
Чика гэх энэ япон бүсгүй Монголд ирж, суурьшин амьдраад 20 жил болж байгаа аж. Угсаатан судлаач мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд тэр аялал жуулчлал, медиа чиглэлээр компани байгуулж, орчуулагч, хөтөч хийж, малчин ч болж үзсэн.
Сүүлийн жилүүдэд морьт харваагаар хичээллэж өөрийн сүргээсээ хэдэн морьдоо ялгаад морьт харваан клубт сургаад оруулчхаж. Мөн “Уудам монгол” сургуульд япон хэлний багш ажилтай. Бид Ямамото Чикагийн морьт харвааны бэлтгэл дээр Сонгинохайрхан уулын энгэрт уулзаж, ярилцлаа.

-Чика, монголд ер нь анх хэзээ, ямар зорилгоор ирсэн бэ?
-1990 оны долоодугаар сарын 28-ны Бямба гарагт ирсэн.
-Ямар сайн санадаг юм бэ?
-Тэр өдөр монголд нэг сонгууль болж байсан. Тэгээд би маш тод санадаг. Тэр үед би Токиогийн их сургуулийн гадаад судлалын монгол хэлний 2, 3 дугаар курсын оюутнууд багш нартайгаа нийлээд 12 хүн ирсэн.
-Оюутан солилцоо гэсэн үг үү?
-Үгүй ээ. Би тэр үед Монгол ардчилсан орон болсон, Япон-Монгол хооронд аялахад чөлөөтэй болсныг олж мэдээд багшаасаа гуйсан. Манай багш Бээжин, Хөххот, Монголд япон хэл зааж байсан хүн учраас шавь багшийнхаа шавь нарын дэмжлэгээр энэ аялал зохион байгуулагдсан. Бид нарыг Улаанбаатар хотод байх үед МУИС-ийн гадаад оюутны байранд оруулсан. Өрөөнд байдаг шугамын радиогоор цаг агаарын мэдээг сонсоод хэд хоносон чинь шууд ойлгож эхэлсэн. Яриандаа ч бас сайжирч байсан. Би хичээлээ огт тасладаггүй байсан хирнээ дүрэм, тэр тусмаа тийн ялгалын учрыг олдоггүй байсан. Тэгсэн монголд ирээд монгол багш нартай хөдөө аялаад малчид, амрагч нартай ярилцаж, ойлголцож дараа нь бид захидлаар харилцдаг болсон.
-Үүний дараа нь хэдийд ирэв?
-1991 онд Япон монголын хамтарсан “Гурван гол”-ын төслийн орчуулагчаар гурван сар ажилласан. Үүний дараа нь 1992-1994 онд МУИС-ийн мэргэжил дээшлүүлэгч оюутан болсон. Картын барааны жилүүдэд ингэж монголд амьдарсан. Оюутан байхаасаа Жайкагийн төслийн хэлмэрч, зохицуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос компани үүсгэн байгуулаад суурин амьдарч эхэлсэн. Энэ жил 20 жил болж байна. Монголын төр гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа өөрчилж, дүрмийн сангийн доод хэмжээг 10 сая төгрөгөөр тогтоож, хэд хэдэн татвараас чөлөөлөх зэрэг таатай нөхцөл бий болсон үе юм.
-Аанх. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн таатай өөрчлөлтийг та хэрхэн ашигласан бэ?
- Японд байхдаа баримтат киноны найруулагч, нэвтрүүлгийн зохион байгуулагч хийдэг байсан. Монголд ирээд медиа координатор, эко аяллын компани байгуулсан. Байгаль орчныг хамгаалах, өв уламжлал, соёлыг хадгалах, орон нутгийн хүмүүсийн эдийн засгийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний багуудтай хамтарч ажиллах зэрэг олон чиглэлд ажилласан. Мөн малчид, анчидтай хамтран өвөрмөц аялал хийж, тэдэнд шууд орлого олж өгч байсан.
