Нийгмийн

ТОДРУУЛГА: Галзуугийн тарианы хомсдол үүссэн ч тасраагүй

Одоогоос хоёр хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Нохойд хазуулсан эмэгтэй галзуугийн тариа байхгүйн улмаас хүүхдээ хөхүүлж чадахгүйд хүрээд байна" гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Бид уг асуудалтай холбогдуулж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн, Тархвар судлагч эмч Л.Роломжаваас тодруулахад, "Tухайн ээж вакциндаа хамрагдаад явж байгаа. Манай төвд ирж вакцинаа тариулсан. Биеийн байдал хэвийн байгаа" гэсэн юм.

Мөн тэрээр хэлэхдээ, "Галзуугийн тарианы хомсдол үүссэн нь үнэн, гэхдээ тасраагүй. Тархвар судлалын заалтаар буюу шарх нь том хэмжээтэй, вакцин тариулаагүй болон эзэнгүй нохдод хазуулсан бол галзуугийн вакцин зайлшгүй хийлгэх ёстой. Вакцин хийлгэхдээ таван удаа, тодорхой хоногуудын зайтай хамрагддаг. Ингэхдээ тухайн хазуулсан өдрөөс эхлэн 3,7,14,21 хоногийн заалтуудаар вакциндаа хамрагдана. Хэрэв нохой галзуу өвчин авсан бол 7-10 хоногт үхдэг. Тиймээс нохойд хазуулсан тохиолдолд эхний гурван удаагийн вакциныг хийлгэсний дараа шинж тэмдэггүй бол цаашид ахиж вакцин хийлгэх шаардлагагүй гэж үздэг.

Жилд улсын хэмжээнд 7000 гаруй хүн энэ вакцинд хамрагддаг бөгөөд харьяа дүүрэг, хороо, сумынхаа эрүүл мэндийн төвд хандан эмнэлгийн энэ төрлийн тусламжийг авах боломжтой. Одоогийн байдлаар нохойд хазуулсан иргэдийн шарх сорви болон биеийн байдалд дүн шинжилгээ, үзлэг хийгээд хүнд буюу өвчин халдвар авах эрсдэлтэй, вакцин тарих, эмчилгээ хийх шаардлагатай гэж үзвэл галзуугийн эсрэг вакцин хийж байгаа. Шарх хөнгөн, гэрийн тэжээвэр буюу халдвар тараах эрсдэлгүй нохойнд хөнгөн байдлаар хазуулсан, шүлсдүүлсэн бол заавал вакцин хийлгэх шаардлагагүй" гэлээ.

Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад нохойд хазуулж вакцинд хамрагдах хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Үүнд эзэнгүй золбин нохдыг устгах ажил өргөн хүрээнд явагдахгүй байгаа болон тэжээвэр нохдыг тэжээж буй эзэд нь хуульд заасан журмын дагуу нийтийн эзэмшлийн талбайд салхилуулдаггүй, эзэнгүй орхидог зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. Тиймээс, та нохой, муур тэжээдэг бол доорх журмыг баримтлах үүрэгтэй.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлахад мөрдөх журам”-д:

-Нохой, муур эзэмшигчийн үүрэг

1. Нохой, муур эзэмшигч байгууллага, иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ үйлчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана.

2. Орон сууцанд нохой, муур тэжээж байгаа иргэд нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, дундын өмчлөлийн шат, орц, хонгил, цахилгаан шат, сууцны гаднах 100 метрт тэжээвэр амьтдын ялгадсаар бохирдуулахгүй байх, хэрэв бохирдуулбал тухайн эзэн нь цэвэрлэн, тогтоосон цэгт аваачиж устгал хийж байна.

3. Нохой, муур эзэмшигч нь төлбөрөө байр, гэрлийн мөнгөний хамт сар бүр Орон сууц, нийтийн аж ахуйн компаниудад тушаана" гэж заасан байна.

Үргэлжлүүлэн галзуу өвчний талаарх мэдээллийг хүргэе

Галзуу гэж ямар өвчин бэ?

• Галзуу өвчин мал амьтнаас хүнд халддаг

• Вирусээр үүсгэгддэг

• Төв мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээдэг

• Зоонозын хурц халдварт өвчин юм.

Халдвар ямар замаар дамждаг вэ?

Галзуурсан амьтны шүлстэй хамт өвчний вирус хазсан буюу маажсан газраар орж халдварлуулна. Маш ховор тохиолдолд арьсанд үүссэн шарх, салст мембранаар нэвтрэх замаар халдварладаг. Хүнээс хүнд халдварлах нь онолын хувьд боломжтой боловч баримтжуулаагүй. Галзуурсан амьтны вирус агуулсан шүлс, хазсан буюу маажсан газраар нэвтэрч халдварлана.

Галзуугаар ямар амьтад өвчилдөг вэ?

Галзуу өвчнөөр бүх бод мал, нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчилдөг. Тэдгээрийн бие махбодид галзуугийн үүсгэгч удаан хугацаагаар хадгалагддаг. Үнэг, цөөвөр чоно, сарьсан багваахай, гэрийн муур зэрэг амьтад илүү их мэдрэг.

Галзуугаар өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Төв мэдрэлийн тогтолцоог гэмтээснээр хөдөлгөөний төвийн сэрэлт ихсэж, амьсгалын ба залгих булчингуудын таталт, саажилт үүсч, богино хугацаанд өвчтөн нас бардаг. Нууц үе 12-90 хоног үргэлжилнэ. Шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн хугацаа харилцан адилгүй байдаг. Төв мэдрэлийн тогтолцоонд ойр байх тусам нууц үе богино байна. Өвчний эмнэлзүй өвчний урьдал үе, хөөрлийн үе саажилтын үе гэсэн 3 үе шатаар илэрнэ.

Галзуу өвчнөөр ямар хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ?

Зэрлэг мал, амьтантай харьцдаг хүмүүс халдвар авах нь илүү байдаг. Монгол улсын хувьд галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлуудын 50% нь малчид байна.

Галзуу өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Галзуугийн сэжигтэй мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн мал, амьтдыг устгуулах

• Төрийн байгууллагын зүгээс эрлэг амьтныг өгөөш вакцин хэрэглэж дархлаажуулах, гэрийн тэжээвэр амьтдын тооллого судалгааг хийж вакцинжуулах үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулах

• Хот суурин газарт эзэнгүй нохойг хяналтанд авах, тэжээвэр нохой, муурыг мал эмнэлгийн хяналтанд байлгаж, вакцинжуулах, галзуугийн голомттой бүс нутагт амьдардаг бол малаа вакцинжуулах

• Галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулж, ноцуулсан тохиолдолд шархыг 5 минутын турш сайтар савандаж угаах, спирт, тамедин зэрэг уусмалаар шавшиж угаах

• Яаралтай эмнэлгийн байгууллагад хандаж, вакцин, ийлдэс тариулж, бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтад байх

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-10 09:40

Serleg amitadad arga hemjee avaachee

Зочин
Зочин
2022-05-10 09:46

Уул нь энэ г�##�зуугийн эм тариа арвин нөөцтэй баймаар юм шигээ. Хавар болохоор г�##�зуурч эхэлдэг хүмүүст их хэрэгтэй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button