УЛС ТӨРЯрилцлага

Ж.Баярмаа: Манай парламент сонгодог биш

 Зарим намын бүлгүүд болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаарх асуудлууд яригдаад буй. Тэгвэл энэ асуудлаар “Авилгагүй сонгууль-тунгалаг ирээдүй” ТББ-ын тэргүүн, судлаач Ж. Баярмаатай ярилцлаа.

-ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР СОНГУУЛИА ЯВУУЛБАЛ, ТОЙРОГ ТОЙРСОН ТӨСВИЙН ХУВААРИЛАЛТ БАГАСНА-

-Нэг нам хэт хүчээ авсан өнөөгийн нөхцөл байдалд сонгодог парламентын зарчим алдагдана гэж үздэг. Үүнд одоогийн мажоритар тогтолцоо нөлөөлсөн үү. Эл тогтолцооны сул тал юундаа байдаг юм бэ?
-Яг энэ асуултад хариулъя гэвэл сонгодог парламент, түүний зарчим гэж  яг юуг хэлээд байгаагаа тодорхойлох нь зөв байх. Онолын хувьд “сонгодог парламенттай” улсуудын гол төлөөлөгчөөр Их Британи ордог. Их Британи бол 2 танхимтай парламенттай ба Ерөнхий сайд нь Нийтийн танхим буюу доод танхимаа тараах санал гаргах эрхтэй байдаг. Энэ ангиллаар буюу сонгодог утгаараа манай парламент тэртэй тэргүй сонгодог биш.

Бас сонгуулийн тогтолцоо парламентыг сонгодог байх эсэхэд сонгодог утгаараа тийм ч хамаатай биш. Оронд нь аль ч ардчилсан, эрүүл парламентад тавигддаг төлөөллийг хангасан, нээлттэй, сонгогчдын оролцоотой, хариуцлагатай, үр ашигтай байх гэх мэт гол шалгууруудыг манайх хангаж чаддаг эсэхийг цогцоор нь ярих ёстой. Эдгээр шалгуурын төлөөллийг хэр хангаж байна гэдэг дээр л сонгуулийн тогтолцоо яригдана. Аль ч тогтолцоо сул ба давуу талтай. Мажоритар тогтолцоо нь гол 2 намын хооронд сонголт хийх боломжийг илүү олгодог буюу 2 намын тогтолцоо руу шахдаг. Давуу талыг нь Засгийн газар тогтвортой ажиллахад дэмтэй гэж үздэг ч сул тал нь илүү их. Жижиг намууд буюу гуравдагч хүчин олонх болох магадлал 0-тэй тэнцэнэ. Учир нь санал нь цул байж чадалгүй ижил төстэй үзэл баримтлалтай намууд болон бие даагчдад хуваагдчихдаг. Мөн үндэсний цөөнх, эмэгтэйчүүдэд сонгогдох магадлал бага.

Учир нь “хамгийн их хүлээн зөвшөөрөгдөх нэр дэвшигч”-ийн синдром гэж байдаг ба тэд энэ ангилалд багтахгүй. Шинэ Үндсэн хууль гарснаас хойших өнгөрсөн 30 жилийн түүхэнд одоогийн эрх баригч МАН мажоритар тогтолцоогоор явагдсан 7 сонгуулийн 5-д нь ялж, олонх болон, 1-д нь тэнцэж, зөвхөн 1-д нь ялагдсан. Эдгээр сонгуулийн дүнг дундажлаад үзэхээр МАН нийт сонгогчдын 47%-иас дээш саналыг авдаггүй мөртлөө парламентын суудлын 71% бүрдүүлдэг. Цаана нь МАН-ыг сонгоогүй 53 %-ын санал гээгдэж байна гэдэг нь иргэдийн 100%-ийн төлөөллийг хангахгүй байна л гэсэн үг. Хамгийн гол сул тал бол энэ. Энэ мажоритар тогтолцоонд дангаараа яагаад тал хувийн саналыг аваад байна гэхээр мэдээж 100 жилийн нарийн зохион байгуулалт, дэг журамтай тогтолцоо нь нөлөөлөхөөс гадна дээрх сонгуулийн жилийн 83 %-д нь эрх барьж байсныхаа хувьд сонгуульд ялахад зориулж төрийн бүх хүч, нөөцийг тасралтгүй шахам ашигладаг явдал нь бас тус болж байна. Энэ нь давхар МАН-ыг клиентелист нам болохыг баталж байгаа юм. УИХ-ын гишүүдийн тухайд дахин сонгогдохын тулд улсын хөгжлийн төлөөх нэгдсэн бодлогын төлөөх гэхээсээ илүү тойрогтоо мөнгө тусгуулахын төлөөх тэмцэлд мордож, ялсан нь дахин сонгогдоно. Төсвийн мөнгөөр бус дангаараа давхиж яваа ихэнх “морьд” замд тоосонд дарагдан хоцорно. Дахиад олонх болж аваад дахиад л тойрогтоо чиглэсэн хуваарилалтаа хийснээр бараг л чөтгөрийн тойрог шиг эцэс төгсгөлгүй юм болчихоод байна.

