Өнөөдөр /2022.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Эл өдөрт зориулан EGUUR.MN сайт жил бүр хэвлэл мэдээллийн салбарт тулгамдсан асуудлыг хөнддөг. Өнгөрсөн жил манай редакц “Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой вэ агуулгыг "ЭГҮҮР"-ийн сэдэв буландаа онцолж байв.
Харин энэ жил редакцын нийт сэтгүүлчид, уран бүтээлчид оролцон бүтээдэг "ЭГҮҮР"-ийн сэдэв булангаа "Монголын мэдээллийн сайтууд яагаад гажуудав. Бид хаашаа явах ёстой вэ" сэдвийн хүрээнд, цахим мэдээллийн хэрэгслийн орчинд төвлөрч, бүтээлээ.
Монгол Улсад 17 мянган ".mn" домэйн хаяг бүхий сайт бүртгэлтэй байна. Үүний 390 орчим нь мэдээллийн сайт /эх сурв: ХХЗХ/ юм. Уг тоог улсын нийт хүн амын 3,427,488 /2022.05.03-ны өдрийн байдлаарх/ тоонд хуваахад 8700 иргэн тутамд нэг мэдээллийн сайт ноогдож буй.
Гэвч эдгээр 390 мэдээллийн сайтыг чанарын үзүүлэлтээр хэмжвэл өсгөсөн дүнгээр 50-60 нь л редакц бүхий ангилалд "хүчээр" багтаж байна. Харин:
- Хүний нөөцийн бүрдүүлэлт
- Редакцын чадамж
- Нийгмийн үүргээ гүйцэтгэж буй байдал
- Техник технологийн хангалт
- ААН-ийн хувиар татвар төлдөг байдал зэрэг үзүүлэлтээр эрэмбэлбэл 10-20 редакц л багтахаар байна.
Бүр тодотговол Монголд 10-аас дээш хүний нөөцтэй мэдээллийн сайтын редакц 10 дотор багтаж буй. Гэвч хэвлэлийн зах зээл дээрх багахан урсгалаа нийт 390 сайт хуваан эзэмшиж байгаа нь томоохон гажуудал үүсэх гол шалтгаан болоод байна.
Дээрээс нь, Монгол Улс телевиз, өдөр тутмын сонин, радио, сэтгүүлийг ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ гэж үзэн хуульчилсан. Гэтэл энэ ангилалд орчин үед телевиз, өдөр тутмын сониноос хөгжлөөрөө түрүүлсэн мэдээллийн сайт багтаагүй байгаа нь гол анхаарах асуудал юм.
Өөрөөр хэлбэл, мэдээллийн сайтууд Монголд ямар нэгэн чиг үүргийн хуулийн зохицуулалтгүй. Төрийн байгууллагын шууд хамааралгүй. Тодорхойгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.
Жижиг зах зээл дээр олноороо үйл ажиллагаа явуулж буй эл “түчигнэсэн” мэдээллийн агентлагууд яг яагаад гажуудчихав. Бид хэрхэн зөв замаар явах ёстой вэ. Гарц гаргалгаа бий юу. Бусад орнууд яг ямар замаар явж байгаа вэ. Бидэнд ямар асуудлууд байна. Хариулт эрцгээе.
Ж.Мядагбадам
НЭГ: ИРГЭД ЦАХИМ ОРЧИН ДАХЬ МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛЫГ БОЛОВСРУУЛЖ ЧАДДАГ УУ
Хаанаас мэдээлэл авах нь хувь хүний сонголт. Гэлээ ч энэ сонголтоос нийгмийнхээ өнөө цагийн дүр төрхийг харж болохоор. Монголчууд цахим орчноос ямар мэдээ мэдээллийг уншиж буйг, түүнийгээ боловсруулж чадаж байгаа эсэхийг нэгэн иргэнээр төлөөлүүлэн сонирхлоо.
ВИДЕО:
Иргэн А Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд, нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хорооныхоо хэсгийн ахлагчаар ажилладаг.
Түүний сошиал хуудсаар дөрвөн минут зочлоход, “Zarig.mn”, “Lifestyle.mn”, “Mass.mn”, “Arslan.mn”, “Paparazzi.mn”, “Undesten.mn” гэсэн зургаан мэдээллийн сайтын мэдээ, материалууд гарч ирж байлаа. Мөн “MNGNEWS.CLUB”, “Asuult.xyz”, “Ulstur.com”, “Zagdaa.com”, “Uguulleg.com” тэргүүтэй есөн спам сайтын мэдээллүүд гарч ирэв. Тэдгээрээс тодруулбал:
- “Asuult.xyz”: Шөнө дөрвөн бүсгүй машинтайгаа явж байтал цагдаа зогсоолоо
- “Ulstur.com”: Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг эхнэрээ дарамталж буй бичлэг ил боллоо
- “Zagdaa.com”: Ходоодны шархыг нэг сарын дотор эмчилсэн минь. Хадгалаад аваарай
- “Ulstur.com”: БНСУ-ын алдарт тамирчин Hwang Chul Soon МУ-ын Хүчит Арслан Ц.Содномдоржтой 100 сая…
- “MNGNEWS.CLUB”: “Нөхөр маань гурван талд гурван эхнэртэй”…Бодит амьдралаас
- “Uguulleg.com”: Хоёрхон настай охиндоо гар утсаа өгч тоглуулсандаа нэгэн эцэг эх харамсаж байна гэх гарчигтай мэдээллүүд байв.
Иргэн А спам сайт, мэдээллийн сайтыг ялгадаггүй, ихэвчлэн групп хуудаснуудаас мэдээлэл авдаг ажээ. Өглөө бүр зорьж уншдаг мэдээллийн сайт байдаг эсэхийг асуухад “Байхгүй ээ, таарсныг нь л уншдаг” гэж байлаа. Энэ нь өөрийн олж харсан мэдээллээ үнэн эсвэл худал эсэхийг нягталж үзэхийг хүсдэггүй, уншсан зүйлдээ л итгэдэг гэсэн үг юм.
Спам сайт, мэдээллийн сайтыг ялгахгүй, цахимд таарсан бүх мэдээ мэдээллийг “хэвлэл” гэж ойлгож буй нь бүхий л цахим орчинд ажиллаж буй сэтгүүлчдийг нэг дүр төрхөөр харах нөхцөл үүсгэж байна.
Э.Булган
ХОЁР: РЕДАКЦТАЙ, РЕДАКЦГҮЙ САЙТУУД ЗЭРЭГЦЭН ОРШИЖ БУЙ БАЙДАЛ
2.1 ХХЗХ: Мэдээллийн сайтууд тодорхой стандарт, бүртгэлжилттэй болох ёстой
Агуулга: Монголд яагаад редакцгүй сайтууд олноор бий болов. Стандартгүй байдлаас үүдэж, хэн дуртай нь домэйн нэр ашиглаж буй байдал.
Энэ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзоригоос тодруулга, мэдээлэл авлаа.
-Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс нийт бүртгэлтэй мэдээллийн сайтуудаа редакцтай эсэх болон бусад чадамжийг нь магадлах боломжтой юу?
-Боломжгүй. Бидэнд хэвлэл мэдээллийн байгууллага талаас нь шүүх, хянах хууль эрх зүйн үүрэг байхгүй. Зөвхөн технологийн талаас нь аливаа хууль зөрчсөн контентыг цахим орчинд байршуулахгүй байх чиглэлд анхаарч ажиллах чиг үүрэгтэй. Ингэхдээ бид холбогдох байгууллагын дүгнэлтийн дагуу л технологийн арга хэмжээ авах эрхтэй байдаг.
-Өнгөрсөн хугацаанд танай хорооноос тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн сайтуудыг хаах арга хэмжээ авч байсан уу. Үүнд мэдээллийн сайт багтсан тохиолдол бий юу?
