Ярилцлага

Г.Гантулга: Архи бэлгийн чадавхийг сулруулж, сексээс авах таашаалыг 2-3 дахин бууруулдаг

Архи уусны дараа бэлгийн дур хүсэл нь өдөөгддөг үү, биеэ хянах чадвараа алддаг уу. Зарим хүн “Архи уухаар доошоогоо согтдог” гэж ярьдаг хэр үнэний ортой, шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл вэ. Шинжлэх ухааны талаас харвал, энэ үнэний ортой, өнөө цагт аюулын харанга дэлдэж буй асуудал болохыг “Ай ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү нэгэн лайваараа дамжуулан анхааруулсан. Тэрбээр архи хэтрүүлэн хэрэглэснээс бэлгийн дур хүслээ барих, дарах чадвараа алдах, бусадтай сексдэх хүсэл нь өдөөгдөх нь эмэгтэй хүнд түлхүү тохиолддог, үүнийг “Алкохолны секс синдром” гэж нэрлэдгийг онцолсон юм.

Б.Дугархүү эмч “Архи уусны дараа бэлгийн дур хүсэл өдөөгдөх нь эрэгтэйд илүү байдаг уу, эмэгтэйд илүү байдаг уу” гэх яриа бий. Энэ яг шинжлэх ухаанаар батлагдсан зүйл мөн эсэх талаар мэдээлэл өгье. Учир нь үүнийг мэдэхгүйгээс болж маш олон хүнд асуудал тулгараад байна. Миний эргэн тойрны эмч, мэргэжилтнүүдийн дунд яригддаг, олон хүн зөвлөгөө авахаар, эмчилгээ хийлгэхээр ирдэг, баттай, үнэн зүйл.

Доошоо согтоно гэдэг нь архи ууснаар бэлгийн дур хүсэл нь өдөөгддөг гэсэн үг. Эрэгтэй, эмэгтэй хүнд энэ нь харилцан адилгүй. Эрчүүд байгалийн араатанлаг шинж чанартай, сексийг өдөр, шөнөгүй хүсдэг. Эмэгтэй хүнд энэ хүсэл эрчүүдээс харьцангүй бага. Тэгэхээр архи уусны дараа доошоо согтдог гэдгийг эрчүүд дээр ярих нь зохимжтой биш.

Хамгийн гол нь эмэгтэй хүнд энэ асуудал тохиолдох өндөр эрсдэлтэй. Эрчүүдэд түгээмэл тохиолддог нэг асуудал нь, хамт олноороо, найз нөхдөөрөө уухдаа эмэгтэйчүүдээ архиар шахдаг явдал. Үүнээс болж үүсдэг асуудлууд бий. Архи ууснаас болж ажлын газрын хүн, найз нөхөдтэйгөө өөрөө хүсэлгүйгээр бэлгийн хавьталд орох, жирэмсэн болох ч тохиолдол бий. Ийм асуудалд орсон олон, олон эмэгтэй эмнэлэгт ханддаг. “Тасраад сэрсэн чинь хүнтэй унтчихаж” гээд хүүхдээ авхуулах гээд эмнэлэг дээр дугаарлаж байдаг, үнэнийг л хэлье. Нуугаад яах вэ.

Намайг I эмнэлэг дээр жижүүрт гарч байхад “Алкохолны секс синдром” гэсэн оноштой хүн бүр эмчлүүлж байсан. 21 настай эмэгтэй архи уусныхаа дараа бэлгийн дур хүслээ хянах, дарах чадвараа алдчихдаг, өөр хүнтэй унтчихдаг учраас хэвтэж байсан юм билээ.

Би тийм оноштой хүн анх удаа харсандаа гайхаад Цагаанхүү багшаас асуухад “Үнээн, ийм онош тавьсан” гэсэн. Дараа нь цахим ертөнцөөс энэ талаар судлахад, өндөр градустай архи уух тусам эмэгтэй хүний төв мэдрэлийн системд тофомины хэмжээ эрчүүдээс илүү ялгарч байгаа нь батлагдсан. Энэ бодис нь өөрөө өнчин тархинд байдаг эм бэлгийн гормоны сэдээлтийг дэмжиж өгдөг.  

