ВИДЕО КОНТЕНТНийгмийнЯрилцлага

БНСУ-ын дээд лигт тоглодог Н.Батбаяр: “Монголынхоо өмнөөс хурдан өрсөлдөх сөн” гээд догдолж сууна

-БНСУ-ын дээд лигт төглөх мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэншлээ солихоос өөр сонголт надад байгаагүй-

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь БНСУ-ын сагсан бөмбөгийн дээд лигт тоглодог Н.Батбаяр. 27 настай, 192 см тэрбээр БНСУ-ын “Сөүл Самсунг тандер” багт тоглодог. Өмнөд Солонгосын дээд лигт монголчуудаас анх удаа өрсөлдөж буй буй анхдагч нь Н.Батбаяр. Монголоос Гавьяат тамирчин Ц.Шаравжамц, ОУХМ Т.Санчир нар анх гадаадын лигт хүчин зүтгэж байв.

Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол Улсын шигшээ багт түүнийг дууджээ. Үүний дагуу шигшээ багтаа хүчин зүтгэхээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн Н.Батбаяртай ярилцлаа.

ШИГШЭЭ БАГТАА ТОГЛОХ ГЭЭД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

-Эх орондоо хэзээ ирэв. Шигшээ багт дуудсаны дагуу Монголдоо ирэв үү?

-Монголдоо ирээд гурав хонож байна. Би өмнө нь Азийн наадамд шигшээ багийн бүрэлдэхүүнд өрсөлдсөн. Үндэсний шигшээ багт дахин дуудагдсандаа баяртай байна. Эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөхийг тамирчин бүхэн хүсдэг. Би ч бас тийм. Азийн АШТ-ий урьдчилсан шатанд шигшээ багтаа хурдан тоглох сон гэж догдолж байна. “Сөүл Самсунг тандер” багаас зөвшөөрөл аваад ирлээ. Шигшээ багтаа дахин тоглох боломж олгосон Монголын сагсан бөмбөгийн холбоонд баярлалааа.

-БНСУ-ын дээд лиг дуусчихсан байгаа. Энэ нь Монголдоо ирэх зав, боломжийг танд олгов уу?

-Тэглээ.

-Та хамгийн сүүлд Монголдоо хэзээ ирсэн билээ?

-Хамгийн сүүлд 2019 онд ирсэн. Тэр жил ирэхдээ Монголын дээд лигийн “Хан-Уул Хангарьд” багт түр хугацаанд тоглочихоод буцсан. Мөн 2017 онд эх орондоо ирэхдээ “Этүгэн ирвэсүүд” багт хэсэг хугацаанд тоглосон.

Ээж минь Монголд, Би БНСУ-д дүүтэйгээ хамт амьдардаг. 2019 оноос хойш Монголдоо ирэх сэн, ээжтэйгээ уузах сан гэж их бодлоо. Даанч цар тахал, хөл хорио, бэлтгэл, тэмцээн гээд ирэх боломж гарахгүй байсаар өдий хүрлээ. Цаг хугацаа их хурдан өнгөрөх юм аа. Монголдоо сүүлд ирснээс хойш гурван жил болчихож.

-Тэгэхээр ээжтэйгээ гурван жилийн дараа уулзаж байгаа юм байна.

-Тийм ээ. Ээжийгээ, эх орноо их саналаа. Монголдоо ирээд сайхан байна.

12 НАСТАЙГАА ХОЙШ БНСУ-д АМЬДАРЧ БАЙНА

-Та Монголдоо төрж, өссөн. Хэдэн настайгаасаа хойш БНСУ-д амьдарч байгаа вэ?

-Би Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 111 дүгээр сургуульд сурч, эмээ, өвөөтэйгөө амьдардаг байсан. 12 настайдаа дүүтэйгээ хамт БНСУ руу явж, аав, ээж дээрээ очсон юм. Түүнээс хойш тэнд амьдарч байна.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн дурсамжаасаа хуваалцана уу?

-Би ер нь багын сагсан бөмбөгт дуртай, хорхойтой байсан. NBA-ийн тоглолт үргэлж үзнэ. “Ингэж довтолж, хуурч сурах юм сан” гэж бодно. 14 настайдаа энэ спортоор анх хичээллэж байлаа. Би багын нуруулаг. 12 настайдаа 172 см өндөр байлаа. Манай удамд надаас өөр сагсан бөмбөгчин байхгүй. 2014 онд БНСУ-ын дунд, ахлах сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Амжилтын салхиа хагалсан тэр тэмцээнийг дурсах дуртай.

