Нийгмийн

И.Доржсүрэн: “Сум дундын отрын бүс нутаг” нь цаг агаар хүндэрсэн үед малчдыг ая тухтай өвөлжүүлэх зорилготой

Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнтэй отор нүүдэл, отрын бүс нутгийн талаар ярилцлаа.  

-Өвөрхангай аймаг нийт газар нутгийнхаа 10 орчим хувийг отрын нөөц нутаг болгон зохион байгуулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай аймаг нийт 6.2 сая га газар нутагтайгаас 5.6 сая га нь бэлчээрийн талбай. Үүнээс 496 мянган га талбайг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр “сум дундын отрын бүс нутаг” болгон шийдвэрлэсэн байсан. Өнгөрсөн 2021 онд энэ тоог 130 мянган га-гаар нэмэгдүүлж, нийт 630 мянган га талбайг “орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутаг” гэсэн статустай болгосон юм. Энэ нь 5.6 сая га талбай бэлчээрийн 11,2 хувийг эзэлж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийт бэлчээр нутгийнхаа 10 хувийг “сум дундын отрын бүс нутаг” болгох шаардлага тавьдаг. Манай аймгийн хувьд энэ шаардлагыг 2021 онд биелүүлсэн. Үүнээс гадна “Хөх дэл”-ийн аймаг дундын буюу улсын отрын бүс нутагт манай аймгийн Бүрд, Баян-Өндөр сумдын 18 мянган га талбай хамаардаг.

-“Сум дундын отрын бүс нутаг”-ийг нэмэгдүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлд ямар эерэг нөлөөлөл гарч байна. Малчид, иргэд энэ талаар ямар ойлголттой байна вэ?

-“Сум дундын отрын нөөц нутаг” бий болгоход малчдын хувьд тийм ч таатай хүлээж авдаггүй. Гэхдээ бид энэ ажлыг улсын болон аймгийн бодлого, шийдвэр гэдгийг тайлбарлаж, тодорхой зөвшилцөл, ойлголцолд хүрч байж дээр хэлсэн тоо бүхий отрын бүс нутгийг бий болгосон. Манай аймгийн хувьд 2021 оноос өмнөх 10 гаруй жилийн хугацаанд аймаг дотроо болон гаднын аймгууд руу байнга отор нүүдэл хийдэг байсан. Өвс ногоо сайн гарахгүй, бэлчээр тааруу, бэлчээрийн даац хамгийн багадаа 2-3 дахин, дээд тал нь 7-8 дахин хэтрэлтэй гэсэн судалгаа байдаг. 2020 онд манай аймгийн малчид 5,6 сая гаруй толгой малтай байлаа. Үүнээс нэг сая гаруй толгой мал гаднын 15 аймгийн 130 гаруй суманд оторлосон. Өвлийн хүйтэнд, цагийн бэрхшээлтэй үед отор нүүдэл хийж даарч хөрдөг, зутардаг байдалтай байсан. Энэ байдал нэлээн хэдэн жил давтагдсан. Тиймээс бид дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж, өнгөрсөн 2021 оныг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж, тодорхой хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд манай малчид өнгөрч буй өвөл, хавар гаднын аймаг, сумдад отор нүүдэл хийгээгүй. Нөгөөтээгүүр үүнд байгаль цаг уурын таатай нөхцөл байдал ч нөлөөлсөн.

-Цаашид өөр аймаг суманд отор нүүдэл хийхгүйгээр өөрийн аймаг сумандаа өвөлжиж, хаваржих энэ бодлого, шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?

-2021 оны 4 дүгээр сарын сүүлчээр хангай дэлхий хур бороо хайрлаж, зуны турш бороо нэлээн сайн орсон. Нутгийн дунд, хойд хэсгээр хавар эрт, нутгийн өмнөд буюу говийн Богд, Баруунбаян-Улаан, Гучин-Ус сумаар бороо зуны сүүл сараас ахиу орсон. Үүний зэрэгцээ аймгаас цаг агаарт зориудаар нөлөөлснөөр жилийн дүнгээр тооцоход 682 сая тонн хур тунадсыг нэмэгдүүлж оруулсан гэдэг тоон мэдээ гарсан. Энэ нь бэлчээрийн гаралтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.  

-Отрын бүс нутаг байгуулж, ашиглахын гол ач холбогдол нь юу вэ?