Түрүүн ярьсан, 21 настай эмэгтэй олон хүнтэй унтсаны улмаас бэлгийн замын олон тооны халдвар аваад, бөгс нь мэдээгүй болсон оноштой байсан. Эмэгтэй хүн эсрэг хүйстнээ сонирхоогүй байж, архи уусны улмаас өөрөө хүсэлгүйгээр бэлгийн хавьталд орох тохиолдол үүсдэг гэдэг нь гормоны түвшинд гарч ирсэн. Тиймээс сүүлийн үед анзаарч байхад, бүсгүйчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчлөл, хүсээгүй жирэмслэлт ихсэж буйн тодорхой хэмжээ нь архитай, архиар шахдагтай холбоотой.

Архиар шахахыг бэлгийн хүчирхийлэл гэж Европын оронд үзэх болсон. Эмэгтэй хүний биеэ хянах чадварыг алдуулах, тэгээд хүсээгүй зүйлийг нь хийлгэх эрсдэл архиар шахахын ард байна. Энэ бол батлагдсан зүйл. Эмэгтэй хүнийг архиар шахахгүй байхыг хүсье. “Алькохолны секс синдром” гээд цахим ертөнцөөс хайгаад үзээрэй, олон мэдээлэл гарч ирнэ” гэсэн.

Бид энэ асуудлаар СЭМҮТ-ийн эмч Г.Гантулгатай ярилцлаа.

-Архи уусны дараа сексийн дур хүслээ барих, дарах хяналтаа алддаг, бусадтай унтах хүсэл өдөөгддөг гэх ойлголт олны дунд бий. Энэ хэр үнэний ортой ойлголт вэ?

-Архи нэгэн төрлийн хор, спиртийн төрлийн бодис. Цусаар дамжаад тархинд очиж нөлөөлдөг. Нөлөөлөхдөө яадаг вэ гэвэл, эхэндээ тайвшруулах буюу сэтгэл санаа өргөх мэт таатай мэдрэмж өгдөг. Ингэхээр хүний биеэ барьсан, түгшсэн гэх мэт байдлууд дарагдаад эхэлдэг. Таатай мэт мэдрэмж төрснөөс болж дурлан ууж, тасрах хэмжээнд хүртэл хэтрүүлдэг.

Архи ууснаас болж хүн дур хүслээ хянах, биеэ барих чадвараа алддаг уу. Архины нөлөөлөл хүн бүрд харилцан адилгүй. Зарим хүний сексийн идэвхи, мэдрэмж буурдаг. Эсрэгээрээ зарим хүн хэт мэдрэг болж, сексийн хүсэл нь нэмэгддэг. Түрүүн хэлсэнчлэн, архи  уусны дараа бие нь тайвширч, таатай мэт мэдрэмж төрдөг, ичгүүрийн мэдрэмж дарагддаг учир эсрэг хүйстэндээ өөрийгөө илэрхийлэх, сексийн хүссэн мэдрэмжээ авах оролдлогуудыг хийж эхэлдэг. Үүнээс болж, хүсээгүй бэлгийн харилцаанд орчихлоо гэж зарим хүн ярьдаг. Яг үнэндээ, согтолтын зэргээс шалтгаалан тухайн зүйлийг хүссэн, эс хүссэн тухай асуудал яригдана.

Архи уусны дараа хүн бүрийн бэлгийн дур хүслийг өдөөдөг, ихэсгэдэг гэвэл тийм биш, өрөөсгөл ойлголт. Зарим хүний бэлгийн дур хүсэл буурсны улмаас бэлэг эрхтэний хөвчрөл, дур ханах нь удаашрах, сексийн чадавхгүй болох зэрэг асуудал үүсэх тохиолдол бий.  Гэхдээ архи ууснаас болж тухайн хүн огт хүсээгүй байсан зүйлээ хийхэд хүргэсэн гэх нь маш ташаа ойлголт.

-“Алкохолны секс синдром” гэж оношлогдсон хэр олон хүн СЭМҮТ болон бусад эмнэлэгт эмчлүүлдэг вэ?