-Оюуны өмч зөрчсөн, садар самуун сурталчилсан зэрэг холбогдох байгууллагын дүгнэлтэд үндэслэн, 2013 оноос 1500 орчим сайтад хязгаарлах арга хэмжээ авсан. Үүнд мэдээллийн сайт багтаагүй. Сонгуулийн үеэр холбогдох байгууллагад хязгаарлах дүгнэлт ирсэн ч бид үүнийг сануулах, зөрчлийг арилгах хэлбэрийн арга хэмжээ болгож хэрэгжүүлсэн.
-Спам сайтуудыг бүртгэх, тэдний тоо хэмжээг тогтоох арга хэмжээг танайхаас авдаг уу?
-Үгүй. Энэ төрлийн сайтууд нь олон улсын фэйсбүүк алгоримтд тулгуурлагдсан байдаг. Дотоодын хууль эрх зүйн орчноор зохицуулах, бүртгэлжүүлэх боломжгүй.
-Өдөр тутмын сонин, арилжааны телевизүүд зэрэг нь бүртгүүлэхдээ тодорхой стандарт хангах шаардлагыг биелүүлдэг. Мэдээллийн сайтуудын чанарыг сайжруулахын тулд тодорхой стандарт тавих шаардлагатай юу?
-Шаардлагатай. Өргөн нэвтрүүлгийн хуулиар арилжааны телевизүүд тодорхой үүрэг хүлээж, хураамжаар тодорхой санхүүжилт аваад эхэлсэн. Энэ нь телевизүүд хариуцлагажих, зах зээлийн байдлаа тодорхой болгох зэрэгт сайн нөлөөгөө үзүүлж байна.
Харин мэдээллийн сайтууд хоорондоо эвлэлдэн нэгдэж, энэ асуудлаа ярьж чаддаггүй шиг харагддаг. Тус тусдаа холбоо байгуулдаг, редакц бүхий сайтууд нь үүнд хамаардаггүй байдал харагддаг. Энэ нь редакцтай сайтуудын хийсэн бүтээснийг нэг хэсэг нь "шимэгчилж", нөгөө хэсгийнхээ хүч хөдөлмөрөөр амьдардаг гажуудлыг үүсгэсэн. Мэдээллийн сайтууд эвлэлдэн нэгдэж, эрх зүйн акттай болсноор тодорхой стандарт бий болох боломжтой.
Өөрөөр хэлбэл, мэдээллийн сайтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүртгэлжих шаардлагатай байна. Ийм хууль эрх зүйн орчин үүсээгүй учраас бусад платформуудаас ялган үзэхэд бэрхтэй нөхцөл байдал үүссэн.
Ж.Мядагбадам
2.2: Редакцтай, тогтмол мэдээний урсгалтай сайтууд цөөн байна
Монголд 390 мэдээллийн сайт үйл ажиллагаа явуулж буй талаар дээр дурдсан. Тэгвэл, тэдний яг хэд нь редакцтай, тогтмол мэдээний урсгалтайг ялгаж, дараах инфографикт үзүүллээ.
Инфографиктай танилцах: Бөмбөлөг дээр дарахад томорч, сайтуудын нэр тодорно. Хулганаа харалдаа аваачихад нэрийг бүтнээр нь унших боломжтой.
ИНФОГРАФИКТ ТЕХНИКИЙН АСУУДАЛ ГАРСАН ТУЛ ЗАСВАРЛАЖ БАЙНА
Сайтуудыг:
- Тодорхой бус
- Редакцтай, тогтмол мэдээний урсгалгүй
- Редакцтай, тогтмол мэдээний урсгалтай гэж гурав ангилж үзүүлэв.
Энэ нь ямар нэгэн дэслэл бүхий загварчлал биш бөгөөд энэ ангилалд багтаагүй мэдээллийн сайтууд үлэмж олон бий. Учир нь сайтууд хэвлэл мэдээллийн загварчлал нь өөр өөр, дагнасан контент бүхий, шууд дамжуулалт, пи-ар агент байдлаар ч хөгжиж байна.
Ангиллуудын тайлбар:
- Тодорхой бус: Хүний нөөц, хаягжилтын байдал тодорхойгүй. Ажилчдаа цалинжуулж, нийгмийн даатгал, татвар төлдөг эсэх нь үл мэдэгдэх. Мөн сэтгүүл зүйн үүргээр өдөр тутмын мэдээ, мэдээллийг түгээж буй урсгал бага. Мэдээ мэдээлэл түгээж буй ч идэвхтэй бус, хөдөлмөр шингэсэн контент бүтээдэггүй, зарим тохиолдолд хуулбарлах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг ойлголт.
- Редакцтай, тогтмол мэдээний урсгалгүй: Хаягжилт, хүний нөөцийн байдал тодорхой. Нийгмийн даатгал, татвар төлдөг албан ёсны хувийн ААН. Харин контентын төрөл нь өдөр тутмын мэдээний урсгалд үл төвлөрсөн, энтертайнмент, сошиал тренд, маркетинг, лайв, видео контент чиглэлд түлхүү анхаарсан онцлогтой. Өөрөөр хэлбэл мэдээллийн агентлаг хэлбэрээр бус, сегмент нь салбар агуулгуудад анхаарсан ойлголт.
- Редакцтай, тогтмол мэдээний урсгалтай: Хаягжилт, хүний нөөцийн байдал тодорхой. Нийгмийн даатгал, татвар төлдөг албан ёсны хувийн ААН. Контентын төрөл нь сэтгүүл зүйн үндсэн онцлогоо хадгалсан, өдөр тутмын мэдээний урсгалд төвлөрсөн. Цаг үеийн мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг багтаасан болно.
Тайлбар: Барууны сэтгүүл зүйд тогтмол редакцгүй, чөлөөт уран бүтээлчдэд суурилан ажилладаг хэлбэр ч жишиг болон хөгжсөөр байна. Харин энэхүү контентын агуулгад хөндөж буйчлан, Монголын зах зээл дээрх хэт олон сайтууд зэрэгцэн ажиллаж буй нөхцөлд хариуцлагатай, буух эзэн буцах хаягтай редакцуудыг төлөвшүүлэх нь чухал болоод буй.
Энд дурдагдаж буй "Редакцтай сайт" гэх ойлголт нь хаягжилт бүхий ААН байхаас гадна контент бүтээлтийн хүрээ нь нийгмийн үүрэг хүлээж, хөдөлмөр зардаг, тогтмол урсгал хадгалдаг байгууллагуудыг тодотгож байгаа агуулга юм.
Дээрх эл ангиллыг хийхдээ МУБИС-ийн сэтгүүл зүйн тэнхимээс бэлтгэсэн судалгаанд үндэслэсэн болно. Судалгаанд 30 сайтыг л редакцтай гэж тодотгожээ. Судалгааны багийнхан РЕДАКЦТАЙ ГЭДЭГТ: БАЙР САВТАЙ, ОЛОН ХҮНИЙ НӨӨЦТЭЙ зэргийг нь харгалзсан юм биш өнөөдрийн байдлаар ЦАГ ҮЕИЙН ШУУРХАЙ БАЙДЛААС ХОЦОРДОГГҮЙ, ТОГТМОЛ МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛТАЙ, БЭЛТГЭН НИЙТЭЛЖ БУЙ КОНТЕНТУУД НЬ АГУУЛГЫН ХУВЬД ӨРГӨН ДАЛАЙЦТАЙ зэрэг байдалд үндэслэж, эл ойлголтыг тодорхойлжээ.
2.3: Редакц бүхий сайтуудаас 10 сайтын эзэд, хүний нөөцийг танилцуулбал
Энэ хүрээнд редакцтай, тогтмол мэдээний урсгалтай, 10 сайтыг жишээлэн сонгож, тэдний эзэд, хүний нөөцийн байдлыг үзүүлэв.
