М.Мандах: Багадаа сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдсан хүмүүс донтох эмгэгт өртдөггүй

Нойргүйдэл, сэтгэл заслын “Better mind” эмнэлгийн үүсгэн байгуулагч, сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч эмч М.Мандахтай ярилцлаа.
-ӨДӨР ХЭДЭН Ч ЦАГ УНТСАН ШӨНИЙН НОЙРЫГ ОРЛОЖ ЧАДАХГҮЙ-

-Нойргүйдэл эмчилдэг гэдэг утгаараа танай эмнэлэг олны анхаарлыг татаж байна. Ярианы эхэнд эмнэлгээ танилцуулаач?
-Манай эмнэлэг нь СЭМҮТ-д ажилладаг зургаан эмч нийлж ажиллуулж эхэлсэн. Эмнэлэг маань бүгд наймаас дээш жил ажилласан сэтгэцийн болон сэтгэл заслын нарийн мэргэжлийн зургаан эмч ажилладаг. Амбулторийн өдрийн болон хэвтэн эмчлүүлдэг. Гол үйл ажиллагааны чиглэл нь нойргү йдэл, мэдрэлийн архаг ядаргаа, ковидын дараах нөхөн сэргээлт, стрессийн шалтгаантай сэтгэл санааны хямралыг эмчилдэг. Манай эмнэлгийн онцлог бол сэтгэл заслын эмчилгээтэй. Бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл заслын эмчилгээ хийдэг. 7-10 хоног хэвтэхэд мэдрэлийн ядаргаа нь сайхан тайлагдаад, нойрондоо сайжраад, сэтгэл зүйн асуудлуудаа шийдээд гардаг.
-Нойргүйдлийн талаар та цогц мэдээлэл өгөөч?
-Нойргүйдлийн тухай мэдээллэл өгөхийн тулд эхлээд хэвийн нойр гэж юу вэ гэдгийг ярих нь зүйтэй. Насанд хүрэгчид шөнөдөө 6-8 цагийн хугацаанд гүн нойрсож, өглөө босоход бие нь сайхан амарсан байвал хэвийн нойртой гэж үзнэ. Харин шөнөдөө олон дахин сэрдэг, магадгүй унтсан ч сэтгэл ханамжгүй бие нь амраагүй, нойрмоглодог, их зүүдэлдэг бол нойрны хямрал гэж үздэг. Нойр багатай хямралаас гадна нойр хэт ихэсдэг хямрал бас бий. Хаана ч байсан өөрийн хяналтгүйгээр гэнэтийн хүчлэгдсэн нойронд хэдэн ч цаг, хэдэн ч өдрөөр ордог эмгэг бас байна. Манай эмчлүүлэгчдийн 80-90 хувь нь нойрны хямралтай байдаг. Нойрны хямрал нь биеийн болон мэдрэлийн архаг ядаргаа, сэтгэл санааны хямралын эх үндэс болно. Бид нойргүйдлийг олон улсын стандартаар эмчилж байна. Эм, тариа, тархины цусан хангамж сайжруулах, биеийн ерөнхий дархлааг дэмжинэ. Дээрээс нь нойргүйдэл дангаараа тохиолдохоос илүүтэйгээр архаг стресс, сэтгэл зүйн хямралтай хавсарч тохиолддог. Тэгэхээр зөвхөн нойргүйдэл биш стресс, сэтгэл санааны хямралыг давхар эмчилдэг. Мөн нойргүйдлийн эсрэг олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа альпа стем гээд аппарат эмчилгээнд нэвтрүүлсэн. Энэ нь тархи нойрсох үед идэвхждэг альпа долгионыг автоматаар идэвхжүүлээд нойрыг сайжруулж, тогтворжуулдаг эмчилгээ. Өөрөөр хэлбэл, эм тариа болон сэтгэл зүй, аппарат гэсэн гурван бүлгээр хавсарч эмчилдэг.
-Нойргүйдэл нэг эмчилгээ хийлгээд шийдэгдэх үү?
