НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Э.Чинзориг: Хохирогч болж байгаад ч болов үр хүүхдэдээ эрүүл саруул нийгэм үлдээмээр байна

Эрдэнэбаярын Чинзориг. Тэр бол өөрийн гэсэн өнгө төрх, харизмтай жүжигчин. Түүний гол дүр авч ажилласан “Хохирогч” хэмээх арван ангит кино үзэгчдийн хүртээл болж, хэлэлцэгдэж буй цаг хугацаанд уулзаж ярилцлаа.

Ярилцлагын үеэр хажууханд сууж байсан хижээл насны хоёр эрэгтэй түүнд баяр хүргэн, уран бүтээлийн амжилт хүсэж байлаа.

-БИД ЭНЭ НИЙГМИЙНХЭЭ ХОХИРОГЧ НЬ-

-Хүн бүхний таньдаг хүн байх хэцүү юу?

-Хэцүү ч юу байх вэ дээ. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж, таньдаг нэгэн нь байснаар хүмүүс надад муу муухай үг хэлээд, харааж зүхээд байгаа биш. Дандаа л ажлын, уран бүтээлийн амжилт хүсэж, эерэг сэтгэгдлээр хандаж байгаа учир зовоод байх юм байхгүй. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлийг л дааж явах чухал.

-Таны тоглосон “Хохирогч” киноны наймдугаар ангийг түгшин, түгшин үзсэн. Киноныхоо бүх ангийг үзчихсэн үү, эсвэл үзэгчидтэй хамт үзээд явж байгаа юу?

-Эхний хоёр ангийг "Корпорейт Конвеншн" төвд нээлт хийх үеэр үзсэн. Бусад ангийг нь бол үзэгчидтэйгээ хамт үзээд л явж байна. Тэр нь ч кайфтай юм. Үзэгчдийнхээ сэтгэл зүйг мэдрээд л.

-Наймдугаар ангийг үзэж дуусаад, хамгийн түрүүнд юу хиймээр санагдсан бэ. Надад лав хашхирмаар санагдсан...

-Хэний өмнөөс?

-Мэдэхгүй ээ, яагаад ч юм хашхирмаар санагдсан...

-Киноны үйл явдал манай нийгэмд бий. Тэр ч утгаараа наймдугаар ангийг үзээд харуусал төрсөн. Угаас амьдрал гэдэг чинь зөв ч өгч болдоггүй, буруу ч өгч болдоггүй “эд”. Нэмэх, хасах цэнэг нийлж байж чийдэн асдаг шиг. Аль нэг нь үгүй бол чийдэн асахгүй. Амьдрал угаасаа л ийм. Түүнийг нь хүлээн зөвшөөрөөд амьдрах ёстой ч юм шиг ээ.

-Болдоо анги бүр дээр хувьсан өөрчлөгдөж буй. Ер нь Болдоо, Анхаа хоёрын хэн нь яг аюултай хүн юм. Бид хэнээс нь айх ёстой юм бол оо?

-Үзэгчид маань яг энэ асуултыг асууж байна. Дүр болгоны дотор хүнийг анги бүр дээр ил болгож буй нь зохиолын ач.

Ер нь амьдрал өөрөө сонин. Яг тэр нь хохирогч гэж хэлэхэд хэцүү. Яг тэр нь гэхээс илүү хаана, хаанаа л хохирогч болоод дуусаж байна. Бид хохирогчийг бие, биенээсээ хайгаад л байх юм. Үнэндээ том зургаар нь бодоод үзэхээр бид энэ нийгмийнхээ хохирогч нь болоод байгаа юм. Үзэгчид үүнийг өөрсдийнхөөрөө л дүгнэж байгаа байх.

Киног амьдралаас сэдэвлэдэг.  Нэг хохирогч болсон хүн дахиад нэг хүнийг хохироож байж өөрийнхөө хохирлоос гардаг. Тэр нь дахиад нэг хүнийг хохироодог. Өнөөх нь дахиад нэг хүнийг хохирооно. Үнэн ийм. Тиймээс бид тэр буруутай, энэ буруутай гэж талцах хэрэггүй. Бид бүгд хохирогч.

-Бид бүгд хохироод байгаа юм бол хэн хожоод байгаа юм, эцсийн бүлэгтээ?

