СПОРТ

Таван бөхийн эрхийг сэргээх асуудлыг ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

МҮБХ-ны тэргүүлэгчид допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон таван бөхийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр /2019.06.24/ Монгол улсын арслан Ш.Ванчинхүү агсны нэрэмжит наадмын сорилго барилдааны үеэр бөхчүүдийн дунд маргаан үүсч, зарим бөхчүүд уг шийдвэрийг эсэргүүцэн барилдахаас татгалзсан юм.

Энэ үеэр Улсын аварга Ч.Санжаадамба “Уг нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл 5-6 хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхчүүдийн эрх ашгийг хөндөж, шийдвэр гаргасанд бөхчүүд бид эсэргүүцэж байна” хэмээсэн.

Бид допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эдгээр бөхчүүдийн эрхийг ямар үндэслэлээр сэргээх болсон талаар Монголын үндэсний бөхийн холбооноос тодруулахад “Одоогоор энэ асуудлаар тодруулга өгөх боломжгүй, учир нь дараагийн шийдвэр гараагүй байна” хэмээсэн юм. Үүнээс үзэхэд Монголын үндэсний бөхийн холбоо эрх сэргээх тухай шийдвэрээ эргэн харахаар болсон аж.

Эргэн сануулахад, БСШУСЯамны сайдын 2017 оны 06-р сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГазар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2-р саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор 7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон болно. Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхөд хариуцлага тооцож, 2018 оны 02-р сарын 01-нээс 2020 оны 02-р сарын 01 хүртэл 2 жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.

Дээрх бөхчүүд 2019.06.14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн билээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button