Б.Наминчимэд: Стокгольм хотод л гэхэд монгол эзэнтэй 100 гаруй хоолны газар байна, манайхан Европт цоролзоод эхэлж

“Бэхи” баримтат киногоороо монголчуудад улам бүр танигдсан “Их өвийн эрэлд” төслийн баг Европын орнуудаар “Эх орон монгол” цэнгүүнийг зохион байгуулаад ирсэн. Зохиолч, нийтлэлч, төслийн санаачлагч Б.Наминчимэдтэй аяллын сониноос сонирхон ярилцлаа.
-ЕВРОПЫН 14 ОРНООР 40 ХОНОГ ЯВААД ИРЛЭЭ-
- Аяллын ерөнхий мэдээллээсээ хуваалцаач. Хэд хоног, аль аль улс орноор ямар ажил амжуулж ирэв?
-Дуучин, өв соёл судлаач Х.Батмэнд, найруулагч, зураглаач Б.Гандөл, энэ аяллыг санаачилж, зохион байгуулж, ивээн тэтгэсэн Австри улсын иргэн Ж.Долгорсүрэн, С.Ундраа бидний хэдэн хүмүүс баг болж Австри, Унгар, Хорват, Итали, Швейцарь, Франц, Бельги, Люксенбүрг, Герман, Польш, Словак, Словени, Чех, Швед гэсэн 14 орноор нийт 40 хоног явлаа. Хэдэн ч км зам туулчихав, сайн тооцсонгүй, багцаагаар машинаар 7-8 мянга, онгоц болон автобус, галт тэрэгтэй нийлбэл нэлээд юм гарах байх. Өдөр нь юмаа үзээд, зурагаа аваад, уулзах хүмүүстэйгээ уулзаад, шөнө нь голдуу ээлжилж машинаа барьж давхиад, ээлжилж машиндаа дугхийгээд, эсвэл галт тэргэний суудал дээр нойр авч явсан. Чухам тийн явсандаа нэлээн юм амжуулчихлаа. Бидний хувьд тэдгээр орныг үзэхдээ биш, харин тэдгээр оронд буй монголын түүх, өв соёлтой холбоотой зарим түүхэн газар нутаг, эд өлгийн зүйлийн талаар хэдэн нэвтрүүлэг бэлтгэх зорилготой байлаа. Далимд нь тэнд аж төрж буй монголчуудтайгаа уулзаж, “Их өвийн эрэлд” төслөө танилцуулж, бас тэдэндээ дуу хуур, өв соёлын тухай контентууд сонирхуулж, ярилцаж байв. Хэдэн зуун монголчуудтайгаа уулзсан шүү. Бас гадны судлаач ганц нэг эрдэмтэдтэй ч уулзаад амжсан.
-Аяны богц дүүрэн ирсэн үү? Ганзагалаагаа хэдийд үзэгч, уншигчдадаа задалж эхлэх вэ?
- Богино хугацаанд гэхэд чамлах юм биш ээ. Ер нь материал цуглуулах бол ажлын гуч, дөчин хувь, харин түүнийг үнэ цэнэтэй, ур хийцтэй, хүний сэтгэлд хүрч, оюунд мэдлэг нэмсэн соёлын бүтээгдхүүн болгоно гэдэг хамаг гол ажил нь. Тэр ажил ард байгаа. Юутай ч багадаа 4-5 баримтат нэвтрүүлэг, кино маягийн юм гарах байх. Хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна.
- МОНГОЛЧУУДТАЙ ХИЙСЭН ТУЛААНЫ ТАЛБАРААС ОЛДСОН ГЭХ ИЛД ХОРВАТЫН РЕЙКАД БАЙЖ БАЙНА -

- Таны аяллын явцдаа нийтэлж байсан мэдээлэл бүрээс шинэ содон, сонин агуулгыг харж байлаа. Бүр хамгийн сониноос нь хуваалцаач?
