НийгмийнЯрилцлага

Ө.Мөнх-Эрдэнэ: Харгис эрэгтэйн дүр бүтээхийг хүсдэг. Драмын жүжгийн санал ирвэл татгалзахгүй

Өнөөдөр Инээдмийн баярын өдөр. Хүн төрөлхтний хамгийн хөгжилтэй баяруудын нэг нь яах аргагүй мөн. Энэ өдөр хүмүүс бие биенээрээ даажигнан, тоглоом наргиа хийдэг уламжлалтай. “Дөрвөн сарын нэгээн” гээд хэн нэгнийг дөнгөж байгаагүй, дөнгүүлж үзээгүй хүн үгүй биз ээ.

Үүний сацуу Инээдмийн баярыг хошин урлаг, алиа хошин жүжигчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Цаанаасаа нэг алиа харагддаг, урлагийн салбарт тод мөртэй яваа авьяастнудыг нь Мөөжиг буюу Өлзийтогоогийн Мөнх-Эрдэнэ. Ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхлүүлж, КУДС-ийг төгссөнийхөө дараа “Захиалгат инээд”-ийг үеийн залуустайгаа хамтран байгуулж, “Инээдмийн иллэг”-ээр шуугиулж явсан үе түүнд бий. Урлагийн салбарт 20 дахь жилдээ зүтгэж буй тэрбээр өдгөө “Эмоци” продакшинд харьяалагдаж явна.

 Мөөжиг авьяаслаг жүжигчнээс гадна чадварлаг кино найруулагч, зохиолч. Таван ч бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиолыг бичин, өөрөө найруулсан чадварлаг уран бүтээлч. Үүний сацуу дэлгэцийн болон хошин урлагийн бүтээл, дүрийг нь тоолбол, нэлээд урт жагсаалт хөвөрнө.

ӨӨР, ӨӨР ПРОДАКШНЫ ЖҮЖИГЧИД ХОЛИЛДОН ТОГЛОХ НЬ ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТЫН ОНЦЛОГ

-Өнөөдөр Инээдмийн баяр тохиож байна. Энэ өдрийн хамгийн сайхан, гоё зүйл нь таны хувьд юу вэ?
-Бусдад инээд хөөр бэлэглэх, инээлгэх үнэхээр сайхан. Хошин урлагийн жүжигчин болж, инээд, аз жаргал түгээж яваадаа олзуурхдаг. Гоё энергитэй, сайхан ажил. Мэргэжлээрээ бахархдаг. Хошин урлагийн бүхий л жүжигчдийн хүсэн, хүлээдэг, хүндэтгэх учиртай баяр бол яахын аргагүй Инээдмийн баяр. Эл баяраар бусдад инээд бэлэглэх, инээлгэх хамгийн сайхан. Бидний үзүүлбэрийг үзэгчид маань үзээд элгээ хөштөл инээж буйг хараад улам их хичээх урам авдаг.

Цар тахал, хөл хорионы улмаас сүүлийн хэдэн жил тоглолт хийгээгүй, тайзан дээр гараагүй байсан. Саяхан орон нутагт тоглолт хийхдээ тайзаа, үзэгчдээ үнэхээр их санаснаа мэдэрлээ. Тайзан дээр байхад, үзэгчдийн инээд, алга ташилтаас төрдөг мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй.

-Хошин урлагийнхан өнөөдөр нэгдсэн тоглолт хийнэ. Энэ удаагийн тоглолтын гол онцлог юу вэ?

-Энэ удаагийн тоглолтод хошин урлагийн бүх продакшн нэгдэн, хамтарч тоглоно. Мөн “Фантастик” продакшны дүү нар маань хамтран зохион байгуулалцаж байгаа.

Саяхан хошин урлагийн жүжигчид хамтарч “Big show” хийсэн. Зураг авалт нь дуусчихсан байгаа. Хошин урлагийнхан маань нэг дор 5-6 хоног байрлаад контент хийхэд хэчнээн сайхан эв нэгдэлтэй, хамтдаа ямар их аз жаргалтай байдгийг мэдэрлээ.