-Зарим нь өнөөдөр хожоод байгаа юм шиг боловч маргааш бас л хохирогч болно. Тэгэхээр одоогийн нийгэмд хожигчгүй хохирогч нар л их байх шиг байна. Залуу гэр бүл ямар их салж байна. Ямар их хүүхдүүд өнчирч байна вэ. Бид юмыг харагдах байдлаар нь дүгнээд байна. “Эхнэр нь угаасаа ингэсэн юм билээ, тэгээд л салчихсан юм гэсэн. Нөхөр ингэсэн юм билээ, тэгээд салж байгаа юм билээ. Хөөрхий дөө, нөхөр нь хохироод үлдэж байна. Хөөрхий, эхнэр нь хүүхдүүдтэйгээ хохироод үлдэж байна” гээд эхнэр, нөхрөөс хохирогчийг хайгаад байдаг.  Гэтэл яг юунаас болоод салж байгаа юм. Энэ нийгэмд амьдрах боломж бололцоо хэр байна. Нөхцөл байдал ямар байна. Залуу гэр бүлийн амьдралд энэ нийгэм яаж нөлөөлж байна. Үүнийг бодох л хэрэгтэй.

-ХҮН УХАМСРАА, ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ГЭЭХ Л ЮМ БОЛ БИЕ БИЕНИЙГЭЭ "ИДНЭ"-

May be an image of 2 people, people standing, suit, indoor and text

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

-Хүнээс айдаг. Хүн л хамгийн аюултай. Өнөөдрийг хүртэл намайг нохой ирээд хазсангүй, шувуу ирээд тоншсонгүй. Араатан, амьтан бариад идчихсэнгүй. Миний амьдралд муу бүхнээр нөлөөлсөн, магадгүй намайг “хазсан”, “мэрсэн” амьтан бол хүн.

Хүн ухамсраараа сэтгэл зүйгээ хүлж байхгүй бол араатнаас ч долоон дор болохоор байгаа байхгүй юу. Үүнийг өнөөдрийн энэ сошиал амьдралаас харж болно. Хүн ухамсраа, зүрх сэтгэлээ гээх л юм бол бие биенийгээ “идэж” амьдарна. Монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ араатанлаг болж, ухамсарт нийгмээсээ гажаад байгаа юм уу л гэж би харж байна. Үүнийг засах, нөлөөлөх хүчин зүйл бол урлаг. Бид урлагийг тэгж л бодож хийх ёстой. Түүнээс биш мөнгө олохын төлөө урлаг хийнэ гэвэл утгагүй. Мөнгө олохын төлөө урлаг хийж буй олон уран бүтээлчид байна. Үүнийг би шударга хэлнэ. Зарим нь одоо энэ ярилцлагыг уншаад сууж буй байх. Залуучууддаа, үе үеийн уран бүтээлчдэдээ хэлмээр байна. Энэ нийгэмд нөлөөлөх хүчин зүйл нь бид. Тийм учраас бид ухамсарт нийгмийг бүтээхийн төлөө ажиллах ёстой. Ингэж бодож, сэтгэж урлаг хийх ёстой. “Уран бүтээлчдээ бүгдээрээ урлаг хийдэг байя” гэж уриалмаар байна.

-“Хохирогч” хүн хоорондын харилцааны, сэтгэл зүйн кино. Тэр ч утгаараа таниас нэг асуулт асуумаар байна. Нэг гэрт амьдарч буй хэдий ч дундаа хана босгочхоод буй гэр бүлүүд олон байна. Энэ мэт хүн хоорондын харилцаа алсарч, холдоод буйд ямар хүчин зүйлс нөлөөлж буй гэж харж байна вэ?

