НИЙГЭМ

Узбекистан, Монголын иргэд харилцан визгүй зорчихоор боллоо

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжингийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2022 оны зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан нар оролцов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хооронд хамтран ажиллах “Харилцан ойлголцлын протокол”-д Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Узбекистан Улсын Тээврийн яамны дэд сайд Жасурбек Чориев нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Тээврийн яам хооронд байгуулсан протоколын хүрээнд “Агаарын харилцааны тухай” болон “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, үндэсний тээвэрлэгчдэд тээвэр хийх боломжит нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн шинэ коридор байгуулах асуудлуудыг тусгасан бөгөөд талууд хоёр улсын хооронд авто тээврийн 100, гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийх 50 буюу  нийт 150 зөвшөөрлийн бичиг харилцан солилцлоо. Монгол Улсын иргэд 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс Бүгд Найрамдах Узбекистан Улсад визгүй зорчдог болсон бөгөөд энэ 2022 оны  зургаадугаар сарын 3-ны өдрөөс Узбекистан улсын иргэд Монгол Улсад визгүй зорчихоор боллоо. Энэ нь хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн хэрэгцээ, зах зээл өсөхөөс гадна авто тээврийн жолооч нарын хувьд хоёр орны хооронд болон гуравдагч улсаар дамжин тээвэрлэлт хийхэд визийн хөнгөлөлт нь чухал дэмжлэг болох юм.  

Монголын талаас “МИАТ” ТӨХК хоёр улсын хооронд ачаа тээврийн нислэг, “Хүннү Эйр” ХХК зорчигч тээврийн нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэдэгдээд хоёр улс хооронд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлэхээр Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах талаар санал солилцов.

Талууд Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг 2003 онд тохирч үзэглэсэн боловч тухайн төсөл нь сүүлийн үеийн агаарын тээврийн эрх зүйн шаардлагатай нийцэхгүй байгаад санал нэгдэв. Ойрын хугацаанд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах, хэлэлцээр эцэслэн байгуулагдах хүртэл хоёр талын агаарын тээвэрлэгчдийн чартер болон карго нислэгийн зөвшөөрлийг түргэн шуурхай олгож байхаар тохиролцлоо.

Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button