Нийгмийн

Х.Баттулга, У.Хүрэлсүх нар Цагаан суваргын ордоос болж МУУДАЛЦСАН УУ

-У.ХҮРЭЛСҮХ НАМЫН ГИШҮҮДТЭЙГЭЭ САЛХИНД ГАРЧ, Х.БАТТУЛГА АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭТЭЙ “НАЙРДАМЖЭЭ”-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын эв түнжин ойрд хагарч, намын нөхдөө түшихийг илүүд үзэх  болсон нь тодорхой харагдаж буй. Тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх амралтын өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээ амралтын газар урьж уулзсан.

Уулзалтын үеэр “Миний, чиний ялгахгүй, судалгаагаар өндөр рейтингтэй байгаа гишүүдэд тойрог өгнө” гэж амалсан байдаг. Намын даргын энэ үг нь 2020 онод МАН-аас тойрог олдохгүй гэж гэж бодож явсан М.Энхболдын талын гишүүдэд ихээхэн таалагдсан юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АН-ын дарга С.Эрдэнэтэй учир зүйгээ олж, харилцан нэгнээ бодлогоор дэмжиж эхэлсэн. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд мэдээлэл хийж, парламент сайн дураараа тарахыг  уриалсан. Үүнийг АН-ын дарга С.Эрдэнэ дэмжиж буйгаа илэрхийлж  улмаар эрх баригч намын эсрэг 30 хоногийн жагсаалт хийнэ гэж мэдэгдсэн билээ.

АН-ын дарга С.Эрдэнэ өмнө нь Ерөнхийлөгчийн шүүх засаглалтай холбогдох хуулиудын өөрчлөлтийг дэмжээгүй. Дээрээс нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой түнжин хагарсан зэрэг шалтгаанаар Ерөнхийлөгчтэй хаалтны цаанаас харилцаж байсан юм. Тэд дундын зуучлагчгүй, шууд байдлаар эвээ олж байхаар яриа хөөрөөг хийсэн аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ч тэр, нэгэн үес зөвхөн өөрийн талын 36 УИХ-ын гишүүнтэйгээ харилцдаг байв. Тэр энэ байдлыг эвдэх санаачлагыг өөрөө эхэлж гаргасан нь ихээхэн анхаарал татаж буй.

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ Н.НОМТОЙБАЯР ГИШҮҮНТЭЙ ТОХИРОЛЦООНД ХҮРСЭН ҮҮ...-

Тэд ийм байдлаар өөрсдийн намын харилцааг эрхэмлэх болсон нь дундын зөрчлүүд үүссэнтэй холбоотой гэж яригдаж байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “МАК” компанийн эзэмшил дэх Цагаан суваргын ордыг төрд авах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд удаа дараа шахалт үзүүлсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнө нь Цагаан суваргын ордыг “Мак” группээс төрийн мэдэлд шилжүүлэн авна гэж мэдэгдэж байсан. Гэвч Ж.Мөнхбат гишүүнээр дамжуулах замаар Н.Номтойбаяр гишүүнтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийхээр товлосон гэж яригдаж байгаа юм.

Тиймээс ч Ерөнхийлөгчийн зүгээс ирсэн шахалтад тодорхой хариулт өгч чадаагүй. Үүний улмаас Х.Баттулга, У.Хүрэлсүх нар муудалцсан гэх яриа хөшигний ард  сонсогдож байна.Н.Номтойбаяр гишүүн “Цагаан суваргын ордыг авмаар байвал төр дээрэмдээд аваарай” гэж өмнө нь мэдэгдсэн байсан билээ.

Гэвч тэрээр хөшигний ард уг асуудлаар тохиролцоо хийхээр тодорхой хэлцлүүд хийсэн нь Ерөнхийлөгчийн бухимдлыг төрүүлсэн гэгдэж буй юм. 

Ж.МЯДАГБАДАМ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button