Яг энэ эв нэгдлээрээ энэ удаагийн хамтарсан тоглолтыг хийж байгаа. Өмнө нь жүжигчид зөвхөн өөр, өөрийнхөө продакшныхантай л хамт тоглодог байсан. Жишээлбэл, би зөвхөн “Эмоци”-ийнхонтойгоо, “Шинэ үе”-ийн жүжигчин зөвхөн “Шинэ үе”-ийнхэнтэйгээ. Өөр, өөр продакшны жүжигчидтэй холилдон тоглохоороо энэ удаагийн тоглолт онцлог. Бид бүгдээрээ хошин урлагийн салбарт зүтгэн, энэ урлагаар овоглож яваа. Тиймээс продакшнууд жүжигчдээ хольж тоглон, эв нэгдлийг үлгэрлэхийг хүссэн юм. Жүжигчид бид бүгдээрээ шинэ уран бүтээлээр “цангачихсан” байгаа. Маргааш /өнөөдөр/ ёстой бут авна аа.

-Нууц биш бол та аль продакшныхантай хамтарч тоглох вэ?

-Нууц, гэнэтийн бэлэг хэвээрээ үлдэг. Өнөөдөр би энд тоглолтын бэлтгэлээ хийх гээд ирчихсэн байна.

-Ингэхэд “Big show” хэзээ олны хүртээл болох бол?

-Харин ээ. Яг тодорхой мэдэхгүй байна. Одоо эвлүүлгийн ажил нь ид хийгдэж байгаа.

“АЗТАЙ БАДАРЧИН”-ААС ТУСГАЙ БАЙРЫН ШАГНАЛ АВАХДАА МАГНАЙГАА ХАГАРТАЛ БАЯРЛАЖ БИЛЭЭ

-Таны амьдралд тохиолдсон хамгийн хөгтэй, хөгжилтэй явдлаасаа хуваалцана уу?

-“Захиалгат инээд”-ийг байгуулаад удаагүй байхад нэг удаа Б.Батзаяа ах биднийг “Азтай бадарчин”-д оролцохыг урьсан юм. Тэгж оролцохдоо шилдэг үзүүлбэрийн тусгай байрын шагнал авч, ёстой магнайгаа хагартал баярлаж билээ. Одоо эргээд бодоход, Б.Батзаяа ах тэргүүтэй урлагийнхан маань бидэнд урам өгөхийн тулд, “Улам хичээгээрэй” гээд тэр шагналыг бидэнд өгсөн юм билээ.

Тэр жилийн “Азтай бадарчин”-ы үеэр Б.Батзаяа ахыг “Монголын хошин урлагийн хаан” гэж өргөмжлөн, титэм зүүлгэсэн. Бүгдээрээ өргөж явснаа дурсахад их сайхан санагддаг. Хэд хоногийн дараа Б.Батзаяа ах Дооёо ахад “Та нар ёстой нэг муухай худалч” гэв. Гайхаад асуух нь ээ “Намайг хаанд өргөмжлөөд байсан. Одоо хар” гээд инээж, бид бөөн инээд хөөр болсноо дурсах дуртай. За тэгээд, тоглолтын үеэр хөгжилтэй юм их тохиолдоно оо.

Дөрөвдүгээр сарын 1-нд тохиолдсон хөгжилтэй дурсамжаа ярьчих уу?

-Тэг ээ, тэг.

-Тухайн үед би оюутан байсан юм. Багш нар гүйж орж ирээд “Манай сургуулийн гуанз шатаж байна” гэхэд нэг ч оюутан ангиас  гарах нь битгий хэл суудлаасаа ч босоогүй. Дөрөвдүгээр сарын 1 байсан тул хуурч байна гэж бодчихгүй юу. Гэтэл яг жинхнээсээ сургуулийн гуанз шатаж байсан.

-Инээдмийн баяраар та бусдад хууртаж байв уу?

-Ёстой хууртаж байгаагүй. Өмнөх өдрөөс нь сэтгэл зүйгээ бэлдчихдэг. Хэр баргийн юманд хууртдаггүй.