Бидний дээрх инфогафикаар харуулсан 200 гаруй сайтаас 30 гаруй нь агуулгын хувьд өргөн, даацтай далайцтай мэдээлэл тогтмол бэлтгэлэг гэх ангилалд багтаж байна. Хэвлэлийн хүрээлэнгийнхний тодорхойлсноор редакцтай сайтууд дунджаар 4-5 хүний нөөцтэй байгаа юм. Харин бидний сонгосон эдгээр арван сайт 9-30 хүний нөөцтэй байна. Тэдний зарим нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувийн бизнес болгон өргөжүүлэхдээ олон хүнийг ажилтай, орлоготой, ахуй амьдралтай байлгахаас гадна татвар, нийгмийн даатгал төлж нийгэмдээ тодорхой хэмжээний үүрэг хүлээн ажиллаж байна.
П.Урнаа
2.4: Редакцтай сайтууд нийгмийн болон сэтгүүл зүйн ямар үүрэг хүлээдэг вэ
Редакцгүй, тогтмол мэдээний урсгалгүй сайтууд энэ зах зээлд хэрхэн гажуудал үүсгэж буйг дараах хэсгүүдэд хөндөнө. Харин редакцтай сайтууд нь өндөр зардал гаргаж, нийгмийн болон сэтгүүл зүйн үүргээрээ нийтийн агуулгаар контент бүтээдгээрээ ялгардаг. Энэ хүрээнд, хариуцлагатай сайтын редакцуудаар жишээ болгож, тэд нийтлэлийн бодлогоороо хэрхэн үүрэг хүлээдэг, редакцгүй сайтуудаас ялгардгийг сонирхуулъя.
Бидэнд iToim.mn, iKon.mn, Gogo.mn, News.mn сайтуудын эрхлэгч, редактор байр сууриа хуваалцлаа.
“iToim.mn” сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг: Бүгдийг бус чухлыг
Манай сайтын хувьд 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өдөр бүр шинэ контент бэлтгэдэг цахим сэтгүүл зүйн мэргэжлийн редакц юм. Манай баг үйл явдлын бүх мэдээллийг шүүлтүүргүй хүргэхийг голчилдоггүй. Өөрөөр хэлбэл, цахим сэтгүүл зүйн орчинд бүгдийг бус, чухлыг нь уншигч, үзэгчдэдээ хүргэхийг зорилго болгон ажилладаг.
Энэ хүрээнд сэтгүүлчдээ тоонд бус контентын чанарт анхаарч ажиллах шаардлага тавьдаг. Энэ нь бидний нийгмээ соён гэгээрүүлэхэд оруулж буй гол үүрэг гэж бид үздэг. Түүнчлэн, манай сайт эх сурвалжаар баталгаажаагүй, бусдын алдар нэрийг гутаасан, хувийн амьдрал руу хэт орсон мэдээ нийтлэхийг нийтлэлийн бодлогоороо хориглодог. Гэмт хэрэг, хүчирхийллийн мэдээг шүүлтүүртэй мэдээлдэг.
“iKon.mn” сайтын Ерөнхий эрхлэгч Р.Оюунцэцэг: Бодлого тодорхойлогчдын шийдвэр амьдралд хэрхэн нөлөөлөхөд анхаарлаа хандуулдаг
Редакцтай мэдээллийн сайтын хувьд бид бодлого тодорхойлогчдоос гаргаж байгаа шийдвэр амьдралд хэрхэн нөлөөлөх эрсдэлтэй, нөлөөлж байгаа, нөгөө талд иргэдийн бодит нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага юу байгааг илүү гаргахад нийтлэлийн бодлогоо хандуулж, түүнийг үр дүнд хүргэхийн төлөө тууштай, тасралтгүй ажилладаг.
Яагаад гэвэл өнөөдөр сэтгүүл зүй хэрэглэгч төвтэй болж байгаа буюу иргэн төвтэй болж байна. Иймд шаардлагатай мэдээллүүдийг илүү боловсруулж, ойлгомжтой байдлаар иргэдэд хүргэж, мэдэх эрхийг нь хангах замаар оролцоог нь улам нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг иргэдийн хамт хэрэгжүүлэхийг гол бодлого болгон хичээж ажилладаг.
Энэ бол редакцтай сайтуудын бэлтгэсэн мэдээллийг ёс зүйн ямар нэгэн мэдрэмжгүйгээр хуулж нийтэлдэг, халаасны гэх сайтуудаас ялгаатай гол хүчин зүйл юм.
“Gogo.mn” сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн: Олон төрөлт контентод хүчин чармайлт гаргаж байна
GoGo.mn сайт нь Редакцын бодлогоо боловсруулж, танилцуулсан анхны сайтуудын нэг. Редакцын бодлогодоо бид ямар чиг шугамыг баримтлах вэ, үүний тулд ямар ёс зүйтэй байх хийгээд уншигч, хэрэглэгчийн санал хүсэлтийг хэрхэх, төлбөртэй мэдээлэл, хамтын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг ч тусгасан.
Ингэхдээ хараат бус, бие даасан, тэнцвэртэй мэдээллийг хүргэх үүднээс аливаа нам, улс төрийн хүчин, төрийн болон бизнесийн байгууллагын хяналтаас ангид, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсыг дээдэлсэн зарчимтай, ёс зүйтэй мэдээллийг түгээнэ гэж Редакцын бодлогодоо тусгасан байдаг. Шуурхай байдлаас илүүтэй нягталсан баталгаат мэдээллийг хүргэхийг чухалчлах бөгөөд бодит байдлыг баталгаажуулахаас нааш олон нийтэд түгээхээс татгалздаг. Мөн иргэдийн дуу хоолой болох нэг суваг учраас уншигчаас ирж буй санал хүсэлтийг бэлтгэж буй бүтээлүүддээ тусгахыг зорьдог нь ялгарал гэж бодож байна.
Үүнээс гадна сэтгүүл зүйн олон төрөлт контентыг хүргэхээр редакцын зүгээс хүчин чармайлт гаргаж байгаа нь халаасны гэж нэрлээд буй сайтуудаас ялгарах бас нэг тал гэж боддог.
“News.mn” сайтын Ерөнхий редактор Ш.Оюунчимэг: Ардчилал, хүний эрх, хувийн өмчийг хамгаалах чиглэлд бодлогоо тодорхойлдог
www.news.mn мэдээллийн сайт ардчилал, хүний эрх, хувийн өмчийг хамгаалах чиглэлд бодлого тодорхойлж, түүнийхээ дагуу өдөр тутмын мэдээ, мэдээлэлдээ дурдахыг хичээдэг. Өдөр тутмын үйл ажиллагаандаа хаана хэний эрх, нийтийн эрх ашиг зөрчигдөж байна, хэний хэрэгжүүлж байгаа бодлого нь буруу, зөв байна, нийгэмд ямар асуудал тулгамдаж байна зэргийг өдөр бүрийн мэдээ, мэдээлэлдээ шингээхийг хичээж ажиллаж байна.
Ялангуяа www.news.mn сайт өдөр бүр шинэ сурвалжлага, ярилцлага, асуудал дэвшүүлсэн хөндөх сэдэв, байр суурь, шүүмж, тодруулга хүргэж ажилладаг бөгөөд энэ бүхэндээ цаг үеэ дагасан хүний эрх, нийтийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, төрийн бодлого зөв явж байна уу, гаргасан шийдвэр нь амьдралд нийцэж байгаа эсэх гээд үндсэндээ нийгмийн хариуцлагын хүрээнд мэдээ, мэдээллээ түгээж байна гэсэн үг. Гэтэл нэг хэсэг нь зүгээр л бусдын өгсөн “бэлэн хоол”-ыг хуулж тавиад л зэрэгцэн оршоод байгаа юм. Тиймээс мэдээллийн сайтууд редакциа томруулах, хүн хүчээ нэмж, нийтлэлийн бодлогоо ил тод зарлаж, мөрдөх ёстой. Редакц хүчтэй байж нийтлэлийн бодлого нь салбар бүрт хүчтэй нөлөөлөл үзүүлж чадна.