- Замд яаруу давчуу давхих нь ихэнхдээ тул тэр бүр бүх үйл явдлын талаар мэдээлэх боломжгүй байлаа. Мэдээлсэн ч их товчхон байв. Чухам алийг нь хамгийн гэхийг мэдэхгүй байна. Төрөл бүр дээр нь өгүүлбэл, түүхийн тухайд нэгэн илдний араас Газар дундын тэнгисийн эрэг дээрх Хорватын Рейка хот хүрлээ. Зорьсных үнэхээр орон нутгийн музейд нь 1241-1242 онуудад Гробник хотын дэргэдэх монголчуудтай хийсэн тулааны талбараас олдсон илд гээд байж байх юм. Гол нь тэр цаг үед Хорват, Сербийн дайчдын барьж байснаас тэс өөр илд гэж байна. Бага шиг, бариултайгаа 90 орчим см урттай хоёр талдаа иртэй илд. Тэр үед бид тийм илд ч бас барьж л байсан, мөн манайд европын зарим рюцариуд, бүр англи нөхөр хүртэл дагаж ороод бидний нэрийн өмнөөс тулалдаж л байсан. Үүнийг магадлан судлах л шаардлагатай. Бат, Сүбээдэйн монгол дайчдыг өнөөгийн Австрийн Вена хотын босгон дээр тулж очоод буцсан, түүнээс баруун тийшээ гараагүй гэдэг. Гэтэл Гробник тосгонд монголчууд очиж тэнд тулалдсан гэвэл баруун хойшоо нэлээн явчихсан дүр зураг гарна. Тэр тулаанд монголчууд ялагдсан, цөөн хэд нь баруун хойшоо зугтаасан гэж байгаа юм. Бас хожмоо 18-р зуунд хийсэн малтлагаас монголын гэх юм олдоогүй гэдэг. Тиймээс түүнийг өнөө албан ёсоор түүхэн судалгаанд тооцдоггүй бололтой юм билээ. Гэвч тэнд бишгүй олон таамаг төрж байлаа. Гробник тосгоны дэргэд болсон тулаанд зориулсан хоёр томоохон булш байдаг юм байна.


Бас 19-р зуунд Хорватууд туркээс тусгаарлах гэж тэмцэж байхад Хорватын их найрагч Дмитри Дмитров уг сэдвээр томоохон найраглал бичиж, үндэснийхээ ялалт амжилтыг бахдан дуулж, ард түмнээ харийн дарлалын эсрэг уриалан дуудаж байжээ. Монголчуудыг ялж чадсан юм, Түркүүдийг ч бас ялна гэсэн утгатай. Аттила хааны хуримаа хийсэн газарт, бас өнөөгийн Францын Чолан хотын ойролцоо Улс түмнүүдийн их тулаан гэж нэрлэгддсэн Ромтой хийсэн шийдвэрлэх том тулааны өмнө Аттила хааны хүрээлэн буудаллаж байсан хүрээ буудал, Альпийн нуруунд эртний тэнгэрт тахилга өргөдөг байсан уул, Польшийн Лигницийн болон Унгарын Мохийн талын тулааны талбар гэх мэт нэлээн түүхэн газруудаар очсон. Бүгд л сонирхолтой байлаа. Мохийн талд амь үрэгдсэн Монгол цэргийн булш байх магадлалтай тийм нэг овгор шороонд очсон. Тэнд хоёр улсын археологийн судалгаа хийж, орон нутгийн аман хууч, домог, сүм хийдийн он дарааллын бичиг гэх мэтийг ухаж үзүүштэй санагдсан. Тэгж мөн бишийг нь баталгаажуулах хэрэгтэй. Гэхдээ орхигдсон газрууд бишгүй.
- Ямар ямар газрууд орхигдсон бэ?
