Нийгмийн

“BOOM”: Зүрх бэлэглэгч

www.eguur.mn сайт энэ удаагийнхаа “BOOM” буланд Монгол Улсын Хүний Гавьяат эмч Бундангийн Болдсайхан эмч болон түүний санаачлан хэрэгжүүлж яваа “Бундан” сангийн “Хязгаараас чинад”, “Зүрх мартахгүй” төслийг онцоллоо.

Монгол Улсын Гавъяат эмч, “Сонгдо” эмнэлгийн дарга Бундангийн Болдсайхан нь Говь-Алтай аймгийн Төгрөг суманд төрсөн.

Нэгдүгээр сургуулийн тооны ангийг төгссөж, аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн эмч болсон. Эр цэргийн алба хаасан, бэлтгэл офицер.

Сургуулиа төгсөөд Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Дорноговь аймаг, Завханы Тэлмэн суманд ажилласан. Мөн анагаахын сургуульд долоон жил багшилж, аавынхаа ажиллаж байсан III эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт олон жил ажилласан.

Улмаар “Сонгдо” эмнэлгээ байгуулсан түүхтэй. Тэр аавынхаа зүрхний мэс засалд нэвтрүүлсэн технологийг өөрчилж, 5-6 цаг хийдэг байсан хагалгааг хоёр цаг болгосон.

Б.Болдсайхан эмч, нийтлэлч, яруу найрагч. “Ариун голомт” нийтлэл, ярилцлагын ном  гаргасан.

“Хязгаараас чинад” баг гурван жилийн хугацаанд 14 мянган хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, “Зүрх мартахгүй” баг 500 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ.  

Энд онцлон тэмдэглэхэд “Хязгаараас чинад” төсөл нь алслагдсан аймаг, сум, сууринд мэргэжлийн багаараа хүрч очиж, эмчийн үзлэг хийнэ. Энэ үзлэгээр зүрхний гажиг оношлогдсон хүүхдүүд “Зүрх мартахгүй” төсөлд хамрагдаж, Улаанбаатар “Сонгдо” эмнэлэгт ирж хагалгаанд ордог.

Хүүхдийн зүрхний төрөлхийн гажигийн мэс заслыг үнэ төлбөргүй хийж, гэр бүлийг санхүүгийн дарамтаас чөлөөлөх, гадаадад эмчлүүлэх мөнгөний урсгалыг багасгах, тус мэс заслын зардлыг ЭМД-ын сангаас төлөгддөг болгох нь төслийн зорилго юм.  

Төслийн онцлог нь хаана ч, хэнд ч хүрч үйлчилдэг. Урцанд, тал хээр, уулын модонд, замын хоолны газар, малчны хот, автомашин гээд зориод ирсэн хэн бүхэнд үйлчилж Монгол орноо тойроод зогсохгүй, хилийн чинадад гарав.

Үе дамжсан зүрхний гавьяат эмч энэ хугацаанд хандиваар тоглоом, живх цуглуулан бяцхан зүрхнүүдийг саатуулж, нуугдаж тоглон, төрсөн өдрийг нь хамт тэмдэглэж, тэврэлдэж, эрхлүүлж, аргадаж эрүүл зүрх бэлэглэсээр явна. 

Зүрхний төрөлхийн гажиг дэлхийд 100 төрөлт тутам нэг тохиолддог. Монгол улсад жилдээ дунджаар зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхэд төрж байгаагаас 200-300 мэс засал хийх шаардлагатай байна.  Энэ л хэрэгцээ, шаардлагыг биелүүлэх нь төслийн багийн эрхэм зорилго, зорилт юм.

Олон улс дахь нярайн Зүрхний төрөлхийн гажиг мэс заслын дундаж зардал Тайланд улс-170 сая төгрөг, Солонгос улс-160 сая төгрөг, БНХАУ- 50 сая төгрөг, Турк улс-72 сая 500 мянган төгрөг, Монгол улс-15 сая төгрөг байна. “Зүрх мартахгүй” төсөл өнгөрсөн хугацаанд олон нийтийн хандивын сан, байгууллага, хамт олны хандив, дэмжлэгээр 500 хүүхдийн хагалгааны зардлыг шийдсэн байна.

Улаанбаатар “Сонгдо” эмнэлэг нь 2017-2021 онд 3.5 сая ам.доллар буюу 8 тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий зүрхний нарийн мэргэжлийн мэс заслын тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл суурилуулснаар зөвхөн монголдоо төдийгүй, хилийн чинадаас ч бяцхан зүрхнүүд зорин ирсээр...   

Б.Болдсайхан эмч эх үрсийн баярын энэ өдөр багтайгаа хамт Говь-Алтай аймаг захуйн говиор хязгаараас чинад аялан үзлэгээ хийж яваа. Тэр  өчигдөрхөн 64 жилийн өмнө аавынхаа байгуулсан Захуй сумын эмнэлгийн буурин дээр, аавынхаа 40 жилийн өмнө зүрхний хагалгаа хийлгэсэн хүний хүүхдийг үзэж, амьдралын эргэх холбоо, учралд саатан явна. 

ХЯЗГААРААС ЧИНАДАД зорчиж, амьдрал бэлэглэдэг түүнийг ЗҮРХ МАРТАХГҮЙ...  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-01 10:35

Ачтхй буянтай эмч шүү

Зочин
Зочин
2022-06-01 10:45

Болдсайхан эмчдээ аз жарг�##� хүсий

Зочин
Зочин
2022-06-01 10:47

Олон хүүхдийн бяцхан зүрхийг аварсан мундаг хүн дээ.

zochin
zochin
2022-06-01 13:23

Olon xuuxdiin ami nasiig avarch byatsxan ursuuded amidral belegledeg burxan emch xun baina daa Ajil uilsed tani amjilt xusie

IrgenИргэн
IrgenИргэн
2022-06-01 13:31

100 huvi daatgald hamruulah heregteishdee, oroogui um uu? Ene achtai emchid eruul enhiig husie.

Зочин
Зочин
2022-06-01 20:41

Эгэл нэгэн эгэлгүй баатар, амьдр�##� бэлэглэгч. Танаар бахархдаг шүү.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button