М.Тэнгис
ГУРАВ: РЕДАКЦТАЙ САЙТУУДАД ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛҮҮД
Агуулга: Энэ зах зээлд редакц бүхий мэдээллийн сайтууд яг ямар бодит бэрхшээлүүдтэй тулгарч байна вэ.
3.1 - Нийгмийн хандлага ба сэтгүүл зүйн үүрэг
Иргэд сайтуудын зардал гаргаж хийсэн контентуудыг үнэгүй уншдагаа мэдэх үү
Өдөр тутмын сонин, сэтгүүлийг мөнгөөр худалдан авч, уншдаг. Харин мэдээллийн сайтууд өөрсдөөсөө зардал гарган контент бэлтгэж, иргэдийг үнэгүй уншаач гэж “гуйдаг”. Харин иргэд мэдээллийн сайтаас мэдээ, сурвалжилга, нийтлэл, ярилцлага үнэгүй уншдаг гэдгээ мэддэг, анзаардаг болов уу.
Манай сайтын сурвалжлах баг спийк аут байдлаар иргэдээс дээрх асуултыг асуулаа. Ингэхэд:
- Мэдээллийн сайт гэж яг юу болохыг хараахан мэдэхгүй, “Яг юу байдаг билээ” гэх
- Мэдээллийн сайтын бэлтгэсэн агуулгуудыг үнэгүй уншдаг гэдгээ мэддэггүй
- Мэдээллийн сайтуудыг тодорхой хэмжээний зардлаар контент бүтээдгийг мэддэг
- Ямар нэгэн байдлаар ашигтай ажилладаг болоод л ингэж зардал гарган контент бүтээдэг байх гэх хариултуудыг өгч байлаа.
Цөөн тооны иргэн мэдээллийн сайтуудыг тодорхой хэмжээнд төлбөр төлж унших нь зөв гэсэн байр суурийг илэрхийлж байсан бол зарим нь хэрэв мөнгө төлж уншдаг болбол уншигчийн тоо цөөрнө гэж бодож буйгаа хэлсэн юм. Иргэдийн хамгийн их сонирхож, тавьсан асуулт нь “Мэдээллийн сайтуудыг хаанаас санхүүждэг юм бол?” байв. Энэ агуулгыг та бүхэн сэдэв гурваас унших боломжтой.
Одоо харин редакц бүхий гурван мэдээллийн сайтын захирал, эрхлэгч нарын ярианд анхаарлаа хандуулцгаая. Тэд ямар бэрхшээл туулж буйгаа ярих болно.
Харин редакцтай сайтууд нийгмийн үүргээрээ хэрхэн зардал гаргаж, нийтийн эрх ашгийн төлөө дуугарч байна вэ
"Ньюс Аженси" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Батболд: Өдөрт 4-5 сая төгрөгийг хэвлэн нийтлэх үүргийнхээ хүрээнд зарцуулдаг
Хэвлэл мэдээллийн байгууллага бизнесийн байгууллага гэхээс илүүтэй нийгмийн өмнө үүрэг хүлээдэг. Манайх 40 орчим ажилчинтай. Сарын эргэлтийн хөрөнгө 100-150 сая төгрөг. Энэ мөнгийг ажилчдын цалин, урамшуулал, НДШ, ХХОАТ, шатахууны зардалд хуваагаад тооцоолоод үзэхээр өдөрт 4-5 сая төгрөгийг хэвлэн нийтлэх үүргийнхээ хүрээнд зарцуулдаг гэсэн үг.
Асар их хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан сэтгүүлчдийн маань контентуудыг спам сайтууд хуулж тавьж, сэтгүүлч мэргэжлийн үнэлэмжийг хойш нь татаж байна. Тиймээс уншигчид эх сурвалжгүй, баталгаагүй хандалтын араас явсан спам сайтуудын мэдээлэл биш найдвартай, эх сурвалжтай редакцтай сайтуудаас мэдээллийг авах нь чухал болоод байна. Спам сайтууд баталгаатай эх сурвалж хэзээд байгаагүй. Байх ч үгүй. Тиймээс спам сайтыг ашиглахгүй байхыг зөвлөж байна. Энэ бол таны мөнгө, цагийг үрсэн зүйл.
“Eguur.mn” сайтын Ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам: Нийгмийн үүрэг хүлээх нь зүй, гэхдээ үүнийхээ төлөө төрөөс санхүүжиж, давхидаггүй
Манайх үндсэн цалингаас гадна сэтгүүлчдийн бичлэгийн шагналд сард 4-7 сая төгрөг зарцуулдаг. Сэтгүүлч нар маань тэр чигтээ зүтгэж байгаад өдөр бүр есөн онцлох контент уншигчдад санал болгож байна. Зөвхөн үүний зардлыг маш багаар бодоход 600-800 мянга болно. Мэдээллийн сайтууд агуулгаа үнэтэй бүтээчхээд уншигчдыг үнэгүй уншаад өгөөч гэж гуйж байна.
Өөрөөр хэлбэл, зардал гаргаад маш их ажилладаг тээрэм л яваад байна гэсэн үг. Манайх шиг 10 гаруй ажилтантай сайт сардаа 10 гаруй сая төгрөгийн татварыг төлж байна. Цалингийн зардал, татварууд нийлээд 30 сая төгрөгт баривал л их юм болж байна. Энэ бол маш том харгислал байхгүй юу. Яг юуны төлөө ингэж ажиллаад байгаа юм гэх бодолтой ажил олгогчид, ялангуяа редакцтай сайтуудын үүрэг хүлээж буй хүмүүс өдөр тутам тулгарч байгаа байх.
Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг статус зүүж байгаа л бол нийгмийн өмнө үүрэг хүлээхээс өөр аргагүй. Нийгмийн өмнө үүрэг хүлээж байна гээд бид толгой дээрээ улаан туг мандуулчхаад төрөөс санхүүжээд давхиад байдаг нэгж биш. Бид ААН. Гэтэл бид нартай зэрэгцээ, контент хийдэг ч юм шиг, хийдэггүй ч юм шиг, Фэйсбүүкээс өндөр дэмжлэг аваад мөнгө олдог сайтууд ажиллаад байна. Бидний гол ялгаа гэвэл, спам сайтууд нийгмийн өмнө ямар ч үүрэг хүлээхгүй, цэвэр ашгийн төлөөх газар. Өөрсдийгөө сайт гэж ойлгуулаад, энэ төөрөгдөл дээрээ мөнгө хийгээд байгаа нэгж юм. Хамгийн гайхмаар нь олон нийтийг түүчээлж буй, манлайлж байна гэж харж буй хүмүүс спам сайтын мэдээг шэйр хийгээд байна.
“Zarig.mn” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: 250 мянган төгрөг зарцуулж байж нэг контентыг иргэдэд хүргэж байна
Сэтгүүлч дунджаар нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай. Тэгэхээр өдрийн цалин нь 50 мянган төгрөг. Зураглаач, эвлүүлэгч мөн адил цалинтай гэж бодоход жолоочийн цалинтай нийлээд өдрийн нийт цалин 200 мянга болж байгаа юм. Энэ мөнгөнд таарсан НДШ, ХАОАТ, шатахууны зардал байгууллагаас гарч буй гэхээр нийт 250 мянга орчим төгрөг зарцуулж байж нэг контентыг иргэдэд хүргэж байна.
Цаг давхардсан үйл явдалд очиж амжихгүй. Үүнийг мэдэхгүй “худалдагдсан” гэж л бичээд байдаг. Хүрэлцэхгүй байна шүү дээ. Уг нь бол өрх бүрээс мөнгө авдаг МҮОНРТ-ийнхнийг “хааччихав” гэж нэхэх ёстой биз дээ. Мөнгөө төлж байгаа юм чинь хариуцлага нэхэж, танайх “яачхав” гэж асуух нь зүйн хэрэг.
