ДЭЛХИЙНИЙГЭМ

Оросын цэргүүдийн сүйтгэсэн Украины соёлын үнэт зүйлс

Орос Украинд эхлүүлсэн дайны уршгаар дор хаяж 266 гүүр болон гүүрэн гарц, 10 цэргийн нисэх буудал, найман энгийн онгоцны буудал эвдэрч сүйджээ.

Киев хотын Эдийн Засгийн Сургуулийн дэргэдэх “KSE Хүрээлэн” /KSE Institute/-гийн шинжилгээ-судалгааны хэлтсийн хэвлэлд 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний баасан гарагийн байдлаар дайны улмаас Украины дэд бүтцэд учруулсан хохирлыг хэмжээг 68,2 тэрбум ам.доллар буюу бараг 2 их наяд гривня гэж тооцсон бол өнгөрсөн долоо хоногт хохирлын хэмжээ дахин 5 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Энэ талаар “Интерфакс-Украин” агентлаг мэдээлсэн байна.

Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэргийн түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд дор хаяж боловсролын 533 байгууллага, хүүхдийн 300 цэцэрлэг, 196 эмнэлэг, 129 үйлдвэр, аж ахуй нэгж эвдэрч сүйджээ.

Тус улсын Нийгэм, Нутаг Дэвсгэрийн Хөгжлийн Яамны тооцоолсноор 6800 орон сууцны барилга эвдэрч, харин “KSE Хүрээлэн”-гийн тооцоолсноор нийт 26 сая хавтгай дөрвөлжин метр орон сууцны барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгө устсан гэсэн бодит тооцооллыг гаргажээ.

Үүгээр ч үл барам, дор хаяж 54 захиргааны барилга, дээр дурдсанчлан 266 гүүр болон гүүрэн гарц, 10 цэргийн нисэх онгоцны буудал, 8 энгийн нисэх онгоцны буудлаас гадна хоёр ч усан боомт дайны улмаас эвдэрсэн байна.

Мөн Оросын цэргүүд Украины шашны 64 байгууллага, 51 соёлын объектуудыг үгүй хийсэн гэж шинжээчид харамсан, мэдээллээ.

Украины Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн Засгийн Яам болон Киев хотын Эдийн Засгийн Сургуулийн дэргэдэх “KSE Хүрээлэн” улс оронд нь учруулсан хохирол, сүйдсэн барилга байгууламжуудын мэдээллийг цуглуулах зорилгоор “Орос төлөх болно” /Россия заплатит/ хэмээх төслийг эхлүүлээд байгаа ажээ.

Төслийн хүрээнд https://damaged.in.ua/ тусгай вэбсайт ажиллуулж эхэлсэн ба вэбсайт дээр та Украины эсрэг эхлүүлсэн дайны уршгаар учирсан хохирлын талаар мэдээлэл өгөх боломжтой. Цаашид эл вэбсайтад байршуулсан мэдээ, мэдээллүүдийг Украины Засгийн газар Олон улсын шүүхэд Оросын эсрэг нотлох баримт болгон ашиглаж, ОХУ-ын эрх баригчдаар Украинд учруулсан бүх хохирлыг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах юм байна.

Харин одоо та бүхэнд Оросын түрэмгийллийн үеэр Украины чухам ямар соёл, урлагийн дурсгалууд сүйдэж, хохирсон талаарх мэдээллийг хүргэе.

Соёлын өв гэдэг бол улс орны, ард түмний хувьд түүх, уламжлалыг өгүүлэх, хэзээ ч нөхөгдөшгүй үнэт зүйл. Тиймээс, үүнтэй уялдаад Украины Соёл, Мэдээллийн Бодлогын сайд Александр Ткаченко ЮНЕСКО-д хандаж, ОХУ-ыг ЮНЕСКО-гийн гишүүний статусаас хасч, зохион байгуулагч орныг Дэлхийн Өвийн Хорооны 45 дугаар чуулганд Оросын төлөөлөгчдийг оролцуулахгүй байх хүсэлт гаргажээ.