Дотроо бас зүгээргүй албан тушаалын давуу байдлаа ашиглаж өөрийн аймаг, тойрогтоо илүү ихийг тусгуулах явдал улам л гаарч байх шиг. Тухайлбал, энэ онд Хэнтий аймгийн нэг хүнд ногдох төсвийн хөрөнгө оруулалт хамгийн өндөр буюу 2.74 сая төгрөг болж өмнөх оныхоос 70%-р нэмэгдсэн байгаа юм. Энэ дүн нь 372 мянган төгрөг ногдож буй Завхан аймгаас даруй 86.5%-иар илүү байх жишээний. Ер нь төсвийн энэ буруу хуваарилалтыг айлтай жишвэл, нэг гэр бүл байж олсон хэдэн цаасаа гадна талаасаа нурж унах шахчихсан, дотроо сан шугам нь муудчихсан байшингаа засаж сайжруулахын оронд хувааж аваад өөр өөрийн өрөөн доторхоо гоёход зарцуулаад байна л гэсэн үг. Улс төрийн хор уршиг нь 1 намын тогтолцоо бий болчихсон. Улмаар нэг намын дарангуйлал руу гулсах аюул хэдийнээ нүүрлэчихсэн байгаа. 

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар судлаачид хөндөх боллоо. Тэдний хэлж буйчлан холимог тогтолцоогоор сонгуулиа явуулдаг болбол ямар давуу тал бий болох вэ?

-Давуу талууд гэвэл хамгийн 1-т МАН-ыг сонгоогүй 53 %-ийн хүмүүсийн санал тоологдож, амилж, нэг намын дангаар ноёрхох байдал багасан, олон намын тогтолцоо руу шилжинэ. Уг нь хууль тогтоох байгууллага нь улс орны бодлогыг тодорхойлдог институц гэдгээрээ нийгмийн аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж, засаж сайжруулах тал дээр өөрийн гэсэн байр суурьтай, гарц шийдэлтэй, тэр нь болж өгвөл судалгаа, онолд суурилсан тийм хүмүүс сонгогдвол парламентын үр ашигт байдал сайжирна. Тэгэхээр хөрөнгө санхүү гэх мэтийн өөр шалгуураар сонгогчдын сэтгэлийг татаж гардаг гишүүдийн тоо багасна. Улс тойрсон бус тойрог тойрсон төсвийн хуваарилалт багасаж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ. Гэхдээ холимог тул нөгөө мажоритар тогтолцооны орон нутгийн буюу тойргийн эрх ашиг  ч бас хангагдана гэсэн үг. Мөн улс төрийн намын төлөвшилд ялангуяа үзэл баримтлалаа тодорхой болгож сонгогчдод танилцуулахад бас сайн нөлөөтэй. Тухайлбал, Германы “Ногоон” нам холимог тогтолцооны ачаар Бундестад байнга 10 орчим % авдаг ба олонх болсон намтай эвссэнээр улс орны ногоон бодлогод жинтэй хувь нэмэр оруулаад явдаг.