-Нойргүйдэл маш олон шалтгаантай. Органик бус нойргүйдэл буюу F51 гэсэн оношоор оношлогддог эмгэг бий. Энэ бие махбодь, сэтгэл зүйн шалтгаан байхгүй залуу наснаасаа нойрны хэрэгцээ багатай, нойрны эмгэгтэй хүмүүс гэсэн үг. Архаг нойргүйдлийн энэ эмгэг 5-6 сар эмчилгээ шаардагдана. Тэгээд цаашдаа амьдралын зөв хэв маягтай явбал нойргүйдэл дахихгүй байх боломжтой. Хоёр дахь шалтгаан нь гэвэл бие махбодийн шалтгаантай нойргүйдэл үүсдэг. Элэгний хатуурал, цусанд сахар ихсэх өвчин гэх мэт архаг хууч өвчний суурин дээр илэрсэн нойргүйдэл. Энэ үед дан ганц нойргүйдлийг эмчлэхэд үр дүнд хүрэхгүй. Суурь өвчнийг нь хавсарч эмчилдэг. Биеийн өвчин эмчлэгдэхгүй бол нойргүйдэл дахиад байх магадлал өндөр. Дараа нь бол сэтгэл зүйн шалтгаантай нойргүйдэл. Сэтгэл түгшилт, архаг стресс, сэтгэл гутрал, сэтгэцийн зарим нэг асуудалтай хүмүүст нойргүйдэл хоёрдогчоор тохиолддог. Энэ үед мөн л адилхан сэтгэл зүйн эмчилгээтэй хамт нойргүйдлийг эмчилнэ. Гэхдээ сэтгэл хямрахгүй л бол нойргүйдэл байхгүй байх магадлал өндөр. Нойргүйдэл бол эмчлэгддэг өвчин.
-Дийлэнх аль төрлийн нойргүйдэл ирдэг вэ?
-Би угаасаа хорин хэдтэйгээсээ шөнөдөө 3, 4 цаг унтдаг байсан гэсэн хүмүүс ирдэг. Энэ бол олон арван жил үргэлжилсэн архаг нойргүйдэлт. Мэдээж үр дүн гардаг. Насны ангилалаас шалтгаалаад өөр өөр байгаа. Идэр залуу насны хүмүүс стрессийн шалтгаантай нойргүйдэлд өртөх нь элбэг. Харин архаг хууч өвчтэй, артерийн даралт ихэсдэг, элэгний хатууралтай хүмүүс буюу 50-иас дээш насныханд бие махбодийн шалтгаантай органик шалтгаант нойргүйдэл илүү их тохиолддог. Манай эмнэлэгт ихэвчлэн сэтгэл зүйн шалтгаантай хүмүүс их ханддаг.
-Сэтгэл зүйн шалтгаант нойргүйдэлд нөлөөлж байгаа хүчин зүйлс гэвэл?
-Сэтгэл санааны хямрал тоолж баршгүй олон шалтгаантай. Хамгийн нийтлэг тохиолдол нь стресс. Стресс бол угаасаа бид нар амьд байгаа цагт стрессээс хол байна гэж байхгүй. Хүн амьтан ургамал хүртэл стресстдэг. Стрессийг зөв тайлахгүй, хуримтлуулаад байхаар сүүлдээ мэдрэлийн архаг ядаргаа, нойргүйдэл үүсгэдэг. Тэгэхээр нойргүйдэл үүсгээд байгаа сэтгэл зүйн шалтгаан бол нэгдүгээрт, архаг стресс, дараа нь сэтгэцийн үндсэн эмгэгүүд багц өвчин байна. Солиорлын шинжээр илэрдэг, сэтгэл гутрал сэтгэл хөөрлийн шинжээр илэрдэг эдгээр шинж тэмдгүүд нойргүйдлийг дагуулж байдаг.
-Та бүхэн СЭМҮТ дээр нойрны асуудлыг олж хараад энэ төрлийн эмнэлэг байх хэрэгтэй гэж үзсэн үү?
СЭМҮТ бол улсын гуравдугаар шатлалын монголдоо ганц байдаг үндэсний төв. Мэдрэлийн ядаргаа, нойргүйдлийн эмчилгээгээрээ алдартай. Ганц байдаг энэ эмнэлэгт маань маш их ачаалал ирдэг. Хэдэн зуугаараа оочерлоно. Үнэхээр нойргүйдэлтэй, ядарч сульдсан, өнөөдөр л аваад эмчилмээр хүмүүс зөндөө орж ирнэ. Гэвч хэвтүүлье гэхэд оочер нь 2-3 сарын дараа байдаг. Тэгэхээр энэ ядарч туйлдсан цаг хүлээхэд хүндрэлтэй хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангах, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой нээсэн.
