НийгмийнҮйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Үсээ боож, хайч, чулуу, даавуудах боломжтой хүүхдийн гар бүтээдэг "СИМ БИОНИКС”

Монгол залуус тусгай хэрэгцээт иргэд, гарын бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор булчингийн үйл ажиллагаагаар хөдөлгөөн хийх боломжтой ухаалаг “бионик гар”-ыг үйлдвэрлэж байна.

Гарын бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд бусдын энгийн л үйлдэл болох үсээ боох, хуруугаараа тоо тоолох, үзэг барих зэрэг нь туйлын мөрөөдөл нь байдаг. Тэгвэл эдгээр бяцхан хүүхдүүдийн хүслийг биелүүлэхээр бионик гар үйлдвэрлэж эхэлжээ.

Энэ онд эднийх 50 хүүхдийг ийм төрлийн гартай болгох зорилготой бөгөөд одоогоор арваад хүүхдийг "бионикс" гартай болоод байна. Ирээдүйд Монгол улсад ийм төрлийн бэрхшээлтэй 580 гаруй хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх чин хүсэл тээж явна.

  • Брэндийн нэр: "БИОНИК ГАР"
  • Үүсгэн байгуулагч: Г.Тулга
  • Үүсгэн байгуулсан он: 2012 он
  • Сошиал хуудас: Skywalker SEM Bionics
  • Холбогдох утасны дугаар: 85871166

Бид eguur.mn сайтынхаа ҮЙЛДВЭРЛЭГЧ буланд “СИМ БИОНИКС” ХХК-ийн электроны инженер Г.Оюунчулуун урьж оролцууллаа.

-НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД 2022 ОНД 50 ХҮҮХДИЙГ БИОНИК ГАРТАЙ БОЛГОНО-

-Бионик гарыг хэзээнээс эхэлж үйлдвэрлэж эхэлсэн бэ?

-Бионик гарын ерөнхий санаачлагч нь манай захирал Г.Тулга. Анх хийх болсон шалтгаан нь Монгол улсын хэмжээнд 580 гаруй гарны бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн судалгааг хийсний үндсэн дээр багахан ч гэсэн хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх зорилго тавьж, 2018 оноос хийж эхэлсэн.

-Бионик гар гэхээр автомат гар гэж ойлгож болох уу, яг ямар процесс явагдсанаар нь үйлдлээ хийдэг вэ?

-Арьсанд мэдрэгч нааж, хурууны хөдөлгөөнүүдийг танихаар программчлагдсан гэсэн үг. Тэрхүү мэдрэгч нь цахилгаан хэлбэлзэл долгионуудыг мэдрээд хуруунуудыг хөдөлгөнө. Автомат, механик гараас ялгаатай. Бионик гар гэдэг нь биологи, электроник, программ хангамжийн шинжлэх ухаан нийлсэн цогц шийдэл юм.

Салбар бүрийн инженер өөр, өөрийн гэсэн онцлогтой. Эмбэд систем хөгжүүлэгч инженерүүд гарын бүх кодыг бичихээс гадна булчингийн мэдрэгч дохиог ялгаж авч боловсруулж, мотор руу дамжуулж өгдөг. Бид хийцийн хувьд ч илүү хөнгөн, дизайныг боловсронгуй болгохоор ажиллаасаар л байна.

Ийм учраас хөдлөхдөө булчингийн мэдрэгчээр дохио уншиж, өөр өөр төрлийн үйлдэл хийдэг. Мөн нэг гарын бэрхшээлтэй хүүхдүүд ирээдүйд нурууны суулттай болдог гэж ярилцдаг. Харин энэ гарыг хийснээрээ биеийн байдал тэнцвэржинэ. Цаашлаад хүүхэд компьютерийн хулгана дарах боломжтой болно гэдэг утгаараа ирээдүйд дэлхийн том байгууллагууд уригдаж ажилладаг программист болох ч юм билүү /инээв/.

-ХАЙЧ, ЧУЛУУ, ДАВУУ ТОГЛОЖ БОЛОХООР ПРОГРАММЧИЛСАН-

-Бионик гар хэдэн үйлдэл хийх вэ?

- Энэ бол жаахан хүүхдийн гар. Ерөнхийдөө найман үйлдэл хийдэг. Тоолох, үзэг барих, үсээ боох, компьютерийн хулгана товших гэх мэт үйлдлүүд хийнэ. Хамгийн сонирхолтой нэг зүйл нь хүүхдүүд найз нөхөдтэйгөө хайч, чулуу, даавуу гэдэг тоглоомыг тоглож болох үйлдэлтэй. Бионик гарын хөгжүүлэлт дээр бүтэн баг ажиллаж загвар дизайн, фирмвейр кодчилол гээд деталь хэсэг бүрд хөгжүүлэлт хийж байгаа учир туршилт, сайжруулалт хийх бүрд илүү боловсронгуй болно гэдэгт бид итгэлтэй байгаа.

