Эмнести Интернэйшнл: 2021 онд цаазаар авах ялын тоо 20 хувиар нэмэгдсэн
2021 онд дэлхийн хэмжээнд цаазаар авах ялын тоо сэтгэл түгшээм өсөлттэй гарсан. Коронавирустэй холбоотой хязгаарлалтуудыг хөнгөвчлөхийн хэрээр цаазаар авах ялыг хэрэглэсээр байгаа улс орнуудын хувьд ч “ердийн хэвшил” рүүгээ эргэн оржээ. Үүнийг Олон Улсын Хүний Эрхийн “Эмнести Интернэйшнл” /Amnesty International/ байгууллага цаазаар авах ялын талаарх жил тутмын тайландаа дурджээ.
“Эмнести Интернэйшнл” байгууллагын мэдээлснээр, 2020 онтой харьцуулахад дэлхийн хэмжээнд цаазаар авах ялын тоо 20 хувиар өсөж, тэдгээрийн дийлэнх хувийг Иран улсад гүйцэтгэсэн аж.
Тайлангийн цаазаар авах ял болон цаазаар авах ялын тоо баримтад БНХАУ дахь цаазаар авах ялыг оруулаагүй ба тус байгууллагын тооцоолсноор Умард Солонгос, Вьетнамд хэдэн мянгаар тоологдох цаазаар авах ялын тогтоолыг гүйцэтгэжээ.
2021 онд дэлхийн 18 улсад 579 удаа цаазаар авах ял гүйцэтгэсний 314 нь Иранд хамааралтай байна. Иранд 2021 онд бүртгэгдсэн цаазаар авах ялын тоо 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 2020 онд Иранд 246 хүнд цаазаар авах ял ногдуулж, гүйцэтгэжээ. “Эмнести Интернэйшнл”-ийн мэдээлснээр тус улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ялын тоо огцом өссөн гэжээ.
“Иран улсад тухайн этгээдийг тодорхой хэмжээний хар тамхи хэрэглэсэн гэм буруутай хэмээн шүүх тогтоосны дараа заавал цаазаар авах ял ногдуулах хууль үйлчилсэн хэвээр байна. Ногдуулах ялын хэмжээ нь хар тамхины төрлөөс хамаарч өөр өөр байдаг” хэмээн “Эмнести Интернэйшнл” онцолжээ.
2021 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр цаазаар авах ял гүйцэтгэсэн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй тав дахин нэмэгдэж, 23 байсан бол 132 болтлоо өссөн гэж тайланд бичжээ.
Жил бүр нийтэлдэг “Цаазаар авах ял, цаазаар авах ажиллагааны тайлан”-д цаазаар авах ялыг хэвээр мөрдөж буй улс орнуудад хамгийн багадаа 579 хүн амиа алдаж, мөн хамгийн багадаа 2,052 хүнд цаазаар авах ял ногдуулжээ.
2021 онд Саудын Арабт цаазаар авах ялын тоо 2020 онд бүртгэгдсэн тооноос хоёр дахин их байжээ. Тодруулбал 2021 онд 65 хүнийг цаазалсан гэдгээр нь Саудын Арабыг мөн “Эмнести Интернэйшнл” онцолжээ. Саудын Арабт гуравдугаар сард нэг өдрийн дотор 81 хүнийг цаазалсан гэсэн тоо баримт байгаа аж. Түүнээс гадна, Бангладеш, Энэтхэг, Пакистан зэрэг орнуудад ч цаазаар авах ялын тоо нэмэгдсэн байна.
Мьянмарын хунт дэглэмийн нөлөөгөөр 86 хүн амиа алдсан нь нэг жилийн өмнөхөөс өссөн үзүүлэлт юм. Ихэвчлэн цаазаар авах ялыг давж заалдах боломжгүйгээр цэргийн шүүхээс гаргадаг юм байна.
Цаазын ял авсан хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг. 579 хүн цаазлуулснаас 24 нь эмэгтэй байгаа аж. Иранд 14, Египетэд, Саудын Араб болон АНУ-д тус тус найман эмэгтэйд цаазын ял ногдуулсан байна.
Мөн “Эмнести Интернэйшнл”-ээс эрх баригчид, Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн ард иргэд, цөөнхийн бүлгийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх нэрийдлээр хорьж саатуулан, цаазаар авах ялыг тэдний эсрэг хэрэглэх “хэлмэгдүүлэлтийн гол зэвсэг” болгон ашигласан талаар дурдсан байна.
Сонирхуулахад, Казахстан улс 2021 оны арванхоёрдугаар сард цаазаар авах ялыг халах тухай хуулийн төслийг баталж, 2022 оны нэгдүгээр сараас тус хуулийг хэрэгжүүлж эхэлсэн талаар мөн тайланд онцолжээ. 2004 оноос хойш Казахстан цаазаар авах ял гүйцэтгэхийг эсэргүүцэж, хориглосоор ирсэн. Мөн ОХУ, Тажикистан улс 2021 онд цаазаар авах ялыг албан ёсоор түдгэлзүүлсэн гэж “Эмнести Интернэйшнл”-ийн тайланд дурджээ.
Эх сурвалж: Washington Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм хатуу дүрэм журамтай улс юм байхдаа
Ямар ч улсад хатуу хуультай байх нь зүгээрээ. Учир нь тэгэж хэмээн сахилга баттай ард иргэд нь зөв зүйлрүү тэмүүлэх биз
Хууль хатуу байх тусмаа сахилга бат оршино
Manaih avilgach hulgaich nartaa tsaazlaval uls hutdan hugjinu sjvv