энд дурдаж байгаа шинжүүд нь бүх эрчүүд, хөвгүүд тийм гэсэн үг биш, ийм байх хандлага ажиглагддаг гэдэг үүднээс тодорхойлсон гэдгийг анхаарах хэрэгтэй.

  • Хөвгүүд, эрчүүд ярилцаж стрессээ тайлдаггүй, асуудлаа бусдад ярих нь сул дорой байгаагын шинж гэж үздэг учраас асуудлаа өөрөө шийдэх нь зүйтэй гэж үздэг хандлага давамгайлдаг.
  • Эмэгтэйчүүд өөрт төрж байгаа мэдрэмж бусдын санаа бодлыг үндэслэж шийдвэр гаргах хандлагатай байдаг бол эрчүүд, хөвгүүд асуудлын логик, дэс дараанд анхаарал хандуулж бие дааж шийдвэр гаргах хандлагатай.  
  • Эмэгтэйчүүд хэл яриагаар түрэмгийлэх хандлагатай байдаг бол эрчүүд бухимдлаа биеэр үйлдэх, гадагшлуулах хандлага давамгайлдаг.  
  • Эмэгтэйчүүдтэй харьцуулахад сэтгэлзүйн өөрчлөлт, өөрчлөгдөх, дасан зохицох чадвар харьцангуй удаан
  • Эмэгтэйчүүдийн хувьд амрах, алжаалаа тайлах гэдэг нь гэр бүл, найзуудтайгаа харилцах, ярилцах, дэлгүүр хоршоо орох гэсэн утгатай бол эрчүүд, хөвгүүдэд сонирхолтой зүйлээ хийх, гэртээ тав тухтай байх гэсэн утгаар ойлгох хандлага давамгайлж илэрдэг.

Ийм учраас юуг стресс гэж хүлээж авдаг, яаж гаргадаг, хэрхэн шийдвэрлэдэг вэ гэдэг нь охид эмэгтэйчүүд, хөвгүүд эрчүүдийн хувьд ялгаатай байх хандлага ажиглагддаг.

-Эдгээр ялгааг хэрхэн ойлгох, дэмжих шаардлагатай байдаг вэ?

-Дээрх бидний ялгаатай байдал гэж үзэж байгаа нь ийм байх магадлалтай гэж үзэж байгаа судалгааны дүгнэлт. Хөвгүүд, эрчүүд болгон тийм гэсэн үг биш гэдгийг дахин хэлэх хэрэгтэй. Хүн болгоны өссөн орчин, хүмүүжил, бие физиологи, сэтгэл хөдлөлийн болон харилцааны чадвар, танин мэдэхүйн онцлог өөр өөр байдаг учраас тухайн хүний асуудал гэж хүлээж авч байгаа, хариу үйлдэл үзүүлж байгаа байдал нь олон янз. Тэр онцлогийг судалж байж тухайн хүнд тохирсон зөвлөгөөг сэтгэл судлаачид санал болгодог.  

Заавал эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бид хоорондын харилцаандаа чи эрэгтэй/эмэгтэй юм чинь тийм байх ёстой/ хэрэгтэй гэдэг хүлээлт, дүрэм журам, харилцаанд хэн хэн нь мэдрэмжтэй, болгоомжтой хандах шаардлагатай.

-Эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс илүү байгаа тухай бодит мэдээлэл бий. Ер нь эрчүүд нийгэмд стресс, тулгамддаг асуудлаа ярихгүй, хаалттай байдаг нь ийм байдалд хүргэх шалтгаан болж байна уу. Энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлээч.

-Дэлхийн хамгийн нэр хүндтэй, нөлөө бүхий сэтгэл судлалын нийгэмлэг болох АНУ-ын сэтгэл судлалын нийгэмлэгээс хөвгүүд, эрчүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, хамгийн их анхаарах шаардлагатай асуудал нь биеэр үйлдэх түрэмгийлэл, архи мансууруулах бодисын хэрэглээ, амиа хорлолт байна гэсэн судалгаа гаргаж, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж боловсруулсан байдаг. Дээрх гурван асуудлын шалтгаан нь нийгэм-соёл, эдийн засгийн байдал, уламжлал, эрхэлж буй ажил, насны онцлог гээд олон хүчин зүйлсээс хамааралтай. Гэхдээ дээрх хүчин зүйлс нь хөвгүүд, эрчүүдийн өөрийгөө үнэ цэнтэй гэх, бусдад хэрэгтэй гэж үзэх, бусадтай адилхан гэдгээ мэдрэх хүний мэдрэмжийн хамгийн чухал гурван талбарт нөлөөлдөг.

Хүн өөрийгөө үнэ цэнтэй гэх мэдрэмжийг ажлаас, бусдад хэрэгтэй гэх мэдрэмжийг гэр бүлээсээ, бусадтай ижил гэх мэдрэмжийг найз нөхдөөсөө олж харж байдаг. Эдгээр мэдрэмж гурвуулаа байхад хүний сэтгэлзүй тэнцвэртэй, эрүүл байдаг бол аль нэг мэдрэмж дутагдахад сэтгэлзүй тэнцвэргүй болж стресс үүсгэж, шийдвэрлэхгүй удсан тохиолдолд эрчүүд, хөвгүүдэд илэрч байгаа хэлбэр нь хүчирхийлэл, донтолт, амиа хорлолт болж хувирах нь түгээмэл. Өсвөр насанд бусадтай ижилхэн мэдрэмж чухал байдаг бол ид насанд үнэ цэнтэй гэх мэдрэмж, өтөл насанд үр хүүхэд, нийгэмдээ хэрэгтэй гэх мэдрэмж чухал байдаг. Өсвөр насныхны сэтгэлзүйн асуудал үеийнхэн, гэр бүлтэйгээ харилцах харилцаанаас тэдэнд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн мэдрэмжийг авч чадаагүйгээс ихэвчлэн үүсдэг бол ид насныхны сэтгэлзүйн асуудал ажлын бүтээмж, бусдын харилцаанаас мэдрэх өөрийн үнэ цэнийн мэдрэмжтэй холбоотой байх нь түгээмэл.

-Эрчүүдэд хамгийн ихээр тулгардаг сэтгэл зүйн асуудал болоод анхаарах шаардлагатай асуудлаар ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Чухал сэдвийн хөндөж байгаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button