- Амжилттай сайн ажилласан уу?
- Ер нь гайгүй. Би менежмент талаар мэдлэг муутай байсан учраас мөнгийг зөв эргэлтэд оруулж, ашигтай ажиллуулж чадаагүй. Хамтран ажиллаж байсан монголчууд маань ашиг сонирхол нь таарахгүй байсан учраас салаад явцгаасан. Гэхдээ би шантраагүй, ажлаа хийсээр л байлаа. Аялал жуулчлал, хэлмэрч орчуулагчийн ажилдаа их дуртай, одоо ч хийж л байна. Эко аялал монголыг монгол шиг хөгжүүлэх хамгийн сайн арга гэж хардаг. Миний хамгийн гол зах зээл бол Япон. Сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас би ч явж чадахгүй, тэд ч ирж чадахгүй болсон. Энэ хугацаанд “Уудам монгол эдүкэйшн” сургуулиас 2019 оны 10 сард санал тавьж, багшилж эхэлсэн.
-МАЛ МАЛЛАХ, ӨСГӨХ АМАР ЗҮЙЛ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОЛОО-
- Монголд амьдарсан 20 жилээ дүгнээд харахаар юу бодогддог вэ?
-Бүх ажлаа төлөвлөсөн дагуу хийсэн бол өдийд нутагтаа харьчихсан байж магад. Арван жилээр төлөвлөөд явсан ч таван жил болоод оновчтой хийж чадахгүй, муу захирал гэдгээ ойлголоо. Мөн МАА-д бие дааж, малчин хүн өөрөө эдийн засгаа босгож чадах эсэхийг өөрийн биеэрээ хийж үзье гээд байсан мөнгөөрөө хонь ямаа аваад 2009 онд мал маллаж эхэлсэн. 2010 онд их хатуу өвөл болж, малын маань тал нь зуданд явчихсан. Би бүх хонь, ямаандаа өнгө зүсээр нь нэр өгчихсөн, бүгдийг нь таньдаг байсан учраас тэр үхлээ, энэ үхчихлээ гээд уйлж, шаналдаг байсан.
- Үргэлжлүүлээд малаа малласан уу?
- Хөдөө интернэтгүй болохоор бусад ажлууд маань орхигдох шинжтэй болсон. Тэгээд 2010 оноос малчидтай хамтарч ажиллахаар болсон. Цагаа хуваарлаад тодорхой сонгосон өдрүүддээ малаа маллах, холбогдолтой судалгаа хийж ирлээ. Өнгөрсөн хугацаанд хонины морь, тугалтай үнээ гэх мэтээр нэмж авч, өөрийн сүрэгтэй болсон.
- Мал маллах амар ажил биш. Та энэ бүхэнд хэр хурдан хугацаанд дасав?
-Мал маллах, өсгөх гэдэг нь амар биш гэдгийг ойлголоо. Бэлчээрийн асуудал, нутгийн малчидтай учир зүйгээ олох, малыг онд мэнд оруулна гэх мэт олон асуудал бий. Би өөрөө туршлага дутуугаас малаа алдах тохиолдол байсан. Адал явдал ч бас тохиолдоно. Нэг удаа хавар мал төллөх үеэр ганцаараа нохой хөтлөөд хониныхоо араас явсан. Тэгээд цасан шуурганд төөрч, зүгээ алдаад азаар чоно агнаж явсан цэргийн хүмүүс аварч, гэрт хүргэж өгсөн.
- Та хаагуур нутаглаж байв?
- Анх Төв аймгийн Сэргэлэн сумын Хоолтын даваа орчим байсан. Дараа нь Эрдэнэ сум, Налайх орчим очсон. Адуугаа болохоор цаг агаарын аль таатай газар оторлуулж, малладаг. Харин бусад малаа малчинтайгаа ярьж тохироод явдаг. Миний хувьд бол энэ бүхэн малчин хүн өдөрт ямар ямар ажлыг тогтмол хийдэг, малдаа өдөрт хэдэн цагийг зарцуулдаг, малчид хөдөлмөрөө үнэлүүлж чадаж байна уу гээд судалгааны ажил болдог.