-Цар тахал, хөл хорио хүнд туссан салбаруудын нэг нь урлагийн салбар. Багагүй хугацаанд тоглолт хийх, тайзан дээр гарах боломжгүй байсан. Хөл хорионы үе хэр хүнд туссан бэ?

-Үнэнийг хэлэхэд цар тахалтай, хөл хорионд орлоо гээд зүгээр суугаагүй. Цар тахалтай, хөл хориотой байсан хоёр жилийн хугацаанд “Эмоци” продакшныхан маань уран бүтээлээр тасраагүй. Үзэгчдээ, монгол түмнээ хүндлээд чанартай уран бүтээл гарган, хөл хорионы хүнд үед ч дархлааг нь дэмжихийн төлөө зүтгэлээ. Ер нь завгүй байсаан. Нэг л мэдэх нь ээ, хөл хорио дуусчихсан.

АЖЛЫН ГАРААГАА МҮОНРТ-ЭЭС ЭХЛҮҮЛСЭН

-“Захиалгат инээд”-ээр шуугиулж, урлагийн салбарт хөл тавьсныг тань хүмүүс сайн мэднэ. Жүжигчин болсон, урлагийн салбартай амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцана уу?

-Багадаа зурах сонирхолтой хүүхэд байлаа. Хүүхдийн ордны зургийн дугуйланд явдаг байв. Драмын дугуйлан яг хажуугийн өрөөнд. Мэдээж их чимээгүй орчинд, төвлөрч суугаад зурна. Драмын дугуйлан тэс өөр, ёстой бужигнана, шуугиантай гэж жигтэйхэн. Сахилгагүй хүүхэд байсан болоод ч тэр үү драмын дугуйлан миний сонирхлыг их татсан. Тэр намраа драмын дугуйланд шалгалт өгөөд тэнцсэн. Урлагийн салбартай амьдралаа холбон, жүжигчин болсон минь тэндээс эхлэлтэй.

-Аль сургуулийг төгссөн билээ?

-Кино урлагийн дээд сургуулийг 2002 онд төгссөн. Ажлын гараа маань МҮОНРТ-тэй салшгүй холбоотой. IV дамжааны оюутан байхдаа “Өглөө хөтөлбөр”-ийн туслах байлаа. Тухайн үед манай сургуулийн төгсөгч Далантайн Энхбаатар, Р.Мягмар ах нарын туслах хийгээд гүйдэг байв. МҮОНРТ-ээс үнэхээр их юм сурсан.

АНХНЫ НЭВТРҮҮЛЭГ ЦАЦАГДАН, ӨӨРСДИЙГӨӨ ЗУРАГТААР ХАРААД ШОКОНД ОРСОН

-Тэр үедээ “Захиалгат инээд”-ийг байгуулсан бил үү?

-Үгүй ээ, сургуулиа төгссөний дараа байгуулсан. Төгссөнийхөө дараа “Өглөө хөтөлбөр”-ийн найруулагчаар үргэлжлүүлэн ажилласан. Тэгж явахдаа үеийн найзуудтайгаа хамтран “Захиалгат инээд” хамтлагийг 2003 онд үүсгэн байгуулж байлаа. Бидэнд үнэхээр том боломж олгосон хүмүүс бол МҮОНРТ-ийн “Гэрэлтэй цонх” хөтөлбөрийн хамт олон. Бямба гарагийн бүтэн нэг эфирийг өгөөд, түүнд нь бид “Инээдмийн сүлжээ” гэдэг нэвтрүүлэг хийдэг байв. Бидэнд үнэхээр том боломж байхгүй юу. Инээдмийн богино зохиомж, контент их хийнэ. Тухайн үед үзэлт, хүлээлт их байсан.

-Сургуулиа төгсөөд удаагүй оюутнууд хамтлаг байгуулж, тэгээд бүр “Инээдмийн сүлжээ”-г тогтмол хийн, МҮОНРТ-ээр гаргах амаргүй байсан нь мэдээж. Хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байв?