-Ухамсар нөлөөлж байгаа гэж хэлэхгүй. Үнэхээрийн ухамсартай, байгаль эх дэлхийгээ, хүнийг гэдэг хүн олон байна. Тэднийд мохоож буй ганцхан хүчин зүйл нь нийгэм. Би тэгж л харж байна. Хүн чанар, мөн чанараараа явъя гэхээр нийгэм тийм байх боломжгүй болгоод байна. Өнөөдөр намайг хэн нэгэн хохирооно. Нэг удаа өнгөрөөнө. Хоёр, гурав дахь удаагаа өнгөрөөнө. Дөрвөн удаа хохироод ирэхээр “Би яг ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ” гэж бодож эхэлнэ. "Би ч гэсэн амьдармаар л байна шүү дээ. Тэгвэл адилхан л байя л даа" гэдэг бодол залуучуудад төрөөд байх шиг байгаа юм. Тийм бол энэ бодлоосоо л салах хэрэгтэй. Хохирогч нь болж байгаад ч болов энэ нийгмээ засаж, залруулаад, үр хүүхдэдээ эрүүл саруул нийгэм, ухамсартай хүн төрөлхтнийг үлдээмээр байна шүү дээ. Үүний төлөө бид өөрсдийгөө золиослох ёстой бол золиосолно. Би гурван уран бүтээл хийсэн. Яг үнэндээ үүний төлөө л өөрийгөө золиосолж уран бүтээл хийж байгаа. Миний гурван кино гурвуулаа мөнгө олоогүй. Гурвуулаа шатсан, ашиг орлогоор ярих юм бол. Гэхдээ би үүнээс болж хэзээ ч сэтгэл санаагаар унаагүй.

Хүн өөрийнхөө мөн чанар дээр зогсох шиг том ашиг орлого байдаггүй юм шиг санагддаг.

-“Хохирогч” текст багатай кино. Ер нь текст багатай кинонд дүр бүтээхийн хэцүү нь юу вэ?

-Амьдрал дээр ч тэр хүмүүс бага ярьж, их ойлгох ёстой гэж боддог. Их яриад ирэхээрээ бодох нь багасаад ирдэг.Текст багатай кинонд тоглох хэцүү гэхээсээ илүү миний хувьд гоё нь илүү байсан. Яагаад гэхээр тэр нүд, үйл хөдлөл өөрөө ярьж байдаг. Ингэж биеийн болоод нүүр, нүдний хэлэмжээрээ ярьж чадах л юм бол жүжигчин хүнд ажиллагаа ихтэй, амттай санагддаг.

-Б.Амарсайхан, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана зэрэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллах ямар байсан бэ. Тэднээс суралцах зүйл нь юу байв?

May be an image of 4 people and text

-Мэргэжил нэгтнүүд ч нэгнээсээ суралцана. Миний хувьд Б.Амарсайхан, Н.Цэнд-Аюуш, Г.Ариана гуравтай өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй.

Б.Амарсайхан ах урлагийн салбарт надаас илүү оймс элээсэн. Алдаа, оноо бүхнийг өөрийнхөө биеэр туулаад явж буй уран бүтээлч. Тэгэхээр энэ хүнээс сурах юм их байлгүй яахав. Жүжигчин Г.Арианагийн тухайд Германд өсөж торнисон, уран бүтээлч. Тэр утгаараа Арианагаас барууны школыг олж харж, суралцах боломжтой байсан. Н.Цэнд-Аюуш маань урлагийн салбарт урваж, шарвалгүй үнэнчээр зүтгээд явж байгаа уран бүтээлч. Гурвуулангаас нь суралцах юм их байсан.

-ХҮН ХҮНЭЭ ХҮНЭЭР НЬ ХАРЖ ЧАДАХАА БАЙСАН-

-Та бүхэн киногоороо дамжуулж дэргэд буй үнийг харууллаа, ойлгууллаа. Одоо цагт хүмүүс нэгнийгээ өөрийн зорилгоо биелүүлэх хэрэгсэл болгож, хардаг болж...

-Яг л тийм болчхоод байна. Хамгийн аймшигтай нь найзууд нэгнийгээ найз гэж нь харж чадахаа байчхаад байна шүү дээ. Хүн хүнээ хүнээр нь харж чадахаа байчихсан байна.

Энэ бүхнээс хүн өөрөө, өөрийгөө л хамгаалж явах хэрэгтэй. Тэгэхгүй найзалъя гэсэн бүхэнтэй нь найзлаад, уулзъя гэсэн бүхэнтэй нь уулзаад, хамтарч ажиллая гэсэн хүн болгонтой нь хамтарч ажиллаад байж болохгүй. Эдгээрийн дотор сайхан санаатай, сайн хүмүүс бий. Гэхдээ сайн дотор саарууд нь арай их байх шиг байна.

