НийгмийнСурвалжилга, Нийтлэл
Трэндэлж буй

СУРВАЛЖИЛГА: Донорын цусны үнэ нэмэгдсэн ч, олон улсаас 36 дахин бага байна

Донорын цус, цусан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс болж зарим эмнэлгүүдэд хүндрэл учирч байгаа талаарх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэгвэл бид гурван эмнэлэг рүү холбогдож цус, цусан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээрээ ямар хүндрэл учирч байгаа талаар асууж тодруулахад нэр хаяг дурдахгүй байхыг бидэнд сануулан дараах мэдээллийг өгсөн юм.

Тухайн эмнэлгүүдийн хоёр нь худалдан авахад мөнгө санхүүгийн хувьд хүндрэл учирч байна гэсэн бол үлдсэн нэг эмнэлэг нь үнэ нэмэгдэхийг дэмжиж байна гэв.

Тэгвэл бид цус цусан бүтээгдэхүүний үнэ яагаад нэмэгдсэн талаар, болон Цус сэлбэлтийн үндэсний төвөөс цус боловсруулах технологийн талаарх сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Н.ЭРДЭНЭБАЯР:

-Танайх хэдэн эмнэлэгт цус ханган нийлүүлж байна?

-Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хувьд Монгол Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөц, чанар, аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Монгол Улсын хэмжээнд 26 цусны салбар төвийг арга зүйн хувьд удирддаг байгууллага. Улаанбаатар хотын хэмжээнд гол эмнэлгүүддээ цус, цусан бүтээгдэхүүн нийлүүлж байна. Үндсэн гэрээний хувьд тогтмол гэрээ байгуулсан 80 гаруй эмнэлэг байна. Зарим нэг байгууллага сард нэг удаа цус авдаг бол, зарим нь хэдэн арваар нь ч захиалдаг. Энэ нь эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлж байгаа эмчилгээний онцлог цар хүрээнээс хамаарч ялгаатай байдаг.

Эрүүл мэндийн сайдын тушаал дээр зарим бүтээгдэхүүнийг шууд олгох боломжтой. Харин зарим нь тусгай захиалгаар хийдэг технологи шингэсэн бүтээгдэхүүнүүд байна. Цус цусан бүтээгдэхүүн бэлдэх үйл явц нь өөрөө олон шат дамжлагуудыг дамжина. Ялтас эсэн бүтээгдэхүүний хувьд гэхэд  3-5-хан хоног хадгалдаг учраас ийм бүтээгдэхүүнийг нөөцлөх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл эдийн засгийн үр ашиггүй болно л гэсэн үг. Энэ бүтээгдэхүүнүүдийг аль бүлгээс хэдэн нэгжийг авахаа тооцоолж, тухайн бүлгийн донорыг бэлдэж нарийн шинжилгээнд хамруулдаг. Ингээд цусаа авах үйлдвэрлэлийн процесс явагдана. Энэ нь өөрөө нарийн аргачлал, технологи шаардсан онцлогтой бүтээгдэхүүн байдаг.

-Цус худалдан авдаг байгууллагуудын хувьд донорын цусны үнэ өссөн асуудалд бухимдалтай байх шиг байна?

- Би нэг зүйлийг онцолж  хэлье гэж бодож байна. Бид зөвхөн эрүүл мэндийн байгууллагатай л гэрээ байгуулан ажиллаж байгаа. Цус цусан бүтээгдэхүүн, эрүүл мэндийн байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээний өртөг тооцох нь тодорхой дүрэм журам аргачлалын дагуу явагддаг процесс. Тэгэхээр цусны үнэ нэмэгдлээ гэхэд ард иргэдэд дарамт үүсэх асуудал биш. Үүнийг иргэд шууд өөртөө хамаатуулж, ташаа андуу мэдээлэл дамжуулаад байна. Аливаа нэг зүйл тушаал шийдвэр зааврын дагуу явагддаг. Цус цусан бүтээгдэхүүний үнэ эрүүл мэндийн тухай хуулийн 23.3, донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 11.3 т заасны дагуу батлан шийдэгдсэн асуудал.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