-Нэг үеийн, сэтгэл нийлсэн залуус “Гоё, чанартай уран бүтээл хийе” гээд л ханцуй шамлаж орсон. Зохиолоо өөрсдөө бичнэ, юу хийхээ бүгдээрээ сууж байгаад ярилцана, төлөвлөнө.

Тухайн үед хуруу дарам телевизтэй байлаа. Бидний хийсэн нэвтрүүлэг зурагтаар тэгээд бүр МҮОНРТ-ээр гарахад итгэж ядсан. Анхны нэвтрүүлэг цацагдан, өөрсдийгөө зурагтаар хараад ёстой ангайж билээ. “Хөөх, бид нар зурагтаар гарч байна” гээд бөөн баяр, шок. Тухайн үед Үндэсний телевиз, “Гэрэлтэй цонх”-ын үзэлт ямар байсан билээ. Бид төд удалгүй олонд танигдсан. Гудамжаар явахад хүн бүхэн таниад, амжилт хүсэхэд их урамшина.  

УРЛАГИЙН ХҮМҮҮСИЙН ТУУЛААД ГАРДАГ ЗАМЫГ БИ ТОЙРООГҮЙ ЭЭ

-Өөрсдийгөө олны танил, од болж байна гэж мэдэрж байв уу?

-Мэдрэлгүй яах вэ. Тэгж мэдрээд, өөрсдийгөө “Ёстой алж байна” гэж бодоод ташуурсан ч үе бий. Өөрийгөө од гэж ойлгоод, андуурч явсан үе байгаа, байгаа. Урлагийн хүмүүсийн туулаад гардаг замыг би тойроогүй ээ.

-Од гэж өөрийгөө мэдрээд ташуурч, андуурахдаа зөв гольдиролдоо буцаж яаж орсон бэ?

-Тухайн хүний өөрийн ухамсар л чухал. Тэгж хөөрч, сагсуурч, онгирч явахад урлагийн олон ах, эгч нар “Чи онгироод, далдаганаад байна. Даруухан бай” гэж зөвлөдөг байлаа.

Тайзан дээр анх гарах боломжийг Б.Батзаяа ах маань бидэнд олгож байлаа. Дараа нь үлгэр дуурайлал авч явдаг “X ТҮЦ” хамтлагийнхантай хамтарсан тоглолт хийсэн. Тэгэхэд “Миний дүү амжилтад хүрэх тусам улам даруухан бай” гэсэн. Олны тийм захиас, зөвлөгөөний давтамж нэмэгдэхийн хэрээр хүнд яалт ч үгүй юм бодогддог юм билээ. Мэдээж анзаарах эсэх нь тухайн хүнээс шалтгаална. Би анзаарсан, алдаагаа зассан.

ИЙМ ГОЁ АЗ ЖАРГАЛЫГ БУЦААЖ ӨГСӨН “ЭМОЦИ”-ИЙНХОНДОО БАЯРЛАЖ ЯВДАГ

-Одоо та “Эмоци”продакшнд харьяалагдаж явна. Тэдэнтэй нэгдэхэд юу нөлөөлөв. Танд санал тавьсан юм уу?

-Тэгсэн. “Захиалгат инээд” хамтлаг тайзны уран бүтээл хийхээ болиод, бид дэлгэцийн уран бүтээл, олон ангит кино хийж явсан үе. Би Дашхүүгийн Галбаяр найзтайгаа хамтарч кино хийж байх үед Төөтөө (Д.Түвшинтөр) надад хоёр удаа санал тавихад нь татгалзсан. Гурав дахиа санал тавихад нь зөвшөөрсөн. Би хэн билээ, гурвын гурван удаа татгалзаж боломгүй санагдсан юм. Нөгөө талаар би тайзан дээр гараагүй найман жил болчихсон, тайзаа, үзэгчдээ их санаж байлаа. Тэгээд “Эмоци” продакшныхаа халуун ам бүлд нэгдэн, нэг гишүүн нь болсон юм. Үнэхээр зөв шийдвэр гаргасандаа өдөр бүхэн сэтгэл хангалуун явдаг.