- Унгарт, Балатон нуурын хөвөөнд Аттила хааны орд өргөөг шинээр барьж байгаа юм билээ, мөн Будагаас холгүй нэгэн цайзад Аттила түр оршин сууж байсан, бас 13-р зуунд монголчуудын хүрээлэн буудаллаж, мал сүргээ адгуулж байсан их тал нутаг гэх мэт, Швейцарт өөрсдийгөө монголоос гаралтай гэх иргэдтэй нэг тосгон, Германы Фрейбүргээс холгүй Аттила нэртэй тосгон, Польшид өөрсдийгөө мөн монголоос гаралтай гэдэг онигордуу нүдтэй иргэд бүхий Монголичица гэрт тосгон гэх мэт. Хорватат, Чех-д, Австри-д гээд явдал дундаас дам дамаа сураг нь гарч сонсогдсон монголын түүхтэй холбоотой газрууд бишгүй орхигдсон. Австрид Заяа нэртэй гол байх. Чех-д Оломуйц гэдэг гол, хот байх. Тэнд монголчууд ирээд буцсан тухай дурсгал байдаг гэнэ. Тэр бүү хэл Оломуйцыг Олом-Ус гэж тайлбарлаж буй хүнтэй ч таарлаа. Энэ бүгдийг магадлан тодруулах л хэрэгтэй юм. Бид яах аргагүй цаг давчуугийн дээр очих газруудаа, уулзах уулзалтуудаа урьдаас төлөвлөчихсөн байсан учир тэр бүгдийг дагаад адууны эрэлд яваа юм шиг яваад байж чадсангүй. Дахиж ирнэ дээ гэсэн хатуу бодолтойгоор л явж байв. Энэ удаагийн явдал маань маш сайн туршлага боллоо.

-Өв соёлтой холбоотой юу байв?
-Өө, тэр талаар бол ухаж дийлэмгүй. Нэг улсад л хэд хэд хономоор юм билээ. Австри улсын Зальцбүрг хотоос холгүй, Зүүн Альпийн нэгэн уулын орой дээрх эртний цайзад очсон. Шалабүрг нэртэй тэр цайзад “Морьтон нүүдэлчид Европт” гэсэн үзэсгэлэн нээгдсэн байв. Польш, Франц, Унгар гэх мэт Европын орнуудын түүх, угсаатны музейнүүдээс ирсэн үзмэрүүд дэлгэсэн. Авар, Хүннү нарынх голдуу. Маш сонирхолтой үзмэрүүдтэй. Бас нэг сонин нь тэр уулын оргилд байх, алслагдсан цайзад тэр үзэсгэлэнг хэн очиж үздэг байна аа гэж бодох аргагүй юм билээ. Тасралтгүй хүмүүс цувж байна. Гол нь хүүхдүүдээ дагуулсан эцэг эхчүүд. Хүүхэд үзэхэд нэн сонирхолтой байдлаар үзэсгэлэнг зохион байгуулсан, гарахад нь асуулт хариултын зурагт номоо бөглөөд гардаг. Гэх мэтээр бид ч бас ямар нэгэн үзэсгэлэнг зохион байгуулахдаа санаа авмаар юм анзаарагдсан. Бид чинь хүн, бүр хүүхэд үзнэ гэж нэг их боддоггүйгээр үзэсгэлэн гаргадаг юм биш байгаа. Бас Шведийн Стоккольмийн угсаатны зүйн музейд ч их хачин сонин үзмэрүүд үзлээ.
-Европт байгаа монголчууд маань өв соёлдоо хэрхэн хандаж байна вэ? Монгол хүн өв уламжлал, зан заншилаа хаа ч тээж, өвлөж явж байгааг та мэдээлж байсан. Энэ нийтлэг байна уу, эсвэл та бүр зорьж харуулав уу?
-Өө, мундаг юмаа л гэж бид үе үе дуу алдаад явсан. Тэд маань өв соёлоо биднээсээ илүү дээдэлж, дэлгэрүүлж, сурталчилж байдаг нь үнэхээр сайхан. Яг л монголдоо байгаа мэт, бүр монголд байгаагаас ч илүүгээр гэр орноо, хашаа байраа тохижуулсан байх юм. Бахархмаар. Унгарт хашаандаа монгол гэрээ бариад, хаалгаа онгойлгонгуут хашаан дээрээ монголын уул ус, бэлчиж буй мал сүрэг, усанд орж буй морьдын зургийг зуруулсан маш том хулдаасан хэвлэл дэлгэсэн байсан. Хаалга нээнгүүт зэрвэс харахад яг л монголдоо байгаа мэт санагдаж байв.