-Хэн хэн хандаж болох вэ?
-Шөнөдөө 6-8 цаг унтдаггүй, унтсан ч зүүд их зүүдэлдэг, чимээнээр амархан сэрдэг, хөнгөн нойрсдог. Магадгүй унтсан ч өглөө ядарчихсан босдог, өдрийн цагаар нойрмоглоод ядраад байгаа хүмүүс, магадгүй хэт олон цагаар гэнэтийн хүчлэгдсэн нойронд ороод байгаа хүмүүс хандах хэрэгтэй. Шөнийн нойрыг өдрийн хэдэн ч цагийн нойр орлохгүй. Хүний гүн нойрсолт бол 22-01 цаг байдаг. 22 цаг гэхэд унтаад эхэлчихсэн байх хэрэгтэй. Тархи энэ үед маш сайн амардаг учраас энэ цагийг алдаж болохгүй. Тэгээд нойроо сайн байлгахын тулд өдрийн 14 цагаас хойш кофе хэрэглэхгүй, оройны 18 цагаас хойш махан хүнд хоол идэхгүй, 20 цагаас хойш шингэн зүйлийн хэрэглээг багасгаж, 21 цагаас хойш тархи сэргээх ном, зурагт, хөгжим, утас зэрэг зүйлсээс татгалзаж, өрөөгөө 15-20 минут агааржуулан унтахад бэлдэх хэрэгтэй.
-ЯДАРЧИХСАН ТАРХИЙГ МЭДРЭЛИЙН АРХАГ ЯДАРГАА ГЭДЭГ-

-Мэдрэлийн ядаргаа гэж яг юу юм бэ? Шийдэл нь бас юу вэ?
-Хүн амын дунд өргөн тархсан F48 гэсэн оноштой ЖМ. Онош тавигдахаар өвчин, ялангуяа эмэгтэй хүмүүст нийтлэг тохиолддог. Нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувь нь амьдралынхаа явцад ямар нэг байдлаар мэдрэлийн ядаргаанд өртдөг гэсэн судалгаа бий. Мэдрэлийн ядаргаа гэдэг нь биеийн бус тархины ядаргаа гэсэн үг. Олон сар жилийн ажлын ачаалал, амьдралын стресс, тэр стресс ачааллаа зөв тайлаагүй хуримтлуулнаас болж бидний тархи хэт ачаалаад ядарсан байна гэсэн үг. Ядарчихсан байгаа тархийг мэдрэлийн архаг ядаргаа гэдэг. Мэдрэлийн ядаргааны үед ачаалал даах чадвар буурах, амархан ядарч сульдах, эрч хүч сулрах, сэтгэл санаа хямарч эмзэг болно. Амархан гомдож, уурлаж, сэтгэлээр унах гээд эмзэг мэдрэмтгий болчихдог. Дээрээс нь мэдрэлийн ядаргааны үед бие махбодийн талаас зовиурууд гардаг. Ямар нэг тархины өвчин байхгүй атлаа толгой өвдөх, эргэх, нүд бүрэлзэх, чих шуугих дотор давчдах, гар хөл бадайрах, шөрмөс татах, маш олон төрлийн бие махбодийн зовиур илэрдэг. Бие махбодийн зовиур, сэтгэл санааны зовиур, ядаргаа гэсэн гурван үндсэн зовиур дээр илэрдэг. Мэдрэлийн ядаргаа улирал, цаг агаар солигдох үед илэрдэг. Тийм учраас хүмүүс хаврын мэдрэлийн ядаргаа гэж нэрлэдэг.
-Хүмүүсийн дунд хавар болоод ядраад байна. Дусал хийлгэе, витамин ууя гэх хандлага их байдаг. Энэ зөв юмуу, эсвэл?