-Найман жилийн дараа тайзан дээр эргээд гарахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Үнэхээр гайхалтай. Надад тийм гоё аз жаргалыг буцааж өгсөн “Эмоци”-ийнхондоо баярлаж явдаг.

-Та олны хүндлэлийг хүлээсэн олон дүртэй. Сүүлд л гэхэд спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбатыг дуурайсан үзүүлбэр тань олонд их хүрсэн. Санааг нь та гаргасан уу?

-Би жүдо үзэх их дуртай. Тоглолтын бэлтгэлийн үеэр Баатархүү ах, Төөтөө бид гурав эмэгтэй хүн хэрхэн найрах талаар Шижирээ шиг ярьж маазарч байгаад санааг нь анх олсон юм. Тэгээд бүгдээрээ ярилцаж байгаад ерөнхий зохиолыг нь гаргаж байлаа. Тэгж бий болсон үзүүлбэр.

“УДИРДАГЧ” КИНОНЫ МОНХОРЫН ДҮРДЭЭ ИХ ХАЙРТАЙ

-Аль дүрдээ хамгийн их хайртай вэ?

-“Удирдагч” киноны Монхорын дүрдээ их хайртай. Миний тоглосон анхны кино.

БИ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТАВАН КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧИЖ, ӨӨРӨӨ НАЙРУУЛААД БАЙНА

-Та цөөнгүй киноны зохиолыг нь өөрөө бичиж, найруулсан. Одоогоор хэчнээн уран бүтээл өлгийдөөд байгаа бол?

-Одоо би “Хакер” гэдэг кинон дээр ажиллаж байна. Зохиолыг нь бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан таван дахь бүрэн хэмжээний кино маань. Өмнө нь “Ээждээ ир”, “Надын аав мангар”, “Ах дүү гурав”, “Төлөөс”, “Манайд нэг удаа” киноны зохиолч, найруулагчаар нь ажилласан.

IPTV-д өгсөн 5-6 зохиол бий. “In da house”, “Дуусаагүй баяр”, “Хүрлээ Цогоо гуай 2” наадмын контент зэрэг зохиолыг нь бичсэн, найруулсан цөөнгүй уран бүтээл бий.

-“Хакер” кино нь нээлтээ хэзээ хийх вэ?

-Дөрөвдүгээр сард багтаан нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна. Хакер өөрөө өвөрмөц мэргэжлийн төрөл, кино хийж байгаагүй сэдэв. Фэйсбүүкийн кодоо, хувийн мэдээллээ алдсан, онлайнаар хакердуулаад залилуулсан хэрэг өнөө цагт хэчнээн их гарч байгаа билээ. “Хакер”-аар яг юуны тухай хөндөж, үзэгчдэд юуг ойлгуулахыг хүссэнийг үзээд мэдрээрэй.

Хакер гэснээс бид нэг удаа хөдөө явж байсан юм. Нэг сумын төв дээр очих нь ээ хүмүүс “Манай сумын хакер явж байна” гэв. Өнөөх залууг харах нь ээ, хакер байхааргүй, энгийн хүн байв. “Хакер юм уу” гэсэн чинь хүмүүс “Манай сумынхныг бүгдийг нь хакердсан” гэж байна. “Хөөх, яаж хакердсан юм бэ” гээд лавлахад “Манай сумын төв нэг дэлгүүртэй. Тэр дэлгүүрт хүн бүхэн өртэй. Манай энэ тэр өрийн дэвтрийг шатаачихсан. Тэгээд л хакердчихсан” гэсэн. Ёстой аймар хакердсан байгаа биз (инээв).

-“Хакер” кинонд тоглосон жүжигчин О.Гэрэлсүх саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлага олны анхаарлыг татсан. Сэтгүүлч  “Та залуу амрагтай болсон юм уу” гэж эхэлж асуугаад үргэлжлүүлэн “Хакер” киноны тухай ярилцдаг. Зүгээр л тийм зүйл болсон уу. Эсвэл тавилт уу?

