Нийгмийн

Ц.Доржсүрэн: Ариутгалын уусмал тогтмол хэрэглэвэл хамар хоолойн салст хуурайшиж, үрэвсэл үүснэ

Өнөөдөр Олон Улсын эмч нарын баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Нэгдүгээр эмнэлгийн Чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгийн Их эмч, Анагаах ухааны магистр Ц.Доржсүрэнтэй ковидын үеийн чих хамар хоолойн өвчлөл болоод түүнээс урьдчилан сэргийлэх аргын талаар ярилцлаа.

-ХАМАР, ХООЛОЙН ХӨНДИЙ ХУУРАЙШИХ НЬ ҮРЭВСЛИЙН ЭХЛЭЛ-

-Сүүлийн үеийн чих, хамар хоолойн эрхтэн тогтолцоонд хамгийн ихээр гарч байгаа өвчлөл, өөрчлөлтүүдийн талаар ярилцлагаа эхэлье. Ковидын болоод ковидын бус шалтгаант өвчлөлийн талаар ярихгүй юу?

-Сүүлийн үеийн өвчлөлүүд ковидтой шууд болон шууд бус байдлаар холбогдож эхэлсэн. Ковидын улмаас хамар, хоолой буюу амьсгалын дээд замын өвчлөл илүү дэлгэрсэн. Хоолойн өвчлөлийн хувьд ярихад, “хоолой” гэдэг нь харьцангуй ерөнхий ойлголт юм. Залгиур хоолой, төвөнх эсвэл цагаан мөгөөрсөн хоолой гэхчилэн яг аль эрхтэнд асуудал үүссэнээс шалтгаалаад тухайн эмгэг нь өөр өөр шинж тэмдэгээр илэрдэг өөрөөр хэлбэл бид тус тусад нь үнэлж, ялгаж, оношилгоог хийдэг гэсэн үг.

Манай салбарт залгиур хоолойн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл үүсэх нь ковидын үед болон ковидын дараах үед нийтлэг тохиолдож байна. Үүнийг үүсэхэд зөвхөн ковидын шалтгаанаас гадна манай орны хуурай уур амьсгал, агаарын бохирдол, агаарын хуурайшилт их нөлөөлж байдаг.

-Энэ хуурайшилтын шинжтэй үрэвсэлд өөр хүчин зүйлс нөлөөлж байгаа юу?

-Шалтгаан нь вирус, бактериас гадна агаарын бохирдол хуурайшилт гэж дурдсан. Мөн хоёрдогчоор ходоодны үрэвсэл, харшлаас шалтгаалж үүсч болдог.

-Тэгвэл хоолой, хамрын хөндийгөө үрэвсэлд өртүүлэхгүйн тулд чийгшүүлэх хэрэгтэй юм байна. Хэрхэн чигийг нь хангавал зохилтой вэ?

-Иш татвал, бидний арьс хуурайшвал тосолдог шүү дээ. Түүнээс биш эм ууж чийгийг нөхдөггүйтэй адил хоолойг ч мөн адил чийгшүүлэх арга нь цэвэр ус, чийглэг агаар, усны уур, утлага зэргийг ашиглаж болно. Манай иргэд усны хэрэглээ муу байдаг. Суугаа ажил хийгээд ажилдаа төвлөрөхөөрөө ус биш кофе, өтгөн цайг түлхүү хэрэглэж байна л даа.

-СОДА, ТАМЕДИН, ДАВСТАЙ УУСМАЛААР АМАА ТОГТМОЛ ЗАЙЛ ГЭХ ЗӨВЛӨГӨӨГ БҮҮ ДАГА-

-Цахим орчинд чих, хамар, хоолойн адил шинж тэмдгээр зовуурлаж байгаа иргэд бие биендээ зөвлөгөө их өгч байгаа харагддаг. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Тийм ээ. Сода, тамедин, давстай усаар хоолой, ам, хамараа тогтмол зайл гэх зөвлөгөө ковидын үед ялангуяа их гарсан. Энэ нь нэг талаараа халдваргүйжүүлж, ариутгаж байгаа ч маш их хуурайшилтыг үүсгэнэ. Өглөө оройгүй, цаг тутамд ийн зайлах нь маш буруу. Дээрх уусмалыг байнга ойрхон давтамжтай хэрэглэснээр хамрын хөндий, амны хөндийн, залгиур хоолойн, төвөнхийн салстийг гэмтээж үрэвсэл үүсгэх нөхцөлийг бүрдүүлж болно. Хэрэв ийм процесс үргэлжилсэн бол улайх, аргаж хуурайших шинж тэмдгээр илэрч болно.

-Хамрын хөндийн үрэвсэл ямар сөрөг үр дагавартай вэ. Энэ нь өөр өвчний шалтгаан болох уу?

