ДЭЛХИЙ

WSJ: Ши Жиньпинийг түлхэн унагаж, АНУ-д талтай, либераль үзэлт Ли Көцянийг томилох уу

БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг албан тушаалаас нь огцруулж магадгүй гэсэн яриа олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Үүний шалтгаан нь Хятадын эрх баригчид “КОВИД-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн бодлого үр дүнгүй, мөн эдийн засгаа уналтад оруулсан зэргээс болж Ши Жиньпинийг засгийн эрхээс түлхэн унагана гэсэн шуум дэгдээд байгаа юм.

Саяхан болсон БНХАУ-ын төрийн эрх барих байгууллага болох Хятадын Коммунист Намын Улс Төрийн Товчооны байнгын хорооны хуралдааны дараа эл  цуурхал гарч эхэлсэн.

Ши Жиньпинийг эрх мэдлээс нь зайлуулах болсон бас нэг шалтгаан нь тэрбээр тархины архаг өвчний улмаас үүрэгт ажлаа хийж чадахгүйд хүрсэн гэсэн мэдээлэл, нийтлэлүүд Барууны хэвлэлүүдээр тархаж эхэлсэн. Дэлхийн бусад хэвлэлүүд болон Хятадын олон нийтийн сүлжээгээр Ши Жиньпиний ковидын цар тахалтай тэмцэх бодлогоо хангалтгүй хэрэгжүүлснээр нь дөрөөлөн түүнийг эсэргүүцэгчдийн зүгээс зориудаар цуурхал тараасан ч гэгдэж байгаа юм.

Улс Төрийн Товчооны Хурлаар Ши Жиньпинийг “Ковидын талаар буруу ташаа мэдээлэл гаргасан, бэлтгэлээ буруу хангасан, ерөнхийдөө хангалтгүй ажилласан" гэж үзжээ. Энэ нь цаад утгаараа Ши Жиньпинийг тойруу аргаар буруутган шүүмжилсэн хэрэг хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.

Хятадын Коммунист Намынхны гаргасан эл мэдэгдэл бол “Коммунист Намын удирдлагуудыг Шанхай дахь коронавируст халдвартай тэмцэх хатуу хэрнээ ямар ч үр дүнгүй арга хэмжээнийх нь төлөө шууд шүүмжилсэн хэрэг” хэмээн “China Media Project” төслийн тэргүүн Дэвид Бандурски “Wall Street Journal” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Шинжээчдийн тооцоолсноор, Хятадын Коммунист Намын шинэ даргыг сонгох ээлжит намын хурлаар Ши Жиньпинийг албан тушаалаас нь огцруулж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянийг оронд томилж магадгүй гэсэн яриа ч гараад байна. Ли Көцян нь Ши Жиньпинтэй харьцуулахад харьцангуй либераль үзэл баримтлалтай, басхүү АНУ-д талтай ханддаг улстөрч гэж “Wall Street Journal” сонин онцолжээ.

Хятадын Коммунист Намынхан дотор ч Ли Көцянийг Ши Жиньпинээс илүүд үзэх эрх мэдэл бүхий албан тушаалтнууд бий гэсэн яриа гараад байна. Тухайлбал, Бээжин саяхан хувийн технологийн компаниудад тавих зохицуулалтын арга хэмжээгээ сулруулж, барилгын салбарынхан болон орон сууц худалдан авагчдад зориулсан зээлийн нөхцөлийг улам сайжруулж, цар тахлаас улбаатай хохирол амссан зарим үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлээ сэргээхэд нь туслах арга хэмжээг чухамхүү Ли Көцяний удирдлага, нөлөөгөөр авч хэрэгжүүлсэн гэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ли Көцяний гаргасан хүчин чармайлтын ачаар Шанхайд үүдаа бариад байсан “Тесла” компанийн үйлдвэр дахин ажиллаж эхэлсэн гэсэн цуу яриа ч гарсан.

Гэвч, Хятадын тунгалаг улс төрийн тогтолцоонд одоогийн Ерөнхий сайд Ли Көцян чухам хэр их нөлөөлж, гар бие оролцож байгааг тооцоолоход бас бэрх. Засгийн газрын зарим албан тушаалтнууд Ли Көцяний хэрэгжүүлж буй алхмуудыг Коммунист Намын зарим эрх мэдэлтнүүд цаагуураа дэмжиж байгаа гэх болсон. Нөгөөтэйгүүр, Ши Жиньпинийг улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах бодитой, дорвитой арга хэмжээг чухалчлахын оронд харин ч үзэл суртлын амлалтдаа хэт их автаж, анхаарал хандуулж байгаад санаа зовниж эхэлсэн хэмээн нэрээ нууцалсэн албан тушаалтан ярьсан байна.

Ли Көцянийг дэмжигчдийн дунд Хятадын Коммунист Залуучуудын Холбооны удирдагчид байгаа гэх ба тэдний дунд намын нэр хүндтэй удирдагчид, тэр тусмаа Ши Жиньпин даргын өмнөх дарга асан Ху Жинтао багтаж байгаа аж. Мөн Жи Шиньпинийг шүүмжлэх болсон эх үндсийг тэрбээр өөрөө тавьсан гэгдэж байна. Учир нь, Ши Жиньпин 2016 онд авлига хээл хахуультай тэмцэнэ гэсэн нэрийдлээр эрх мэдэл бүхий өндөр албан тушаалтнуудын давуу эрх мэдэлд цэг тавьж, заримыг нь яллаж, цаазалж, шоронд хорьсон.

Үүний сацуу, хятадын ард түмний дунд төдийгүй янз бүрийн намын бүлгүүдийн дунд Ши Жиньпинийг үзэн ядах, дургүйцэх хандлага ихэссэн.

Өнгөрсөн өдрүүдэд Хятадын Коммунист Намынхан намынхаа тэтгэвэрт гарсан ахмад дайчдад Ши Жиньпинтэй санал нийлэхгүй байгаа гэсэн сэдвийг огт дурдахгүй, үг унагахгүй байхыг сануулсан талаар хэвлэлд дурджээ.

Ерөнхий сайд асан Жу Рүнжи тэргүүтэй Хятадын Коммунист Намын олонхи намын удирдлагын тогтолцоог эвдэх Ши Жиньпиний алхмыг эсэргүүцэж байгаагаа өмнө нь мэдэндэж байсан удаатай. 2018 онд Ши Жиньпиний санаачилгаар Хятадын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийг хоёр удаа сонгогдоно гэсэн заалтыг БНХАУ-ын үндсэн хуулиас хассан. Ямартай ч, энэ зун Хятадын одоогийн болон хуучин удирдагчид далайн эргийн хойд муж болох Бэйдайхэ хотноо хуран чуулж, намын удирдах дээд байгууллага болох Улс Төрийн Товчооны Байнгын хорооны шинэ бүрэлдэхүүнийг шийднэ.

Эх сурвалж: Wall Street Journal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
777771234
777771234
2022-05-20 13:06

Энэ бичигч " шуум " гэдэг үгээ сайн судлаад нэг үзээрээ энэ гадаад үг гэдгийг мэдэх болов уу?

Холбоотой мэдээ

Back to top button