-Ингэхэд та найруулагчдаас ирж буй дүрийн саналуудыг ямар шалгуураар сонгодог вэ?

-Уран бүтээлийн хамгийн гол амин сүнс нь зохиол. Уран бүтээлчид зохиолыг нь харж байж, тухайн уран бүтээлд орох эсэхээ шийддэг байх. Миний хувьд цэвэр зохиолыг нь хардаг. Хоёрдугаарт, хамтарч ажиллах гэж байгаа буюу киног бүтээлцэх гэж буй бүтээгчдийг хардаг. Гуравдугаарт, хамтарч тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнийг хардаг.  “Хохирогч” киноны тухайд кино зохиол нь маш их таалагдсан. Мөн урд өмнө нь хамтарч ажиллаж байгаагүй жүжигчидтэй хамтрах нь сонирхолтой санагдсан. Үүнээс гадна кино багийнхан маань дандаа залуу уран бүтээлчид байсан. Эдгээр зүйл маш их таалагдсан учраас зөвшөөрсөн.

Уран бүтээл өөрөө ямар нэгэн зүйлийг дуугарч байх ёстой. Ямарваа нэгэн юмыг ойлгуулж байх ёстой. Гэхдээ заавал нэг талд нь гарч зогсох биш. “Ийм юм байдаг” гэж санал дэвшүүлэх ёстой гэж боддог. Би ч өөрийнхөө хийж буй уран бүтээлүүдийг тэгж хийхийг зорьдог. Тийм ч уран бүтээл дээр ч ажиллахыг хүсдэг.

-ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ СОНС, ОЛ, МЭД. ТЭГСЭН ЦАГТАА ХҮНИЙ ЮМАНД ХАНД-

May be an image of 1 person, standing and text

-Та хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Би чадах юм байна гэж бодсон дүр дээрээ ажиллахыг хүсдэг” гэж хэлсэн байсан. Энэ зарчим уран бүтээлчийг зэврүүлэхгүй юу?

-“Оролдоод үзье” гэж хэлж болохгүй. Учир нь нэг киног бүтээхээр өчнөөн олон хүний хөлс, хөдөлмөр, цаг зав, мөнгө урсаж байгаа. Тэгэхээр яг чадах юман дээрээ л “чадна” гэж хэлэх хэрэгтэй.  Эхлээд өөрийгөө сайн сонс. Өөрийгөө ол, мэд. Тэгсэн цагтаа хүний юманд ханд. Тэгээгүй “болчих байх” гэх бодлоор хүний юманд орно гэдэг утгагүй. Юу гэсэн үг юм бэ. Тийм муухай шимэгч байж болохгүй биз дээ.

-Та ер нь өөрийгөө аль түвшний уран бүтээлч гэж боддог вэ. Өөртөө дүн тавь гэвэл хэд тавих вэ?

-Өөртөө дүн тавь гэвэл сайн л дүн тавих байх. Айхавтар онц гэж хэлэхгүй. Бас айхавтар муу ч гэж хэлэхгүй.  Өөрийгөө карьеарынхаа дөнгөж 20-30 хувьд л яваа гэж боддог. Цаана нь 70-80 хувь байгаа гэж бодох дуртай.

-Цаашдаа кино зохиолч, найруулагч, жүжигчний мэргэжлийнхээ аль чиглэлээр нь голчлон ажиллая гэж бодож байна. Эсвэл зэрэгцүүлээд явъя гэж бодож байх юм уу?

-Чадаж л байвал зохиолоо бичнэ. Киногоо ч найруулна. Кинондоо тоглоно. Цаг зав, чадал чансаа нь хүрч байвал бүгдийг нь л хийнэ.

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Миний хувьд ковидоос өмнө “Point” продакшныг  байгуулаад, кино найруулагчаар ажиллаж үзэх мөрөөдлийнхөө дагуу 2-3 кино хийсэн. Хамгийн сүүлд манай продакшн “Улаан уул” гэх кино хийсэн. Энэхүү киноны маань зураг авалт Ховдын Мянгат суманд Хархираа түргэний уулс Дэглий цагаан мөнх цаст хайрханд болсон. Киноны ажил бүрэн дууссан. Олон улсын кино Фестивалиудад сойно. Фестивальд явуулах кинонуудад театрт гаргаагүй байх гэх мэт шаардлага тавьдаг тул дараа нь Монголынхоо үзэгчдэд хүргэнэ.

