
Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх, иргэдийн мэдэх эрхэнд халдахгүй байхыг шаардаж тайван жагсаал хийж байна. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ.
М.ОТГОНБАЯР: Г.ГЭРЭЛМААД ТОХИОЛДСОН ЗҮЙЛ БОЛ МОНГОЛЫН СЭТГҮҮЛ ЗҮЙД ХАРААР БИЧИГДЭХ ҮЙЛ ЯВДАЛ

/"Isee.mn” сайтын эрхлэгч/
Энэ бол зөвхөн Г.Гэрэлмаад бус Монголын бүх сэтгүүлчид тулгарсан асуудал. Төрийн нууц хамгаалах ёстой субьектууддаа л байдаг. Товчхондоо төрийн өндөрлүүгэдэд л төрийн нууцад хамаарах мэдээллүүд байдаг. Үүнээс бусад мэдээллийг сурвалжлах, иргэдэд мэдээлэх үүрэгтэй.
Зайсанд болсон үйл явдал бол магадгүй Үндсэн хууль, Эрүүгийн хуулийг зөрчсөн, хувь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халдсан үйлдэл. Монголын нийгмийн тогтолцооны гол үнэт зүйл нь иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөө. Энийг бид хамгаалах, хайрлах ёстой. Сэтгүүлч Гэрэлмаад тохиолдсон үйл явдал бол Монголын сэтгүүл зүйд хараар бичигдэх үйл явдал.
Тусгай анги, хэрэгслээр бичсэн, сэтгүүлчийн эсрэг цацсан байж магадгүй бичлэг, бичвэрийг прокурорын байгууллага яагаад шалгахгүй байна вэ. Нийгмийн хуулийн хүрээнд байлгаач, хүний эрх чөлөө, нийгмийн үнэт зүйлийг хамгаалаач гэж уриалъя.
Ш.ОЮУНЧИМЭГ: БИД АЛЬ НЭГ НАМ, УЛСТӨРЧИЙГ ОГЦРОХЫГ ШААРДААГҮЙ
/News.mn сайтын Ерөнхий эрхлэгч/

Бид аль нэг өндөр албан тушаалтныг огцруулах шаардлага тавиагүй. Өнөөдөр гурван шаардлага тавина. “Парламент” телевизийн сэтгүүлч Гэрэлмаагийн хийсэн бичлэгийг яагаад устгаснаа цагдаа, прокурорын удирдлагууд мэдээлэл өгөхийг шаардаж байна. Хоёрдугаар манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс 22 байраар ухарсанд эрх баригчид дүгнэлт хийх шаардлагатай. Гуравдугаарт, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг сэтгүүлч Г.Гэрэлмаагаас өөрөө уучлал гуйх ёстой.
Н.ӨНӨРЦЭЦЭГ: НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮС ЦАГДААГААР ДАМЖУУЛЖ СЭТГҮҮЛЧДИЙГ ДАРАМТАЛДАГ

/"Zarig.mn" сайтын эрхлэгч/
Сэтгүүлч, цагдаа нартай үл ойлголцсон ганцхан жишээ энэ биш. Сэтгүүлч цагдаа нарт камераа, нотлох баримтаа хураалгачихдаг. Гэтэл цагдаа нар дараа нь өөрсдийгөө эвтэйхэн харагдуулах, өөрсдөдөө ашигтай байдлаар бичлэг цацдаг. Тэгж өөрсдийгөө хаацайлж, сэтгүүлчдийг буруутгасаар ирсэн учраас өнөөдөр ийм нөхцөл байдал үүслээ.
Өнөөдөр сэтгүүлч, цагдаа нар хоорондоо үл ойлголцох бус цаашид хэрхэх вэ гэдэг чухал. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө ажлаа хийдэг. Цагдаа нар ажлыг нь хийлгэхгүй, энийг дамжуул, энийг дамжуулуулахгүй гэдэг.
Сайд, дарга нар цагдаагаар дамжуулж сэтгүүлчийг дарамталдаг. Цагдаагаар баахан явуулж, мэдүүлэг авхуулсныхаа дараа хэрэгсэхгүй болголоо гэдэг. Энэ хэрээр сэтгүүлчид ажлаа алддаг, шантардаг, дарамт мэдэрдэг. Тиймээс ийм хууль бус үйлдлээ зогсоо гэж цагдаагийн байгууллагаас хүсье.
С.БУДРАГЧАА: ЦАГДАА НАР СЭТГҮҮЛЧДИЙГ ХАГАЛАН БУТАРГАЛАА
"Nuuts.mn сайтын сэтгүүлч/
Сэтгүүлч Гэрэлмаагийн нүүр номондоо бичсэнийг уншаад маш их цочирдсон. Ажлаа хийж байсан сэтгүүлчийн гар утсыг шууд булаан авч, шууд дамжуулалтыг зогсоосон. Сэтгүүлч Г.Гэрэлмаа төрийн тусгай хамгаалалттай газар руу нэвтрээгүй. Хэвлийн тус газар руу нь хэд хэдэн удаа цохисон.
"Согтуу байна" хэмээн худлаа шалтгаанаар баривчилсан. Цагдаа нар яагаад ийм муухай харгис болчихов. Энэ бүхэн ямар сайдын үед болж байгааг та бүхэн мэднэ. 13 мянган цагдаагаас ажлаа шударгаар хийдэг хүмүүс ч бий. Тэд бага цалингаар хүнд нөхцөлд ажилладгийг би сайн мэднэ.
Сэтгүүлчид цагдаа нарт үргэлж хүндэтгэлтэй хандан, хамтран ажилласаар ирсэн. Гэтэл цагдаа сэтгүүлчдийг хагалан бутаргалаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгдийг нь буудаач. Сэтгүүлчдийн үүрэг гэж юу байдгийн. Шантаажчин балай гарууд