Бас нөгөөтээгүүр, хүмүүс өдөр тутмын сониныг худалдаж авдаг хэрнээ сошиал орон зайд ажиллаж байгаа мэдээллийн сайтуудыг үнэлдэггүй. Монголчууд мэдээллийн сайтуудыг ямар ч үйл явдал дээр бүгд ирсэн байх ёстой гэж хардаг болж. Бид “тийм” болтол нь л сайн хөдөлмөрлөсөн бололтой.
Мөн нэг асуудал байгаа нь, уншигчид сэтгүүлч бичээгүй мэдээг сэтгүүлч бичсэн гэж ойлгож, спам сайтуудыг мэдээллийн сайт гэж хараад байна. Үүнийг тодорхой хэмжээнд тайлбарлаад бичдэг ч ойлгодоггүй. Спам сайтууд юу ч хийдэггүй. Нэг хүнтэй, өрөөнөөсөө ч гардаггүй. Ямар ч зардал гаргадаггүй. Тэгсэн мөртлөө бидний мэдээллүүдийг шууд аваад тавьдаг. Гэхдээ спам сайтуудын үйл ажиллагаа удаан үргэлжлэхгүй байх аа. Энэ бол цаг хугацааны л асуудал байх. Бид улам мэргэжлийн байж, чамбай болж, ялгараад уншигчид өөрсдөө сонголтоо хийх байх.
ВИДЕО:
Э.Булган
3.2 - Оюуны өмчийн хулгай цахим мэдээллийн орчинд гаарсан нь
Дээрх хэсэгт дурдсанчлан, мэдээллийн сайт контент бүрээ өндөр зардлаар бүтээдэг хувийн ААН хэдий ч эргээд уншигчдад үнэгүй үйлчилгээ үзүүлдэг онцлогтой. Гэтэл зэрэгцээд, авсан хандалтын тоогоороо орлого олох зорилготой спам сайтууд тэдний бэлтгэсэн контентуудыг зөвшөөрөлгүй хуулж байршуулдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдөө үл хөдөлмөрлөж, уран бүтээлч цалинжуулахгүй мөртлөө оюуны өмчийн хулгайгаар амьдардаг.
Доорх хэсэгт Eguur.mn сайтын бэлтгэсэн контент хэрхэн спам сайтуудад хуулагдсаныг жишээлж үзүүлэв.
М.Тэнгис
Оюуны өмчийн газар: Бүтээл бий болсон цагаасаа эхлээд хуулийн хамгаалалтад ордог
Энэ хүрээнд Оюуны өмчийн газрын Улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяраас зарим асуудлыг тодрууллаа.
-Мэдээ мэдээллийн сайтуудад оюуны өмчийн хууль ямар зохицуулалтаар хүрдэг вэ?
-Зурагтай болон бичлэгтэй хэсгийг нь шууд хуулбарлаж тавьсан бол энэ нь хууль зөрчсөн асуудал болж хувирна. Энэ нь бусдын бэлтгэсэн контентыг зөвшөөрөлгүйгээр ашигласан гэдэгт ангилагдана. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлээр шийтгэл ногдуулах үндэслэл болно гэсэн үг юм. Тодруулбал, зөрчил үйлдсэн иргэнийг 500 мянгаар, аж ахуй нэгжийг таван сая төгрөгөөр торгоно гэсэн заалттай.
-Мөнгөн торгуулиас гадна хуурамч сайтыг, хаягийг хаах хүртэл арга хэмжээ авч болох уу?
-Хаах хүртэл арга хэмжээ авч болно. Гэхдээ ямар хугацаанд, ямар нөхцөлд хаах вэ гэдэг хоёр өөр асуудал. Нэгдүгээрт, хэрэг шалгах үедээ тухайн гомдол гаргагчид илүү хор хохирол учруулахаар, давтан үйлдэгдэхээр байвал тухайн сайтыг тодорхой хугацаанд буюу хэрэг шалгаж дуустал түр хаана. Шалгалт дууссаны дараа зөрчилгүй гэж тогтоогдвол буцааж нээнэ. Мөн зөвшөөрөлгүй хуулсан зөрчилтэй контент нийтэлсэн бол тэрхүү зөрчилтэй зүйлүүдийг нь устгуулдаг.
-Юуг оюуны өмч гэж тооцох вэ, юу нь оюуны өмчид тооцогдохгүй вэ?
-Хэзээ, хаана, юуг, хэн хийв гэсэн асуултад хариулагдаж байгаа мэдээллийг хүмүүст түгээхийн тулд нийтэлсэн бол зохиогчийн эрхээр хамгаалахгүй. Үүнээс өөрөөр бусдын хийсэн зүйлийг хуулбарлаж авч болохгүй. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч өөрийн оюуны хөдөлмөрөөр бүтээсэн нийтлэл, сурвалжилга, бичвэр гээд бүгдийг тухайн хуулиар хамгаалуулах эрхтэй.
Мөн бусад сайтын материал баримтыг ашиглах гэж байгаа бол заавал зөвшөөрөл авах ёстой. Нөгөө талаас энэ манай контент, бүтээл мөн гэдгийг тухайн гомдол гаргагч өөрөө батлах учиртай. Ингэлээ гээд заавал оюуны өмчийн газраар батлуулаад зохиогчийн эрхийн гэрчилгээ авна гэсэн үг биш. Тухайн бүтээл бодитой бий болсон өдрөөсөө эхлээд хуулийн хүчин төгөлдөр хамгаалалтад орно.
-Хуурамч гэж яриад байгаа эзэн холбогдогч тодорхойгүй сайтууд дээр ямар арга хэмжээ авдаг вэ?
-Сайтын эзэн нь тодорхойгүй, сервер нь гадаадад байдаг гээд зовлонгууд бий. Түүн дээрээ зөрчилтэй кино нийтэлдэг, бусдын оюуны өмчийг хуулбарлаж тавьдаг, нийтэд хүргэдэг асуудлууд олон гардаг. Тийм тохиолдолд Монгол дахь хандалтыг нь хаах арга хэмжээ авдаг.
ВИДЕО:
Х.Умаахан, Д.Мөнхбат
3.3 - Сошиал орчин цахим хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн орон зайг шахаж буй байдал
Нөгөөтээгүүр орчин үед сошиал орчинд өндөр хандалттай хуудсууд болон инфльюнсерүүд мэдээ, мэдээлэл түгээх нэгэн суваг болж буй. Тэд сэтгүүл зүйг орлохуйц эх сурвалжтай, нягталж шалгасан, нийгмийн үүрэг бүхий мэдээлэл түгээдэг эсэх нь харьцангуй ойлголт. Гэхдээ хандалт, сошиал орчинд нөлөөлөх чадвараараа цахим мэдээллийн хэрэгслүүдийн зах зээлийг шахаж буй.
Энэ хүрээнд дараах судалгаануудыг бэлтгэлээ.
Нэг. Хандалтын судалгаа
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн их анхаарал татсан мэдээллүүдийн нэг нь Б.Тэмүүлэн хүүгийн хандивын ажиллагаа байв. Үүнийг мэдээллийн сайтууд болон сошиал инфльюнсерүүдийн Фэйсбүүк хуудаст нэгэн ижил тавигдахдаа, ямар ялгаатай хандалт авч буйг харьцууллаа.
Б.Тэмүүлэн хүүгийн хандивын мэдээ:
- Хамгийн их хандалттай, редакцтай таван сайтад дунджаар 11 мянган хандалт
- Харин нэр бүхий таван инфльюнсэрийн Фэйсбүүк хуудсаас дунджаар 21 мянган хандалт авчээ.
