Нийгмийн

Д.Оюунболд багшийнхаа үргэлжлэл нь болж яваа “Зидан”

Монголын чөлөөт бөхөд Баярсайхан гэдэг нэртэй дасгалжуулагч цөөнгүй бий. Тэдний дундаас өвөрмөц имиж, шударга зан, шулуухан яриа, гаргасан амжилтаараа эрс ялгардаг нь Гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан юм. Үндэсний шигшээ баг, “Хасу Мегастарс” клубийн дасгалжуулагч түүнийг “Зидан” хэмээх хочоор нь спорт сонирхогчид андахгүй. Чөлөөт цагаараа хөлбөмбөг тоглох дуртай байсан түүнд уг хочийг 10-аад жилийн өмнө дотнын анд, Гавьяат тамирчин Т.Сүхбаатар нь өгсөн гэдэг.

2015 оны “Mongolia оpen” тэмцээний үеэр Ц.Баярсайхан дасгалжуулагчтай уулзаж байсан минь санаанаас ер гардаггүй юм. Тэрбээр өөрийн шавь А.Батцэцэгийг хүрэл медаль авсны дараа Гавьяат тамирчин А.Энхээтэй нэлээд баргар царайтай, санаа нь зовсон байдалтай ярилцаж зогсов. Шавь нь медаль авчихаад байхад яагаад баярлахгүй байгаа юм бол гэж би эхэндээ гайхаж билээ.

Ц.Баярсайхан “Батцэцэгийн ээж сэхээнд, ухаан орохгүй байгаа. Шавь минь энэ тэмцээнд оролцох, эсэхээ надаас асуухаар нь “Хэрвээ медаль авбал шагналынх нь мөнгө ээжийнх нь эмчилгээний зардалд нэмэртэй” гээд барилдуулчихсан юм. Хөөрхий минь шүд зуусаар байгаад хүрэл медаль хүртлээ. Одоо шууд эмнэлэг явах гэж байна” гэсэн юм. Шавьтайгаа хамт инээж, хамтдаа уйлдаг дасгалжуулагч хүний жаргал, зовлонг энэ үед бүр ч их мэдэрсэн билээ, би.
Дасгалжуулагчаар 32 жил ажиллан, чөлөөт бөхийн спортын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Ц.Баярсайхан багадаа уулнаас мод бэлтгэх, түлээ хөрөөдөх зэрэг ажилд нухлагдан, хөдөөгийн бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдаж өсчээ.

Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйд мэндэлсэн тэрбээр бөхийн барилдаан бүрийг радиогоор алгасалгүй шимтэн сонсож, спортод өдөр ирэх тусам улам хорхойссоор долдугаар ангид сурч байхдаа чөлөөт бөхөөр хичээллэжээ. 1984 онд Төмөр замын нэрэмжит тэмцээнд түрүүлэхдээ олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт дасгалжуулагч Д.Оюунболд агсантай танилцан, шавь нь болсон гэдэг. Нутгийнхаа алдартны удирдлагад бэлтгэл хийх болсон нь түүний амжилт, ур чадвар ахихад их нөлөөлсөн аж.

Энэ тухайгаа тэрбээр “Нэг удаагийн бэлтгэл дээр 20 мэх заадаг байлаа. Тийм мундаг хүний заасан зүйлийг сэтгэлд нь нийцтэл сурна гэдэг амаргүй. Үнэнийг хэлэхэд сайн сурсан мэх ховор доо. Харин одоо шавь нартаа мэх заахдаа багшийнхаа хэрхэн сургаж байсныг санаж бэлтгэлийг нь хийлгэдэг. Анхандаа “нохой хамартаа хүрэхээр усч” гэдгийг л бүрэн утгаар нь мэдэрсэн. Нэг нутгийнх гээд ч тэр үү, надад их сайн байж билээ. Үнэхээр агуу бөх, мундаг дасгалжуулагч байсан. Д.Оюунболд багшийн дэргэд би юу ч биш” хэмээн өгүүлэв.

Ц.Баярсайхан “Алдар”-т бэлтгэл хийн, спортын мастер цолны болзол ханган, чамлахааргүй амжилт гаргаад байхдаа хоёр хөлөө айхтар бэртээн, 24-хөн насандаа зодог тайлжээ. Юун бэлтгэл хийх манатай болж, төмөр хөл хийлгэсэн ч спортоос хөндийрч, чөлөөт бөхөө орхиж чадсангүй. Гэхдээ дасгалжуулагч болохоор төвдөж зүрхлэхгүй нэлээд удаан бодож. Тэгж байтал Дархан-Уул аймгийн бөхчүүдийг дасгалжуулан, УАШТ-д оролцуулахыг дүү Ц.Адъяа нь хэлжээ. Тус тэмцээнд дүү нь улсынхаа дэд аварга болж, багаараа мөнгөн медаль хүртэн, дасгалжуулагч мэргэжлийн сайхныг мэдрэв.