Үүнээс гадна инженер, механик, програм хангамж, зураглалын хосолсон хөгжүүлэлтийг дотоодод хийж, үйлдвэрлэлийн хэмжээнд боловсруулна гэдэг нь өөрөө том дэвшил гэж би хувьдаа ойлгож байна. Хэрвээ бид энэ ажлаа улам боловсронгуй болгон хийж чадвал гадаадын өндөр өртөгтэй хиймэл гар захиалж, эд анги нь эвдэрсэн тохиолдолд дахин авах гэдэг ойлголтыг бүрэн хална шүү дээ.

-Нэг гарыг хэдий хэр хугацаанд үйлдвэрлэх вэ?

-Гурван долоо хоног болно. 3D принтер ашиглан PLA гэх пластик материалаар 3D хэвлэх технологиор хийгддэг бөгөөд бусад хиймэл гаруудтай харилцуулахад өртөг бага, үйлдвэрлэх хугацаа богино, хүүхдийн төсөөлөлд тааруулан хүссэн өнгө хэлбэрээр бүтээх боломжтойгоороо онцлог. PLA материалын хувьд эрдэнэ шишийн цардуулаас гарган авч, үйлдвэрлэгддэг учир ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд түүнийг хэрэглэж буй хүүхдүүдэд гаж нөлөө, харшил өгөхгүй зэрэг давуу талуудтай.

-Энэ төрлийн гаруудтай харьцуулахад өртөг бага гэлээ шүү дээ. Тодруулбал?

-Дэлхий нийтийн дундаж үнэ 30 мянган доллар байдаг. Харин манай бионик гар таван мянган долларын үнэтэй. Гэхдээ бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж байгаа учраас яг хэрэглэгчдийн гар дээр очихдоо үнэ төлбөргүй очиж байгаа. Бусад ААН, хувь хүмүүсийн тусламжийг авч байгаа гэж ойлгож болно. Тиймээс хамтарч ажиллах хүсэлтэй байгууллага, аж ахуй нэгжүүдэд нээлттэй. Хамгийн гол анхаарах ёстой зүйл нь хөдөлгөөний бэрхшээлтэй, хөдөлгөөн хязгаарлагдмал хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжин, бие даах чадварыг сайжруулж нийгэм, соёлын амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь туслах юм.

-АНХ БИОНИК ГАРТАЙ БОЛСОН ХҮҮХДҮҮД БАЯРЛАЖ АНГИЙХАНДАА ОЧИЖ ГАЙХУУЛЖ БАЙСАН-

-Анх бионик гартай болсон хүүхдүүд ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

-Мэдээж нүднээс нь баяр жаргал гэрэлтдэг. Маш их сонирхож үйлдлүүдээ дахин, дахин хийж үзээд л хөөрхөн шүү дээ. Манай захирал Г.Тулга тэргүүтэй хүмүүсийн анх туршилт хийсэн хүүхдүүд ангийнхандаа очиж гайхуулж байсан гэдэг юм билээ. Ямартай ч манай баг хамт олон хүүхдүүдээ хараад хайр хүрнэ. Хийсэн зүйлийнхээ алдаа оноо нь юу байв. Цаашдаа засаж сайжруулах, илүү боловсронгуй болгох тал дээр ярилцдаг.

-Танай компанийн хэтийн зорилго юу вэ? Ямар зорилт тавин ажиллаж байна?

-Мэдээж гарын бэрхшээлтэй 580 хүүхдүүдээ гартай болгох зорилготой гэж хэлсэн. Мөн дээрээс нь хөл үйлдвэрлэж магадгүй. Олон, олон хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ технологийн аргаар тус хүргэх. Цаашид бид 5000, аль эсвэл тэрнээс ч илүү олон хүнд хүрч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Зөвхөн хүүхдүүд гэлтгүй үйлдвэрлэлийн ослоор гаргүй болсон олон арван хүнийг гартай болгохын төлөө ажиллах нь бидний нэг ноймрын зорилго. Тэднийг гартай болгох боломж нөхцөл ч бидэнд гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-10 08:36

Ямар буянлаг юм бэ. Олон хүний өмнөөс гялайлаааа????????????

Зочин
Зочин
2022-06-10 09:23

Мөрөөдөл байлгүй яахав. Мундаг з�##�ууд баярл�##�аа

Зочин
Зочин
2022-06-10 09:24

Сонирхолтой юмааа

Bidon
Bidon
2022-06-10 14:34

P###aa yasan unetein joohin filament l orj bgaa sh te

wow
wow
2022-06-11 01:03

Мундаг байна. 3д принтер ашигласан тул үнэ нь буусан юм байна. тэрнээс аягүй үнэтэй байдаг.

Зочин
Зочин
2022-06-20 06:20

Сайн үйл хийж буй з�##�уусыг төр олж хараад дэмжихэд яадаг байнаа ?. Цаашдаа улам их зүйл хийж дэлхийгээс түрүүлж �##�хан шинэ нээлтүүд нэвтрүүлэхийг хүсэн ерөөе!!!!!

Холбоотой мэдээ

Back to top button