Тэр дусал, энэ эм сайн гэсэн гээд эмийн сангаас дур мэдэн худалдаж авдаг. Гэтэл эм тариа гэдэг нэг талаараа эмчилгээ ч гэсэн нөгөө талаараа энэ маань биеийн бусад эрхтэн системд сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр эмчид үзүүлж мэдрэлийн ядаргаа, нойргүйдлийн зэрэг, илэрч байгаа шинж тэмдэг, бие махбодийн онцлог архаг хууч өвчин зэргээ оношлуулж тохирох эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Тохирох эм тариа, тохирох тун, хийгдэх давтамж гэж бас байна.
-Дур мэдэн эмчилснээс болж ямар ямар сөрөг үр дагавар тохиолдож болох вэ?
Үнэнийг хэлэхэд монголын хүн амын дунд эрүүл мэндийн боловсрол жаахан дутмаг, тэр дундаа сэтгэцийн эрүүл мэндийн боловсол маш тааруу. Сэтгэцийн эмнэлэг, сэтгэцийн эмч гэхээр хамгийн түрүүн солиорлын шинж тэмдэгтэй хүмүүс гэж боддог. Нойргүйдлээ гэхэд хамгийн түрүүн уламжлалын болон мэдрэлийн эмнэлэгт очдог. Гэвч нойргүйдэл гэдэг өвчнийг сэтгэцийн эмч нар эмчилдэг. Манайхан болохоор янз бүрийн эмч нар дамжиж, цаг хугацаа санхүүгийн хувьд нэлээд зарлага гаргадаг. Бусдын амаар өөрийгөө эмчилдэг. . Сэтгэц идэвхт эмүүдийг уугаад тэрэндээ хордчихсон, дасал үүсээд донтчихсон хүмүүс ирдэг. Жишээ нь седуксин гээд эм байдаг. Шаардлагатай тохиолдолд 7-10 хоног хэрэглээд зогсоодог, дасал хурдан үүсдэг эм. Гэтэл өөр өөр эмчээр бичүүлж авч хэдэн сараар тасралтгүй ууж хамааралтай болчихсон хүмүүс зөндөө ирдэг. Нойргүйдэл дээрээ дахиад өвчин нэмчхэж байна. Сүүлд л гэхэд 70 настай хүн интернэтээр нойронд сайн гэж солиорлын үед өгдөг эм авч уугаад хордлогод орчихсон ирсэн. Тэгэхээр яг л эмчид хандах хэрэгтэй.
-ХҮҮХДЭДЭЭ ӨДӨРТ ЕСӨН МИНУТ ЗАРЦУУЛЖ ЯРИЛЦСАНААР ОЛОН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ-

-Танай эмнэлэг хүүхдэд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Манайд хүүхдийн сэтгэцийн чиглэлээр найман жил тасралтгүй ажилласан мэргэшсэн эмч сэтгэц, сэтгэл засал, сэтгэл зүйн оношлогоог амралтын өдрүүдэд хийдэг. Манай эмнэлэг болон СЭМҮТ-д хандаж буй хүүхдийн асуудлуудыг харахад, сэтгэл зүйн дархлаа, өөрийгөө илэрхийлэх чадвар, сэтгэлээ онгойлгох чадвар зэрэг нь насанд хүрэгчдийг бодвол сул байдагтай холбоотойгоор стресст амархан өртдөг. Хичээл ном, дэлгэцийн хэрэглээнээс хамаарч мэдрэлийн ядаргаанд их өртөнө. Эцэг эхийн хараа хяналт тааруугаас дэлгэцийн донтолт үүсч байна. Нөгөө талаас дэлгэцийг стрессээ сатаааруулах арга хэрэгсэл болгож ашигладаг. Гэр бүлийн асуудалтай, ээж аав нь хоорондоо таарамж муутай, эсвэл хүүхдээ ойлгодоггүй гээд сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдахгүй болохоор дэлгэцийн хэрэглээ хүсдэг. Дээрээс аутизм, оюун ухааны хомсдол буюу хоцрогдол, хэт хөдөлгөөнт эмгэг гэсэн шалтгаануудаар ханддаг. Эцэг эхчүүд маань хүүхэд нь дуугаа хураагаад, дэлгэц их хэрэглээд, ээж аавтайгаа ярилцахгүй байгаа үед нь сэтгэцийн эмч, сэтгэл заслын эмчид хандаад үзэхэд гэмгүй. Тэгэхгүйгээр манайхан нэлээн хэдэн жилийн дэлгэцийн донтолт үүсч, зан төрхийн өөрчлөлт, хямралтай болсон үед нь болохоо байлаа гээд авч ирдэг.