Хоёр. Төлбөрийн судалгаа
Маркетинг, сурталчилгааны зорилго бүхий төлбөртэй мэдээ нь мэдээллийн сайтуудын орлогын нэгэн эх үүсвэр. Тэгвэл, сошиал инфльюнсер, өндөр дагагчтай хуудсууд мэдээллийн сайтуудаас илүү хандалт авч буй энэ нөхцөлд төлбөрийн үнэлгээ ямар ялгамжтай байгааг энэ судалгаагаар харуулахыг зорилоо.
Судалгаанд:
- Өргөн нэвтрүүлгийн таван телевиз
- Мэдээллийн таван сайт
- Олон дагагчтай таван хуудсыг хамруулав.
Ингэхэд:
- Өргөн нэвтрүүлгийн телевизүүдээс, нэг минутын эфирээ "Eagle" - 770 мянга, "SBN" - 300 мянга, "C1" - 45 мянга, "NTV" - 550 мянга, "TV5" - 220 мянган төгрөгөөр
- Мэдээллийн сайтуудаас нэг төлбөртэй мэдээг Gogo.mn - 1.1 сая, Ikon.mn - 990 мянга, Zarig.mn сайт 500 мянга, Isee.mn сайт 300 мянга, News.mn 750 мянга /дунджаар/ төгрөгөөр үнэлдэг байна.
Харин өндөр хандалттай хуудас бүхий таван сошиал инфльюнсерийн нэг пост байршуулах дундаж өртөг нь 1.5 сая төгрөг байна. Нэг хуудас нь 5 сая төгрөгийн төлбөртэй байсан бөгөөд энэ судалгааны хүрээн дэх хамгийн өндөр үнэлгээ юм.
Тайлбар: Сошиал инфлюнсерүүд нь хувь хүмүүс тул нэрийг нууцалж, үнэлгээг дундажлав.
Гурав. Иргэдийн хандлагын судалгаа
Нөгөө талд уншигч, хэрэглэгч буюу иргэдийн хандлага ямар байгааг онлайн асуумжаар судаллаа. Тэд үнэн бодитой мэдээллийг редакцтай хэвлэл мэдээллийн байгууллагаас авахыг эрмэлздэг ч 86 хувь нь өөрт байгаа мэдээллийг олон нийтэд хүргэхийн тулд хандалтаас шалтгаалан инфльюнсерүүдийг хуудаст байршуулахыг сонгож байна.
Асуумжид 122 иргэн оролцов. Асуулт бүрийн үр дүнтэй гүйлгэж танилцана уу.
Судалгааны үр дүнгээс хийж болох дүгнэлтүүд:
- Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс мэдээ, мэдээлэл авахыг илүүд үздэг ч сошиал орчинд дахь мэдээлэл тэдэнд илүү түргэн шуурхай хүрдэг.
- Мөн өөрт байгаа мэдээллийг олны танил инфльюнсерүүдээр дамжуулан хүргэхийг илүүд үздэг нь мэдээллийн хэрэгслээс мэдээ, мэдээлэл авахыг эрмэлздэг хандлагатай нь зөрчилдөж буй. Үүнд хандалтын байдал хамгийн их нөлөөлдөг
- Иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотроос сайтаас хамгийн үнэн бодит мэдээллийг шуурхай хүлээн авдаг гэж үздэг
- Спам сайт болон редакцтай сайтуудын бэлтгэсэн мэдээллийг ялгадаггүй байна.
Х.Умаахан
3.4 - Зах зээл, мөнгөний урсгал
Мэдээллийн сайтуудад хэн мөнгө өгдөг вэ
Мэдээллийн сайтууд дараах гурван төрлийн сегментээс голлох санхүүгийн урсгалаа босгодог. Үүнд:
- Төрийн байгууллагууд
- Хувийн хэвшлүүд
- Олон улсын байгууллагууд.
Эдгээрийг задалбал:
Төрийн байгууллагуудаас: ЗГХЭГ, НЗДТГ, НИТХ
ТӨХК-иудаас: "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой түлш"
Хувийн хэвшлүүдээс: "Таван богд", "Номин", "MCS"
Арилжааны банкнуудаас: Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, ХААН банк
ОУ-ын байгууллагуудаас: Төслүүдийн хэвлэлийн зардал .
Ерөнхий дүнгээр өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн салбарт 50-70 тэрбум төгрөг эргэлдэж байсан тухай судалгаа бий. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, дэлхий дахинаа хэвлэлийн байгууллагууд руу гаргах аливаа санхүүжилтүүд 20-40 хувь танагдаад буй. Энэ үзэгдэл Монголыг ч тойроогүй. Төр, хувийн хэвшлүүдийн реклам сурталчилгааг зарцуулах тоон дүн үлэмж буураад байна.
Эрэлтийн хувьд мэдээллийн сайтууд нь өдөр тутмын сонинг давж, арилжааны телевизүүдээс давсан үзэлтээрээ илүүрхэх болсон. Гэвч үүнтэй яг зэрэгцээд сошиал медиагийн хөгжил асар хурдацтай байгаа тул бодит эрэлтээ үлэмж ихээр алдаж байна.
Кейс: 300 сая төгрөгийн сошиал маркетинг гэрээлэгч нь,
- 65 хувийг /195 сая орчим/ Фэйсбүүк бүүстинг, бусад идэвхжүүлэлт
- 23 хувийг /70 сая орчим/ мэдээллийн сайтуудад
- 3 хувийг жиргээнд зарцуулж байгаагаа уламжлав.
Халаасны сайт эзэмшигчид мэргэжлийн редакцуудаа хэрхэн туйлдуулдаг вэ
Халаасны сайт гэж юу вэ?
Нийтлэлийн эхэнд Монголд 390 орчим мэдээллийн сайт бүртгэлтэй. Үүнд спам сайтуудыг оруулан тооцоогүй болохыг онцолсон. Нийт 390 орчим мэдээллийн сайтаас ердөө 20 орчим сайтыг л редакцтай гэсэн тодотголд хамруулж болохоор буй. Энэ тоог хүчээр сунгаж татсаар 50-60 хүргэлээ гэж үзэхэд Монголд 300 гаруй ямар ч редакцгүй мэдээллийн сайт бүртгэлтэй гэсэн ерөнхий дүн гарна. Эдгээрийг хар үгээр "халаасны сайт" гэж нэрлээд байна.
Супер гажуудал: Нэг редакц ба 15 халаасны сайт эзэмшигчийн ялгаа, орлогын зөрүүтэй байдал
Харамсалтай нь ажилтан цалинжуулдаггүй, тодорхой хаяггүй, татвар төлдөггүй эдгээр халаасны сайтууд нь редакцын бүтэц үүсгэн ажилладаг сайтуудтайгаа зэрэгцэн, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах замаар мөнгө олдог. Эдгээр нь:
- Танил тал
- Томоохон дарга нарын өгсөн чиглэл
- Хэвлэлийн албадын хувь амлаж гэрээ зурдаг байдал
- "Шантааж" байдлаар хүчээр гэрээлэх зэрэг зарчмын бус аргаар төрийн байгууллагуудаас мөнгө татсаар байна.
Кэйс: Нэг редакцтай сайттай зэрэгцээд 15 халаасны сайтаар нэг эзэн гэрээ байгуулдаг.
Төрийн А байгууллага мэдээ, мэдээллээ нийтлүүлэх зорилгоор 15 хүн цалинжуулдаг нэг редакцтай сайтад жилийн 4.9 сая төгрөгийн дүн бүхий гэрээ байгуулна.
Үүнтэй зэрэгцээд танил тал бүхий 15 сайтыг зэрэг эзэмшдэг, ажилтангүй шахам нэг иргэн түрүүчийн редакцтай сайтын авсан 4.9 сая төгрөгийг 15 үржүүлэн авдаг. Ингэснээр:
- Халаасны 15 сайттай, ажилтангүй шахам иргэн 73.5 сая төгрөг
- 15 ажилтантай редакц бүхий сайт 4.9 сая төгрөг авч байна.
