Нийгмийн

Иргэдийн хүсэлтийн дагуу Ажлын хэсэг байгуулахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн удирдлагуудын иргэдтэй уулзах хуваарийг баталсан. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд иргэдтэй уулзлаа.

2017 онд нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хоёр удаа мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Нийслэлийн Засаг даргын малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх захирамж гарч, тус Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга ажилласан. Улмаар малтай иргэдийн саналыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 335 гарамд 43 га газрыг 187 өрхөд, Нарийны хэсэгт 14 га газрыг 79 өрхөд, Баянзүрх дүүргийн 20-р хороо Арцатын аманд 58 га газрыг 99 өрхөд тус тус олгожээ.

Дээрх газар олголтоор Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ногоон толгойн Өлийн аманд газар авсан З.Доржпалам нарын иргэдийн төлөөллийг өнөөдөр Нийслэлийн Газар зохион байуулалтын албаны орлогч дарга Б.Загдсамбар, УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал, НЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат  тэргүүтэй албаныхан хүлээн авч, уулзсан юм.

Иргэн З.Доржпалам “СХД-ийн 21-р хороо Ногоон толгойн Өлийн амны 10 дугаар гудамжинд 2018 онд мал бүхий иргэдийг бүс тогтоон буулгасан юм. Ингэхдээ зарим айлын хашаагаар хязгаар тогтоож, худаг тал руу дахин газар олгож, эзэмшүүлэхгүй байхаар тогтсон. Гэтэл иргэн Т худаг талын газарт зөвшөөрөлгүй бууж, жалга дагуулан хашаа татаж, газрын гэрчилгээ авсан. Үүнээс болж худаг руу машинтай байтугай явган явахад ч хүндрэлтэй болсноос гадна жалганд өтөг, бууц асган бохирдуулж байна. Иймд дээрх асуудлыг шийдэж, хууль бусаар олгосон газрыг цуцлах, эсвэл олгосон газрын хэмжээнээс хэтрүүлэн татсан хашааг буцаан татаж, ойр орчмыг нь цэвэрлэх хэрэгтэй байна” гэлээ. Мөн голын эрэг дагуу хэд хэдэн айл хашаа татаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул шийдэж өгөхийг хүссэн юм.

СХД-ийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Б.Лхагвадорж “Бид мал бүхий иргэдийг нүүлгэхээс өмнө бүх тооцоо, судалгааг хийж газар олгосон. Маргаан үүсээд байгаа газрыг эзэмшигч иргэн Т анх төлөвлөлтийн дагуу хашаагаа барьсан. Иргэдийн орц, гаргаж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу иргэн Т-гийн газрын хэмжээг өөрчилж, урагш татаж, жалгын талын буланд орц, гарц гаргасан. Хайгуул хийж, сүүлд худаг гаргасан. Айлууд худгаасаа 50 метрийн дотор байгаа” хэмээн тайлбар өглөө. Өөрөөр хэлбэл, худаг дагаж газар олгоогүй. Олгосон газарт уст цэгийн хайгуул хийж, худаг гаргасан гэдгийг тодотголоо.

УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Иргэдийн энэ хүсэлттэй холбоотойгоор холбогдох байгууллагуудаас бүрдсэн Ажлын хэсэг байгуулж, маргаан үүсээд байгаа газар анхны кадастраар байгаа эсэхийг хянаж, орчны аюулгүй байдал, бохирдол үүссэн эсэхэд шалгалт хийе. Гэхдээ хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэхээсээ илүү нийтийн эрх ашгийг илүүд үзэж, олгосон газраас хэтрүүлж хашаа татсан эсэхийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг авъя” хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button