-Тэр сэтгүүлч яагаад тэгж асуусан юм бүү мэд. Би ёстой мэдэхгүй. Манай киноны талаар л тодруулахдаа тэгж асуусан юм шиг байна лээ. Гэрэлсүх ахын дүр ч тийм дүр. Түүнээс асуухад “Тэр яриа ёстой аймар явж байна” гээд инээнэ лээ.

УРЛАГ 100 ХУВЬ НИЙГМИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ, ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭСЭН САЛБАР БИШ

-Кино гэлтгүй ямар ч уран бүтээлд маркетинг чухал уу гэвэл чухал. Гэхдээ өнөө цагт зарим уран бүтээлч киногоо рекламдах, олон нийтэд хүргэх гээд тунг нь хэтрүүлээд байх шиг. “Хөөх, ямар аймар зүйл болоо вэ” гээд гайхаж, нийтээрээ цочирдож байтал нэг киноны реклам байх жишээний. Машины цонх хагалаад зугтаж буй бичлэг цацагдан, хүмүүс шуугисны дараа “Манай киноны хэсэг байгаа юм аа” гэх жирийн үзэгдэл боллоо. Энэ хэр зохистой зүйл вэ?

-Урлаг 100 хувь нийгмийг хүмүүжүүлэх, олон нийтийн өмнө хариуцлага хүлээсэн салбар биш. Урлагийнхныг тийм хариуцлагатай байлгах гээд байдаг. Заавал тийм байх ёстой гэсэн үүрэг, чиглэл байхгүй. Уран бүтээлч хүн, тухайн уран бүтээл ёс зүйтэй байх ёстой гэдэг. Гэхдээ заавал тэгэх шаардлага ч байхгүй. Бидний үүрэг биш шүү дээ.

Би хувь хүнийхээ хувиар нийгмийн үүрэг, хариуцлагаа ухамсарлах ёстой. Энэ чухал уу чухал. Би бусдад заавал нөлөөлж, соён гэгээрүүлэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээх албагүй. Гэхдээ олны танил хүмүүсээс олон хүн үлгэрлэдэг. Тиймээс үг, үйлдэл бүхэн хянах чухал.

Ямар ч уран бүтээлд PR, маркетинг хэрэгтэй. Тунг нь тааруулж, донжийг нь олж хийвэл амжилт олно. Хэтрүүлбэл шүүмжлэл дагуулна. Мэдрээд хийхээс л бүх зүйл шалтгаална. “Киногоо сурталчлахын тулд тэнэг юм хийлээ” гэж зарим хүнд санагдлаа гэхэд өөр нэгэнд таалагдаж болно. Хүн бүхний харах өнцөх, хүлээж авах мэдрэмжтэй холбоотой.

-Та ер нь PR, маркетингийнхаа тунг хэр сайн тааруулдаг вэ?

-Багаараа ярилцаж байгаад PR, маркетингаа хэрхэн хийхээ шийддэг.

БИ НАЙРУУЛАГЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ХЭЛЭХГҮЙ, СУРАЛЦАЖ Л ЯВАА ХҮН

-Киноны зохиол бичиж, найруулахдаа та өөрсдөө ямар цензури, шалгуур тавьдаг вэ?

-Би кино найруулагч гэж өөрийгөө хэлэхгүй. Суралцаж яваа л хүн. Уран бүтээлч бүхэн киноны зохиол бичих, найруулахыг мөрөөддөг. Би ч бас тэгж мөрөөддөг байлаа. Одоо киноноос кинонд суралцан, туршлага хуримтлуулсаар явна. Ч.Батбаяр, Д.Галбаяр, Энхбаяр, С.Баттулга нарын найзууд маань надад их тусладаг, зөвлөгөө, шүүмж үргэлж хэлдэг. Тэднээсээ шүүмж сонсох үнэхээр дуртай.

-“Монголд олигтой кино хийгдэхгүй байна. “Алтан үе”-ийн л кинонууд гоё, чанартай” гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Та үүнтэй санал нийлэх үү?