-Нөгөө талаар сул талыг нь хэрхэн харж байна вэ. Өөр бидэнд сонголт болж болохуйц ямар хувилбарууд бий бол?

-Сул тал гэхээс илүү эрсдэл бол байж л байгаа. Намын жагсаалтад дээгүүр орохын тулд намдаа их мөнгө төлдөг буюу нөгөө мөнгөтэй мөртлөө...гэдэг нөхдүүд жагсаалтын ард нуугдаад ороод ирэх аюултай гэдэг. Тэгэхээр үүнийг хаахын тулд хэрхэх вэ гэдгийг бас л сайтар хэлэлцэж гарцуудыг хайх ёстой. Жишээ нь хувь тэнцүүлсэн тогтолцоонд ашигладаг намын нээлттэй жагсаалтыг ашиглавал тухайн нам дотроос хэнд нь өгөхөө сонгогч өөрөө шийднэ гэсэн үг. Мөн бусад, жишээ нь Улс төрийн намын тухай хуулиар ч юм уу төрийн сонгуульд нэр дэвшихэд зориулж намдаа төлбөр төлөхгүй байхаар хуульчлах гэх мэт. Ийм тохиолдолд улс төрийн нам сонгуулиа яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал хүссэн хүсээгүй үүснэ. Тэгэхээр үүнийг төрөөс яаж зохицуулах вэ гээд л цогцоор нь харж, утасны ээдрээ гаргаж буй мэт нэг бүрчлэн шийдэх шаардлагатай.

-ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛАА УЛАМ БЭХЖҮҮЛЭХ НЬ ЗҮЙ ЁСНЫ ШААРДЛАГА-

-Сонгуулийн тогтолцооноос гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ч хөндөгдөж байна. Үүнийг хэр эерэг өгөөжтэй шинэчлэл гэж харж байна вэ?

-Тооны асуудал бол гишүүдийн үйл ажиллагаа, сонгуулийн тогтолцоо, хуулийн чанар, хүн, хүч, хөрөнгийн нөөц, үндэсний аюулгүй байдал гэх мэт багагүй хүчин зүйлстэй нөхцөлддөг. Манайх бол цөөн гишүүдтэй орны тоонд ордог. Мэдээж  гишүүдийн тоо хэт их эсвэл хэт бага байх нь аль аль нь сул талтай.

Нэг жишээ дурдахад, гишүүдийн тоо их байх нь жижиг тойрогтой мажоритар тогтолцооны үед жижиг намуудад ээлтэй гэж үздэг. Харин бага байхын давуу талыг гишүүдийн бусадтайгаа хамтрах ачаалал, цаг хугацаа, хүнд суртлыг бага байлгаж, улмаар хууль түргэн шуурхай батлагдах магадлалыг ихэсгэдэг гэж үздэг байх жишээний. Миний хувьд гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдэг нь амьдралаар батлагдаж байна гэж бодож эерэгээр хүлээж авч байгаа. Хамгийн нэгдүгээрт, 30 жилийн өмнө хүн амын тоо 2 сая гаран байсан бол одоо 3.4 сая буюу бараг 70 хувь нэмэгдчихсэн. Мөн хүн амын бүтэц, нийгмийн суурь харилцаа бүхэлдээ өөрчлөгдөн, хэдий гажуудаж, доголдож байгаа ч гэлээ социалист улсаас ардчилсан улс болчихсон байна.

Онолын хувьд угаасаа гишүүдийн тоог хүн амд нь тэр дотроо бүх хүн ам биш идэвхтэй хүн амын тоотой нь харьцуулж тогтоодог арга түгээмэл. Идэвхтэй хүн амаа тооцоход бичиг үсгийн тайлагдалтын түвшин, хөдөлмөрийн насны хүн амын хувийг ашигладаг. Үүний дагуу тооцоолоход манайх бол 161 орчим байх ёстой юм билээ. Гэхдээ мэдээж яг энэ тоо байх албагүй л дээ. Зүгээр л баримжаалахад ашиглах томьёо гэсэн үг. Хоёрдугаарт, хуулийг эцэслэн батлах Улсын Их Хурлын гишүүдийн тоо 39 буюу хэтэрхий цөөхөн байгаа нь ямархан давжааг илтгэж, улмаар гадна, дотнын элдэв лоббинд автах эрсдэл өндөртэйг харуулж байна. 