- Та малнаасаа үр шим хүртдэг үү?
-Миний гол орлого бол эко аялал. Харин эндээс олсон ашгаараа малын зардлыг нөхөх, эрүүл идэш авах, МАА-н ашгаа малчидтайгаа хуваагаад явдаг. Аялал жуучлал, МАА-г хослуулж явбал энэ амьдрал цаашдаа ч гэсэн хөгжүүлэн үргэлжлүүлэх боломжтой гэж харж байна.
-Харваагаар хэдийнээс хичээллэж эхлэв?
-2018 оны 7 сарын 9-нд Н.Алтанхуяг багштай танилцаж, анхны сум тавьсан. 2018 оны 12 дугаар сардаа багш маань “Намнаа” клубээ байгуулж, сургалт эхлэхэд анхны шавь нь болсон. 2019 оны хавраас морин дээр харваж эхэлсэн. Энэ оныхоо зунаас өөрийнхөө залуу морьдыг намнааны морь болгохоор сургаж эхэлсэн.
- Уралдаан тэмцээнд орсон уу?
- 2019 оны долдугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин сумын Торгон зам наадмын морьт харвааны тэмцээнд оролцсон. Наймдугаар сард УАШТ-д, есдүгээр сард монголд зохион байгуулсан олон улсын “Хийморь” морьт харвааны тэмцээнд тамирчнаар оролцсон. Эдгээр тэмцээн оролцсоноор гадаад, дотоодын маш олон тамирчинтай танилцсан нь миний хувьд амжилт байлаа. Харин миний морьд бол надаас илүү амжилттай оролцсон. УАШТ-д Н.Алтанхуяг багш гранпри шагнал, “Хийморь” тэмцээний Унгар төрөлд Б.Эрдэнэбаяр алтан медаль хүртсэн. Энэ хоёр хоёулаа манай Сарт хээр морьтой уралдсан.
- Одоо та “Тэнгэрийн нүүдэлчид” багтай хамтраад морин аялалд гарах гэж байна уу?
-“Тэнгэрийн нүүдэлчид”-ийн зочин аялагч болж Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангайгаар хамт аяална. Би 20 жил өөрөө морин аялал зохион байгуулж явсан. Нэг л удаа Хагийн хар нуур руу найзынхаа урилгаар аялсан. Хоёр дахь удаагаа энэ удаа найзынхаа зохион байгуулсан аялалд жуулчнаар оролцох гэж байна. /инээв/ Маш гоё сорил болно доо. Зүгээр нэг морьтой аялал биш тайга нохой, анчин шонхортой хамт явна. Миний Муса нэртэй тайга нохой тэнгэрийн нүүдэлчдийн багтай сая аялаад ирсэн. Одоо бас явна. Тухайн нутгийн малчин, анчин хүмүүстэй уулзана. Ангийн аргачлалаас нь суралцаж, өөрийнхөө мэдэх юмыг танилцуулна. Би магистрыг цаатан хүмүүсийн амьдрал сэдвээр хамгаалсан. Тэр үед тайгад хоёр жил болж, тайгын анчин залуус надад тусалж, хамт анд явж байсан. Би Баян-Өлгийн бүргэдчидтэй хамтарч цармын бүргэдээр арваад жил судалгаа хийж байгаа. Энэ бүхнээ сэргээгээд гоё аялаад ирнэ.
-ГУРВАН НАСТАЙДАА ТУЛААНЫ УРЛАГИЙН БАГШИД ДУРЛААД 17 НАС ХҮРТЛЭЭ СЭЛМЭЭР ХИЧЭЭЛЛЭСЭН-
- Таны хүүхэд насны амьдрал, аав ээжийнхээ тухай ярьж өгч болох уу?