-Оройтоод ирлээ гэхэд эмчилгээ авахдаа хэр вэ?
-Хүүхэд ханиад хүрч хүндэрсэн ч хурдан үр дүнд хүрдэг. Тэрэнтэй адилхан хүүхдийн маань сэтгэл зүй бас хурдан цаашлах магадлалтай ч эмчилгээндээ ороход үр дүн гардаг. Эцэг эхчүүддээ зөвлөхөд хамгийн багадаа өдөр болгон 9 минутыг хүүхэдтэйгээ ярилцаж байх хэрэгтэй. Ярилцаж байхдаа зурагт, утас үзэхгүй, ном уншихгүй яг л есхөн минутыг хүүхдэдээ зарцуулаад бие биенийхээ өөдөөс харж сууж байгаад ярилцана. Өдрийн болсон үйл явдал, сэтгэл санаа нь ямар байна, юунд санаа зовж байна, юунаас айж байна, ер нь чи яамаар байна гээд сэтгэол рүү нь өнгийж ярилцвал EQ сэтгэл хөдлөлөө ойлгох удирдах чадвартай, бусдад өөрийгөө нээх чадвартай хүүхэд болж өсдөг. Ер нь сэтгэл санааны хямралтай байна гэдэг маань яаж анхандаа мэдэгдэх вэ гэхээр нойр хямарна, зан төрхийн өөрчлөлт гарна, ярилцах дургүй шинж тэмдгүүд илэрч л байвал зөвлөгөө авах хэрэгтэй.
-АРХИ ХҮНИЙГ ХУУРАМЧААР ТАЙВАН, АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ-
-Донтох эмгэгийг танайх бас эмчилдэг юм байна. Зонхилон тохиолдож буй донтолт?
-Донтох эмгэгийн асуудал нэлээд их тохиолдож байгаа. Ямар нэг сэтгэц идэвхит бодис, эмнээс сэтгэл зүйн болон биемахбодийн хамааралтай болчихыг донтох эмгэг гэдэг. Нөгөө бодисоо хэрэглэхгүй л бол сэтгэл санаа тайван байж чаддаггүй, ууртай уцаартай болдог, бие нь өвдөх зовиур илэрдэг. Хамаарал үүсгэдэг маш олон бодис, эм байгаа. Бид нарын хамгийн ойрхон мэддэг нь бол архи байна. Архи уухаар тархинд байдаг тропмин гэдэг бодис ихээр ялгарч хүнийг хуурамчаар тайван, аз жаргалтай юм шиг болгодог. Тэр тайвшралыг мэдрэх гэж, эсвэл зугаацаж цэнгэх гээд хэрэглэсээр яваад хамааралтай болдог. Хамааралтай болчихсон тохиолдолд өөрөө ч хэрэглэхгүй байя гэсэн ч чадахгүй болчихдог. Өвчин байхгүй юу. Өвчин учраас эмнэлэгт эмчлүүлэх, мэргэшсэн эмчийн тусламж хэрэгтэй. Ганцаараа даваад гарахад хэцүү өвчин. Манайд архины хамааралтай хүмүүс цөөнгүй ханддаг. Бид нар ч хичээнэ, тэр хүн маань ч хичээнэ. Яг л стандарт эмчилгээ хийгддэг. Татгалзах, холдох, гарах бүрэн боломж байдаг, гэхдээ аль аль тал нь хичээх хэрэгтэй. Ганцхан эмч хичээгээд нөгөө хүн хичээхгүй бол үр дүн гарахгүй. 50, 50 хувьтай хичээх хэрэгтэй. Архин дээр манайх ерөнхий биеийн үйл ажиллагаа дэмжих, хордлого тайлах эмчилгээ сисемтэй хийдэг. Тэгээд архины дур дарах эмчилгээ, донтох эмгэгийн сэтгэл засах эмчилгээ орно. Донтох эмгэгийн номер нэг эмчилгээ бол сэтгэл засал.
-Архинаас өөр донтолтын нийтлэг тохиолдол гэвэл?
