Ерөнхий сайдаар бамбайлагч

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд ирсэнгүй. Арилжааны банкнуудын IPO гаргах хугацааг хойшлуулах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцсэн тул Ч.Хүрэлбаатар нарын гишүүд тавгүй хүлээж авав.
Ерөөс сүүлийн хугацаанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ил зориудаар эв түнжин хагарч буй. "Чи ажлаа өг. Монголчуудын амьдралыг чи алж байна" гэж хүртэл цоллосон нь "Ер Ч.Хүрэлбаатарт Б.Лхагвасүрэнг удаа муучлах ямар шалтгаан бий вэ" гэж сонирхоход хүргэж байна.
ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ ЯРИГДАЖ ЭХЭЛСЭН НЬ
Эдийн засагт инфляц нүүрлэж, төгрөгийн ханш ихээр суларсан нь мөнгөний бодлоготой холбоотой асуудал юм. Мөнгөний бодлогыг УИХ, Засгийн газраас хараат бусаар, бие дааж явуулдаг байгууллага нь Монголбанк. Нөгөө талаас инфляц, төгрөгийн ханшийн уналт нь шууд иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг.
Сүүлийн хугацаанд үүссэн санхүүгийн хүндрэлүүдэд энэ үүднээс Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуцлага хүлээх ёстой нь зарчмын асуудал мөн байв. Түүнээс гадна Засгийн газартай "нэг өвөр"-т орж, төсвийн болон мөнгөний бодлогыг хольж, арилжааны банкнуудын эрх ашгийг иргэдийнхээс дээр тавьсаар ирсэн зэрэг асуудлуудыг ч жичид нь дурдаж болно.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын жагсаалын дараа мэдэгдэл хийхдээ "Монголбанкны Ерөнхийлөгчийг би цээжээрээ хамгаална. Огцруулахгүй гэдгээ мэдэгдчихье" гэж том дуугарсан байда. Үүний дараа тэр ер хүний үг сонсохоо байжээ.
ЕРӨНХИЙ САЙДААР ӨМӨӨРҮҮЛЖ, ВАКУМЖИГЧ
Хөшигний ард яригдаж буйгаар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улам бүр дураар авирлах болсон гэх. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулж байсан дүр зургийг нь нэхэн санаж, одоогийнхтой харьцуулбал илтэд ялгарна. "Намайг огцруулахгүй гэж нэгэнт ам алдчихлаа" гэсэн сэтгэхүйгээр тэр одоо аливаа гал авсан улс төрийн асуудлуудад дальдчихгүйгээр өөрийнхөөрөө загнаж, хурал уулзалтыг таслахдаа таслаж, хэгжүүрхэхдээ ч хэгжүүрхдэг болжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд амаргүй цаг үед мөр зэрэгцэн ажиллаж буй багаа бутаргахгүй, дэмжинэ, хамгаална гэсэн байр суурьтай, түүнийгээ ил хэлсээр ирсэн. Энэ ч үүднээс ХААН банкны хувьцаа шилжсэн асуудал, инфляц, төгрөгийн ханшийн алдагдал зэргээр үргэлжид муучлуулж буй Монголбанкны Ерөнхийлөгчөө тэр цээжний хийгээр өмөөрч орхисон гэлтэй.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч ирэх нь үү, харъя. Элдэв шүүмжлэлд Ерөнхий сайдаар бамбайлдаг болсон гэх Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эцэстээ өөрөө өөрийгөө татаж унагах вий.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.