-Миний аавын талын өвөг дээдэс язгуураасаа самурай талдаа хүмүүс байсан. Харин өвөөгийн үеэс эхлээд урлагийн салбарт хөгжимчин хүмүүс байсан. Нутаг маань Хирошима, би Токиод өссөн. Миний дүү жаахандаа бие муутай байсан болохоор залуу аав ээж хоёр маань дүүг асрахын тулд намайг эмээ, өвөөд Хирошимад орхисон. Би хоёр настай үлдсэн ч нэг ч удаа ээжийгээ санаад уйлаагүй гэдэг. Анхных ач нь учраас эрхлүүлж, жижиг цооногт бассейн хийж өгсөн. Тэгээд ээж би явлаа шүү гэхэд би тэр бассейн дотроосоо баяртай гээд үлдсэн гэсэн. Тэгээд бараг хоёр жил уулзаагүй. Би уйлдаггүй ч ааштай байсан гэнэ. Үнэн байх. Бас их бие дааасан хүүхэд байж. Дөрвөн нас хүрэх үед аав, ээж охиноо аваачиж цэцэрлэгт оруулсан.
-Дүү нь тэгээд зүгээр үү?
-Зүгээр. Аймаар өндөр бас чийрэг. Намайг хоёр жилийн дараа харсан болохоор эгч гэж нэг ч удаа хэлээгүй, чи л гэдэг. Тамирчин, спортод маш сайн хүн. Би ч бас спортоор хичээллэдэг байсан. Жаахан байхад манай гэрийн урд байх кэндо сэлмэн тулааны урлагийн клубын нэг ахад дурлаад, бэлтгэл дээр нь очиж өдөржин хардаг байсан. Гэтэл багш нар нь “энэ жаахан юу юм бэ” гэхэд юу ч хэлэлгүй суугаад л байна. Гэтэл тэд нар аав ээжийг олж уулзаад танай хүүхэд сэлмийн урлагт дуртай юм байна гэж ярилцаж, би хичээллэж эхэлсэн. Ингээд 17 нас хүртлээ хичэээллэсэн.
-Дурлал нь бүтсэн үү?
- Бүтээгүй. Би тэр анх очиж байхдаа гурван настай байсан. /инээв/ Гэхдээ дасгалжуулагч гээд хамт явдаг байсан болохоор гоё л байсан. Надаас найман насаар ах хүн шүү дээ. Би маш сайн хичээллэж байгаад 17 настайдаа гэмтэл авч, орхисон.
- Тулааны урлаг ингээд дуусчээ. Харин дараа нь?
- АНУ руу соёлын солилцооны хүрээнд америк айлд амьдарч, ахлах сургуульд сурахаар явсан. Очсон айлын аав зүү, төөнүүр бариа хийдэг их эмч хүн байж таараад намайг өдөр бүр эмчилдэг байсан. Тэндээ эхлээд гар бөмбөг, дараа нь сагсан бөмбөгийн багт орж, Канзас мужийн сонинд хамгийн намхан тамирчин гээд бичүүлж байлаа.Тэндээ нэг жил болж, дунд сургуулиа төгсөөд Токиодоо ирсэн. Гэтэл японоор ярьж чаддаггүй. Дандаа англиар ярьсаар байгаад бүр эвээ олохгүй болчхож. Тэгээд аав, ээж сандраад унаган аялгыг сэргээхээр Хирошима руу өвөө эмээ рүү явуулсан. Тэнд байхдаа Хирошимагийн хотын аяллын сайн дурын хөтөч хийж, хэл маань ч сайжирсан. Буцаж Токиодоо ирээд гадаад хэлний их сургуулийн монгол хэлний ангид орсон.
-Яагаад монгол хэлний ангид орсон бэ?