Ер нь ихэнхдээ бид зорьж очиж байлаа. Сайнтай муутай байгаа ч өв соёлоо, уламжлал, заншлаа гэсэн нь цөөнх болохгүй ээ, яадаг ч л байсан. Хот болгонд л монгол сургууль ажиллаж, монгол хүүхдүүддээ эх хэл, соёлыг нь зааж байна. Бид төлөөлөл болгон Женевт нэг тийм сургуулиар орж, сурвалжлага хийсэн. Сая бидний явж байх үед Европын монголчуудын Шагайн харвааны их наадам Австрийн Вена хотод зохион байгуулагдлаа. Хориод орны 24 баг ирж оролцож байна. Хоёр өдөр үргэлжиллээ. Монгол дээл хувцсаараа ижилсчихсэн, гоёчихсон. Тэр шагайн харвааны хэрэглэл хувцаслалт чинь бас их өвөрмөц, жаяг дэгтэй байдаг юм байна. Би мэт нь эрийн гурван наадмаа л мэдэхээс шагайн харваа тийм нарийн нандин урлагтай гэдгийг сая Европт л харлаа. Европ хүмүүс хүртэл сонирхоод эхэлж. Мөн Стокгольм хотод монгол соёлын өдөрлөг болж таарав. Хэдэн зуун хүмүүс цуглалаа. Шведүүд маш их үздэг юм байна. Бүр монгол гэрт орох гээд дараалал үүссэн байхыг харлаа. Жаахан шингэрэхээр орьё доо гэж бодсон, гэтэл таран тартал тэр хэвээр байдаг юм билээ. Европт байгаа монголчуудын өв соёлоо хадгалж, түгээн дэлгэрүүлж, сурталчилж байгаа талаар яриад дуусамгүй олон юм байна. Ер энэ аяллын тухайгаа нэг цуврал болгон бичнэ, бас тэмдэглэл нэвтрүүлэг хийх санаа байна. Тэгэхдээ л тодорхой оруулна даа.


-ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУД ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ, ИЛҮҮ ДЭВШИЛТТЭЙ СЭТГЭЖ, ХАРДАГ БОЛЖ-
- Та хэд бас хонины шинэ шөл ууж харагдсан?
- Тэгсэн тэгсэн. Швейцарийн Женевт хорхогны халуун чулуу атгаж, Германы Франкфүртэд бэлчээрийн хонины шинэ шөл ууж, Шведийн Стокгольмд хуйхалсан толгой шийр зооглож л явав. Тухайн орны үндэсний хоол сонин л доо. Гэхдээ миний хувьд энэ нь илүү сонирхолтой, бас амттай, гол нь тэр сэтгэлийг мэдрэх үнэхээр сайхан байв.
- Гадаад орныг амьдрахаар зорьсон монголчуудын нийтлэг амьдрал танд ямар сэтгэгдэл төрүүлэв. Бид нарын ерөнхий аж байдал, өдөр тутмын амьдралтай харьцуулахад?
- Өө тун сайн. Би 2003-2008 онуудад АНУ-д монголчуудынхаа дунд амьдарч байв. Тэр үед цагаачдын нөхцөл байдал АНУ ч гэлтгүй Европт ч амаргүй байсан. Одоо хоёрдахь үе нь гарч ирсэн, олонхи маань ахуй амьдралын хувьд тэр үетэй харьцуулах аргагүй өөр болчихсон. Тэр бүү хэл боддог сэтгэдэг нь, ур чадвар нь, соёл хандлага нь ч их өөр болсон. Өөр болсон гэдэг нь Европжсон гэдэг утгаараа биш шүү. Харин ч илүү монголоо гэсэн сэтгэл, эрмэлзэлтэй болцгоочихсон. Юу нь өөр байна вэ гэхээр, илүү дэвшилттэй сэтгэж, харж, ханддаг болсон нь маш тодорхой анзаарагдаж байна. Бид бол яах вэ, нэг шуугианаас нөгөө шуугианы хооронд л загийн шар шиг аж төрцгөөж байх шив дээ.
- Загийн шар шиг гэдэг үгийг та ямар утгатай хэрэглэв?