Би Солонгост очсоноосоо хойш дээд лигт нь тоглохыг мөрөөдсөн. Түүндээ хүрэхийн тулд мэргэжлийн сагсан бөмбөгийн их сургуульд сурч, өөрийгөө бүх талаар бэлдсэн.

БНСУ-ын ДЭЭД ЛИГТ ӨРСӨЛДСӨН АНХНЫ МОНГОЛ ТОГЛОГЧ

-БНСУ-ын дээд лигт тоглох нэлээд өндөр шалгууртай нь мэдээж. Та болзол, шалгуурыг нь хэрхэн хангаж байв?

-Би 2018 онд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, Азийн наадамд өрсөлдсөн. Эх орноо төлөөлөн тивийнхээ дэвжээнд анх удаа оролцоход сэтгэл их хөдөлсөн шүү. Бид БНСУ-ын шигшээ багтай тоглоход би их хичээсэн. Өөрийгөө таниулах боломж байсан л даа. Азийн наадмын дараа БНСУ-д очин, дээд лигт тоглох хүсэлт тавьсан юм. Ерөнхийдөө хэнийг тамирчнаа болгохоо тухайн багийн удирдлага шийддэг юм билээ.

Яг л NBA шиг драфтлахад нь би гуравдугаар тойргийн долоо дахь сонголтоор “Сөүл Самсунг тандер” багийн тамирчин болж, нэг жилийн гэрээ байгуулж байв. Өнгөрсөн жил шалгаруулалтад 50 гаруй тамирчин хамрагдсанаас 21-ийг нь сонгосон. Тэдний нэг нь, би. Түүнээс хойш хугацаагаа сунгасаар өдий хүрлээ.

-Арай урдуур сонгогдон, олон жилийн гэрээ байгуулах боломж хэр байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд тэр жил шалгаруулалтад тийм ч сайн тамирчид оролцоогүй. Тиймээс нэлээд урдуур сонгогдох байх гэж бодсон юм. Уг нь нэгдүгээр тойргоор сонгогдсон бол 3-5, хоёрдугаар тойргоор элсвэл 2-3 жилийн гэрээ байгуулж, илүү өндөр цалин авах боломж надад байсан.

Багаасаа “Сөүл Самсунг тандер”-т тоглохыг хүсдэг байсан минь биелсэнд баяртай, сэтгэл хангалуун явдаг. 2017 онд мэргэжлийн сагсан бөмбөгийн “Чун Ан” их сургуульд сурч байхдаа шагнуулж, тус багийнхантай танилцах эрхээр шагнуулсан юм. Тэдэнтэй хамт бэлтгэл хийн, нэг өдрийг сайхан өнгөрүүлэхэд надад их таалагдсан. Тэр үеэс “Сөүл Самсунг тандер” багт тоглохыг, нэг гишүүн болохыг нь бүр ч их хүсэх болсон юм.

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХЭЭС ӨӨР СОНГОЛТ НАДАД БАЙГААГҮЙ

-Иргэншлээ солихгүйгээр БНСУ-ын дээд лигт тоглох гарц танд байсан уу?

-Мэдээж легионер болох боломжтой. Бараг NBA-д тоглох хэмжээний ур чадвартай байж л тэгэх үүд нээгдэнэ. Солонгосчууд дээд лигтээ америк, эсвэл европ тоглогч авах сонирхолтой байдаг юм. Шалгуур нь өндөр. Одоогоор тус лигт түүхэндээ ганцхан ази легионер тоглож буй нь хэр босго, шалгуур өндөртэйгийнх нь илрэл болов уу. Үнэнийг хэлэхэд легионер болох боломж надад байгаагүй. Тэгэхээр БНСУ-д дээд лигт тоглох мөрөөдлөө биелүүлэхийн тулд иргэншлээ солихоос өөр сонголтгүй байсан гэсэн үг л дээ.

Нэлээд эргэлзэж, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад шийдсэн юм. Би ер нь мөрөөдөлдөө хүрэхийн тулд багагүй зүйлийг золиослоод байгаа. Их сургуульд хоёр жил сураад дундаас нь орхисон.