-“Чи дэлхийн бүх хүнтэй ярилцаж үзээгүй учраас дотроо ямар урлаг бүтээж буйг хэн ч мэдэхгүй” гэдэг үг бий. Тэгэхээр хүн бүхний сэтгэлд урлаг бий. Хүн бүхний сэтгэлд бүрэн нийцсэн уран бүтээл, урлагийг хэзээ ч хийдэггүй. Дэлхийд үнэхээр агуу гэж үнэлэгдсэн суут зураг зарим хүнд ойлгомжгүй, утгагүй санагддаг. Уран бүтээлийг хүлээж авах, мэдрэх хүн бүхний мэдрэмж өөр, өөр.

Монголын кино урлаг маш сайн хөгжиж байгаа. Муу гэж би хэзээ ч хэлэхгүй. Монголын зах зээл жижиг, хумигдмал. Сүүлийн үеийн супер техник, тоног төхөөрөмжөөр кино хийлээ гэхэд уран бүтээлийнхээ битгий техникийнхээ зардлыг нөхөж чадахгүй. Яагаад ч “барихгүй”. Ёстой зүүдэндээ л магад. Тэгэхээр гоё план, чанартай уран бүтээл хийх юм сан гэсэн сэтгэлээрээ, дэрвүүн хүслээрээ л уран бүтээлчид ажиллаж байгаа. Орчин үеийн техник, технологийн дэвшил хоёуланг нь ярилцаж суухад ч хувьсан шинэчлэгдсээр байгаа.

“Алтан үе”-ийн уран бүтээлүүд гоё, орчин үеийнх тааруу гэж шүүмжлэх эсэх нь хувь хүний эрх. Тухайн хүний үзэл бодол. Би “Ийм уран бүтээл хийвэл зүгээр” гэж бодсон зүйлээрээ кино хийдэг. Надад алдаа бий, оноо ч мөн бий.

“Алтан үе”-ийнхэн л гоё. Бид бараадахгүй” гээд суувал кино урлаг хөгжихгүй. Эсвэл өнөө цагт социализмын тухай кино хийвэл хэчнээн хүн сонирхох вэ. Чи хүн бүхний сэтгэлд байгаа урлагтай ярилцаж үзээгүй учраас хэн чиний уран бүтээлийг яаж хүлээж авах нь сонин биш. Өөрт бууснаа л хий. Ерөөсөө л энэ.

НАДААС ТЭС ӨӨР, ХАРГИС ЭРИЙН ДҮР БҮТЭЭХИЙГ ХҮСДЭГ

-Жүжигчин бүхэнд бүтээхийг хүсдэг дүр байдаг юм билээ. Танд тийм дүр бий юү?

-Байлгүй яах вэ. Надаас их хүч сорих дүр. “Хөөх, хошин бус ийм аймар дүр төрх байсан юм уу” гэж үнэлэгдэх хэмжээний эсрэг дүр бүтээхийг хүсдэг. Тийм харгис дүрт тоглох битүүхэн мөрөөдөл бий.

-Та хэр хатуу хүн бэ?

-Би ер нь ямар ч зүйлд хатуурхдаггүй. Харин ч эсрэгээрээ их уян, зөөлөн хүн. Хэр баргийн юманд хүлээцтэй, тайван хандахыг хичээдэг.

-Театрын уран бүтээлд өөрийгөө сорих бодол бий юү?

-Тийм бодолгүй, тийм хүсэлгүй жүжигчин үгүй. Би ч мөн адил боломж олдвол драмын жүжигт тоглохыг хүсдэг. Би УДЭТ-ын тайзан дээр 70 өдөр тоглосон азтай хүн.

-Хэзээ, ямар жүжигт?

-Инээдмийн баярт зориулаад УДЭТ-ын жүжигчидтэй хамтран хийсэн “Хайрын массаж” нэртэй тоглолт.

 ДРАМЫН ЖҮЖИГТ ТОГЛУУЛАХ САНАЛ ИРВЭЛ ТАТГАЛЗАХГҮЙ

-Драмын жүжигт тоглуулах санал танд ирж байв уу?