ХУУЛИЙН ЗААЛТ:

         Эрүүл мэндийн тухай хууль

24.3.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төлбөрийн жишиг хэмжээг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Донорын тухай хууль

11.3.Донорын цус, цусан бүтээгдэхүүн болон донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний үнийн жишгийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Хамтарсан тушаал

Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 49/А/118 дугаар тушаал, “Төлбөрийн жишиг хэмжээ, журам батлах тухай”

2018 онд өртөгт тооцооллуудыг хийж тодорхой хэмжээнд удааширч явсаар бүх байгууллагуудын үнийн жишгийг шинэчлэн баталсан. Үнийн жишиг 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр эрүүл мэнд сангийн асуудал эрхэлсэн гишүүдийн хамтарсан тушаалаар батлагдаж хүчин төгөлдөр болсон. Манай цус сэлбэлтийн үндэсний төв олон улсын  цус сэлбэлтийн холбоо болон Азийн цус сэлбэлтийн холбоонд гишүүнчлэлтэй байдаг. Цус цусан бүтээгдэхүүний чанар түвшинг гадаадын эмч мэргэжилтнүүд өндрөөр үнэлдэг. Өндөр хөгжилтэй орнуудын түвшинд бид нарын хэмжээ, чанар байдаг.

Тухайлбал цус цусан бүтээгдэхүүний эмгэг төрөгчийг идэвхигүйжүүлэх гэдэг технологи  Франц, Америк, Канадад нэвтэрсэн. Бид технологийг хөөж биш хамт хөгжиж байна. Үүний цаана аюулгүй чанарын баталгаатай цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ олон хүний амь насыг аварсан зүйл хийж байна. Өндөр технологио дагаад уут савнаас эхлүүлээд маш их том шинэчлэлтүүд гарч ирсэн. Халдвараас сэргийлэхийн тулд дандаа нэг удаагийн хэрэгслүүдийг хэрэглэдэг. Энэ нь өөрөө эргээд бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж эхэлж байгаа юм. B,C ХДХВ, тэмбүү, гепатит гэсэн дөрвөн төрлийн өвчин халдварлана гэж үздэг. Үүнийг л хамгийн наад зах нь хоёр аргаар шинжилж байж дараа нь хорионоос гаргадаг. Шинжилгээний хариу гараагүй байх үеийг хорио гэж нэрлэдэг.

 Хамгийн нарийн арга буюу PCR шинжилгээгээр B,C, ХДХВ-ыг тогтооход л 240 мянган төгрөг болдог. Нэлээд өмнө нь хийсэн тооцоолол шүү. Одоо долларын ханш, инфляцтайгаа уялдаад нэмэгдээд л явчихдаг. Энд ашиглаж байгаа аппарат аливаа нэг халдварыг нууц хугацаанд нь илрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Эн бол зөвхөн нэг жишээ. Гол нь ямар өндөр технологиуд шингээж байж цусны аюулгүй байдлыг хангадаг вэ гэдгийг ойлгох байх.

"ХАМГИЙН ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭГДДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ДЭЛХИЙД БАЙДАГ ҮНИЙН ЖИШГЭЭС 6 ДАХИН БАГА"