-Сэтгэц идэвхит бодис, эм, мансууруулах төрлийн бодисуудын хамаарал их байдаг. Энэ бол ихэвчлэн далд явцтай. Хуулийн өндөр хариуцлага хүлээдэг асуудал учраас хэр барагтай эмнэлэгт хандахгүй. Гүн хордлогод орохгүй л бол яваад л байна. Гэхдээ эмнэлгийн байгууллага хэрвээ мансууруулах төрлийн бодисын хэрэглээтэй хүн хандах юмбол нууцыг 100 хувь хадгалдаг. Ар гэрт нь ч, хуулийн байгууллагад ч гэсэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр мэдэгдэх эрхгүй. Яг стандарт эмчилгээ хийдэг.
-Түрүүн угтах ажилтан манайх кофегоо ил тавьдаггүй гэж байсан?
-Бас хамаарал үүсгэдэг байхгүй юу. Кофег өдөрт 150-200 мл аягаар нэгээс хоёр удаа 14 цагаас өмнө ууж хэрэглэх ёстой. Тэрнээс хойш хэрэглэх юмбол тархи идэвхжүүлээд нойргүйдлийн маань эмчилгээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Донтолт үүсгэдэг. Өдөрт 2-3 литр хар кофе уудаг хүн ирж байсан. Кофегоор бараг хооллодог хүмүүс ч байна. Тэрийгээ л уухгүй бол гар нь салгалж, зүрх дэлсээд тогтвортой сууж чадахгүй ууртай, уцаартай болчихдог.
-Бидний өдөр тутмын хэрэглээ ч бас донтох эмгэгт хүргэдэг байх нь?
-Ер нь бол сэргээдэг кофейн агуулдаг бүтээгдэхүүн, мэдрэлийн ядаргааны эсрэг витамин, энержи дринк байна. Ууж идэж байгаа зүйлийнхээ найрлагыг харж, кофейнтой зүйлийг заавраар нь хэрэглэж хэвших хэрэгтэй.
-Донтох эмгэгт хэн илүү өртдөг вэ?
-Зан төрхийн хувьд дотогшоо хандлагатай, санаа бодлоо ил гаргадаггүй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, зөөлөн, зориг тааруу хүмүүс өртөх хандлагатай. Манай эмч нар сайн хүмүүс архинд донтдог гэж ярьдаг. Найз нөхдөдөө үгүй гэж хэлж чаддаггүй, хүний үгээр, даруухан хүмүүс өртөх магадлал өндөртэй. Дээрээс нь зан төрхийн өөрчлөлттэй, хэвийн хүмүүстэй харьцуулахад арай өөр, сэтгэцийн асуудалтай юмуу гэхээр хэвийн ч юмшиг тийм хүмүүс их өртөнө. Сэтгэл зүйн хувьд хүчтэй, сэтгэл зүйн хэрэгцээ нь багадаа хангагдчихсан хүмүүс донтох эмгэгээс холуур явдаг. Хүйсний хувьд хэрэглэж эхэлж байгаа шалтгаанууд нь өөр байдаг. Эрэгтэй хүмүүс найз нөхөдтэйгээ хамт баярлаж цэнгэх гээд ууж эхлээд яваандаа донтолт үүсдэг. Харин эмэгтэй хүмүүсийн хувьд ихэвчлэн сэтгэлийн өвчин намдаагч байдлаар хэрэглэдэг. Сэтгэлийнхээ хямралыг, стрессийг эсвэл нойргүйдлээ давж туулах гээд спиртийн төрлийн зүйлийг бага багаар хэрэглэсээр байгаад сүүлдээ донтолт үүсдэг. Сэтгэлийн хямрал дээр идэвхтэй хэрэглэдэг болохоор эмэгтэйчүүд илүү хурдан донтдог. Эмчилгээний үр дүн дээр бол хүйсний ялгаа байхгүй.
-Өсвөр насынхан донтох эмгэгээр хандаж байна уу?
