"Х.Баттулгын зөвлөх асан Ц.Ууганбаярыг гадуур шалгаж байна"
Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах чиг үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр гишүүдийн асуултад хариулахдаа Нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярыг эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур шалгаж байгаа" гэж хариулжээ.
Ц.Ууганбаяр нь Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөгийн өртэй "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-д нэр холбогддог. Тодруулбал, “Шинэ яармаг” орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК хамтран 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 142.4 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд 59.4 тэрбумыг барагдуулсан.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Ц.Ууганбаяр ажиллаж байсан нь илүүтэй шалгах үндэслэл болсон. Учир нь МАН-ын эрх баригчид Хөгжлийн банкны асуудлыг анх дэлгэхдээ "сахал" Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу чиглүүлэх далд зорилготой байв.
Өмнө нь хоёрдугаар сарын 21-нд Баянзүрх, чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс Ц.Ууганбаярыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж байсан.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.