Жишээ нь цагаан эсгүйжүүлсэн улаан эсийн бүтээгдэхүүн гэж байна. Цагаан эсийн шүүлтүүр нь л гэхэд зах зээлийн үнэлгээ нь 20 гаруй мянган төгрөг болж нэмэгдсэн. Улаан эсийн бүтээгдэхүүн л гэхэд л дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдсэн тарифаар олгож эхэлсэн. Тухайлбал гуравдугаар сарын 31 хүртэл 5 ам.долларын үнэтэй буюу 16800 төгрөгийн үнэтэй байсан. Зөвхөн нэг нэгж нь шүү. Гэтэл Турк улсад нэг нэгж нь гэхэд л 250 доллар, Англид 200, Африкт 120 ам.доллар байдаг. Гэтэл бид сая үнээ нэмэхдээ 110 мянга буюу 36 ам.доллар болгосон. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүн дэлхийд байдаг үнийн жишгээс 6 дахин бага. Бүтэн үнээр нь нэмсэн ойлголт байхгүй. 16800 төгрөгийн үнэ бол 2008 онд л тогтоогдсон байсан үнэ шүү дээ. 15 жил тогтвортой байсан үнэ. Цаашдаа Монгол Улсын цус сэлбэлтийн салбарын хөгжил, технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хязгаарлалт үүсээд л явчихна. Тиймээс үүнийг зөв ойлгох ёстой. Эрүүл мэндийн байгууллагууд нь өөрсдөө хоорондоо ярилцаад шийдвэрлэх боломжтой асуудал. Гарц гаргалгаа гаргах нь л чухал шүү дээ.

-Дэлхий нийтэд ашиглагддаг шинэ технологийн зардал, мөн зах зээлийн зарчмаараа өсөж байна гэж ойлгож болох уу?

-Мөн. Маш өндөр технологиуд нэвтэрсэн. Гурван жилийн өмнө манай улс 14 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол 2019 оноос эхлэн 32 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон.  Өнгөрсөн жил л гэхэд коронатай холбоотойгоор хоёр төрлийн бүтээгдэхүүн хийдэг болсон. Энэ өндөр технологиудыг авч явахын тулд  эргээд санхүүжилтийн асуудал тулгарч байгаа юм. Сүүлийн хэдэн жил манай санхүүжилт технологио дагаад нэмэгдсэн үү гэвэл үгүй шүү дээ. Нөгөө талаасаа цус цусан бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж байна. Жилдээ 14 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо судалгаа байна. Эх орондоо элэг шилжүүлэн суулгана гэдэг өөрөө  маш том дэвшил маш их зардлыг хэмнэж байгаа. Гэхдээ элгээ өгч байгаа хүнд ч, элэг авч байгаа хүнд маш их цус хэрэгтэй болдог. Зүгээр энгийн цус өгчихдөггүй. Олон шат дамжлага дамжсан эрүүл аюулгүй цус ханган нийлүүлэх хэрэгтэй болдог. Үүнийг дагаад зардал мөнгө шаардагдаж эхэлсэн. Бид нарын гаргасан өртгийн тооцоолол 50-75 үнээр л борлогдож байгаа. Манайх ямар нэг ашгийн төлөө байгууллага биш. Тиймээс салбарт дотроо ярилцаад шийдвэрлэх боломжтой.

 -Салбар дотроо шийдчих боломжтой асуудал гэж хэллээ. Цус ханган нийлүүлдэг 80 гаруй эмнэлэгтэйгээ ярилцаж үзсэн үү?

-2018 оноос л өртгийн тооцоолол нь хийгдээд явж байсан. Эцэслэж шийдэгдэхгүй л өдийг хүрсэн болохоос. Тэгэхээр улиралдаа нэг удаа эрүүл мэндийн байгууллагуудтай уулзалт хийдэг. Сая үнийн асуудалтай холбоотойгоор цус хариуцсан эмч санхүүгийн шийдвэр гаргах түвшний хүмүүстэй ярьж үнэ өртгийн талаар мэдээлэл судалгаагаа тайлбарлаж өгсөн. Эрүүл мэндийн байгууллагуудад үнэ нэмэгдэх нь асуудал. Өндөр хэрэглээтэй эмнэлгүүдтэй ярилцах тохиролцох асуудлууд дээр санал нэгдсэн. Ойрын хугацаанд шийдлүүд нь гараад явна. Зарим эмнэлэг чанар шаардсан цус авдаг учраас болно гэж хүлээн зөвшөөрсөн. Зөв талаас нь ойлгож авсан нь олон шүү дээ.

