НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

СУРВАЛЖИЛГА: Чихэрлэг ундаанууд сахарын шалгуурт бүгд УНАЛАА

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баярсайхан, Т.Доржханд, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж нарын 11 гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /2022.03.23/ өргөн мэдүүлсэн юм. Энэ хуульд оруулах гэж буй нэмэлт өөрчлөлтийн гол ач холбогдол нь чихэрлэг, хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах. Бүр тодруулбал, 100 грамм ундаанд агуулагдах сахарын хэмжээ 5 граммаас дээшээ ундаанд импортын татвар оногдуулдаг болох тухай заалтыг тэд нэмэхээр эл хуулийн төсөлд тусгажээ.

Тиймээс бид энэ удаагийн сурвалжилгаар монголчуудын өргөн хэрэглэдэг, тэр дундаа хүүхдүүдийн уух дуртай болсон ундаануудад агуулагдах сахарын агууламж ямар хэмжээнд байгааг сурвалжлахад 100 грамм ундаанд агуулагдах сахарын агууламж нь 5 граммаас доош ундаа бараг олдсонгүй. Ингэхдээ гадаадаас импортлодог болон дотоодод үйлдвэрлэдэг ундаануудыг бүгдийг нь хамрууллаа.

ХАМГИЙН ӨРГӨН ХЭРЭГЛЭДЭГ УНДААНУУДАД 100 ГРАМД АГУУЛАГДАХ САХАРЫН ХЭМЖЭЭ:

Мульт жүүс-9.5 грамм

Fuze tea- 9.3 грамм

Үзэмний шүүс- 4.8 грамм

Гоё жүүс-9.8 грамм

Schweppe-8 грамм

Спрайт-4.9 грамм

Кола-10.6 грамм

Mountain dew-12.5 грамм

Алимны фанта- 12.8 грамм

Minute maid punch-8.9 грамм

Vibe шүүс-7.2

Таамий луувантай чацарганы шүүс-7.5 грамм

Ханборгоцойн жүүс-8.1 грамм

Луувангийн нухаш-5.1 грамм

Orange smoothie-13 грамм

Golden plum чавганы шүүс-4 грамм

Аарцны ундаа-8.5 грамм

Усан үзэмний фанта-4.6 грамм

Гоё теа- грамм-7 грамм

Монгол үйлдвэрийн цаасан савалгаатай, хүүхдүүдэд зориулсан зарим жүүснүүд сахарын агууламжаа бичээгүй харагдаж байв. Энэ тоон үзүүлэлтээс харвал чавга болон үзэмний шүүсэнд агуулагдах сахарын агууламж хамгийн бага буюу 4-4.8 грамм байна. Харин бусад ундаанд таван граммаас дээш буюу хамгийн өндөр нь Orange smoothie-д 13 грамм байгаа нь харагдаж байна.

-ХОРХОЙТСОН ШҮДТЭЙ ЗУУРАЛДАХ БУС ШАЛТГААН, ЭРСДЛИЙГ НЬ БУУРУУЛАХ ЧУХАЛ-

 Энэ хуулийн төсөл манай улсад шаардлагатай юу гэдэг асуултад хариулт хайцгаая. Манай улсын эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн судалгаагаар сүүлийн долоон жилийн хугацаанд хэт таргалалттай хүүхдийн тоо долоо дахин нэмэгдсэн нь хэт чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой аж.

Албан эх сурвалжаас авсан мэдээллээр Монгол Улсын дунд сургуулийн 2100 гаруй сурагчдын дунд чихэрлэг ундааны хэрэглээ, тэдний таргалалтыг судалсан судалгаагаар 14 хувь нь илүүдэл жин, таргалалттай, өдөрт ууж буй шингэний 1/3-2/3 нь чихэртэй ундаа, ус, цай эзэлж байгаа нь тогтоогджээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийсэн Хоол тэжээлийн үндэсний судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт, илүүдэл жин 2010 онд дөрвөн хувь байсан бол 2017 онд 28 хувь болж долоо дахин нэмэгдсэн байна.