Тэр тусмаа манайх шиг маапаантай гишүүдтэй парламенттай орны хувьд. Гуравдугаарт, сүүлийн үеийн олон улсын нөхцөл байдал. Манайх чинь далайд гарцгүй мөртлөө цөмийн зэвсэгтэй дэлхийн 2 хэт их гүрний дунд оршдог. Гэтэл Украинд болж буй дайн жижиг оронд тулгарах зовлон, дарамт шахалт байсаар байгааг тод харуулж байна. Үүний эсрэг дархлаа нь хүчтэй парламент. Иймд парламентын засаглалаа чанарын хувьд сайжруулахаас гадна хэмжээний хувьд ч томруулах нь бэхжилтэд ихээхэн чухал байна.   

-Эдгээр шинэчлэлийг хийхийн тулд Үндсэн хуульдаа дахин өөрчлөлт оруулах шаардлагатай болж буйг эрх баригчид онцолсон. МАН Үндсэн хуульд гар хүрээд удаагүй байна. Өдгөө дахин эл асуудлыг сөхөх нь хэр нийцтэй вэ?

-30 жилийн өмнө социалист буюу шал өөр үнэлэмж, тогтолцоотой байсан улс өөрсдийн огт мэдэхгүй цоо шинэ тогтолцоог бүрдүүлэхээр Үндсэн хууль хийхэд амар байгаагүй бөгөөд тэр үед дэлхийгээс асууж байж л хийсэн. Мэдээж бүгд л өөдрөгөөр харсан ч дэлхий ертөнц ингэж өөрчлөгдөхийг байтугай ер нь чөлөөт ертөнц ямар байдгийг ч сайн мэдэхгүй л байсан.

Уг нь гол суурь хууль тул байн байн өөрчлөөд байх нь сууриа өөрчлөөд байгаатай агаар нэг тул нээх хүсээд байх зүйл биш. Тиймээс өөрчилж гэмээ нь ёстой нөгөө 7 хэмжиж нэг огтлох ёстой. Харамсалтай нь нэг намын засаглал дор ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь тэр нам анхнаасаа асуудлаа зөв хараагүй, оношоо буруу тогтоосон, их л хариуцлагагүй байгааг л харуулж байна. Гэхдээ андуурч эсвэл буруу биччихээд бандан тас гээд суугаад байж бас болохгүй.

Ялангуяа, гол, суурь хууль тул засахгүйгээс болоод дараа дараагийн үр дагавар, хор уршиг гараад байгаа нөхцөлд. Нөгөө талаасаа 30 жил бол бас тийм ч  бага хугацаа биш. Ер нь бол засаглалын энэ хямралт байдал аль 2000 оны үеэс л ойлгогдож харагдаж эхэлсэн. Харамсалтай нь суурь асуудал, үр дагавар талаас нь асуудалд хандаж, оношлохгүй байсаар өдий хүрсэн.  

-Эцэг хуулиа олон дахин өөрчлөхийг буруу гэж үздэг. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний чухал асуудал мөн үү?