-Хамрын хөндийн үрэвсэл нь бактери, вирус, мөөгөнцөрийн эсвэл харшлын гэх мэтчилэн шалтгаанаас үүсч болно. Бид өвчтөнөө үзэж, ялган оношилгоо хийн тухайн хүнд тохирсон шалтгаан, эмгэг механизмын эмчилгээг хийх хэрэгтэй байдаг. Жишээ нь дээр дурьдсан уусмалаар хамраа угаагаад байвал хамрын хөндийн салстыг мөн гэмтээж болох нь байна.

Хамрын салст нь намираа хучуур эдээс тогтдог бөгөөд чийглэг байх ёстой. Тэрхүү намираа хучуур эд нь гадны бохирдлоос хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Чийглэг байснаар салс өөрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэсэн үг юм. Хамрын хөндийн үрэвсэлээс хамрын дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл, гавал тархины хүндрэл зэрэг үүсэх боломжтой байдаг.

-АМНЫ ХААЛТ АГААРЫН ЧИЙГИЙГ ШҮҮСНЭЭР ХАМРЫН ХӨНДИЙ ҮРЭВСЭЖ БАЙНА-

-Үүнээс үүдэж хамрын хөндийн гайморит ихэссэн гэх мэдээлэл байна?

Иргэдийн дунд хэлж заншсанаар гайморит гэх боловч шинжлэх ухааны хэллэгээр хамрын дайвар хөндийн байрлалаар нь хацрын хөндий, элхэг хөндий, тархины доор байрлах суурийн хөндий, духны хөндийн үрэвсэл гэж тус тусад нь авч үздэг. Эдгээр хамрын дайвар хөндийнүүд нь агаартай байх ёстой.

Бактери, вирус, мөөгөнцөрийн шалтгаанаас болж хамрын дайвар хөндийн үрэвсэл үүсч тэдгээр хөндий агааржилтгүй болж хамар битүүрэх,  нус гарах, толгой өвдөх, хамарнаас үмхий үнэртэх зэрэг шинж тэмдэгээр илэрч болдог.

-Бид амны хаалт зүүснээс үүдэж хангалттай агаар дутагдалд орж байна. Дээрээс нь хуурайшлаас болж хамрын хөндийн өвчлөлд өртөх эрсдэлд ч ойртжээ. Ер нь иргэд хамар, хоолойн өвчлөлийг хэр анхаарч байна вэ?

-Амны хаалт зүүснээр эсвэл гадаргуу ариутгах бодисноос харшлах эсвэл сода, давсны уусмал хэрэглэснээр хамар хоолойн салст хуурайшиж болно. Хамрын хөндий хуурай болчихоор салст нь өөрийгөө чийгшүүлэхийн тулд илүү их хэмжээгээр ажиллах хэрэгтэй болно. Илүү их хэмжээгээр ажилласанаар салст нь хэмжээгээрээ томорно. Тэгээд л хамрын хөндийн зай багасч, хамар битүүрч эхэлнэ. Үүнийг иргэд цацлага цацаад л салстыг нь хүчээр агшаачихдаг.

Хамрын өвчлөл буюу амьсгалын дээд замын өвчлөл маш элбэг байдаг. Авах арга хэмжээ бол зүгээр л мэргэжлийн эмчид хандаж өөрт тохирсон эмчилгээг хийлгэж зөвлөгөө авах хэрэгтэй. Хүн болгоны бие махбод өөр шүү дээ, тийм учрас бие биенээсээ зөвлөгөө эмчилгээ авах нь нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй. 

-Хамар битүүрснээс болж агааргүйдээд толгой өвдөж байна гэлцдэг. Энэ хэр үнэн мэдээлэл вэ?

-Толгойн өвдөлт нь нийтлэг эмнэлзүйн шинж учраас зөвхөн хамраас болж өвдөнө, ядарснаас болж өвдөнө гэж байхгүй л дээ. Толгой өвдөнө гэдэг олон өвчний нэг илэрдэг шинж шүү дээ. Тийм учраас мэдээж толгойн өвдөлт олон хоног үргэлжилбэл эмчид хандаж шалтгаанийг нь олох хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Бидний ярилцлага энд хүрээд дуусч байна. Төгсгөлд нь өнөөдөр тохиож буй эмч нарын баярт зориулан мэндчилгээ дэвшүүлэхгүй юү?

-Ковидын энэ цар тахлын үед эмч нар маш хүнд нөхцөлд хувийн амьдралаа хойш тавьж өдөр шөнөгүй ажилласан. Энэ цаг үед олон эмч нар өвдөж, шантарч хэцүү нөхцөл байдлуудтай тулгарсаар өдийг хүрлээ. Эдүгээ мөр зэрэгцэн ажилласан бүхий л эмч нартаа эмч нарын баярын мэнд хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.УЛСБОЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хогийн маск зүүж яадаг юм

Зочин
Зочин

gaduur haniad aimar baina maskaa sain zugeeree

Зочин
Зочин

Маск зүүхгүй

Зочин
Зочин

Аймар юм бэ

Зочин
Зочин

Японд нойтон.маск үйлдвэрлэгдэж байгаа гэсэн ш дээ

Зочин
Зочин

Ямар нэг зүйл маскнаас болоод үүсч л байгаа

Холбоотой мэдээ

Back to top button