Газрын тосны бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сараас 20 хувь өсчээ

ОПЕК+ өнгөрсөн долоо хоногт шатахууны үнийг бууруулах, инфляцийг сааруулах зорилгоор нефтийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр тохиролцсон нь АНУ болон газрын тос хэрэглэдэг бусад орнуудын жил гаруйн шаардлага, шахалттай холбоотой байв. Гэхдээ энэ нь түүхий нефть үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн тасалдлыг нөхөх нөөцгүй болох эрсдэлтэйг анхаарууллаа. Нөөцийн хэмжээ буурснаар нефтийн үнэ тогтворгүйжихэд нөлөөлөхөөс гадна барууны орнуудын хориг арга хэмжээнд нэрвэгдсэн ОХУ-ын экспорт буурч, үйлдвэрлэлийн олборлолтод тасалдал үүсэх магдлалтайг шинжээчид дүгнэж байна.
Дэлхийн түүхий эдийн худалдаа эрхэлдэг Трафигурагийн гүйцэтгэх захирал энэ онд нефтийн зах зээл таамаглах аргагүйд хүрч, үнэ дээд цэгтээ тулан эдийн засгийн өсөлт удааширч болзошгүйг анхааруулсан. Тэрбээр мөн нефтийн үнэ удалгүй нэг баррель нь 150 ам.долларт хүрч өсөх магадлалтай хэмээн мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний үнэ 4 дүгээр сартай харьцуулахад 20 хувиар өссөн байна.
Дэлхийн зах зээлд ийнхүү газрын тосны үнэ өссөөр байгаа ч, Засгийн газраас АИ-92 автобензиний гаалийн албан татвар болон Дизель түлшний онцгой албан татварыг тэглэснээр үнийн өсөлтөөс сэргийлж чадсан. Мөн Роснефть НХН-тэй хэлцэл хийж, үнийн өсөлтөөс сэргийлээгүй бол дотоодод худалдаалах шатахууны үнэ литр тутамд 800-1000 төгрөгөөр өсөж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, инфляцид савлагаа үүсгэх эрсдэл байв.
ОПЕК-ын нөөцийн хэмжээ, эх сурвалж: www.eia.gov
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.