Ж.Мядагбадам
Олон улсад мэдээллийн сайтууд хэрхэн санхүүждэг вэ
Чөлөөт хэвлэл өндөр хөгжсөн орнуудад уншигчид нь төлбөр төлдөг жишиг тогтжээ. Энэ нь сонин, телевизэд хамаарах ойлголт бус цахим мэдээллийн хэрэгслийг хязгааргүй унших эрхээ зургаан сар, жилээр худалдан авдаг хэлбэр. Томоохон агентлагууд тогтмол мэдээний урсгалаа үнэгүй түгээж, томоохон аналитик контентуудаа гишүүнчлэлийн эрх худалдаж авсан уншигчдадаа нээлттэй үлдээдэг байна. "TheGuardian" агентлагийн хувьд, "Хэвлэлийн эрх чөлөө, өргөн хүрээний мэдээлэл олж авах боломжийн төлөө та хандив өргөөрэй" гэсэн зурвасыг мэдээ бүрийнхээ доор байршуулдаг нь сонирхолтой жишиг.
Өөрөөр хэлбэл төлөвшсөн уншигчдад суурилж, бүтээгдэхүүнээ худалдах зах зээлийн хэлбэрийг цахим мэдээллийн хэрэгслийн орчинд хэрэгжүүлж чаджээ.
Нөгөө талаар зар сурталчилгааны орлого асар их хэмжээг эзэлдэг. Төлбөртэй мэдээ, контент гэхээс илүү сайтын баннер байршуулах боломжтой орон зайнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шууд холбох линк бүхий заруудыг чөлөөтэй байршуулдаг. Зарим шууд линк холбосон баннеруудаас сайтууд өөрсдөө ч орлого олдог бөгөөд энэ нь энгийн жишиг болжээ. Хэрэв ийм зар, сурталчилгаа төвөгтэй байвал уншигч "Зар сурталчилгаагүй" сайтын хувилбарыг мөн мөнгө төлж уншина.
Нөгөөтээгүүр, хэвлэлийн эрх чөлөөний индекс өндөртэй оронд төр нь хэвлэлийн байгууллагуудаа тогтмол дэмждэг сонирхолтой онцлог бий. 1969 оноос хойш Норвеги Засгийн газрын эсрэг үзэл баримтлал илэрхийлдэг хэвлэлүүдэд хүртэл шууд санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн түүхтэй.
Үүнийг үндэсний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд улс төрийн үзэл бодлоо хамгийн өргөн хүрээтэй илэрхийлэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын халаас, захиалгад авталгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд зогсохгүй, шүүмжилсэн ч бай шүүмжлээгүй ч бай төрөөсөө мөнгө авч санхүүждэг гэсэн үг.
О.Анар
ДӨРӨВ: УЛС ОРНУУДЫН ЖИШИГ, ТӨЛӨВШИЛ
АНУ: Иргэд дуртай цөөн цахим сайтдаа төлбөр төлж, мэдээллээ авдаг
Америкийн “Project for Excellence in Journalism” судалгааны төвөөс явуулсан судалгаагаар хэрэглэгчид, уншигчид төлбөртэй контент руу орох ер нь дургүй байдаг гэжээ. Тэд ихэвчлэн сонин, сэтгүүлийн онлайн хувилбарыг илүүд үзэх болсон.
“Project for Excellence in Journalism” судалгааны төвөөс жил болгон хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сэтгэл санааны динамик, хүсэл сонирхолд харьцуулалт хийдэг. Сүүлийн үеийн судалгаагаар АНУ-ын 10 хүн тутмын зургаа нь онлайн мэдээллийн хэрэгслийн ачаар тухайн өдөрт юу болох талаар мэдээлэлтэй болдог гэнэ. Мэдээллийн эх сурвалж руу зочлохдоо дунджаар америк хүн өдөрт 3 минут 4 секунд зарцуулдаг гэсэн статистик тооцоог гаргасан байна.
Онлайнаар буюу вэбсайтуудаас мэдээлэл цуглуулдаг хэрэглэгчдийн 35 хувь нь олон вэбсайт руу хандахаасаа илүү тоотой хэдхэн сайт руу орж мэдээлэл олж авдаг аж. Тэгэхээр хэрэглэгчдийн хувьд нэг таалагдсан, итгэсэн эх сурвалжаа дагнах нь элбэг гэдгийн нотолгоо болж өгдөг гэсэн үг.
Өөр нэг сонирхолтой зүйл бол уншигчдын зөвхөн 19 хувь нь л “дуртай эх сурвалж”-ынхаа контентыг төлбөр мөнгө төлж үзэхэд бэлэн байдаг гэжээ. Мөн судалгаанд хамрагдагсдын 82 хувь нь хэрэв “дуртай сайт” нь өөрийн мэдээ мэдээлэл, бүтээгдэхүүнээ төлбөртэй болгоод эхэлбэл “дургүй болж”, өөр эх сурвалжийн эрэлд гарч эхэлдэг гэсэн байна.
О.Анар
ДҮГНЭЛТ: ТӨРӨӨС СТАНДАРТЧИЛАЛ, ЭГЭХ ХАРИУЦЛАГЫГ НЭХЭЖ, РЕДАКЦУУД УНШИГЧДЫН БОЛОВСРОЛД АНХААРЪЯ
Хөгжлийн эрин үеэ дагаад мэдээллийн сайтууд хамгийн хариуцлагатай, хүртээмжтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцогдож байна.
Гадаадын орнуудад бизнес модель нь зөв: Төрөөс хараат бусаар, зар сурталчилгааны орлогоор санхүүждэг, томоохон компани, корпорацуудтай эрүүлээр хамтран ажиллаж чаддаг. Түүнчлэн нэгэнт зах зээл нь том учраас жижиг сайтууд ч зорилтот уншигчдынхаа хүрээнд ашиг орлогоо олж, зэрэгцэн ажиллаж байна. Нөгөө талд уншигчид нь ямар сайтаас мэдээлэл авахаа ялгаж, салгах боловсролтой. Хууль эрх зүйн орчин, эгэх хариуцлага нь ч өндөр байна.
Харин манай жижиг зах зээлд нийгмийн болон сэтгүүл зүйн үүргийн хүрээнд хөдөлмөрлөж буй мэдээллийн сайтууд нь:
- Нэгдсэн стандарт, хууль эрх зүйн тодорхой орчингүйн улмаас “Редакцгүй” тодотгол бүхий сайтуудаас ялгамжит чанараа хадгалахад,
- Эрүүл санхүүжилтээ “Редакцгүй” сайтуудтай харьцуулахад шударга схемээр олж авахад,
- Спам сайтуудаас бүтээлээ, оюуны өмчөө хамгаалахад,
- Сошиал орчин хөгжсөн үед өндөр хандалттай хуудас, инфльюнсерүүдээс зах зээлээ ангид хадгалахад бэрхшээлүүдтэй тулж байна.
Энэ гажуудлаас гарахын тулд цахим орчин эрин үеэ дагасан мэдээллийн халуун платформ болсныг бодолцож, төрийн зүгээс стандартчлалаа телевиз, өдөр тутмын сонинуудын адил нарийвчилж, хариуцлагажуулах шаардлагатай байна. Ингэснээр хөдөлмөрч редакцуудын бүтээл “Халаасны” болон спам сайтуудаас ялгарч, бодит зах зээлээ эзлэх, эрүүлээр санхүүжих боломжтой байна.
Нөгөө талаар сошиал орчин хандалтаар далайлгаж буй энэ үед иргэд ч ямар платформоос мэдээ, мэдээлэл авахаа мэддэг, ойлгодог болох хэрэгтэй байна. Уншигчдын боловсролыг дээшлүүлэх энэ чиглэлд төрийн бодлогоос гадна мэдээллийн сайтууд ч редакцын бодлогодоо тусган, анхаарах шаардлагатай болжээ.