- Дээр цагт манай Алтайн өвөр говиор Загийн шар нэртэй хүн дүрст амьтад байжээ. Тийм аман яриа, хууч их элбэг байдаг. Тэд яадаг вэ гэхээр хааяа хүмүүст ойртдог, тэгээд ааруул, гамбир өгөхөөр их баярлаж, сугандаа хавчуулчихдаг, дахиад өгөхөөр дахиад хавчуулахдаа өмнөхөө унагаачихдаг. Хичнээн өгсөн ч өмнөхөө гээсээр сүүлчийн ганцтай л буцдаг, тийм гэнэн хөөрхий амьтан байсан юм гэнэ билээ. Өнөөгийн бидний байдал нэг тиймэрхүү санагдахгүй байна гэж үү?
- Та Европ дахь монголчуудын маань аж амьдрал их өөр болсон байна гэлээ. Тодорхой жишээ өгүүлбэл сонин байх болов уу?
- Шведийн Стокгольм хотод л гэхэд монгол хүн ажиллуулдаг 100 гаруй Суши ресторан байгаа гэлцэж байна. Хоёр жилийн өмнө 68 байсан. Одоо магад хоёр дахин олон болсон гэв. Өөрөөр хэлбэл Европын нэгэн хөгжил өндөр улсын нийслэлийн Суши рестораны бизнесийг монголчууд бараг ихэнхийг нь хянаж байгаа юм байна. Өмнө нь энэ бизнесийг хятадууд голдуу барьж байж. Одоо тэд нам шахагджээ. Монголчууд нэгд маш хурдан сурдаг, мөн маш бүтээлчээр чанартай хийдэг, шинэ шинэ меню хүртэл гаргадаг. Тиймээс монгол эзэнгүй, хятад, филиппин эзэнтэй суши ресторан байсан ч тэнд заавал нэг монгол залуу сушимен хийж байдаг гэлээ. Энэ том амжилт шүү. Одоо Стокгольмоос халиад жижиг хотуудад Монгол Суши нээгээд эхэлсэн гэв. Бас энэ улсын зочид буудлынх нь сүлжээнд монголчууд сүүлийн жилүүдэд хүчтэй нэвтэрч байгаа бололтой. Чех-д гэхэд монгол эзэнтэй оёдлын үйлдвэрүүд хэд хэд байдаг юм байна. Энэ мэтээр улс орон бүрд л монголчууд цоролзоод гараад эхэлжээ.

-ГЕРМАНААС НЭГ АЯЛАГЧ ЭМЭГТЭЙ БЭХИД ХОЁР НҮДНИЙ ДУРАН ӨГЧ ЯВУУЛСАН-
- “Цагаан бороо” ном Европт хэвлэгдсэн. Та ихээхэн бахархав уу?
- Европын аль нэг хэлээр орчуулагдаад хэвлэгдээгүй, зүгээр л монгол хэлээр хэвлэгдсэн болохоор бахархах юу байхав. Монгол хэлээр хэвлэгдсэний учир нь Европын олон оронд суугаа монголчууддаа л хүргэх гэснийх. Эндээс замын зардал явж өгнө. Тэндээ хэвлээд түгээчихсэн нь ажил ч, зардал ч бага юм билээ.
- “Бэхи”-г хэрхэн хүлээж авав?
- Давгүй шүү. Цөөнгүй хүмүүсийн сэтгэл хөдөлж, нүдэнд нулимс гялалзаж байсан. Зарим хотод бидний уулзалт бүр шөнийн 2 цаг өнгөртөл үргэлжилж байв. Германы Франкфурт хотод нэг эгч аялалд олон жил үүрч явсан хоёр нүдний дурангаа Бэхи-д дамжуулаарай гэж өгсөн. Зун аваад очино доо. Ер нь европт байгаа монголчууд маань эх орондоо байгаа монголчуудаасаа хувь илүү эх өв соёлоо гэсэн сэтгэлтэй, хандлагатай байгаа юм бишүү гэж анзаарагдсан. Магадгүй, өв соёлдоо хайртай нь, сонирхож буй нь биднийг зорьж ирсэн ч байж магадгүй. Нөгөө талаар тэд бас өөр орны өв соёл, ахуй байдлын нүдээрээ харж, дотор нь амьдраад харьцуулах боломжтой учраас үндэснийхээ өв соёлын өвөрмөц онцлог, үнэ цэнийг илүү тодорхой мэдэрч, мэдсэн хэрэг.