Уран бүтээлийн тоо биш чанар чухал. Тэр ч утгаараа “Хохирогч”-оос хойш ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаагүй. Хоёр киноны зохиол ирсэн. Тоглох, тоглохгүйгээ хараахан шийдээгүй байгаа.  Зохиолоо уншаад, найруулагчтайгаа ярилцана. Баг хамт олон, цаг хугацаа, цалин мөнгөө ярилцана. Ярилцаж байж л болно доо.

-ДУРСАМЖ МӨНГӨНӨӨС ҮНЭТЭЙ-

-Гэр бүлийн тань хүн адилхан уран бүтээлч. Тэр утгаараа таны хамгийн ойрын дэмжигч, зөвлөгч байх. Сүүлд тоглосон уран бүтээлийг тань үзээд танд ямар нэгэн зөвлөгөө өгч байх юм уу?

-Тэгэлгүй яахав. Гаднаас харж, зөвлөдөг хамгийн үнэн хүн. Гэхдээ одоохондоо надад ямар нэг зөвлөгөө хэлээгүй л байна. 10 анги дууссаны дараа л хэлэх байх.

-Та ер нь хэр романтик хүн бэ?

-Гайгүй байхаа. Өөрийгөө айхавтар “төмс” гэж боддоггүй. Бас айхавтар романтик хүн гэж боддоггүй. Бүх асуудал дээр тунг нь тааруулчхаж чаддаг болов уу гэж боддог.

-Энэ асуултыг асуусан нь учиртай. Зураг авалттай гэж эхнэртээ худлаа хэлж, хуримын даашинз өмсгөөд гэрлэх санал тавьж, хуримаа хийж байсан юм билээ. Тэр өдрийн тухай дурсамж дэлгээч?

-Тэгэхээр би чинь романтик хүн юм байна тийм үү /инээв/.  Айхавтар романтик хүн болох тэгсэн юм биш л дээ. Насан туршдаа хамт амьдарна гэж сонгосон эмэгтэйгээ хүндэлж,  хайрлах хэрэгтэй. Яахав хайртай гэж хүн болгон л хэлж чадах байх. Хүндлэл гэдэг юмыг л маш сайн ойлгох ёстой юм шиг санагддаг. Насан туршдаа хамт амьдрах эмэгтэй маань надаас өөр хүнтэй хурим хийж үзэхгүй. Эмэгтэйчүүд гадна талдаа ач холбогдол өгдөггүй юм шиг харагддаг ч дотроо бол асар ач холбогдол өгдөг . Тэгэхээр хурим хэзээ ч мартагдахгүй нандин дурсамжтай байх ёстой гэдэг үүднээс тэгж зохион байгуулсан. Бүх юм бодож төлөвлөсний дагуу сайхан болсон. Ер нь айхавтар баян тансаг, ядуу зүдүү гэхээс илүү хүний амьдралыг дурсамж бий болгож байдаг. Дурсамж гэдэг ямар ч их мөнгөнөөс үнэтэй. Дурсамжийг л “өвлүүлэх” үүднээс хуримаа тэгж зохион байгуулсан юм.

- “ТОМЧУУДТАЙ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ЖҮЖИГЧИН БОЛЧИХ ЮМ БАЙНА" ГЭЖ АНДУУРЧ ЯВСАН ҮЕ БИЙ-

-Дурсамж гэснээс, та хэвлэлд тэр бүр яриа өгөөд байдаггүй болохоор хүмүүс сайн мэдэхгүй байх. Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Бага насныхаа тухай, аав, ээжийн тухайн яриач?

-Аав Архангай, ээж Булган аймгаас гаралтай. Хүүхэд нас маань СХД-ийн нэгдүгээр хороололд өнгөрсөн. Сургуульд байхдаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа. Анги хамт олноо уриалдаг, манлайлдаг, жаахан далчигар хүүхэд байсан гэх юм уу. Одоо манай хүү яг тийм, далчигар. Гэхдээ би одоо багадаа сахилгагүй байсандаа харамсдаггүй юм.

-СУИС-т орох багын тань мөрөөдөл байсан уу?