"ИРГЭД ДААТГАЛААРАА ЗОХИЦУУЛАГДААД ЯВАХ БОЛОМЖТОЙГ ХОЁР САЙД БАТАЛСАН"

-Иргэдэд хамааралгүй гэж ойлгох нь хэр оновчтой бол Цусны үнэ нэмэгдэхээр хагалгааны үнэ, нэмэгдэх юм биш үү?

- Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилт руу шилжчихлээ. Иймээс даатгалаараа зохицуулагдаад явах боломжтойг хоёр сайд баталсан. Аль болох иргэнээс гарч байгаа зардлыг багасгаж зөв шийдлийг нь олж байна. Үүн дээр тогтоол гарсны дараах асуудлын гарцыг гаргаж ирэх шаардлагатай болно. Цус цусан бүтээгдэхүүний захиалгыг хараад үзвэл дандаа улсын хэвшлийн эмнэлгүүд эхний арван байрт ордог. Хувийн эмнэлгүүд авдаг гэхдээ өндөр хэрэглээтэй биш. Цусны үнийг ч эмнэлгээс шалтгаалан тогтоосон зүйл байхгүй.

"МАТЕМАТИК ТООЦООЛЛООР АВААД ҮЗЭХЭД ЦААШДАА ЦУС ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЦЭЭ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БОЛЖ БАЙНА"

-Түрүүн та донорын цусны хэрэгцээ нэмэгдэх хандлагатай байна гэж хэлсэн. Тодруулбал?

- Статистик үзүүлэлт харахаар 2009 онд 14000 мянган хүнээс донорын цус цуглуулж байсан бол өнгөрсөн онд 26000 болж нэмэгдсэн. Улсын хэмжээнд 36000 мянга шахуу Донор цусаа өгч байна. Математик тооцооллоор аваад үзэхэд цаашдаа цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэх хандлагатай болж байна. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно. Цуглуулалт нэмэгдэхээр зардал дагаад л өсөх шаардлагатай болж таарна.

- Танай санхүүжилт яг хаанаас бүрддэг вэ?

-Манай санхүүжилт нэг нь улсаас, нөгөөдөх нь цус цусан бүтээгдэхүүнээ борлуулсны орлогоор бүрддэг.

- Улсын төсөв хүрэлцэхгүй, цус худалдсан орлогоороо төсвөө бүрдүүлж техник технологио шийддэг гэж ойлгогдох нь?

- Тэгж ойлгож ердөөсөө болохгүй. Тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын асуудлыг бид орлогоороо шийдэх ямар ч боломжгүй. Харин нэг удаагийн сав баглаа боодол, аппаратад хэрэглэдэг нэг удаагийн сет, урвалж бодисуудынхаа тодорхой хэсгийг нь худалдаж авдаг.

- Нөөц бүрдүүлэлт дээр жаахан асуудал үүсдэг гэж сонссон.  Эмнэлгүүд нэг өвчтөн дээрээ хэрэгтэй нэгж бүтээгдэхүүний тоог нэмж бичиж байж шаардлагатай бүтээгдэхүүн ирдэг гэсэн мэдээлэл байна?

- Үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ нэмэгдсэн хэдий ч манайх эмнэлгүүдийн захиалгыг бүрэн хангаж ажиллаж байгаа.

ТЭГВЭЛ ЦУС ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЯМАР ПРОЦЕССООР ҮЙЛДВЭРЛЭДЭГ ВЭ?

 Биднийг Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөр өглөөний 09 цагийн үед ороход 10 гаруй иргэн цусаа хандивлахаар ирсэн байлаа. Тус төв өглөө 08:30 минутаас цус авч эхэлдэг бол 13 цагт хаалгаа барьдаг байна. Учир нь Монголчууд махан төрлийн хоол их иддэг учраас оройн цагаар авсан цус чанарын шаардлага хангахгүй байх тохиолдол гардаг юм байна. Ингээд цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч нарын яриаг хүргэж байна.