- Залуус гадагшаа гарч л амьдрахыг мөрөөдөж байна. Тэндэх, эндэхийг харьцуулаад харахад та зөв гэж хэлэх үү, эсвэл...?
- Нөхцөл байдал залуусыг ийм болгож байгаад тэднийг буруутгах аргагүй. Өнөөдөр монголынхоо хөгжлийг хөгжингүй орнуудтай харьцуулбал харамсмаар. Наад зах нь бид чинь зам дээрээ явж чаддаггүй юм байна, юуг ч юм бэ өрсөж булаацалдах гэж яваа юм шиг урдуураа дайралцана. Оюун сэтгэлгээ, ёс зүй, хандлага таг. Дээр нь залхуу талдаа. “Цалин өгье аль, ажил хийгээд өгөөч гэхээр хүн олдохгүй байна” гэж барилгын компанийнхан үглээд байдаг нь ортой. Гэтэл гадаадад байгаа монголчуудыгаа харахаар ажилсаг, санаачилгатай хичээнгүй, ёсзүй, хандлага нь огт өөр. Сайчуул нь монголоосоо гараад явчихсан юм уу гэвэл түүн шиг худлаа юм үгүй. Зүгээр л хогон дотор хүн хог шиг л байна. Бид тийм бохир нийгмийн шалбааг дотор байгаа учраас л өнөөдөр монгол хүний үнэлэмж доогуур байна. Бохир нийгмээ хэрхэн цэвэрлэх арга эвээ олохгүй байна. Олохгүй ч гэж угаас цэвэрлэх боломжийг нь энэ тогтолцоо өгөхгүй байна. Гадагшаа зөв нийгэмд монгол хүн огт өөр болоод, бүр авьяас чадвар нь төрөл бүрээр илрээд, цахиур хагалаад явчихдаг. Саяны дурддаг Стокгольмын Суши рестораны жишээ л хангалттай. Тэнд суши ресторан нээн ажиллуулж байгаа зуу зуун залуус хэрвээ монголдоо байсан бол тэдний тал нь ч ямар нэгэн жижиг дунд бизнес эхлүүлж чадахгүй, санаа ч төрөхгүй, төрсөн ч хэрэгжүүлэх боломж мөхөс. Тэгэхээр залуус гадагшаа тэмүүлэх нь аргагүй. Тогооч ч болов хийгээд өөрийгөө хөгжүүлээд, үр хүүхдээ хангалттай боловсролтой болгоод сайхан амьдрах боломжтой байна. Тэднийг буруутгахаасаа өмнө бид яагаад ийм байна вэ гэдгийн шалтгааныг зөв олж, яаж өөрчлөх вэ гэдгээ л ярилцмаар. Өвстэй газар хүн, жаргалтай газар мал тогтдоггүй гэдэг үг яг энэ тохиолдолд таг эсрэгээрээ байгаа шүү.
- Тэгээд монгол залуусын урсгал гадагшаа урсаж л байг уу?
- Урсаж л байг. Бид тэднийг хорьж шүүмжлэх нь тэнэг явдал. Нэг талаас идэвхтэй ажиллах хүчин гадагшилж, тархи гоожчихож байгаа мэт харуусал төрнө. Гэвч эерэг тал бишгүй.
- Ямар эерэг талууд байна вэ?