-Хүүхэд байсан учир айхавтар үр дүнг нь бодож чадахгүй шүү дээ. Тийм сургууль төгсөх юм бол тэгэх юм байна гэж боддоггүй байсан. Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр сургуульд шалгалт өгөөд орсон. Аав ээждээ ч хэлэлгүй очиж шалгалт өгсөн.

Түүх сөхвөл, би ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд их сургуульд суралгүй 3-4 жил болсон. Уг нь сургуулиа төгссөнөөс хойш нэг жилийн дараа сургуульд сурах хэрэгтэй гээд СУИС-т элсэхээр шалгалт өгсөн. Гэтэл тэнцээгүй. Тэгэхэд орон дээрээ буруу харж хэвтээд уйлж байснаа санадаг. Амьдрал хөмөрчихсөн юм шиг, ямар ч утгагүй санагдсан. Тэгээд урлагийн сургуульд дахиад шалгалт өгөхөөс айж, “Сургуультай, сургуульгүй урлагийн хүн болчих юм байна” гээд  “Захиалгат инээд”, “ДОЗ”энтертайнмент студи, “Х-ТҮЦ” продакшны олны хэсэгт бүжиглэж, тайз зөөх зэргээр урлагийнхантай ойр өссөн. Тухайн үед “Томчуудтай хамт ажиллаж байгаа юм чинь жүжигчин болчих юм байна” гэж андуурч явсан. Харин тэгэхэд СУИС-ийг төгссөн найз маань “Чинзоо чи өөрөө хүсэл эрмэлзэлтэй хүн. Урлагийн сургуульд сурах хэрэгтэй. Чи урлагийн хүн болно. Гэхдээ хэзээ ч онол үзэхгүйгээр болохгүй” гэж хэлсэн. Би ч “Яадаг бол” гэх айдастай шалгалт өгтөл, эхнээсээ гуравт жагссан байсан. Өмнө нь авч байсан мэдрэмжээ дахиад авах вий гэж айж байсан хүн чинь бөөн баяр болсон. Аав, ээж маань намайг өөрөө бэлдээд, гүйж очоод шалгалт өгөөд тэнцчихсэнд асар их баярласан. Ер нь аав, ээж амьдралын минь замыг зааж өгөхөөс илүү өөрсдөөрөө яваад амьдралын мөн чанарыг олж хараасай гэсэн сэтгэлээр өсгөсөн юм шиг санагддаг.Хэзээ ч намайг ийм сургуульд сурах ёстой, тийм хүн болох ёстой гэж зааж байгаагүй. Тиймдээ ч би 3-4 жил сайхан зөнгөөр, сургуульд ч сураагүй. Магадгүй би аав, ээжийнхээ шахалтаар ЕБС-иа төгсөөд их сургуульд орсон бол мэдэхгүй ээ, өнөөдөр ямар ч хүн байх байсан юм бүү мэд.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Хэвлэл мэдээллийнхэн, урлагийнхан маань нийгэмдээ сайхан эерэг зүйлийг л түгээж байгаасай гэж бодож байна. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа ажиллаж хөдөлмөрлөе. Үүний төлөө зовъё. Эргээд үлдэх амьдрал чинь бидний үр хүүхдэд үлдэнэ. Тэгэхээр сайхан эерэг байцгаая. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье ээ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ О.УЛСБОЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-28 08:03

Сайн жүжүигчин шүү

Гоё хэлжээ
Гоё хэлжээ
2022-04-28 08:03

Хэвлэл мэдээллийнхэн, урлагийнхан маань нийгэмдээ сайхан эерэг зүйлийг л түгээж байгаасай гэж бодож байна. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа ажиллаж хөдөлмөрлөе. Үүний төлөө зовъё. Эргээд үлдэх амьдр�##� чинь бидний үр хүүхдэд үлдэнэ.

Хятад
Хятад
2022-04-28 09:18

Монгол, Хятад хоёр бие биенийхээ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, газар нутгийн маргаангүй, бид хууль ёсны бөгөөд байнгын, та нар хуваагдсан, тусгаар тогтносон.

Нэг эмэгтэй
Нэг эмэгтэй
2022-04-28 13:12

Чадварлаг, дотортой жүжигчин гэж боддог.

Зочин
Зочин
2022-04-28 19:04

9-р анги нь өнөөдөр орсон бна лээ орой үзнэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button