Ч.ТУНГАЛАГ: ӨДӨРТ 100-150 ХҮН ЦУСАА ӨГДӨГ

Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг: "17-60 насны 45 кг-аас дээш жинтэй өөрт ямар нэгэн зовуургүй иргэд донор болж болно. Хоёр хэлбэрээр донороос цус цуглуулдаг. Нэгдүгээрт Улаанбаатар хотын хэмжээнд байгаа гурван төвөөсөө авдаг бол. Хоёр дахь хэлбэр нь явуулын багаа явуулж цус цуглуулдаг. 7-8хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс цуу хандивлая гэсэн байгууллагууд дээр  очиж цус цуглуулах ажлыг зохион байгуулдаг. Манайх өдөртөө 100-150 донороос цус цуглуулдаг. Цусаа өгөхөөр ирж байгаа хүмүүс эхлээд асуумж бөглөн эмчтэй нүүр тулсан ярилцлага хийдэг. Тэнцсэн тохиолдолд цусаа өгдөг. Нэг удаадаа 350-400 мг цус өгдөг. Эрэгтэй хүмүүс хоёр сар тутам, эмэгтэй хүмүүс гурван сар тутамдаа цусаа өгөх боломжтой. Мөн манайх тусгай аппаратын  тусламжтайгаар сийвэн ялгаж авлаг. Энэ нэг удаа 600 миллилитр авдаг. Өгөхдөө 14 хоногийн зайтай 4 удаа өгдөг. Мөн ялтас эс ялгаж авдаг.Цусаа өгснөөрөө зүрх судасны өвчнөөс тодорхой хэмжээнд хамгаалах, хавдар тусахаас хамгаалах судалгаа гарсан байдаг"

ДОНОР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСГААС ИРСЭН ЦУС ДАРААХ ШАТ ДАМЖЛАГААР ОРНО

 Нэгдсэн лабораторийн тасгийн хувьд 9 хүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд цугласан цусанд халдвар байна уу, үгүй юу шинжилдэг аж. Ингээд тус тасгийн эрхлэгч М.Цэрэндэжидтэй уулзуулъя.

 “Эхлээд халдвар илрүүлэх шинжилгээнд орно, Гепатит, B C вирус, ХДХВ, тэмбүүгийн халдварын шинжилгээг ДЭМБ-аас донорын цусанд заавал хийнэ гэсэн заавар айдаг. Үүнийгээ хоёр үе шаттай хийдэг. Хамгийн сүүлийн үеийн гурван төрлийн аппаратаар  эхний шатны илрүүлэх шинжилгээг хийдэг. Эхний шатанд тэнцсэн тохиолдол PCR шинжилгээнд оруулж баталгаатай сөрөг үү гэдгийг шалгаж үзнэ. Өдөрт 100-150 донор цусаа өгөхөд 4-6 хүнийх нь цусны шинжилгээ эхний шатны шинжилгээндээ хасагддаг. Эхнийх дээр тэнцсэн мөртлөө генийн түвшинд  ДНХ, РНХ-г дараагийн шатанд шинжилнэ. Энэ хоёр шатандаа тэнцсэн цусыг эмнэлэгт өгч болно гэж үздэг. Мөн чанарын шаардлага хангасан цус бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийгдэн буцаж ирээд мөн чанарын шаардлага хангасан байна уу гэж манайх шалгадаг” гэв.  

ШИНЖИЛГЭЭНДЭЭ ТЭНЦСЭН ЦУС ХААЧДАГ ВЭ?