-Архи, тамхи, дэлгэцийн донтолт тод илэрсэн хүүхдүүд байгаа. Энэ эмгэгүүд сэтгэцийн үндсэн эмгэгийн эхлэл үе байх магадлалтай байдаг. Жишээ нь, солиорох эмгэгээр илэрдэг өвчнүүд зан төрхийн өөрчлөлт, донтолттой хүүхэд гээд явж байтал урьдал өвчин байх магадлалтай. Аав ээж нь хажууд архи дарс хэрэглэдэг, сэтгэл зүйн хувьд хүүхдээ ойлгодоггүй, стрессээ тайлж чаддаггүй үедээ хүүхдүүд архи тамхи хэрэглэх, найз нөхдөдөө уруу татагдахдаа амархан байдаг. Нээлттэй ярилцдаг гэр бүлийн хүүхдүүд бол асуудалд хутгалдах нь ховор шүү.
-Сэтгэл зүйн хэрэгцээ хангагдсан гэдэг нь?
-Хүүхэд ээжийнхээ хэвлийгээс гараад 0-18 сартайдаа хөхөх хэрэгцээ гэж бий. Ээжийнхээ энгэрт тэврүүлээд мөөмөө хөхөөд аюулгүй байдал үүсдэг. Эхний гурван жил ээж, аавынхаа хайраас аюулгүй байдлыг мэдрэхэд өөртөө итгэлтэй, шийдэмгий, зоригтой байдал төлөвшдөг. Энэ мэтээр хүүхдийн нас насанд авах ёстой сэтгэл зүйн хэрэгцээнүүд байдаг. Үүнийг цаг тухайд нь өгөөд явахад хүүхэд ямар ч асуудалгүй хүмүүжилтэй болж өснө. Ээжүүд хүүхдээ орхиод ажилдаа орно, гадагшаа явна. Ээжтэйгээ ээнэгшил үүсээгүй хайр халамжийг мэдрээгүй хүмүүс том болоод дутуугийн комплекстой, донтох эмгэгт өртөмтгий, юманд сэтгэл ханадаггүй, сэтгэл хямрамтгай эмзэг мэдрэмгий болж өсдөг.
-ЯМАР Ч БАЙДАЛД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРТАЙ ХҮНИЙГ СЭТГЭЦИЙН ХУВЬД ЭРҮҮЛ ГЭЖ ҮЗНЭ-
-Сэтгэцийн эмгэг гэж юуг хэлэх вэ? Хүн амын дунд хэр түгээмэл эмгэг вэ?
-Эхлээд сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг ярих нь зүйтэй. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай хүнийг сэтгэцийн хувьд эрүүл гэж үздэг. Шинэ ажилд орсон ч, хүмүүстэй танилцсан ч ямар ч асуудалгүй дасан зохицоод сэтгэл санаа, нойр хямрахгүй, ямар ч зүйлээс төвөгшөөдөггүй, хэвийн сайхан амьдраад явж байгаа хүмүүс сэтгэцийн хувьд асуудалгүй байх нь. ДЭМБ-аас улс орнуудад хийгдсэн том судалгаанд дэлхийн хүн амын 99 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэсэн байдаг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал гэдэг нь стресстэй л байна гэсэн үг. Стресс, сэтгэцийн эмгэг хоёр бол өөр. Тулгамдсан асуудал гэдэг нь хэсэг тулгамдаж байгаад шийдэгдчихдэг. Тулгамдсан асуудалд стресс, мэдрэлийн, ядаргаа нойргүйдэл орно. Стресс бол сэтгэцийн өвчин бол биш. Даамжирвал онош тавигдах асуудал бий болно. Монголд 2010-2020 СЭМҮТ-ийн эмч нарын хийсэн 21 аймгийн 11 мянган иргэн хамруулсан хамгийн том судалгаа байдаг. “Зонхилон тохиолдол сэтгэцийн асуудал илрүүлэх” энэ судалгаагаар оролцогчдын 30 хувь нь нойрны хямралтай, ойролцоо хувь нь мэдрэлийн архаг ядаргаа, түгшил гутралтай гарсан байдаг. Жинхэнэ бид нарын эмээгээд байдаг солиорох эмгэг хүн амын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг.
-Сэтгэл гутрал, сэтгэл түгших байдал бараг хүн бүрт байдаг уу?