Түүний дасалжуулагчийн замнал Дархан-Уул аймагтай салшгүй холбоотой. 1990 онд Дархан-Уул аймгийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад тэнцжээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг үлгэрлэн, зүтгэсээр, шавь нар нь амжилт гаргасаар.

2006 онд Г.Амархүү, П.Өнөрбат тэргүүтэй зургаан шавь нь үндэсний шигшээ багт дуудагджээ. Нөгөө хэдийнх нь сэтгэл аль хэдийн нийслэл хотод ирчихсэн, бусад нь тэдэн шигээ тамирчин болох мөрөөдөлтэй байсан нь мэдээж. Тэрбээр шавь нараа Улаанбаатар руу явуулаад, орон нутагтаа ажиллах боломж байсан ч санаа нь зовоод чадаагүй гэдэг. Улмаар 13 шавийнхаа хамт нийслэлд иржээ.

Их хөлийн газар, таних хүн цөөхөн, байрлах байр олдохгүй анхандаа нэлээд тэвдэж. Тэгж явахдаа Дархан-Уул аймгийн Политехникумт хамт сурч байсан, багын найз, аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуштай уулзтал туслахаа илэрхийлэн, X хороололд хоёр өрөө байр гаргаж өгчээ. Дарханы Баяраа “Хасу Мегастарс-ынх болсон түүх эндээс эхтэй. Шавь нар нь ар араасаа ирсээр 16-уулаа болох нь тэр. Тухайн үед байрныхаа том өрөөнд эрэгтэйчүүд, жижигт нь эмэгтэйчүүдийг нь байрлуулж, өөрөө гал тогоондоо унтдаг байсан юм билээ. Бэлтгэлдээ “Марк 2” автомашиндаа чихэж суугаад жирийлгэнэ. Түүндээ бүгдээрээ чихцэлдээд л багтдаг байж. Ц.Баярсайхан төдийгүй түүний шавь нар тэгж Улаанбаатарт анх хөл тавьсан түүхтэй.

Шавь нарынх нь амжилт ахин, хоёр найзын нөхөрлөл бэхжсээр. Ж.Түмэн-Аюуш гурван жилийн дараа тэднийг III хороололд дэлгүүр, тоглоомын газартай гурван өрөө байранд оруулжээ. Дэлгүүр, тоглоомын газрынхаа орлогоор хэрэгцээтэй зүйлсээ авахад хүрдэг байсан нь их дэм болсон гэнэ лээ. Өдгөө Ц.Баярсайхан төдийгүй түүний шавь нар Сонгинохайрхан уулын өвөр, Туул голын хөвөөн дэх “Эко” цогцолборт бэлтгэлээ базааж байна. 2015 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон эл цогцолборыг барих санааг “Хасу Мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш гаргасан юм. Тэр жил Ц.Баярсайханы шавь нараас Гавьяат тамирчин П.Өнөрбат дэлхийн дэд аварга болж, Б.Одгэрэл улсын харцага цол хүртсэнд хоёр найз их бэлгэшээж явдаг юм билээ.

“Хоёр давхар ортой, хоёр өрөө байранд 16 хүүхэдтэй байрлаж байснаа бодоход өнөөдөр хоёр давхар иж бүрэн спорт цогцолбортой, сэргэлтийн баазтай болчихоод байгаа нь Ж.Түмэн-Аюушийн гавьяа. Бид үнэхээр азтай” хэмээж буй Ц.Баярсайхан 1990 оноос хойш УАШТ-д оролцохдоо багаараа хоёрхон удаа (1999, 2001 он) медалиас мултарсан түүхтэй. Багаараа шагналын тавцанд зогсож чадаагүй 1999 онд л гэхэд Ж.Ганболд алт, Э.Отгонбат хүрэл медаль авсан юм.

Насанд хүрэгчдийн УАШТ-д 2008-2010 онд гурван жил дараалан түрүүлсэн түүний шавь нараас Гавьяат тамирчин хоёр төрж, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр мөнгө, нэг хүрэл хүртсэн. 2015 оны байдлаар л гэхэд залуучуудын ДАШТ-ээс хоёр алт, гурван мөнгө, ахмадаас нэг мөнгө, таван хүрэл, өсвөрөөс хоёр мөнгө, нэг хүрэл, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг алт, таван мөнгө, найман хүрэл, залуучуудаас хоёр алт, 10 мөнгө, 12 хүрэл, өсвөрөөс гурван алт, 12 мөнгө, 13 хүрэл медаль аваад байна.