АРХИП КУИНЖИЙН НЭРЭМЖИТ УРЛАГИЙН МУЗЕЙ

Мариуполь хотод Оросын түрэмгийлэгчид хотыг буудсаны үр дүнд Архип Куинжигийн нэрэмжит урлагийн музейн барилга сүйрчээ. Украины алдартай зураачид болох Иван Айвазовский, Николай Глущенко, Татьяна Яблонская, Михаил Дерегус болон бусад уран бүтээлчдийн бүтээж туурвисан бүтээлийн эх хувиуд эл музейд хадгалагдаж байжээ. Харин азаар Оросын цэргүүдийг халдах үеэр музейд Архип Куинжийн өөрийнх нь бүтээлийн эх хувь байгаагүй аж.

МАРИЯ ПРИМАЧЕНКОГИЙН МУЗЕЙ

Хоёрдугаар сарын 28-нд Оросын “үл итгэгч буруу номтнууд” Украины алдарт ардын зураач Мария Примаченкогийн бүтээлүүд хадгалагдаж байсан Киев муж дахь Иванков тосгоны орон нутгийн түүхийн музейг шатаажээ. Хожим нь нутгийн иргэд музейд байсан бүтээлүүдийг аюул эрсдлээс хамгаалж, устаж сүйдэхээс нь өмнө амжиж гэртээ нууцгааж, хадгалан авч үлдсэн гэдэг нь тодорхой болсон юм.

БАБИЙ ЯР БА ХОЛОКОСТЫН МУЗЕЙ

Гуравдугаар сарын 1-нд Оросын цэргүүд Киев хотод дахин агаарын цохилт өгсөн ба пуужингийн дайралт Бабий Ярын дурсгалын цогцолбор байрлах  нутаг дэвсгэр лүү чиглэсэн байна. Зүүн Европ дахь *Холокостын музей байгуулахаар төлөвлөж байсан эл барилгыг Оросын цэргүүд халдах үеэрээ сүйтгэжээ.

*Холокост- фашистууд еврей хүмүүсийг олноор устгасан явдал

“Киев хотын ойролцоох Бабий Яр дахь хядлага 1941-1943 он хүртэл үргэлжилж, тэр үеэр 70-100 мянган хүн өөр өөр газар амь үрэгдсэн тул эл газрын бүх талбайг Холокостын нутаг дэвсгэр гэж тооцдог учир тэрхүү газрыг хөндөх учиргүй. Гэсэн ч, Оросын цэргүүдийн гарт ийнхүү үрэгдлээ” хэмээн Украины Орон Зайн Технологийн Төвийн тэргүүн Максим Рохманийко ярьсан байна.

Церковь Рождества Пресвятой Богородицы Житомирской области (Фото: Ihor Dovbysh via Facebook)

ГЭГЭЭН БОГОРОДИЦЫН СҮМ

Гуравдугаар сарын 7-нд Житомир мужийн Вязовка тосгоныг эзлэн авсан Оросын цэргүүд Ариун Онгон Мариа буюу Гэгээн Богородицын модон сүмийг устгажээ. Эл сүм нь 1862 онд барьсан түүхэн, эртний сүмдүүдийн нэг байсан юм.

СЛОВО БАЙШИН

Гуравдугаар сарын 8-нд Харьков хотыг буудах үеэр домогт Слово байшин эвдэрсэн юм.

Слово байшинг Харьков хотын ойролцоо 1920-иод оны сүүлээр зохиолчдын холбооныхон босгосон түүхтэй. Слово гэдэг нэр бол Оросоор “үг” гэсэн утгатай. Мөн байшингийн хэлбэр нь өндрөөс харахад яг л “C” үсэгтэй төстэй харагддаг байсан. 1930-аад оны эхээр Украины уран бүтээлчид, зохиолчид эл байшинд суурьшиж байсан ба хожим тэднийг Цаазлагдсан сэргэн мандалтын төлөөлөгчид гэх болсон юм. Тэдний дунд Николай Хвылевой, Иван Багряный, Михаил Яловый нар багтдаг. Бараг бүх оршин суугчид нь “Улаан терроризм” буюу хэлмэгдүүлэлтийн хохирогч болсон түүх бий. 1938 он хүртэл эл Слово байшингийн 66 орон сууцнаас 40-ийнх нь оршин суугч хэлмэгдсэн юм. Мөн тэдний зарим нь амиа егүүтгэсэн байдаг.