ДУГААРЫН ЧИГЛҮҮЛЭГЧ: Ж.МЯДАГБАДАМ
ДУГААР УДИРДАГЧ: М.ТЭНГИС
СЭТГҮҮЛЧИД:
- П.УРНАА
- Х.УМААХАН
- Э.БУЛГАН
- Д.МӨНХБАТ
- О.АНАР
ЗУРАГЛААЧ, ЭВЛҮҮЛЭГЧИД:
- Б.ЭРДЭНЭБАЯР
- Б.ТЭМҮҮЛЭН
- О.УЛСБОЛД
- Т.ХҮЧИТБААТАР
ӨМНӨХ КОНТЕНТ:
“ЭГҮҮР”-ийн сэдэв: Монголын сэтгүүл зүй яагаад гажуудав, бид хаашаа явах ёстой вэ
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Medremjgui niitlel........jjoohon erx ashgiin tuluu.......ih oriloj...
yag cham shig har massiig l shuumjilsen baina buur hachin harlaisan huurnuud ilt hudlaa site iin medee baihadl pee paa geed orood irdeg garuudiin neg mini zugeer duugui bol bi l huvidaa ene yavaad bga aktsiig ni demjij baina
Миний хамгийн их үздэг уншдаг сайт бол Eguur , сонин.мн ,икон гурвыг уншдаг.Маш хурдтайгаар шинэ мэдээлэлийг энэ 3 сайтаас авдаг .Хаана.байгаагаас үл хамаарч мэдээлэлийг энэ 3 аас авахад ханг�##�ттай байдаг
Хүний хийсэн хөдөлмөрийн хуулаад тавьдаг муухай газруудыг дарж орохоо больмоор байгаа юм
Хөдөлмөр шингээсэн бүтээл болжээ. Эгүүрийнхэн с�##�бараа ухаж ний нуугүй ханджээ редакциай сайтуудаа зарласан нь зор г байлаа амжилт та бүхэнд
Би олон жил сайтууд уншиж мэдээлэл авдаг ч спам сайт гэгчийн тухай сая л танай эндээс уншлаа. Гэтэл спам сайт гэж юуг хэлдэг т�##�аар ганц ч үг бичээгүй байх юм. Зүй нь спам сайт гэж ийм сайтуудыг хэлдэг гэж тайлбарлаад тэднийг таних ямар аргууд байдаг т�##�аар бичвэл сая бүрэн мэдээлэл болно шүү дээ.
Спам сайтууд нь холбоос дээрээ чатны ногоон тэмдэглэгээтэй байдаг, мэдээллийн сайтууд бол тухайн сайтынх нь нэр харагддагг шүү
eguur bolon news 2iin hiij baiga ene ajil unheer zuv odoo facebookeer dandaa l hadam ahtaiga untla ber egchteige ingele gesen ilt hudla medeenii door baahan yuga ch medehgui humuus orj ircheed niigemd buhimdal taraaj baigaa ni unen zugeer l neg setguulch kirmandaa 5n site tai geree hiideg ni ch unen ed nariig bugdiig ni shahaj gargah heregtei
ter zarigiin unuruu yamar aimar helsiin be "ta nar ter undesnii TV geesee mungu tuldug yum baij yum neheech" genee haha
Үнэн ш дээ, үздэггүй байж мөнгө төлнө... тэгснээ тэднийхээс нэхэх ёстой хариуцлагаа хэдэн сайтаасаа нэхнэ. Шударга буц шүү
bid nart unegui gazar deerees ni survaljilj ugdug ch gesen zarim site nuud bas l arai l baidag shuu gehdee ene buh hiigeed baigaa ajil ni ter arai bga site uudaa shahaj gargah yum bainldaa
Coлoнгoc зaлyycын шvтээн бoлcoн 18 нacтaй xятaд oxины цoчиpдoм нyyц тэpээp зaлyycын дyнд “Xaмгийн vзэcгэлэнтэй aзи бvcгvй” xэмээн нэpлэгддэг бaйcaн zugerl ene novshiin spam site uudiin jishee neg garchig unheer zalhaj baina door ni 10 20 ood humuus orood irtsen hereldej baina uruvdultei yum bve
Good good. Амжилт хүсье.
Eguur бусдынхаа дургүйг сайн хүргэхээр ажил хийжээ
Та нар сөнөнө. 1.анхан шатны суурь боловсролгүй 35 үсгээ бүрэн мэдэхгүй 2.Политехникийн мэдлэг байтугай энэ үгийг ч сонсоогүй, утгын нь мэдэхгүй ойлгохгүй
Танай сайтыг бүүр уншихаа байя л даа зүгээр Зариг Arslan гэх мэт өөрийн дуртай сайт пэйж групп дуртай зүйлээ уншина
зариг ч гэх шиг. Зөв бодлоготой сайт уншаач. Бүгдийг биш чухлыг гэсэн. Гахай, нохой мэдээлдэг зариг бол хамгийн тэнэг
Chamaar dutahgvi shd ed nar xxaxxaa arslan ch geh shg yu ch bdi xxa chi erslen za yu
манайхаас юу ч асуулгүйгээр манай тухай бичсэн байх. 5 ажилтантай, �##�бан ёсны хаягтай, татвараа төлөөд л явж байгаа байгууллага. шүү....
эргүүтээрэй юу ч хийж чадахгүй худлаа редакц ч гэх шиг
Би-ээр өвчилчихсөн солиотой Мядагбадам гэдэг хүүхний г�##�зуурлын нэгэн нийтлэл үү. Хэний ямар ш�##�гуураар ямар баримт сэлтээр ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дугаарлав. Танайх ч гэсэн тэр нэг их сүртэй юм хийгээд байдаг топорчихсон сайт биш. Энд тэндэхийн мэдээ шааж урсг�##�аа бөглөнө.
Унших гэж их ядарлаа. Учир нь, маш олон янзын эрээвэр хураавар гоёчилсон, эрээн мяраан өнгө өнгийн хэлбэр дүрстэй, үсгийн фонт нь хэд хэдэн төрлийн том жижиг холилдсон юу гээчийн ганган нийтлэл вэ? Хүний анхаар�##� татах гэж ингэж эрээлж мяра�##�сан бол танай бодлого, мэдрэмж дутуу байна шүү. Уншигчид товч тодорхой, ойлгомжтой матери�##� чух�##� л болохоос юу нь бүү мэд эрээн мяраан зарл�##�ын самбар шиг ийм нийтлэл за бараг хэрэггүй дээ. Нийтээрээ бичиг үсгийн боловсрол нь доройтоод, баргийн нийтлэл, пост уншаад ойлгохоо байчихсан ийм нөхцөлд ингэж чамирхв�##� бүүр ч ойлгож уншихгүй ээ, цаадуул чинь.
situudaa sudalmaar ymdaa eguur metiin garj ireed udaagvi suraggvi situud ooriin uzemjeer iim dugnelt hiimergvi bn
Redaktstai redaktsgui ged angildag tanaih hen be bitgii tenegt
Тэр Спайм сайт гэж яаж ялгах юм бэ, үүнийг энэ утгаар нь Спайм сайт гэнэ гээд хэлээд өгөөч
ха�##�тын гэрээ гэж үнэнийг нууж бодит байдлыг ха�######�гадаг зүйлгүй нийгэм байв�##� сая жинхэнэ зөв нийгэм тогтох байх
haaltiin geree gej uneniig nuuj bodit baidliig haz##lgadag zuilgui niigem togtvol say eruul
Zarig metiin hulgaich Unurtsetseg, Shuurentsetseg nart hariutslaga tootsoj shoron yavuulsnaar setgvvl zvi zuv zamruu orno. Mongolin setguulchid bugd munguni shunaltai avilgachid bolson, yu unen ter unen
1