Австри, Герман нүүрсний хэрэглээ рүүгээ эргэн орно

Европт “ногоон” эрчим хүч рүү шилжих явц удааширч магадгүй байна. Австри, Герман улс ОХУ-аас нийлүүлэлт багассан энэ цаг үед байгалийн хийн хэрэглээгээ бууруулж, эрчим хүчний хомстолоос сэргийлэх зорилгоор нүүрсээр ажилладаг Дулааны Цахилгаан Станц /ДЦС/-уудын ажиллагааг түр сэргээж эхэлжээ.
Австрийн эрх баригчид сэргээгдэх эрчим хүч рүү шилжих ажлын хүрээнд хоёр жилийн өмнө зогссон “Меллах” нүүрсний цахилгаан станцыг дахин нээхээр төлөвлөж байгаа аж. Австри улсад импортын 80 хувийг оросын байгалийн хий эзэлдэг.

Германд мөн долоодугаар сарын 8-нд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг түр хугацаагаар идэвхтэй ашиглах тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөж байгаа аж. Үүнийг нь “Ирээдүйн төлөөх цаг уурын баасан гараг” гэх хөдөлгөөнийхөн Засгийн газар Парисын хэлэлцээрийг зөрчиж, агаар мандалд хортой ялгаруулалтыг бууруулах зорилтоосоо ухарлаа хэмээн буруутгаж байна.
Тус улсын Эдийн Засгийн сайд Роберт Хабек нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрч байгаа учир өвлийн улиралд хомстол үүсгэхгүйн тулд эрчим хүчний хэрэглээг багасгаж, газар доорх хийн агуулахуудаа дүүргэх шаардлагатай тулгарч байна хэмээн мэдэгдэв.
Эх сурвалж: Euronews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.