Монголын “Махаан пикчерс”, Их Британийн “Челси пикчерс”, Унгарын “Мозго мози”, компани хамтран Чингис хааны ач хүү Бат хааны тухай түүхэн кино бүтээх гэрээ байгуулжээ.
110 минут үргэлжлэх түүхэн киноны нэр нь “1242-Баруунд хүрэх гарц” нэртэй байх, Бат хаанд монгол жүжигчин тоглуулах, монгол хөгжим тоглох, зураг авалтыг нь Унгар, Монголын нутагт хийх, Унгар 5 сая, Монгол нэг сая ам.доллар, Их Британи 750 мянган ам.доллараар санхүүжүүлэхээр тохиролцсон байна. Хэд хэдэн үл ойлголцол гарсны улмаас Бат хааны тухай киног хийхээс Монголын тал татгалзсан гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар “Махаан пикчерс”-ийн хуульч Ш.Сарангэрэл “1242-Баруунд хүрэх гарц” кинонд садар самуун, хүчирхийлэл сурталчилж, монгол цэргийн ангийн дэргэд янхны газар дагаж явдаг, түүгээр нь цэргүүд үйлчлүүлдэг хэсэг оруулсан. Мөн Бат хааны дүрд хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй жүжигчин Кевин Спейсийг тоглуулахаар сонгосныг эсэргүүцэж байна. Бид үүнийг эсэргүүцэн, зохиолоос садар самуунтай, Монголын үүх түүхийг гуйвуулсан хэсгийг хасах, Бат хааны дүрд монгол жүжигчин тоглуулахыг шаардан, хөрөнгө оруулалтаа түдгэлзүүлээд байсан.
Гэтэл сүүлийн үед “Кевин Спейси Бат хааны тухай кинонд тоглоно” гэх мэт мэдээлэл цацагдаж байна. Тиймээс бид гурван шаардлага хүргүүлж байгаа” гэлээ.

“Махаан пикчерс” ХХК-ийн Ч.Билгүүн “Энэ киноны зохиол бидэнд анх 2018 онд ирсэн. Тухайн үед Монголын үүх, түүхийг их гуйвуулсан, Унагрыг дөвийлгөсөн зохиол байсан л даа. Бид тухайн зохиолыг уншаад, гуйвуулсан хэсгүүдийг нь засаад, өөрчлөөд явуулсан.
Дараа нь бид хамтран баг бүрдүүлээд, хөрөнгө зарцуулаад “1242-Баруунд хүрэх гарц” кинонд тоглох гол дүрээ сонгосон. Монголын нэр, нөлөө бүхий 10-аад жүжигчнийг сонгон шалгаруулалтад оролцуулаад, наймыг нь албан ёсоор сонгосон. Үүнийгээ Унгар, Их Британийн тал руу албан ёсоор хариу мэдэгдсэн. Тэгээд яг хүлээж байх нь ээ, бидний засаад явуулсан зохиол дээр дахиад засвар хийгээд, монгол цэргүүдийн дэргэд янхны газар дагаж явдаг гэх байж боломгүй хэсгийг бидний зөвшөөрөлгүйгээр оруулчихсан, хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчнийг гол дүрээрээ сонгочихсон байсан. Бидэнд албан ёсны ямар ч хариу хэлээгүй. Сонгогдсон байсан монгол жүжигчид хүртэл гайхаж байна. Гэтэл Унгарын тал Монголын өөр продакшнтай гэрээ байгуулах гээд, хөөцөлдөж яваа нь ёс зүйгүй үйлдэл.
Бид Унгартай талтай шуурхай холбогдох гэж оролдсон. Бидэнтэй холбоо бариагүй, хариу өгөөгүй.
Бат хааны тухай киноны Монгол дахь зураг авалтыг 2022 оны аравдугаар сард хийнэ. Түүх, соёлыг маань гуйвуулсан кинонд Монголын тал оролцох эсэх эргэлзээтэй байна. Кевин Спейс хүүхэд хүчирхийлсэн хэргээр их дуулиантай байгаа.
Монголын түүхийг 70-80 хувь гуйвуулах зохиолтой, хүчирхийллийн хэрэгт холбогдсон жүжигчинг гол дүрд тоглуулбал Бат хааныг дэлхийд яаж харах вэ. Монголын кино урлагийг гадагшаа хаах эрсдэл үүсчихлээ.
Одоо байгаа Монголын түүхийг гуйвуулсан зохиолыг засахгүй, гэрээний дагуу гол дүрд монгол жүжигчнийг тоглуулахгүй бол Бат хааны тухай киног бүтээхээс Монголын тал татгалзана. Гэрээний үүргээ биелүүлээгүй Унгарын талыг олон улсын шүүхэд өгнө” гэлээ.
Үүнтэй холбоотой өөр нэг мэдээллийг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.