Нийгмийн

Үндэсний цомын төлөөх барилдаанд түрүүлсэн багийг 200 сая төгрөгөөр шагнана

Монголын үндэсний бөхийн холбоо, SPS телевизтэй хамтран үндэсний цомын төлөөх багийн барилдааныг зохион байгуулахаар боллоо.

Эл төсөл үндэсний бөхийн дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ, залуу оддыг төрүүлэх, барилдааныг цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх, үндэсний спортын топ контентыг бий болгох зэрэг олон зорилготой.

Энэ төслийн талаар МҮБХ, SPS телевиз хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийж, нэгдсэн мэдээлэл өглөө.

Хэвлэлийн хуралд МҮБХ-ны дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, менежер С.Гантөр, SPS телевизийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал, SPS телевизийн контент хариуцсан захирал Б.Ялалт нар оролцов.

С.ГАНТӨР: ҮНДСЭН ЦАГТ УЧРААГАА ДАВСАН БӨХ ДАВААНЫ МӨНГӨӨ БҮРЭН АВНА

Энэ үеэр МҮБХ-ны менежер С.ГантөрҮндэсний цомын төлөөх барилдааныг 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сар хүртэл нийт есөн сарын хугацаанд зохион байгуулна. Эл барилдаанд аймаг, дүүргийн нийт 32 баг өрсөлдөнө. Баг бүр үндсэн тав, сэлгээний нэг бөхтэй байна.

32 баг эхний шатанд сугалаагаар барилдана. Эхний шатанд хоёр ялалт авсан найман баг тойргийн барилдаанд өрсөлдөх эрх авна. Тойргийн барилдаанд шалгарсан багууд бусад долоон багтай тойргоор хүч сорино. Хожсон баг гурав, хожигдсон нь нэг оноо авна. Тойргийн барилдаанд хамгийн олон оноо цуглуулсан баг Үндэсний цомын аваргаар тодорно.

Барилдаануудыг тэгш тоотой сар бүрийн эхний 12 хоногт Бөхийн өргөөнд хийнэ. Барилдааны үргэлжлэх хугацаа найман минут. Энэ хугацаанд багтаж давбал давааны мөнгөө бүрэн авна. Найман минутад багтаж давахгүй бол давааны мөнгийг шатлан бууруулна.

Үндэсний лигийн барилдаанд түрүүлсэн багийг 200, дэд байрт шалгарсныг 80 сая төгрөгөөр шагнана. Барилдааны нийт шагналын сан 650 сая төгрөг. Монголд ийм өндөр шагналын сантай барилдаан өмнө нь болж байгаагүй” гэлээ.

Б.ЯЛАЛТ: ӨӨР АЙМГИЙН БӨХИЙГ ЛЕГИОНЕРОО БОЛГОН БАРИЛДУУЛАХ БОЛОМЖТОЙ

Б.Ялалт “Үндэсний цомын төлөөх барилдаанд аймаг, дүүрэг бүр баг бүрдүүлж оролцох боломжтой. Аймаг, дүүргээс бүрдсэн 32 баг өрсөлдөнө. Тэгэхээр үндэсний хэмжээний аварга багийг тодруулна гэсэн үг.

Бид улсын наадмаар үндэсний хэмжээний шилдэг бөхийг тодруулдаг. Энэ барилдаанаар үндэсний хэмжээний шилдэг аймгийг, дүүргийг, багийг тодруулна. Түрүүлсэн баг тухайн жилийн үндэсний аварга гэж цоллуулна. Улсын наадамтай дүйцэхүйц хэмжээний өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, том барилдаан болох гэж буйгаараа онцлогтой.

Шууд дамжуулалтыг ахисан, шинэ түвшинд хүргэнэ. Бид техникийн шинэчлэлтүүдийг их хийж байгаа. Дэвжээн дээр өрнөж буй олон барилдаануудаас хүссэнээ сонгож үзэх боломжийг үзэгчдэд олгоно.

-Аймгууд багтаа өөр аймгийн бөхийг барилдуулах боломж бий юү?

-Бүрэн боломжтой. Аймаг бүрийн улсын, том цолтны тоо харилцан адилгүй. Зарим аймаг улсын том цолтой олон бөхтэй. Гэтэл зарим нь тийм биш. Барилдааныг сонирхолтой болгохын тулд өөр аймгийн бөхийг легионер болгон барилдуулахыг зөвшөөрч байгаа. Аймаг бүрээс хэн, хэн барилдах мэдүүлгийг удахгүй авна. Аймгаас нь хэн, хэн барилдахыг албан ёсоор бүртгүүлнэ. Тэгэхээр тухайн бөх аймгаа юм уу өөр аймгийг төлөөлөн барилдах эрх нээлттэй.

-Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах уу?

-Тэгнэ. Ирэх жилүүдэд ч мөн зохион байгуулна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-20 17:14

Хайран мөнгө, зовлогонууд ад юү ч бүү өг

Холбоотой мэдээ

Back to top button