ВАСИЛИЙ ТАРНОВСКИЙН НЭРЭМЖИТ УКРАИНЫ ЭРТНИЙ ОЛДВОРЫН МУЗЕЙ

Гуравдугаар сарын 11-нд Черниговын Тарновскийн түүхийн музейн захирал Сергей Лаевский 1902 онд баригдсан эл музейн барилгыг Оросын түрэмгийлэгчид сүйтгэсэн талаар мэдэгдсэн. Эл музей өмнө нь 1918, 1919 онуудад болон Дэлхийн II дайны үед буудлагад өртөж байжээ.

Василий Тарновский бол нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн ба Украины эртний урлагт дуртай, басхүү урлагийн ивээн тэтгэгч байсан алдартай нэгэн. Тэрбээр амьд сэрүүндээ Тарас Шевченкогийн ном зохиолуудыг уншиж, Киевийн “Киевская старина” сэтгүүл, Киевийн түүхийн музейд тусалж, Украины түүх, урлагийн бүтээл, эд өлгийн зүйлийг хадгалах ажилд идэвхийлэн оролцдог байжээ. Түүний эзэмшиж байсан эд хөрөнгийг үндэслэн XX зууны эхээр Чернигов хотод эл музейг байгуулж байсан түүхтэй аж.

ПОПОВЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ

Запорожье мужийн Васильевскийн дүүрэгт Оросын түрэмгийлэгчид Поповын эд хөрөнгийн музейг дээрэмдэн тоносон аж. Тэд Поповын үеийн гантигаар хийсэн жорлонг нь хүртэл хулгайлсан гэгдэж байна. Сонирхуулахад, өмнө нь большевикууд түүнийг хулгайлж байсан ч хожим нь үзмэр музейдээ эргэн ирж байжээ.

Поповын эд хөрөнгийн музей бол XIX зууны хоёрдугаар хагаст алдартай архитектурын дурсгалт газар, Запорожье муж дахь ордон, цэцэрлэгт хүрээлэнгийн цогцолбор юм. Поповын гэр бүл 1917 оны Октябрийн хувьсгалаас өмнө үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсны нэг нь эл музей аж.

МАРИУПОЛЬ ХОТЫН ДРАМЫН ТЕАТР

Гуравдугаар сарын 16-нд Оросын цэргүүд агаараас Мариуполь хотын Драмын театрыг бөмбөгдсөн билээ. Драмын театрыг Оросын цэргүүд Украин руу дайрсны улмаас орон гэргүй хоцорсон хотын оршин суугчдыг хамгаалж байсан хамгийн том нуугдах газар байсан юм. Хожим нь, тэсрэх бөмбөгнөөс хоргодох байр болсон театрын барилга бөмбөгдөлтөд “тэсч үлдсэн” ба дотроос нь амьд хүмүүс гарч эхэлсэн юм.

Мариуполь хотод байрлах Донецк бүсийн Драмын Эрдмийн Театр нь Украины зүүн эргийн хамгийн эртний театруудын нэг. Музейг 1956-1960 онд архитектор А.Крылов, А.Малышенко нар барьж байжээ.

Эх сурвалж: Unian; Ukrinform

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-05 08:04

Оросууд түрэмгийлэгчид

Зочин
Зочин
2022-04-05 10:21

ОРОСЫН 2 -Р ДАЙНЫ ЯЛАЛТЫН БИЛЭГДЭЛ БОЛСОН БҮХ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ УКРАЙНЧУУД СҮЙТГЭЧИХЭЭР , 8 САЯ ОРОСУУДАА ГАДУУРХАХААР ХАРИУ БАРИНА БИЗ ДЭЭ.ЮМ БОЛГОН ЗААВАЛ БҮР ЗААВАЛ ХАРИУТАЙ БАЙДАГ. Одоо эргээд өөрсдөө гоншигноод байх юу байнаа . Украйн Нацистууд сөнөтүгэй

Холбоотой мэдээ

Back to top button