-Монгол хэлийг сонирхох хүн бага, цөөн хүүхэдтэй анги болохоор нь орчихсон. Газрын зураг дээр харахад Орос, Хятад хоёр маш дэлгэрэнгүй зөндөө их мэдээлэлтэй. Монгол дунд нь тагтаа шиг хэлбэртэй, цав цагаан. Би энэ цагааныг нөхөж юм бичвэл гоё юм байна, өвөрмөц байх болов уу гэж бодсон.
-Хэн ч мэдэхгүй монголыг судална гэхэд аав, ээж тань хориглоогүй юу?
-Аав, ээж хоёр “үгүй, болохгүй” гэж хэзээ ч хэлж байгаагүй. Төрснөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа хорьж байгаагүй. Би хиймээр байна гэвэл “за” л гэдэг. За гэж хэлээд сэтгэлээрээ сандраад байсан байж магадгүй. Манайх тийм ч баян айл биш шүү дээ. Тэгсэн ч гэсэн америк руу явна гэхэд бүх юмыг бэлдээд өгсөн, Монгол руу явья гэхэд за л гэсэн. Одоо аав ээж хоёр минь 80 настай.
-ЭЭЖ БАС МОНГОЛ ХЭЛНИЙ АНГИ ТӨГССӨН, МОНГОЛ БИЧИГТЭЭ НАДААС ИЛҮҮ САЙН-
-Чи ямар сайн дуулдаг юм бэ? Караокед ордог гэсэн үү?
- Тийм ээ. Манай найзууд бүгд мэддэг дуугаа дуулдаг. Би эхний хэсгийг нь мэдэж байхад хангалттай./инээв/ Эхлэнгүүт цааш нь аваад явчихна. Би ээжийн тухай бас морины дуунд дуртай.
-Бухимддаг уу, зарим үед...?
-Тохирсон амалсан юмнууд бүтэхгүй тохиолдолд уурладаг. Итгэл найдварыг хамаагүй үрж, хаяхад хэцүү. Ийм хүмүүс байдаг, бухимдаад дэмий гэдгийг мэддэг ч уурлачихдаг.
- Яаж тайвширдаг вэ?
- Тайвшрахгүй ш тээ. /инээв/ Тэр үед хажууд нь байсан хүн азгүй юм байна. Мориндоо мордох л гоё. Би муу санаатай байж чаддаггүй, өс санаж өргөсгөөд явж чаддаггүй учраас 10 минут тэвчихэд гайгүй болчихно. Гэхдээ 10 минут ямар урт вэ. Япончуууд ёс жаяг, дэг журам хатуу хүмүүс. Энэ зүйлтэй минь зөрчилдөх тохиолдол олон л доо.
- Монгол хүмүүстэй учраа олоод явахад танд хэцүү байдаг байх нь?
-За монгол байна даа гэж бодоод орхидог. Ойлгохгүй зүйлээ би энэ бүхнийг яаж даван туулсан бэ гэдгээ бодно. Сошиэл дээрээ бичнэ. Зарим нь нутагтаа буцаач гэхэд, зарим нь урам өгнө. Энэ бол бас л нэг төрлийн судалгаа юм.
- Таны монголоос олж авсан хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-Багаасаа мөрөөдсөн монгол морь, адуучин, морьтон монголдоо ирсэн, амьдарсан. Монголчууд дэлхий даяар яаж явсныг судална, суралцана гэдэг гоё. Ойлголцохгүй юм их байдаг ч яаж эв найрыг нь олоод байгаа юм бэ? Бас л их гоё. Би энэ ард түмэнтэй жаргал зовлонгоо хуваалцаж хорин жил боллоо. Төгс хүн гэж хаана ч байхгүй. Япон ч бай, монгол ч бай яг адилхан. Би анх хоёрдугаар ангид байхдаа монголын тухай олж уншаад, би монголд очиж малчин болно гэж бодсон. Найман настайдаа шүү дээ. Тэгээд мөрөөдлөө биелүүлж байгаа нь олз биз дээ.
-Гэрээ санадаг уу?