-Нүүдлийн мал, мал аж ахуйн үйлдвэрлэл нь байгаль, цаг уураас шууд хамааралтай. Түрүүн хэлсэнчлэн сүүлийн хэдэн жил байнгын ган, зудтай, өвс бэлчээр тааруу, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн. Харин өнгөрсөн 2021 он харьцангуй таатай сайхан жил болж өнгөрлөө. Гэсэн хэдий ч байгаль, цаг агаарын нөхцөл жил бүр харилцан адилгүй байдаг учир дараа дараагийн жилүүдэд хур бороо бага орох, бэлчээрийн өвс ургамал бага гарах зэрэг эрсдэл бий. Тэгэхээр “сум дундын отрын бүс нутаг”-ийг цаг сайхан үед малын хөлөөс ангид, зэлүүд байлгаж, цаг хүндэрсэн үед хэрэглэх л зориулалттай. Мэдээж ийм үед малчдыг өөрсдийг нь отрын бүс нутаг руу тодорхой бодлого, зохицуулалттайгаар оруулж өвөлжүүлж, хаваржуулах зорилготой.

-“Сум дундын отрын бүс нутаг”-ийг ашиглахтай холбоотойгоор ямар асуудал тулгарч байна?

-Бодит байдал дээр “сум дундын буюу аймгийн отрын бүс нутаг”-т зарим айлууд орж нутаглах явдал гардаг. Тэднийг үндсэн нутаг руу нь нүүлгэх шаардлага үүсдэг. Мөн “сум дундын отрын бүс нутаг” болгохоос өмнө тухайн талбайд өвөлжөө, хаваржааны гэрчилгээтэй, олон жил нутагласан айл өрхүүд цөөнгүй байдаг. Тэднийг шинэ нутаг бэлчээртэй болгох замаар отрын бүсийг чөлөөлөх асуудал тулгарч байна. Түүнчлэн отрын бүс нутгуудад худаг гаргах, усжуулах, бэлчээрийг нөхөн сэргээх шаардлага бий. Энэ ажилд зарцуулах хөрөнгийн бололцоо бага байна. Ийм учраас эдгээр чиглэлийн үйл ажиллагаануудад улс, аймаг, сумын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулах шаардлагатай байдаг.

-Сүүлийн жилүүдэд малчид малын тэжээл тариалах болсон. Өвөрхангай аймгийн малчдын хувьд тэжээл тариалт ямар байна?

-Малын тэжээлийг малчид өөрсдөө тариалах, зохион байгуулалттайгаар аж ахуйн нэгжүүд тариалах гэсэн хоёр янз байна. Газрын тухай хуульд зааснаар өвөлжөө, хаваржааны гэрчилгээтэй малчин өрх түүнийхээ дэргэд 0.1 га талбайд малын тэжээл, төмс, хүнсний ногоо тариалах боломжтой байдаг. 2021 оныг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан энэ чиглэлээр малчдад сурталчилгаа хийсэн. Үүний үр дүнд 615 малчин өрх өвөлжөө, хаваржааныхаа дэргэд малын тэжээл тариалж 500 орчим тонн буюу 120 орчим сая төгрөгийн ургац хураан авсан гэдэг тоон мэдээ Хөдөө аж ахуйн газарт нэгтгэгдсэн байдаг. Энэ нь малчид өөрсдөө өвөлжилтийн бэлтгэлийг хангахад тус нэмэр болсон үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Мөн манай аймгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2019 онд 730 га-д, 2020 онд 2,300 га-д малын тэжээл тариалж байсан бол аймаг, сумдын захиргаанаас бодлогын зохицуулалт хийсний үр дүнд 2021 онд 5,600 га талбайд малын тэжээл тариалсан байдаг. Үүнээс гадна бид орон нутгийн өмчтэй “Өв-Агро” гурил тэжээлийн үйлдвэр байгуулсан. Энэ үйлдвэрт 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 465 га талбайд малын тэжээл тариалж, 50 гаруй мянган боодол ногоон тэжээл хураан авсан. Үүгээрээ аймгийн аюулгүйн нөөцийг 100 хувь, сумдын аюулгүй нөөцийн 60 орчим хувийг бүрдүүлж, иргэдэд борлуулсан. Үүний үр дүнд малын тэжээлийн үнийн хөөрөгдөлгүй, харьцангуй хямд байсан. Энэ нь малчид, орон нутгийн засаг, захиргааны байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны үр дүн байсан гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button