-Дахиад хэлэхэд гол асуудал юу байна, хор уршиг нь ямар байна, засах ёстой эсэх, үр дүн нь юу болох вэ гэдгээ эхэлж сайн тооцоол гээд байгаа. Тэгээд хэрэв засах ёстой бол хэрхэн буюу ямар хуулийг, яаж өөрчлөх вэ гэдгээ гаргана. Энэ утгаар бол сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь чухал уу гэвэл чухал. Өмнөх асуултуудад хангалттай хариулсан. Тиймээс зөвхөн Үндсэн хуулиар л өөрчлөхөөс өөр аргагүйд хүрвэл өөрчлөх л хэрэгтэй. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлт бол зөвхөн сонгуулийн тогтолцоо биш, саяын ярьдаг гишүүдийн тоог өөрчлөхтэй бас холбоотой. Учир нь Үндсэн хуулинд 76 байна гээд заачихсан байгаа. Ер нь тооцооллыг зөв, сайн хийж чадвал ямар ч хуулийг тэр тусмаа гол хуулиа ч өөрчлөх л шаардлагатай. Угаасаа УИХ-ын  үндсэн чиг үүрэг. Тэгж байж л урагшлахгүй бол бид дороо эргэсээр л байх болно.

-Хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаа өрнөж эхэлбэл АН-ын зүгээс ямар байр сууриар хандах вэ. Ямар оролцоотой байх вэ?

-Улс төрийн намын үндсэн зорилго бол засгийн эрхийг авч, бодлогоо хэрэгжүүлж, эцсийн бүлэгт улс орныг хөгжүүлэхэд оршдог. Тэгэхээр бүхий л асуудалд улс орны эрх ашгийг чухалчилж хандах нь зүй ёсных. Харин нөгөө л сонгуулийн мажоритар тогтолцооны үр уршгаар үнэмлэхүй олонх болсон эрх баригч МАН хүч түрж дахиад л буруу дутуу эсвэл илүү юм хийх магадлалтай. Тиймээс сөрөг хүчин их л идэвхтэй, анхааралтай байх хэрэгтэй. Тэгээд ч энэ нь өөрөө эцэг хуулийн тухай асуудал тул сөрөг хүчний үүрэг роль тэр чинээгээр улам нэмэгдэх ёстой.

Тиймээс үр дагавар, үр дүн 2-ыг сайтар дэнсэлж, олон нийтийн дунд хэлэлцүүлгүүдийг маш сайн хийж, нийгмийн анхаарлын төвд авчрах ёстой. Тэгж тодорхой хэмжээний дархлаа үүсгэх хэрэгтэй. Гэхдээ нэмж хэлэхэд холимог болмогц засаглал өргөс авсан мэт зөв, сайхан болчихгүй. Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн ардчилсан парламентад тавигдах бусад шалгууруудыг хангуулах тал дээр ямар хууль тогтоомжийг сайжруулах вэ гэдэгт сөрөг хүчин оюун ухаанаа уралдуулах л хэрэгтэй.

Сонгууль тойрсон, ялангуяа, сонгуулийн клиентелизм буюу авилгатай холбоотой ”но ба”, өөрчлөх зүйл зөндөө бий. Болж өгвөл асуудлыг том зургаар нь олон талаас нь харж шийдэхгүй бол нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн дүнд өөрчлөлт орохгүй гэдэг  шиг юм болох вий.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-19 09:18

Иргэдийн төлөөлөлийг парламент гэнэ. Намын төлөөллийг мафи гэнэ. Ялгаа байгаа биз.

Зочин
Зочин
2022-05-19 11:05

zugeer l mafi bolchijeee

Зочин
Зочин
2022-05-22 14:20
Reply to  Зочин

Монголыг 30 жил дампууруулсан 1992 оны гадны нөлөө орсон хуулбар үндсэн хуулийг л бүр үндсээр нь солих хэрэгтэй Тэр үеийн Ардчил�##�ын т�##�аар бүр А ч үгүй улсууд яаж төгс хууль хийсэн байхав дэ Юу ч мэдэхгүй таамгаар төсөөллөр хийсэн хууль Энэ хуулиар явж дагаж мөрдөж 30 жил болсны эцэст монгол улс бүрэн дампуурч гүйцэв Одоо Бол Ардчил�##�д амьдарч ирсэн туршлагатай хүмүүс бол гайгүы хууль хийж дөнгөнө шүү

Зочин
Зочин
2022-05-24 21:05

Дээд доод танхимтай болох хэрэгтэй

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button