НИЙГЭМ

2022.04.02: Олон улсын Баримтыг нягтлан шалгах өдрийг хэрхэн тэмдэглэж болох вэ

Өнөөдөр Олон улсын баримтыг нягтлан шалгах өдөр.

Энэ өдрийг хамгийг анх албан ёсоор 2017 оны дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэсэн удаатай. Харин тэмдэглэдэг болох тухай санаачилгыг 2014 онд, Лондонгийн Эдийн засгийн сургуулийн сэтгүүлчид болон мэргэжлийн баримт шалгагчдад зориулсан бага хурлын үеэр гаргаж байжээ.

Өдгөө Олон улсын баримт нягтлан шалгах сүлжээ буюу IFCN байгууллага дэлхийн бусад хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж, сурталчилж байна. Дөрөвдүгээр сарын 1-нд дэлхийн ихэнх улс орнуудад нэг нэгнээ худал хэлэн дөнгөдөг. Монголд л гэхэд Инээдмийн баярын өдөр гэж тэмдэглэдэг билээ. Яг үүний араас, 2-нд нь баримт нягтлан шалгах өдөр болдог нь хүмүүсийн сэтгэлгээнд ихээхэн чухал ач холбогдолтой гэж үздэг байна.

Өөрөөр хэлбэл, өмнөх өдөр нь дандаа худал, баримтгүй ярианд хууртсан хүмүүс маргааш нь Олон улсын баримтыг нягтлан шалгах өдрийн тухай сонсоод, эрхгүй анхаарч үздэг гэсэн байр суурь бий.

Энэ өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хамтарч, олон нийтэд баримтгүй, ташаа мэдээллийг таньж, илрүүлэх талаар зөвлөгөө, сургалт өгдөг байна. Баримтыг нягтлан шалгана гэдэг ойлголт үүсэн бий болоод 100 гаруй жил л болж буй гэж үздэг. Америкийн шар хэвлэлүүдийн эрин үеэс эхтэй, ашгийн төлөө буюу шуугиан хөөцөлдсөн сэтгүүл зүйн араас энэ ойлголт хүчтэй түрэн гарчээ.

1920-иод онд “Time” сэтгүүл үүсгэн байгуулагдсанаар энэ ойлголт улам нийтэд түгж эхэлсэн бөгөөд, орчин үед сошиал медиа хөгжсөнөөр ач холбогдол нь улам бүр даацтай, хэрэгцээтэй болсоор байна.

ЭНЭ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БОЛОХ АРГУУД

Бие даан баримт нягтлан, шалгаж үзээрэй

Үнэн, худал нь эргэлзээ дагуулсан сошиал орчин дахь нэг мэдээллийг сонгон авч, баримт нягтлан шалгахаар оролдож үзээрэй. Зураг болон текстийг анх хэдэн онд интернет орчинд байршсаныг илрүүлж болдог Google-ийн тохиргоо байдаг.

Баримт нягтлан шалгадаг байгууллагуудыг дэмжээрэй

Олон нийтэд баримтыг нягтлан шалгах үйлчилгээ үзүүлдэг сайн дурын болон бусад төрлийн байгууллагууд бий. Монголд л гэхэд “Mongolian Fact Checking Center” зэрэг хоёр ч байгууллага бий. Тэдний нүүр хуудсыг буюу хийсэн ажлыг түгээх нь үйл ажиллагааг нь дэмжиж буй нэгэн хэлбэр юм.

Баримт нягтлан шалгах талаар гүнзгийрүүлэн уншаарай

Энэ талаар илүү ойлголттой болох, анхан шатны баримт нягтлан шалгах ажлыг өөрөө хийдэг байхын тулд гүнзгийрүүлэн уншиж судлаарай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button