-Нийтлэг тохиолдоно. Ялангуяа ковидын үед далд байсан түгшилт ил болсон. Сэтгэл түгшилт маань хэвийн түгшимтгий зан төрхтэй хүмүүс байж болно, төрөлхийн, нөгөө талаас эмгэг гэж оношлохоор түгшилт бас байж болно. Хүн амын дунд хийсэн зан төрхийн онцлогийг илрүүлэх судалгаагаар монгол хүмүүсийн ихэнх нь түгшимтгий зөн төлөвтэй. Санаа зовомтгой гэсэн үг. Энэ нь ажил амьдралд нөлөөлж, хэвийн байдлыг алдагдуулаад байхгүй гэсэн үг. Багаасаа л түгшимтгий ямар нэг зүйлийн эрсдэлтэй талыг түрүүлж хардаг. Энэ бол хэвийн зан төлөв. Гэхдээ энэ хэвийн зан төлөвт амьдралын стресс нөлөөлж тайлахгүй хуримтлуулаад байвал сэтгэл түгших эмгэг гэсэн онош тавигдахад хүрч болно. Энэ үед амьдралын хэвийн хэв маяг алдагдана, ажлаа хэвийн хийж чадахгүй, төвлөрөөд сууж чадахгүй. Дандаа яанаа, яанаа гэсэн бодол орж ирээд босч суугаад л. Энэ эмгэг рүү дөхсөн рүү гэсэн үг.
-Танайх ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг юм байна. Ковид бидний бие махбодид юуг үлдээсэн бэ?
-Хөл хорионоос үүдэлтэй нийгмийн харилцааны өөрчлөлт, орлого буурах гээд сэтгэлийн хямрал, стресс үүсэхээр хэд хэдэн шалтгаан бүрэлдлээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор сэтгэл санааны хямрал үүссэн. Яг вирус маань сэтгэцийн эмгэг үүсгээд байгаа юм бол байхгүй. Гэхдээ далд хуримтлагдсан байсан стрессийг вирус сэдээж гаргаад нойргүйдэл, ядаргаа, түгшилт бий болж ковидын дараах мэдрэлийн ядаргаа үүсчхээд байгаа юм. Манайх дэлхий дахинд мөрдөгдөж байгаа эмчилгээ хийж байна. Цар тахлын үед манай сэтгэцийн эмч нар улаан бүсэд удаан ажилласан. Манай эмнэлгийн ачаалал хоёр дахин нэмэгдсэн. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг маш чухал юм байна шүү гэдгийг ковид бидэнд ойлгуулсан.

-Нийгэмд амиа егүүтгэх тохиолдол олон байна. Энэ алхам юунаас болж үүсдэг вэ?
-Сэтгэцийн эмгэг маш өргөн хүрээтэй маш олон төрлийн эмгэг байдаг. Бид нар үйлчлүүлэгчидтэйгээ харьцахдаа амиа хорлох, амиа егүүтгэх гэсэн үгийг хэзээ ч ашигладаггүй. Үг хүртэл сэдээлт болдог байхгүй юу. Сэтгэцийн бүтэн үзлэг хийхэд амиа хорлох бодол санаа байна уу гэдгийг заавал тодруулах ёстой байдаг. Гэхдээ бид нар тусгай илрүүлдэг арга, техник үгнүүд байдаг. Амиа хорлолт 2, 3 шалтгаантай. Үндсэн шалтгаан нь ихэвчлэн сэтгэл гутрал. Сэтгэл гутарсан үе, эсвэл сэтгэл гутралаас гарах гэж байгаа үедээ амиа хорлох үйлдэл хийдэг. Сэтгэл гутралтай хүн юу гэж боддог вэ гэхээр би энэ хүмүүст хэрэггүй, гай болж байгаа юм байна. Амьдарсан, амьдраагүй ялгаагүй юм байна гэсэн бодол тээдэг. Тэгээд зориг хүрэхгүй, хэнд ч хэлэхгүй яваад байдаг. Үүнийг эмч л тодруулна. Дээрээс нь зан төрх бие хүний эмгэгтэй хүмүүс стресст орсон үедээ өөрийгөө гэмтээх тохиолдолд их байдаг. Зан төрхийн өөрчлөлт гэж ойлгож болно.
Ярилцсанд баярлалаа.
ЯРИЛЦСАН Б.БАЯРТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан амьтан гэдэг чинь энэ шүү
Байршил нь хаана вн
bairshil haana ve utas