-Та давхар иргэншилтэй хэвээрээ юү?

-Хэвээрээ. Давхар иргэншилтэй тул Монголынхоо шигшээд тоглох боломж, үүд надад нээлттэй. Би л өөрөө улсынхаа шигшээд тоглох хэмжээнд хичээн, хөдөлмөрлөн, хараанд өртөж чадвал шүү дээ.

-“Сөүл Самсунг тандер” багтай байгуулсан таны гэрээ ирэх жил дуусаж, чөлөөт агент болно. Гэрээгээ сунгах бодол бий юу?

-Мэргэжлийн лигийн мэргэжлийн тамирчинд хүнд цалин их чухал. Хангалттай хэмжээний цалин олгоод л байвал тухайн багтаа тоглоод байхыг хүснэ.

-Та багаасаа хангалттай хэмжээний цалин авдаг уу?

-Авдаг. Цалиндаа сэтгэл хангалуун явдаг.

-Тэгэхээр ирэх жил гэрээгээ сунгах юм байна, тийм үү?

-Бараг сунгах байх. Манай багийн удирдлагын шийдвэр, саналаас их зүйл шалтгаална. Ер нь нэг багтаа тогтмол амжилттай, олон жил тоглохыг би илүүд үздэг.

-Цалин нь таны амьдралд хэр хангалттай хүрдэг вэ?

-Хангалттай хүрдэг. Би сагсан бөмбөг тоглохынхоо хажуугаар ажил хийдэггүй. Үнэндээ тэгэх зав гардаггүй. Мэргэжлийн тамирчин бүх зүйлдээ төгс байхаас өөр аргагүй. Тэгж чадахгүй бол бусдын тоосонд даруулна. Тиймээс би гэлтгүй манай багийнхан долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг.

-Таны тоглолтын гол онцлог, давуу тал юу бол?

-Довтлох чадвар юм болов уу. БНСУ-ын дээд лигийнхэн тамирчин сонгохдоо довтлох бус, хамгаалах чадварыг нь чухалчилдаг. Тиймээс хамгаалах чадвараа сайжруулахын тулд их хичээж байгаа. Бид бэлтгэлээ нарийн төлөвлөгөөний дагуу хийдэг. Түүнийгээ өдөр бүр өөрчилж, шинэчилдэг.

2017 ОНД МОНГОЛЫН ДЭЭД ЛИГТ ӨРСӨЛДӨХДӨӨ НЭГ ТОГЛОЛТОД 35 ОНОО АВСАН

-Нэг тоглолтод хамгийн олондоо хэдэн оноо авч байв?

-2017 онд Монголын дээд лигт “Этүгэн ирвэсүүд” багт тоглохдоо нэг удаа 35 оноо авсан. Тэр карьертаа авсан хамгийн өндөр оноо маань.

-БНСУ-ын дээд лигт тоглодог танаас өөр монгол тоглогч бий юү?

-Байгаа. Болдсүх гэдэг тоглогч БНСУ-ын дээд лигт өнгөрсөн жилээс хойш тоглож байгаа. Ерөнхий боловсролын сургууль, их сургуулиа тэнд төгссөн тамирчин.

-Өнөөгийн залуус гадаадад амьдрах, сурах сонирхолтой болсон. Монголоос л явбал бүх зүйл сайхан болчих юм шиг төсөөлдөг нь цөөнгүй. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ?

-Мэдээж хүн бүр амар тайван амьдарч, мэдлэг, боловсролтой болохыг хүсэлгүй яах вэ. Гэхдээ гадаадад очоод бүх зүйл сайхан болохгүй, зөндөө асуудалтай тулгарна. Тиймээс юуны түрүүнд Монголдоо сайхан амьдрах боломжийг эрэлхийлээсэй, сайтар судлаасай. Манай улсад олон боломж бий.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Заримдаа дуу сонсдог. За, тэгээд сагсан бөмбөг л тоглодог доо.

-Найз охинтой юу?

-Байхгүй, ганц бие.

-Монголын шигшээ багийнхан зургаадугаар сард Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө. Амжилт гаргахад тоглогч бүрийн үүрэг, оролцоо чухал. Та шигшээ багийнхаа төлөө юу хийж чадах вэ?