-Би энд гэртэй шүү дээ. /инээв/ Нутгаа, аав ээжээ үгүйлнээ.
-Хамгийн их санадаг нь...?
- Суши. Гэхдээ сая надад нэг япон эгч аялалд гарахаас өмнө гээд суши хийж өгсөн. Гэдсээ хагартал идсэн. Одоо нэг хэсэг нутгаа санахгүй. /инээв/
- Аав, ээжтэйгээ байнга ярьдаг уу?
-Үгүй. Хааяа л нэг. Ээж пээсбүүктэй миний ямархуу байгааг миний пээсээс харчхаж байгаа. Бухимдсанаа бас хулхидууулснаа хэлэхгүй. Санаа нь зовчихно.
- Монголд ирдэг үү, аав ээж нь?
-Аав онгоцонд дургүй болохоор ирэхгүй, ээж аавыг л дагана. Ээж миний дараа монгол хэлний анги төгссөн. П.Хорлоо багшийн номыг орчуулсан. Монгол бичигт надаас илүү сайн. Би ээжийгээ нэг удаа монголд авч ирж, бид хоёр тайгаар аялсан. Тэр аялал хамгийн гоё гэж ээж хэлдэг. Одоо харин морьт харваагаа л үзүүлмээр байдаг.
- Уучлаарай, та гэр бүл болсон уу?
- Би чамд эхлээд хэлээгүй юу. Надаас миний насыг, жинг бүү асуу. Бас нөхөр битгий асуу. /инээв/ Нөхөрт гарч захирагдаж явснаас захирал хэвээрээ захирч явсан нь дээр гэж би хүмүүст тоглоомоор хариулдаг.
- Таны мөрөөдөл юу вэ?
- Морьт харвааг бүрэн эзэмшиж “Намнаа” академийн залуустайгаа хамтарч дэлхийд гарна. Аялал жуулчлалын шинэ давлагаа болгоно. Мөн нэмж хэлэхэд монгол хүмүүс нүүдэлчин соёл иргэншлээ битгий гээгээсэй, өвлөн авч хөгжүүлж яваасай.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hh
ХӨӨРХӨН ЮМ БЭ
Монгол з�##�ууст үлгэр дуурайл болсон, эрэмгий, тууштай, сэтгэлтэй танд баяр хүргэе. Мундаг байна.
Даварцан Япон бэ. Монголчууд гэлтгүй хаана ийм багахан ц�##�ингаар чиний доор ажиллаад байхгүй шдээ мэдэж байна уу
Даварцан Япон бэ. Монголчууд гэлтгүй хаана ийм багахан ц####ингаар чиний доор ажиллаад байхгүй шдээ мэдэж байна уу
Хаа ш�##� худлаа Япон байна
Пүүх гүээ мөн их Монголжиж ээ
мундаг аа , ийм хүний тухай уншихад урам зориг авдаг юм
Ёстой мундаг, эмэгтэй хүн гэхэд дэндүү эршүүд хөөрхөн юм бэ. Хайр хүрчлээ.
Mundag emegtei yum aa. Mongold m#l m#llaad amidarch baina gedeg olon mongolchuudad surgamj bolno doo. Amjilt xysie.
Дэлхийн хүн Ямамото Чика аз жарг�##� хүсье.Би Улаанбаатарын унаган, инженер мэргэжлээр 32 дахь жилдээ ажиллаж байна.Монгол хүн хэрнээ Монгол араншинг ойлгоогүй явна даа.
Ганц гоё мэдээ уншлаа тайвширдаг юм бнаа монголоо муулагчид гадаадыг шүтэгчид уншаасай
ОНГОНООРОО БАЙГАА ЮМ БАЙНА ЭВИЙ ЦООЛООД ӨГӨХ ЮМСАН ХАМААГҮЙ ЮМНУУД ӨВТГӨНӨ БИ ОЧООД ЗӨӨЛӨН ЦООЛООД ӨГНӨӨ