- Монгол хүнд ямар ч байсан эргэж эх нутгаа, элгэн саднаа гэдэг нэг тийм онцлог байна. Мэдээж 100 хувь биш ч бусад үндэстэнтэй харьцуулахад их өндөр байх магадлалтай. Гадаад гарсан монголчуудын багадаа 60 хувь нь эх нутгаа, элгэн саднаа гэдэг, эх орныхоо хөгжил дэвшилд яаж ийгээд хувь нэмэр оруулчихыг эрмэлздэг онцлог анзаарагдав. “Би яах вэ, бид яах вэ, юу хийх вэ” гэсэн эрмэлзэл, зовинол маш тодорхой байна. Тэгэхээр тархи тэр чигтээ гоожчихно гэж би л хувьд бодохгүй байгаа. Тэгээд ч гадаадад гарсан монголчуудын эх орондоо оруулж буй тус нэмэр манай үе үеийн ерөнхийлөгч, эрхэм түшээд, сайд дарга нарын “хичээл зүтгэл”-ээс хэдэн мянган хувиар давна уу гэхээс биш дутна л гэж байхгүй. Наад зах нь өнгөрсөн энэ он жилүүдэд тэдний монгол руугаа илгээсэн долларын урсгал гадаадын буцалтгүй тусламжаас нэг их дутахгүй, жилдээ хэдэн зуун сая доллараар яригддаг. Түүнээс гадна тасралтгүй монгол руугаа чингэлэгээр илгээдэг машин тэрэг, хувцас хунар, бараа турууг тооцох аргагүй. Мөн монголдоо эргэж ирээд цоо шинэ сэтгэлгээ хандлагыг бий болгох гэж хичээн оролдож байгаа залуус цөөнгүй байна. Тэд гаднаас харилцааны соёл, шинэ технологи, мэдлэг боловсрол, нау хау үнэгүй импортолж байна. Өөр бас эерэг талууд бишгүй дээ.
- “Их өвийн эрэлд” төслийн цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцаж болох уу?
- Юутай ч хэдэн хөгшдөө унаад дуусахаас нь өмнө сорчлоод ч болов ахиухан уулзаад авахыг бодож байна. Тэгээд тэр бааз дээрээ тулгуурлаад баримтат болон уран сайхны кино, танин мэдэхүйн ном товхимолууд, элдэв соёлын контентууд үйлдвэрлэх санаа бол бий. Чадал хэр хүрэлцэхийг харин мэдэхгүй байна. Одоо л тэгэж амжуулахгүй бол үе тасарлаа.
-ЛЮКСЕНБУРГЭЭС БУСАД БҮХ ХОТОД ГУЙЛГАЧИН БАЙНА-
- Европын орнуудын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ямар байна вэ?
- Түүнийг тэр бүр сайн анзаарахаар явж чадсангүй. Юутай ч бензин шатахууны үнэ оны өмнөхөөс барцаагаар хоёр дахин нэмэгдсэн. Гэвч хүмүүсийн бухимдал багавтар. Люксенбүргээс бусад очсон хот бүрд гуйлгачинтай. Газар бүрд Укрианыг өмгөөлсөн, Путиныг буруутгасан зурагт хуудас, тав арван хүнтэй жагсаал харагдаж байв. Тэр жагсаалд ихэнхдээ укриан залуучууд харагдсан. Гэхдээ хүмүүс нь бол учиргүй хөөрөөд, манайхан шиг хоёр талцаад хэрэлдээд, нэгнээ үгүйсгээд байгаа юм анзаарагдсангүй. Тайвандуу талдаа. Зарим үед Укрианууддаа жаахан дургүй байдал ч байж мэдэхээр. Европт маш ховор үзэгддэг үнэтэй том хар жийп уначихсан, ганган тансаг укриан хүмүүс Австри, Германд цагаачилж явахтай цөөнгүй таарч байв. Польш руу бол харин ядарсан нь орж ирж байх шиг байсан. Бидний хоносон нэг тосгоны Соёлын төвд укриан дүрвэгчид буудалласан, маргааш нь тосгоныхон тэдэнд хоол хийж дайлна гэж байлаа. Польшийн хувьд юм нь хямдавтар, Люксенбүрг ер бусын амгалан, тансаг, Парис жаахан заваандуу, Хойт Итали, Швейцарь, Зүүн Автсрийн байгал тасархай. Унгар өөрийн гэсэн өвөрмөц онцлог нь тод ялгарсан. Нэг зүйл маш сонирхолтой байсан нь Европт ажил маш эрт эхэлдэг юм билээ. Люксенбүргт бол өглөө 5 гээд л ажилдаа гарчихна, тэгээд үдийн хоёр гэхэд ажлын цаг өндөрлөнө, түүнээс хойшхийг өөртөө. Орой нар жаргахтай зэрэгцээд орондоо. Австрийн Венад орон сууцны хороололд 8 гээд л нам жим болчихож байна билээ. Ийм байхад эрч хүчтэй ч бас бүтээмжтэй байх нь аргагүй. Харин манай Улаанбаатар бол шөнө унтддаггүй, өдөр ажил хийдэггүй дэлхийн цор ганц хот байж мэднэ.