-Мэдээж ямар ч багтай учраа таарсан хожихын төлөө л талбай дээр гарна. Монголын шигшээ баг олон шилдэг тоглогчтой. Бүгд ур чадвар сайтай. Би шигшээ багийнхаа төлөө чадах бүхнээ хийнэ. Азийн АШТ-ий урьдчилсан шатнаас шалгарахын төлөө зүтгэнэ ээ. БНСУ-д сурсан зүйлсээ шигшээгийнхэндээ зааж, зөвлөхийг хүсэж байна.

Б.БИЛГҮҮН АХААС ҮЛГЭРЛЭЖ, ХҮНДЭЛЖ ЯВДАГ

-Үлгэрлэж явдаг монгол тоглогч бий юү?

-Байлгүй яах вэ. Б.Билгүүн ахаас үлгэрлэж, хүндэлж явдаг.

-Хамгийн том зорилгоо сонирхуулахгүй юу?

-Юуны түрүүнд гэрээгээ сунган, багтаа олон жил тоглохыг хүсдэг. NBA-д өрсөлдөх боломж гарвал дуртайяа зөвшөөрнө. Би “Голден стэйт уорриорс”-ын тоглогч Клэй Томпсонгоос үлгэрлэж, түүн шиг болохыг мөрөөддөг. Миний тоглолтын хэв маяг түүнийхтэй төстэй.

-БНСУ хэзээ буцах вэ?

-Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдчихөөд, зургаадугаар сарын эхээр буцна. Манай багийнхан зургаадугаар сар хүртэл амарч байгаа. БНСУ-д очоод багийнхаа нэгдсэн бэлтгэлд хамрагдана.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 09:18

solongostoo baij baihgui dee odoo ene tamiin togoond orj ired yaana daa

Зочин
Зочин
2022-05-05 09:29

Амжилт хүсье!
1. БНСУ-ын дээд лиг дуусаагүй байгаа. Фин�##�ын тоглолт явагдаж байна. SK vs KGC (танай багийн хувьд дууссан)
2. Ханьяаны их сургуулийн шигшээд байсан Болдоо (солонгос нэр нь 이근희) гэдэг з�##�уу draft-аар KCC Egis багт тоглоод 2 жил болж байна.

Зочин
Зочин
2022-05-05 09:36

amjilt mundag tamirchindaa

Зочин
Зочин
2022-05-05 09:51

Шараваа. Шавараа гадаадын лигт тоглоогүй шүү

Зочин
Зочин
2022-05-05 09:56

mundag tamirchin mongoldoo irj baigaad bayrtai baina amjilt husey

Зочин
Зочин
2022-05-05 10:04

Давхар иргэншилтэй гэнэ шигшигдээд явб�##� хичээдэг юм ш дээ Амжилт

Зочин
Зочин
2022-05-05 10:35

13 настайгаасаа тэнд амьдраад одоо 27той гэхээр насныхаа т�##�аас илүүг Солонгост өнгөрөөсөн байна. Монгол хүн мөн үү ч гэх шиг. Энэ хэмжээнд яриад, эх орныхоо төлөө тоглохоор ирсэнд нь ханг�##�ттай баярлах хэрэгтэй. Амжилт...????????

Зочин
Зочин
2022-05-05 10:35

Ёстой солонгосжсон байна даа. Олон жил болхоор имй болчихдогийм байхдаа

Зочин
Зочин
2022-05-05 10:36

Solongos hun shig yrij bnshde

del
del
2022-05-05 11:00

монголд давхар иргэншил олгохгүй шүү дээ

Давхар иргэншил
Давхар иргэншил
2022-05-05 12:46
Reply to  del

Хууль бус тоглогч байна ш дээ

Зочин
Зочин
2022-05-05 12:18
Reply to  del

Солонгостоо давхар иргэншилтэй байж болдог биш юм уу

Зочин
Зочин
2022-05-05 12:14

спорт урлагийн новшнууд өөрийнхөө төлөө дуртайдаа тоглож дуулж байж худлаа монголын төлөө гэж гарахаараа болио

Буян
Буян
2022-05-05 16:33

Мундаг шүү амжилт Зорьсон бүхэндээ хүрээрэй????????

Холбоотой мэдээ

Back to top button