Мөн ОУХМ цолтой бөх 14, спортын мастер 36, дэд мастер 45 төржээ. Одоо тив, дэлхийн медальт шавь нарынх нь тоо, амжилт бүр ч олон болсон нь мэдээж. Үндэсний бөхийн шавь нараас нь Ө.Даваабаатар, Б.Одгэрэл нар улсын харцага, С.Даваасамбуу, Ж.Баянмөнх нар улсын начин цол хүртсэн юм. Ц.Баярсайханы шавь, Лондоны олимпод оролцсон Д.Отгонцэцэг үрийн зулай үнэрлэснийхээ дараа спортдоо эргэн ирж, ДАШТ-ий мөнгөн медалиа хүрлээр хослуулан, тивийнхээ аварга болоод зогсохгүй Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан.

Түүнээс дасгалжуулалтынх нь гол онцлог, баримталдаг зарчмынх нь тухай асуухад “Үнэнч байх. Ямар ч зүйлд чин сэтгэлээсээ, үнэнч ханддаг хүнийг амжилт дагадаг. Алдаа гаргах нь ч ховор. Үүнийг л шавь нартаа үргэлж захидаг. Тэрнээс биш энийг ингэж, тэрийг тэгж сур гэх нь тийм ч чухал биш. Заасан мэхийг мэдрэмжээрээ улам хөгжүүлж, дархан мэх болготлоо үнэнчээр бэлдэж чадвал өөртөө сайн гаршуулна. Багшийн заасан бүхнийг төгс сурдаг хүүхэд ховор шүү дээ. Би нэг удаагийн бэлтгэл дээр хоёр мэх л заадаг” гэж хариулав.

Өдгөө 53 настай тэрбээр хоёр дахь дэлхийн дэд аваргаа өлгийдсөнийхөө дараа (эхнийх нь Д.Отгонцэцэг) “П.Өнөрбатыг ДАШТ-ээс мөнгөн медаль авсны дараа “Одоо л дасгалжуулагчийн дөр сууж байна даа” гэж өөрийгөө тоолоо. Өөрийнх нь заасан мэхийг шавь нь төгс хийж, өрсөлдөгчөө ялах мөчид дасгалжуулагч хүн үнэхээр их урамшдаг. Өнөрөө Францын бөх Зелимхан Хажиевыг хавирч ялсан нь намайг баярлууллаа. Учир нь, энэ мэхийг надад Д.Оюунболд багш зааж өгсөн юм. Багш маань тэртээ 1986 онд манай улсад болсон олон улсын тэмцээнд Францын алдарт тамирчин Х.Исаевыг энэ мэхээр гуравхан секундэд цэвэр ялсныг өнөө хүртэл чөлөөтийнхөн дурсах дуртай” хэмээн даруухан өгүүлсэн.

Бодсоноо хэнээс ч эмээлгүй хэлчихдэг, бүр болохгүй бол нударгаараа ч хамаагүй илэрхийлчихдэг нь түүний онцлог. Энэ нь заримдаа алдаа болох нь ч бий. Тэмцээний үеэр булхайтай шүүснийх нь эсрэг, шавийнхаа амжилтын төлөө шүүгчидтэй ёстой үзэж тарна шүү дээ. Үүнийг нь спортын хүрээнийхэн сайн мэднэ. Өөрийнхөөрөө хэтэрхий зүтгэж, бодлоо буруугаар илэрхийлээд алдсан нь ч цөөнгүй.

Риогоос Токиогийн олимпын мөчлөгт Ц.Баярсайхан шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Монголын чөлөөт бөхийн тамирчид 2017-2021 онд олимпоос нэг хүрэл /Б.Болортуяа/, ДАШТ-ээс нэг алт /П.Орхон/, нэг мөнгө /О.Насанбурмаа/, 12 хүрэл, Азийн АШТ-ээс дөрвөн алт, 16 мөнгө, 21 хүрэл, Азийн наадмаас хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Токиогийн олимпоос Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд хоёр дахь медалиа авч, сүүлийн буюу 2021 оны ДАШТ-ээс л гэхэд зургаан медаль хүртэн, бахдам амжилт гаргасан юм. Энэ амжилтад Ц.Баярсайхан дасгалжуулагчийн оролцоо, хөдөлмөр, зүтгэл их нь мэдээж.

Ийм нэг эгэл бус дасгалжуулагч олимп, дэлхийн олон аварга шавь төрүүлэхийх төлөө зүтгэж, хөдөлмөрлөж явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-03-31 07:46

Ийм нэг эгэл бус дасг�##�жуулагч олимп, дэлхийн олон аварга төрүүлэхийх төлөө зүтгэж, хөдөлмөрлөж явна.

Холбоотой мэдээ

Back to top button