Хүүхдүүдийн дунд эрүүл шүдтэй хүүхэд ховордсон нь мөн л чихэрлэг бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Тиймээс өвчилсөн, хорхойтсон шүд, эмгэгшсэн эрхтэнтэй зууралдах бус түүний шалтгаан болж буй хүчин зүйл, эрсдлийг бууруулах нь хамгийн зөв шийдэл болно гэж хуулийн төсөл санаачлагчид үзсэн байх юм.

Түүнчлэн татварын орлого олохдоо гол биш, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль гэдгээрээ онцлог. Аливаа асуудалд гал унтраах маягаар хандаж, өнөө маргаашаа бодсон биш олон жилдээ үр дүнгээ өгөх ач холбогдолтой энэхүү хуулийн төслийг өргөн барьсан олон нийтэд ч таалагдаж буй юм.  

ИРГЭД: ХҮҮХДҮҮД ДЭЛГҮҮР ОРООД ГАРТАА ТААРСАН УНДААГАА ЭЭЖ ААВААРАА АВАХУУЛДАГ Ч ЧИХЭРЛЭГИЙГ НЬ ОГТ ХАРДАГГҮЙ

Бид энэ хуулийн төслийг дэмжиж буй эсэх талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

-ИРГЭН Б.ЖАВЗАН: Хэрэгтэй, хэрэггүй хуулийн төслүүд их л санаачилдаг юм билээ. Амьдралд хэрэг болдог нь хэд юм бүү мэд. Энэ харин хүүхдүүдэд тун хэрэгтэй төсөл шиг санагдсан. Бид ч тэгээд үр хүүхдээ юу идэж, ууж байгааг хянаж, эрүүл зөв зүйлс хэрэглүүлж үнэндээ чадахгүй юм. Ядаж төр засгаас нь ийм бодлого гаргаад байвал хэрэгтэй л гэж бодож байна даа.

ИРГЭН Ц.ГАЛСАНСАНЖАА: Маш зөв санагдаж байна. Хүүхдүүд дэлгүүр ороод гартаа таарсан ундаагаа аав ээжээрээ авахуулаад гарч байгаа харагддаг. Ээж, аав нь, ер нь хэн нь ч чихэр нь ямар агууламжтай байдаг талаар сонирхдоггүй. Ер нь тэгээд хүүхэддээ хор л өгөөд байгаа шүү дээ. Чихэрлэгийн хэмжээгээр нь татвар оногдуулах юм бол импортоор орж ирж буй элдэв төрлийн ундааны хэрэглээ багасах болов уу. Мэдээж татвар ногдуулвал үнэ нь дагаад өсөх байлгүй дээ.

-ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД 100 ГРАММ УНДААНД 5 ГРАММ САХАР ОРСОН ТОХИОЛДОЛД ТАТВАР АВДАГ-

Чихэрлэг ундааны хэт их хэрэглээ зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтийг хамарч байгаа томоохон асуудлуудын нэг. Бруней, Филиппин, Тайланд зэрэг 46 улс, АНУ-ын найман муж чихэрлэг ундааны 100 граммд 5 грамм сахар орсон тохиолдолд онцгой албан татвар авдаг хуультай юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас 2016 онд бүх улс оронд хандан, таргалалт, чихрийн шижинг бууруулах зорилгоор чихэр нэмсэн ундаанд хамгийн багадаа 20 хувийн татвар ноогдуулахыг уриалсан байна.

Ийнхүү хуулийн төсөлд чихэрлэг ундааны онцгой албан татварыг нэмэхээр тусгасан бөгөөд ингэснээр үйлдвэрлэгчдийн хувьд үйлдвэрлэж буй ундааны сахарыг багасгах, гаднаас оруулж ирэх хувийг бууруулах, харин түүнийг орлуулах эрүүл хүнс жимс, ногооны хэрэглээг дэмжих, нөгөө талаар хэрэглэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сургуулийн орчинд эрүүл хүнс ундаа борлуулах зэрэгт чиглэсэн боловсролын интервенцийг дэмжихэд чиглэх юм.

ХУУЛИЙН ТӨСӨЛД: 100 грамм ундаанд 5 граммаас ДЭЭШ чихэрлэг орсон ус, ундаанд 2024 онд 500 төгрөг, 2025 онд 525 төгрөг, 2026 онд 550 төгрөгийн татвар ногдуулахаар тусгажээ. Хуулийн төсөл хэрвээ батлагдвал 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.

-ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АВЪЯ ГЭСНИЙГ, ЭСВЭЛ ХАМГИЙН ХЯМДХАН УНДААГ НЬ АВЧ ӨГДӨГ-

Бид чихэрлэг ундааны хэрэглээгээ хэрхэн хянадаг, ер нь чихэрлэгийн хэмжээг нь харж худалдан авалт хийдэг эсэх талаар иргэдийн байр суурь сонирхлоо.

-Ах нь ер нь элдэв чихэрлэг ундаа уудаггүй. Өөрөө сахарын өвчтэй учраас ус, рашаан л уудаг. Ер нь тэгээд чихэрлэг ундаа, чихэр хүний биед хор уршигтайг мэддэг учраас хүүхдүүддээ ч нэг их ундаа авч өгдөггүй байсан. Одоо ач, зээ нар маань ч бас нэг их ундаа уугаад байдаггүй. Хааяа жүүс энэ тэр уудаг л юм. Дэлгүүрээс худалдан авалт хийж байхдаа чихэрний хэмжээг ёстой харж байгаагүй юм байна.

- Манай гурав циркийн дугуйланд явдаг юм. Хүүхдүүдээ сургалтнаас нь аваад гарч байна. Ер нь дэлгүүрт ороод өөрсдийнх нь авъя гэсэн ундааг аваад өгчихдөг шүү дээ. Чихэрний агууламжийг огт харж байгаагүй. Сүүлийн үед тэр ундаануудынх нь үнэ бас өсөөд байх юм. Аль болох л хямдханаас нь аваад өгчихдөг.

-Бид нар янз бүрийн ундаа ууж үзсэн. Ихэнхдээ мульти жүүс авч уудаг. Гоё амттайг нь л уудаг.

ДҮГНЭЛТ: Дээрх ундаануудын 100 граммд агуулагдах сахарын хэмжээ нь ийм өндөр байна. Тэгэхээр нэг ундаа нь доод тал нь 450 граммаас дээш 1.25 мл хүртэл байгаа гэж тооцвол агуулагдах сахарын хэмжээ нь төдий хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг.

100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг гэж тооцвол 500мл савалгаатай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Тэгвэл өдөрт ийм хэмжээний хийжүүлсэн ундаа уудаг хүүхэд жилд 22 кг элсэн чихэр иддэг гэсэн тооцоо гарч байна. Ингэхээр зөвхөн улс төрчид гэлтгүй эцэг эхчүүд бид үр хүүхдээ юу ууж, идэж байгаад анхаарч, аль болох сахарын агууламж бага, эрүүл, зөв хүнс, ундаа сонгох нь юу юунаас илүү чухал болсон нь харагдаж байна. Таны хүүхдийн эрүүл мэнд, ирээдүй, гоё сайхан шүдтэй байх эсэх нь зөвхөн таны сонголтоос л шалтгаалах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 11:10

Энж харин зөв төсөл шүү

Зочин
Зочин
2022-03-31 11:10

Эмэгтэй гишүүд гэнэт ухаан оржээ

zoch
zoch
2022-03-31 13:04

намын өлөн ханаж цаддагүй эр эм �########� хулгаач банк зээл нэрээр хоосолсон төриин хулгаачдаасаа хэдэн тэр бум долларын буцааж төлүүлж энэ гуылшачин монголыг түрч гэсэн гурил т�##�х цахилгааны үнииг нэмүүлэхгүы болго чацага царайлсан монголчууд ядуурч дууслааа м�##�уудаа

Зочин
Зочин
2022-04-01 16:28

Уулгадаггүй. Ийм юм үйлдвэрлэх ш�##�гуур дээшлүүлээд болно. Манайхан орцоо бичдэггүй эсвэл хүн уншигдахааргүй эрээн мяраан газар адил өнгөтэй уншигдахгүй өнгөөр бичдэг. Ийм наад захын стандардаа хийгээгүй байж яаж сахар харах вэ ? Шошго зөв уншигдахаар хийж чадахгүй байгаа хүмүүс.

Холбоотой мэдээ

Back to top button