Нийгмийн

ТАНИЛЦ: Дэд сайд Г.Батсуурь 21 аймгийн ХХААГ-ын дарга нарт үүрэг болгосон чиглэлүүд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь болон яамны холбогдох албан тушаалтнууд хаврын тариалалтыг эрчимжүүлэх зорилгоор 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахимаар хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцэв.

Хурлаар мал төллөлт, төл бойжилт, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналт, хаврын тариалалт, хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээл, хүнсний ногооны урамшуулал олгох журам, хүний нөөц болон бусад тулгамдаж буй асуудлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нар санал хүсэлтээ илэрхийллээ.

Дэд сайд Г.Батсуурь 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт дараах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов. 

  • Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цаашид улам хүндэрч болзошгүй байгаа тул хүн амын хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилтын хүрээнд аймгууд төлөвлөсөн хэмжээнд хаврын тариалалт явуулахад онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах,
  • Газар тариаланг дэмжих зээлийг тариаланчид, ногоочид, жимсчдэд шуурхай олгоход дэмжлэг үзүүлж, арилжааны банкинд бодит мэдээллийг шуурхай хүргүүлэх тал дээр яамтай хамтарч ажиллах,
  • Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд жимс жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх, ойн зурвас байгуулах, агро-ойн аж ахуй байгуулахад санаачилгатай ажиллаж аймаг, орон нутгийн төсвөөс хөрөнгө санхүүжилт гаргах, уул уурхайн компаниудаас хөрөнгө оруулалт татаж хамтран ажиллах,
  • Энэ оноос 10 нэр төрлийн хүнсний ногоонд урамшуулал олгож эхлэхтэй холбогдуулан хүнсний ногоо тариаланчдыг цахим бүртгэлд хамруулах, гарал үүслийн гэрчилгээ олгоход онцгой анхаарч ажиллах,
  • Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажил арга хэмжээнүүд технологийн хугацаанд явагдаж байгаа хэдий боловч ч импортын орцуудын үнэ, нийлүүлэлт дээр үүсээд буй давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсэж болзошгүй байгааг анхаарч бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах,
  • Төсвийн тодотголын тухай хуулиар санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан салбарын хэмжээнд явагдах тендерийн сонгон шалгаруулалтад их бага хэмжээний өөрчлөлт орж хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг дахин зарлах, зохион байгуулах ажил явагдаж байгаа тул өөрийн орон нутагт хэрэгжүүлэх ажлуудад анхаарлаа хандуулж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button