Нийгмийн

Ч.Цэгмид: Ямаагаа самнаж, ноолуурынхаа 8.5 сая төгрөгөөр өөрийгөө санхүүжүүлээд барианаасаа гарлаа

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр өчигдөр /2022.05.10/ Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа гараагаа эхэлсэн. 61 настай, гүйлтийн спортын мастер Ч.Цэгмидтэй холбогдож товч ярилцлаа. 

-Сайн явж байна уу? Та хаана явна?

-Бөмбөгөр сум орох гэж явна. Өчигдөр гараанаасаа гараад 30 км яваад амарсан. Өнөөдөр 30 км-ээ гүйцээгээд амарна. Бөмбөгөр сум ороход 2 км дутуу байна. 

-Нутгаасаа нийслэл рүү гүйлт хийх шийдвэр хэзээ гаргасан бэ?

-2019 оноос хойш ярьсан. Ковидоос болоод амжаагүй. Энэ жил сайхан цаг дэлгэрээд ирэхээр нь зорьчихлоо. Гэр бүлийн хүн, бага хүүхэд дээрээс нь эмч, тогооч дагаж яваа.  

-Бэлтгэл хэр хийсэн бэ?

-Боломжийн хийсэн, өөрийнхөө хэмжээнд. Ирэх сарын 4 гэхэд Улаанбаатарын төв талбай дээр очих төлөвлөгөөтэй явна.

-Ар гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ? Хориглоогүй юу?

-Бүгд дэмжсэн.  Эгч нь дөрвөн хүүхэдтэй. Замын-Үүд, Улаанбаатар, нутагтаа гээд газар газар л амьдарч байна. Хамгийн бага нь энд аав, ээжтэйгээ явна.

-Мал хуй тань гайгүй юу?

-Зүгээр ээ. Хүүхэд харж байгаа.

-Таны гүйлтийн амжилтаас сонирхвол...?

-Аймаг, улс, нийслэлийн хэд хэдэн удаагийн аварга болж байсан. Сүүлчийн хэдэн тэмцээнийг л санаж байна. 2018 онд Баянхонгор аймгийн аварга, Булган аймгийн аварга, Хэнтийд тусгай байр эзэлсэн.

-Хамгийн хол гүйж байсан нь?

-1987 онд Баянхонгороос Өвөрхангай аймаг руу 210 км-ийг гурван өдөрт гүйж байсан. За тэгээд “Хөдөлмөр” сонины нэрэмжит олон улсын кросс, “Сэлбэ”-ийн пионер зуслан, МҮЭ-ийн аяллын дэвтэр гээд том уралдаануудад оролцдог байсан.  

-Цаг агаарын нөхцөл байдал таны өдөрт товлосон 30 км-ийг явуулахаар байна уу?

-Гучаас нэмэх, хасах тав гэж яваа. Цаг агаар онцгой байдал зарлачихгүй л бол гүйлтээ зогсоохгүй.  Надад бол цаг агаар боломжийн санагдаж байна. Өглөө шуургатай, одоо тогтуун болж байна.

-Та цагт хэдэн км явж байна?

-10 км-ийг нэг цаг 25 минутад туулдаг.

-Амрах нөхцөл байдлаа хэрхэн шийдэв?

-Бүрхүүлтэй портер дотроо амьдраад явна даа.

-Багийн замын хэрэглээ, бензин шатахуун гээд нэлээд зардал гарна. Энэ бүхнийг хэрхэн шийдвэрлэв?

-Ямаагаа самнаж, ноолуурныхаа 8.5 сая төгрөгөөр өөрийгөө санхүүжүүлээд барианаасаа гарсан. Бууцагаан сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн спорт хороо, “Буян трэйд” компани, нутгийн зөвлөлийн дарга н.Хишигбаатар та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье.

-Энэ гүйлтийн зорилго нь...?

-Монголын түүхэнд анх удаа малчин хүн гүйж байгаагаараа онцлогтой. Мөн олон улсын спортын мастер цол авах, төрөлх сургуулийн 60 жилийн ой, Баянхонгор аймгийнхаа  83 жилийн ойг тохиолдуулаад гүйж байна.

-Сайн яваад ирээрэй.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button