НИЙГЭМ

Ц.Батнасан: Энэ удаагийн УАШТ Үндэсний шигшээ баг бүрдүүлэхэд гол шалгуур болно

Боксын спортын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасангаас зарим зүйлийг тодрууллаа.  

-Энэ жилийн УАШТ ямар онцлогтой зохион байгуулагдах вэ?

-Коронавирустэй холбоотойгоор тэмцээн уралдаан зохион байгуулалгүй удлаа. Иймд энэ удаад олон улсын стандартад хүргэж, ач холбогдол өгч зохион байгуулахаар эрмэлзэж байна. Холбооны удирдлага солигдсоноос хойш зохион байгуулж буй анхны насанд хүрэгчдийн УАШТ. Үүнээс үндэсний болон залуучуудын шигшээ баг бүрдүүлнэ. Тавдугаар сарын 6-21-ний өдөр Туркэд болох эмэгтэй насанд хүрэгчдийн ДАШТ-ийн сонгон шалгаруулалтыг хийнэ.

-Шигшээ багийн тамирчдыг УАШТ-ий амжилтаар нь шалгаруулах уу, эсвэл энэ нэгэн шалгуур үзүүлэлт нь болох уу?

-Зөвхөн УАШТ-ийн амжилтаар дүгнэнэ гэвэл учир дутагдалтай. Гэхдээ гол шалгуур нь гэж үзэж болно. Нэр дэвшсэн тамирчдыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэх зэрэг үйл явц өрнөнө.

-Хэчнээн тамирчнаар багийг бүрдүүлэх вэ. Цалин, хангамжид нь ямар байдлаар анхаарал хандуулахаар төлөвлөөд байгаа бол?

-Одоогоор Үндэсний шигшээ баг зургаан дасгалжуулагч, 26 тамирчнаас бүрдэж байгаа. Энэ Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан журмын дагуух орон тоо юм. Бид үүн дээр, МБХ-ны Удирдах зөвлөл хуралдаж: Үндэсний хоёр дахь шигшээ багаас гадна залуусын, өсвөрийн шигшээ баг нэмэх шийдвэр гаргасан. Эхнийх нь энэ тэмцээнээс бүрдэнэ. Булган аймагт зохион байгуулагдсан залуучуудын УАШТ-ээс залуусын шигшээ багаа бүрдүүлэх гэж байна.

-МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксод тоглож байгаа. Үүний зэрэгцээ УАШТ-д оролцох боломж бий юү, хязгаарлах зүйл байгаа юу?

-Хязгаарлалт байхгүй. Мэргэжлийн бокс, сонирхогчийн бокс хоёр зэрэг, нэг шугамаар хөгжиж байна. Мэргэжлийн боксчин сонирхогчийн боксод тоглож болдог. Холбогдох журмынхаа хүрээнд ганц Э.Цэндбаатар ч биш, олон тамирчин зэрэгцүүлж байгаа.

-Э.Цэндбаатарыг шигшээ багаас хассаны дараа нийгэмд олон ойлголт бий болсон. Холбооны зүгээс Э.Цэндбаатартай ойлголцолд хүрсэн үү?

-Ойлголцоогүй асуудал анхнаасаа гараагүй. Тамирчин хүн тамирчин хүн шиг, холбоо холбоо шиг байх ёстой. Тавьдаг шаардлагаа тавина. Э.Цэндбаатар тамирчин хүний зарчмаас гажсан. Хувь хүний, өөрийнх нь асуудал байсан.

-Тэмцээн ирэх ням гараг хүртэл үргэлжилнэ. Спортын ордонд ирээд үзье гэвэл олон нийтэд нээлттэй юү?

-Нээлттэй. Мэргэжлийн боксын шоу яаж зохион байгууллагддаг вэ, тэр жишгээр зохион байгуулахыг хичээж байна. Аваргуудын гарын үсэгтэй бээлий зэргээр бэлэг бэлдэх, азтай үзэгч шалгаруулах зэрэг ажлуудыг давхар зохион байгуулж байна. 26, 27-ны өдрүүдэд финалын тоглолт болно. Эндээс бид “Парис-2024” олимпын гараагаа эхлүүлж байна.

Г.САНСАРМАА

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Б.БУЯНДАЛАЙ, О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button