УЛС ТӨР

НЭГ ДОРООС| УИХ-ын чуулганы хуралдаанд ХЭН, ЮУ хэлж байна вэ

Өнөөдөр буюу 2022.05.13-ны баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдааны мэдээг нэг дороос багцлан, шинэчилж хүргэж байна.


НЭМЭЛТ: 12:00 цаг

"Д.Ганбат гишүүн ээ, бид таны шүүмжлэлийг байнга л сонсдог шүү дээ"

УИХ-ын Д.Ганбат бүх зүйл болохгүй, бүтэхгүй байна. Тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн шүүмжлэв.

Түүний ярьсан зүйлийн хариуд Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ: "Д.Ганбат гишүүн ээ, бид таны санал шүүмжлэлийг байнга л сонсдог шүү дээ. Мөн ажилдаа ч тусгадаг. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль амьдрал дээр ямар их хэрэгтэй вэ гэдэг нь харагдаж байна. Бид таван жилийнхээ үндсэн чиглэлийн хүрээнд жил бүр төлөвлөгөөгөө баталдаг. Төлөвлөгөөнийхөө хүрээнд төсөвөө баталдаг. Төсөв батлахын тулд төсвийн үрээний мэдэгдлээ цуг хийдэг. Бүгд логик дараалалтай. Энэ жилийн төлөвлөгөөний онцлог таван чиглэлээр онцлог.

Нэгдүгээрт, боловсролын чанарыг сайжруулах,

хоёрдугаарт, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх

гуравдугаарт, хөдөлмөрийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчийг бэлтгэх

дөрөвдүгээрт, гүйцэтгэл чанар бүтээмжийг урамшуулсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх

тавдугаарт, эдийн засаг тэлэх ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх

гэх зэрэг ийм онцлогтой төлөвлөгөөг УИХ-д оруулж ирсэн байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Заа, тодорхой ч юм алга. Ард түмний амьдралыг сайжруулах тодорхой юм хиймээр байна. Сувилагчдийн цалин ямар байх юм. Хэр нэмэгдүүлэх юм. Хувийн байгууллагыг эхнээс нь нийгэмчилж байна шүү дээ. Ард түмэн та нарыг будаа тээ гэж явуулсан. Та нар буцахдаа шороо тээж байх юм" хэмээлээ.


НЭМЭЛТ: 11:20 цаг

"Ерөнхийлөгч мэдээлэл хийхээр цуглаад, гарахаар нь пирхийтэл тарчих юм"

Хэлэлцэж буй мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үгээ хэлэхээс өмнө гишүүд болон сайд нарт уурсав.

Тодруулбал, тэрбээр "Ерөнхийлөгч орж ирээд мэдээлэл хийхээр бүгдээрээ дагаж орж ирээд УИХ-ын чуулганы танхим дүүргээд суучихдаг. Гараад явахаар сайд нар нь хүртэл пирхийгээд гараад алга болцгоочих юм" хэмээн бухимдлаа.


11.10 цаг

Газрын тосны үйлдвэрийг Г.Ёндон сайд толгойгоороо хариуцна

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийгээд гарсны дараа үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцогчид Газрын тосны үйлдвэрийн талаар асуув. Улмаар УУХҮ-ийн Г.Ёндон сайд хариулт өгсөн юм.

Асуултад хариулт орхигдуулахад УИХ-ын дарга Г.Занданшатар "Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орохгүй бол та толгойгоороо хариуцах юм уу гэж асууж байна" хэмээн залруулсан юм.

Үүний хариуд УУХҮ-ийн сайд Г.Ёндон "2025 онд ашиглалтад орно, толгойгоороо хариуцаж байна" гэлээ.


10.40 цаг

Ерөнхийлөгч хүнсний аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг ЭХЛҮҮЛЛЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн тааллаар оролцож, мэдээлэл хийлээ.

Тэрбээр хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж, хүнсний аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа зарлав.

Энэ тухай хэлэхдээ, "Үндэсний аюулгүй байдлыг хуралдуулж, хүнсний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн зөвлөмж гаргасан. Дотооддоо хүнсний хэрэгцээгээ бүрэн хангадаг болж, хүнсний хувьсгал хийцгээе. Өөрчлөлт хийе. Цаашдаа бүх хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаж, хүнсний хангамж, аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлж байна" хэмээлээ.


10.25 цаг

У.Хүрэлсүх: Хэдий болтол бид давсаа ч айлаас гуйж амьдрах юм бэ

ИХ-ын чуулганы Баасан гарагийн /2022.05.13/ хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр, “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Арван зорилтын хүрээнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, органик Төрийн бодлогын цөм Монгол хүн, Монгол өрх байж ирсэн. Цаашид ч байх ёстой. Хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ бид хөгжүүлэх ёстой. Монгол хүн эрүүл байвал Монгол улс хүчирхэг байна. Тиймээс эрүүл хүнсээр хүн амыг тэгш хүртээмжтэй хангах хэрэгтэй болоод байна. Бидний өвөг дээдэс өнө эртнээс дээл хувцас, хүнсээ өөрсдөө бэлтгэж ирсэн олон жилийн түүхтэй. Социализмын үед ч гурил сүү сүүн бүтээгдэхүүнээр хангаж ирсэн. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй цар тахал, үнийн өсөлтөөс шалтгаалан хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн саруудад бага орлоготой айл өрхүүдийн хүнсний аюулгүй байдал хэцүүдлээ. 193 сая хүн хүнсний авулгүй байдлын эрсдэлд орсон байна. Нөхцөл байдал энэ онд ч дордох хандлагатай байгаа анхааруулж байгаа. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж буурах хандлатай байна. Казакстан улс ч дотоодын хангамждаа анхаарч экспортоо танасан. БНСАУ болон Япон улс хүнсний хангамждаа онцгой анхаарч эхэллээ.

Эрхэм  төрийн түшээдээ, өнгөрсөн онд бид нэг тэрбум ам.долларын хүнсийг гаднаас импортоор худалдан авсан байна. Алийн болгон бид давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ. 70 сая гаруй малтай хэрнээ импортын найруулсан сүү сүүн бүтээгдэхүүн гаднаас авах юм бэ. Нялх нярай хүүхдүүд дотоодын шим тэжээлтэй, эрүүл аюулгүй сүү хэрэглэх боломж бий, харамсалтай нь тэгж чадахгүй байна. Хүнсний аюулгүй байдал манай үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой.

Манай улс хорт хавдраар тэргүүлж байгаа нь хүнсний эрүүл аюулгүй байдалтай шууд холбоотой.

Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор хүнсний аюулгүй байдлын чуулганыг зохион байгуулсан" хэмээлээ.


ЭХЛЭЛ: 09.20 цаг

ЧУУЛГАН: Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан асуулгын хариуг сонсох юм.


Хуралдаанаар:

·Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/

·“Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·“Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

·Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл

·Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариу сонсох

·Бусад


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 12:43

ene hed odoo hoorondoo hereldehees uur yum hiideg yumuu

Холбоотой мэдээ

Back to top button