- Та энэ удаагийн Европын аяллаа амжилттай өндөрлүүллээ. Та нэмж хэлэх зүйл юу байна вэ?

- Байлгүй яахав. Манай баг асар сайндаа европыг тойрчихсон юм биш. Монгол өв соёлоо, монголоо гэсэн сэтгэлтэй олон арван хүний тус дэмжлэгээр л бид богино хугацаанд амжилттай тойрлоо. Монголын маань давтагдашгүй их өв соёл биднийг нэгтгэж байгааг хараад урам зориг бадарлаа. Ерөнхийд нь зохион байгуулсан Доогий, Ундраа хоёроос гадна хот бүрд л бүсгүйчүүд голдуу хүчин зүтгэлээ. Будапешт хотод Оюунаа эгч, Женевт Цолмонгэрэл, Отгончимэг, Туул гээд олон бүсгүйчүүд, Цюрихт Чимгээ болон түүний нөхөд, Базельд Сүнжээ, Бадмаа болон түүний баг, Парист Чимэгмаа, Хишгээ нар маань, Антверпэнд Алтаа эгч болон шагайн багийн нөхөд маань, Франкфүртэд Өлзий, Ариунаа хоёр маань, Берлинд Хулан, Шүрээ болон Майдар багийн бүсгүйчүүд, Фрейбүргийн монгол соёлын элч Бадамгарав, Лигницд Бямбаа ах, Прагад Батсайханы гэр бүл, Шагдар, Венад Ганбаатар, Урнаа эгч, Туул эгч, Зальцбүргт Өсөхөө, Болороо хоёр маань, Стокгольмд Номун-Эрдэнэ, Эрдэнэчулуун, Чука, Бат-Эрдэнэ, Урнаа нар маань, бас шавь Золбаяр, Ариунаа, уран бүтээлийн анд найрагч Энхтуяа, Болормаа гээд бишгүй олон хүний нэрийг дурдах шаардлагатай. Хаана очсон газар бүртээ л биднийг садан төрөл маань угтан авч байгаа мэт байлаа. Мөн бидний уулзалтад ирж, урам зориг нэмсэн Австри улсад суугаа элчин сайд М.Цэнгэг, Франц улсад суугаа элчин сайд У.Нямхүү, Герман улсад суугаа элчин сайд Б.Мандахбилэг болон утсаар холбогдож үнэтэй зөвлөгөө өгсөн Польш улсад суугаа элчин сайд Б.Дорж нарт гүнээ талархаж буйгаа энэ ялдамд илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наминчимэдийн бичсэн ном, зохиолын тэмдэглэлүүд нь Монгол улсынхаа түүх, соёл өв сангийн т�##�аар хүмүүст ойлгуулахыг зорьсон ухаар�##� өгсөн, уншихад гүн сэтгэгдэл үлдээдэг сайхан юм билээ. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвшээд, нэг нэвтрүүлэгт орж байхыг хараад жаахан сэтгэл гонсойсон, сайхан зохиолоо бичээд байж байх нь энэ хүнд сайхан зохидог юм, чаддаг зүйлээ сайн хийгээд хэн нэгнийг дуурайгаагүй өөрийн гэсэн мэдрэмж сэтгэлгээгээрээ бичсэн зохиол туурвилуудаараа хүний сэтгэлийг хөндөж яваа чинь улс төрч байснаас илүү өгөөжтэй монголчууд бидэнд. Амжилт хүсье.
монголоо муулаад яахав дээ болно доо бид чинь саяхны нүүдэлчид шүү дээ олон жилийн түүхтэй европ биш шүү дээ харин ч хөгжиж л байна