-Яг ийм асуудалтай хүнд энэ талаар бусдад хэлнэ, эмчид үзүүлнэ, эмчлүүлнэ гэдэг нь өөрөө зориг шаардсан зүйл. Олонх хүн эрүүлжсэн хойноо бусдаас нуудаг, санаа зовдог, ичдэг. Аль болох бусдад хэлэхгүй, нуугаад өнгөрөх хүсэлтэй байдаг. Тиймээс ихэнх нь хөшигний ард өрнөдөг, хаагаад, нуугаад өнгөрдөг. Уусны дараа бэлгийн идэвхи нь нэмэгддэг, дур хүслээ хянах чадвараа алддаг хүн өнөөгийн нийгмийн тодорхой хувьд нь бий, бий.

-Яг ийм асуудалтай хүнд та ямар зөвлөгөө өвөх вэ. Өөрийгөө хянах, дур хүслээ дарах чадвараа алдахгүй байхад юу чухал бол?

-Хамгийн түрүүнд, архины хэрэглээгээ хянах, зогсоох. Бэлгийн дур хүслээ хянах чадвараа алдаад байвал, архитай холбоотой, хамааралтай эсэхийг мэдэх, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Цахим орчинд байгаа архитай холбоотой мэдээлэл бүхэн мэдлэг, эмчилгээний арга биш. Тиймээс танд ямар нэгэн асуудал байвал, мэдээллээр бус зөв мэдлэг, мэргэжлийн хүнд хандах, зөвлөгөө авах хэрэгтэй. Хувь хүн бүр архитай холбоотой зөв ойлголт, мэдлэгтэй болох чухал.

-Ийм асуудалтай хэр олон хүн эмнэлэгт, танд ханддаг вэ?

-Мэдээж энэ асуудлаар эмчид, эмнэлэгт хүмүүс ханддаг. Гэхдээ энэ талаар нарийн тоо байхгүй. Хувь хүний нууцын асуудал. Үйлчлүүлэгч, эмч хоёрын хоорондын яриа. Тэр бүрий, баримтжуулж бүртгээд, тоолох боломжгүй. Бодит тоо гарах боломжгүй.

-Архи уусны улмаас бэлгийн дур хүслээ хянах чадвараа алдахыг шинжлэх ухааны талаас нь баталсан, “Алкохолны секс синдром” гэж нэрлэсэн зүйл бий юү?

-Түрүүн хэлсэнчлэн, архи хүнд нөлөөлөх, өгөх мэдрэмж нь харилцан адилгүй. Тиймээс өөр, өөр нөлөөлдөг, олон зүйлд татдаг. Зарим дуулах, бүжиглэх дуртай болдог. Тэрнээс биш архи  шууд бэлгийн идэвхийг өдөөдөг, дур хүслээ барих, хянах чадвараа алдахад 100 хувь нөлөөлдөг гэж үзэх боломжгүй. Тухайн хүний бие организм, сэтгэл зүй гээд нөлөөлөх өөр олон хүчин зүйл бий.

Архитай холбоотой хамгийн түгээмэл буруу, ташаа ойлголт юу, юу байна вэ?

-Архитай холбоотой хэд, хэдэн өрөөсгөл, ташаа ойлголт бий. Хамгийн түгээмэл нь, архи уувал бэлгийн чадавхи сайжирна, удаан тавина гэдэг буруу ойлголт.

Харин ч эсрэгээрээ үйлчилдэг, бэлгийн чадавхийг улам дордуулдаг.  Согтчихвол сандрахаа болиод, бэлгийн харилцаанд тайван орно, нойргүйдвэл 100 грамм уухад нойр сайжирна гэх буруу зөвлөгөө.

Архи уусан үед сексээс авах таашаал, мэдрэмж эрүүл үеийнхээс 2-3 хувиар буурдаг. Болж өгвөл, архи уусан үедээ бэлгийн харилцаанд аль болох орохгүй байх чухал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-29 10:10

Yah sain baihav Dee, ugaasaa medremj ni baihgui bolchihdog biz Dee

Холбоотой мэдээ

Back to top button