 Үйлдвэрийн тасгийн эрхлэгч Н.Халиун: "Манай тасаг хоёр үндсэн чиг үүрэгтэй. Бүтээгдэхүүний үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тусгай горимд хадгалан эмнэлгүүдийн захиалгын дагуу эмчилгээнд олгодог. Эмнэлэгт олгохдоо 24 цагаар олгодог. Цус цусан бүтээгдэхүүнийг улаан эс, сийвэн, ялтаст эсийн бүтээгдэхүүн гэж гурав ангилдаг. Тийм учраас нэг цуснаас гурван бүтээгдэхүүн гарна гэж ойлгож болно. Цаашлаад олон төрөл болж салдаг. Жилдээ  манай 80 мянган нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 55 мянган нэгж бүтээгдэхүүнийг эмнэлгийн захиалгын дагуу нийлүүлдэг. Нэг хүний цус гурван хүний амь аварна гэдэг нь нэг нэгж улаан эс. Сийвэн, ялтаст эс гэх мэд гурван бүтээгдэхүүн гаргадаг учраас тэр. Манайхан 2016 оноос технологийн шинэчлэл хийгдсэн байдаг. Монгол хүнд махан хоол их иддэг учраас хэт орой цус цуглуулдаггүй. Яагаад гэвэл шаардлага хангахгүй өөх тостой цус гардаг.

Нэг удаагийн иж бүрдэл л гэхэд 400 мянган төгрөгийн үнэтэй. Өртөг шингэсэн бүтээгдэхүүний нутагшуулаад аваад явах хэрэгтэй. Цус 3 төрөлд хамрагддаг. Сонирхолтой юм хэлэхэд коронагаар өвчилж эдгэсэн хүмүүсийн цусыг цуглуулан коронавирусын үед цус хэрэгтэй болсон хүмүүст ашиглаж байна. Өвчлөл ихтэй үед 80 эмнэлгээс өдөрт 30 гаруй эмнэлэг захиалга өгдөг. Амралтын өдрүүдээр захиалга буурдаг. Элэгний хагалгаа энэ долоо хоногт гэхэд 3 төлөвлөгдсөн байна. Долоо хоногтоо 2-3 элэгний хагалгаа зайлшгүй хийгддэг. Нэг элэг шилжүүлэн суулгахад сийвэн 31 уут, цус 20 нэгж, ялтаст эс гэх мэт 50-80 нэгж /уут/ бүтээгдэхүүн шаардагддаг. Ийм урт зас олон шалгуур үзүүлэлтийг давж байж цус цусан бүтээгдэхүүн бэлэн болдог юм шүү" гэв.

ЦУС, ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДСЭН АСУУДАЛД ДОНОРУУД ЯМАР БАЙР СУУРЬ БАЙНА?

Цусны Донор Д.Эрдэнэ- Очир: Миний хувьд нийт 38 дахь удаагаа цусаа өгч байна. Цусны донор байна гэдэг нь өөрөө сайн дурын зүйл шүү дээ. Ямар нэг байдлаар авлага авахгүй цус цусан бүтээгдэхүүн хэрэгцээтэй хүмүүсийн эрүүл мэндэд тусалж байна гэж би ойлгодог.  Насанд хүрэгчид хоёр сард нэг шинжилгээ өгдөг учраас үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдаж байна. Цуснаас гарч болох бүх төрлийн шинжилгээг хийлгэснээрээ эрүүл мэндэд их тустай гэж боддог.

Цусны Донор А.Мөнхтулга: Миний хувьд 20 гаруй удаа цусаа бэлэглэж буй донор. Цус худалдан борлуулсан мөнгө нь буцаад техник технологи зорилтод юмандаа зарцуулагдаж чадаж байвал энэ чинь өөрөө буян болж буй зүйл гэж харж байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Цус, цусан бүтээгдэхүүн бэлтгэх асуудал нь асар нарийн ярвигтай асуудал. Цусны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний төрөл нэмэгдэж, технологийн шинэчлэл хийж судалгаатай үнээ нэмсэн гэсэн тайлбарыг холбогдох газраас өглөө. Харин цус худалдан авдаг эмнэлгүүдэд энэ нь хүнд тусаж байгааг хэлсэн. Тэгвэл цус их хэмжээгээр худалдан авдаг байгууллагуудтайгаа салбар дотроо ярилцаж гарц гаргалгаа олох хэрэгтэй гэдэг нь харагдлаа. Иргэдэд цусны үнэ өссөн нь төдийлөн хамаарахгүй гэдгийг харж болохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button