-Ирж байгаагүй.

-Хэрвээ тийм боломж олдвол, санал ирвэл зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө. Ёстой татгалзахгүй. Надад нээрэн нэг том мөрөөдөл, зорилго бий. Тэр нь тайзны жүжиг найруулах юм сан гэж боддог. Үнэхээр гоё байх. Миний мэдрэмж, ур чадвар, бяр чадал минь хүрэх юм болов уу даа. Мэдээж тэгэхийн тулд өөрийгөө улам хөгжүүлж, унших хэрэгтэй.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. “Eguur.mn” сайтын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Танай сайтын уншигчдад болон монгол түмэндээ Инээдмийн баярын мэнд хүргэе. Өнөөдөр хошин урлагийнхны нэгдсэн тоглолт хоёр удаа, 15.00, 19.00 цагт тоглоно. Мөн дөрөвдүгээр сард “Хакер” уран сайхны киногоороо үзэгч та бүхэнтэй баяртай уулзая. Инээмсэглэл хүн бүхэнд маш их аз жаргал бэлэглэдэг. Бусдын өөдөөс инээмсэглэн, аз жаргал түгээж байгаарай, хэнээс ч битгий харамлаарай. Зүгээр л сайхан инээ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-01 08:23

Гоё жүжигчин шүү

Зочин
Зочин
2022-04-01 08:51

харгис жудаггүй дүрээ солонгост бүтээчихсэн биздээ

Зочин
Зочин
2022-04-01 09:08

Yun balai sadist huseltei yum

Зочин
Зочин
2022-04-01 10:47

Yag ene huslee chi fire iin gitarchin deer hutgalj hiisen bizdee???

Зочин
Зочин
2022-04-01 12:23

Ишигний давсаг шиг юм байж юун харгис дүр бүтээх

Зочин
Зочин
2022-04-01 18:42

АЙМААР ИХ ЗАНТАЙ АЦ БАЙНА ЛЭ НАРНЫ ЗАМ ДЭЭР ТААРААД ОЛНЫ ӨМНӨ САЛБАГНААД ЯВДАГ АЛИАЛАГЧАРХУУ САЛБАДАЙ БОЛОХООР НЬ ГАРААРАА ДОХИСОН ЧИНЬ АЙМААР ЯРВАЙЖ ТЭНЭГТДЭГ БАЙНАШТ МУУ ЭРГҮҮ ДАГЗ ЯМБИЙ НЭГ МУУ САПИРЦАН ӨӨР ШИГЭЭ БОЛЦОН ХАЙМЕРНЫ СЭГ УНАЦАН УУ? МАНГАР БАЦААН МОНГОЛЫН УРЛАГ СОЁЛЫХОН ӨӨРСДИЙГӨӨ ОД ГЭЭД БОДЧИХООД ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВАХ ЮМАА. ЭД НАРЫГ ЭНҮҮХЭН ЭРЭЭН УЛАНҮДЭ ХОТУУДАД ҮНЭН ТАНИХГҮЙ МЭДЭХГҮЙ ХАРАХГҮЙ ТООХГҮЙ ШҮҮ.ХИРЭЭ МЭДЭЖ БЯРАА ТАНЬ ТА НАР ОЛНЫ ӨМНӨ МАРЗАГНАЖ ХООЛОО ОЛЖ ИДДЭГ МОНИН ГАРУУД ЭД НАРЫГ ТЭГЭЭД ӨӨРСӨДТЭЙ НЬ ТААРСАН ГАРУУД ҮЗДЭГ БОЛОЛТОЙ

bundiin 10
bundiin 10
2022-05-20 17:00
Reply to  Зочин

yag unen

Зочин
Зочин
2022-04-02 08:02
Reply to  Зочин

Яг үнэн.

Bidon
Bidon
2022-04-02 07:08

Nus

bundiin 10
bundiin 10
2022-05-20 17:01

odoo cch gsn daldaga shde s#a

Холбоотой мэдээ

Back to top button