Нийгмийн

Б.Отгонбат: Үндсэн хуульд байсхийгээд л гар хүрэх нь аюултай үзэгдэл

Зарим намын бүлгүүд болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаарх асуудлууд яригдаад буй. Тэгвэл энэ асуудлаар “Тагтан дээр” номын зохиолч, Харвардын төгсөгч Б.Отгонбаттай ярилцлаа.

-Нэг нам хэт хүчээ авсан өнөөгийн нөхцөл байдалд сонгодог парламентын зарчим алдагдана гэж үздэг. Үүнд одоогийн мажоритар тогтолцоо нөлөөлсөн үү. Эл тогтолцооны сул тал юундаа байдаг юм бэ?

-Мажоритар тогтолцоо нь хэн хамгийн олон санал авна тэр нэр дэвшигч ялдаг тогтолцоо юм. Plurality system буюу олонхийн систем ч гэж нэрлэдэг. Англи, Америк зэрэг барууны орнуудад нийтлэг ашигладаг сонгуулийн тогтолцоо юм. Улс төрчдөд болон улс төрийн намуудад олгогдож буй давуу талууд нь жижиглэсэн тойрогт цөөн тооны сонгогчдоос сонгогдож гарч ирэх, улмаар нэг нам давамгайлан ялах магадлалыг өндөр болгодог. Өнгөрсөн 30 жилийн сонгуульд МАН, АН тасралтгүй өрсөлдсөн ч голдуу МАН ялж АН ялагдсаар ирсэн нь жалга довны үзэлд суурилсан тогтолцоог эрх баригч МАН овжингоор ашигласаар ирсэн болов уу гэж боддог.

-ЭРХ БАРИГЧ НАМ СӨРӨГ ХҮЧНИЙ ДУУ ХООЛОЙГ ҮГҮЙ ХИЙСЭН УЧРААС ХОЛИМОГ ТОГТОЛЦООГ ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗӨВ-

Монгол улс цаашдаа хоёр намын тогтолцоогоор явъя гэвэл мажоритар тогтолцоогоор явж болно. Гэхдээ сонгодог парламент, төлөөллийн ардчиллыг бэхжүүлье, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулъя гэвэл  сонгуулийн тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай болж байна. Цаашид мөнгөний, жалга довны сонгуулиас татгалзъя гэвэл холимог тогтолцоог илүү ашиглах хэрэгтэй болж байна. Одоо байгаа эрх баригч нам 60 гаруй суудалтай болсноороо сөрөг хүчний орон зайг үгүй хийсэн гэж хэлж болно. Бусад намын дуу хоолой, үзэл бодол байхгүй болсон. Тийм учраас хүссэнээрээ шийдвэр гаргаж эрүүл бус байдлыг бий болгож байна. Тиймээс цаашдаа холимог тогтолцоог оруулж ирэх нь зөв л гэж хараад байгаа юм.

Бие даагчид болон жижиг намуудын оролцоог хангаснаар төр шинэ дуу хоолой, хяналт, шүүмжлэл бий болж улс төрийн тогтолцоо эрүүлжих тал руу явах байх гэж харж байна. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодоод яваад байхаар энэ улс эх орон хөгжихгүй. Хэдэн ямаанд мөнгө баталдаг гишүүдтэй, өөрийн тойргоо усалсан, алсаа хараагүй, жалга довны улс төрчдөөр дүүрч хөгжлийн бодлого явахгүй болоод байна. Тиймээс энэ сонгуулийн тогтолцоог эргэж харах хэрэгтэй. Гэхдээ намын жагсаалтаар ороход авлига өгөх, хуучин улс төрчид эргэн ирэх зэрэг сөрөг талууд гардаг.

Миний хувьд анхны сонгуульд оролцохдоо мажоритар тогтолцоогоор орж байсан. Тэр үед нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх, намаа хагалах, хоорондоо тохирч гарах, авлига өгөх замаар санал худалдаж авах зэрэг сөрөг талууд гарч байсан. Гэхдээ одоо бид сонгодог улс төрийн тогтолцоо руу явахын тулд холыг харах, өнгөрсөн адаанаасаа суралцах, бодлогын намуудыг төлөвшүүлэх, хөгжлийн бодлого дээрээ намууд ойлголцдог, улс төрждөггүй байх хэрэгтэй байна.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар судлаачид хөндөх боллоо. Тэдний хэлж буйчлан холимог тогтолцоогоор сонгуулиа явуулдаг болбол ямар давуу тал бий болох вэ?

Холимог тогтолцоог ярихын тулд пропорциональ тогтолцооны давуу болон сул талыг ойлгох хэрэгтэй. Пропорциональ тогтолцоо нь жижиг намуудын оролцоог нэмэгдүүлдэг, намын авсан саналыг хувь тэнцүүлэн жагсаалтаар гишүүдийг бий болгодог. Эмэгтэйчүүд болон бусад төлөөллийн квот бий болгож байгаа учраас нийгмийн төлөөллийг илүү хангаж өгдөг гэдгээрээ давуу талтай.

Сул тал нь улс төрийн намд хэт их эрх мэдэл цуглаж намын жагсаалтад орохын тулд мөнгө хаях, авлига өгөх зэрэг сөрөг талууд гарч ирдэг. Өнгөрсөн туршлагаас харахад хэн намын даргад ойрхон хандиваа төлсөн нь дээгүүр жагсаж байгаа харагдсан. Шууд сонгогдоогүй учраас өөрийн тойрог байхгүй, сонгогчдын хүсэл эрмэлзлийг бүрэн илэрхийлэхгүй, ард иргэд хүлээн зөвшөөрөхгүй талууд байдаг. Тэгэхээр туршлагагүй хүмүүс орж ирдэг бас нэг асуудал байна. Өнөөдөр МАН-ын ихэнх гишүүдээс харж болохоор шүү дээ. Хэлж ярьж байгаа үг, үйлдэл нь сул байна.

Нэгдүгээрт залгамж халаа. Хоёрдугаарт улс төрчид тогтвортой түвшинд ажиллах хэрэгтэй байх гэж боддог. Гуравдугаарт олонд танигдсан улс төрчид давуу талтай болов ч танигдаагүй нэгэнд суудал төдий болж хувирдаг. Ер нь цаашид сонгогдож буй хүмүүст ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг систем рүү явах хэрэгтэй. Сонгогчдоо доромжилж хариуцлага хүлээхгүй байгаа олон гишүүд харагддаг.

Тиймээс эргүүлэн татдаг, ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг, уучлалт гуйлгадаг байх хэрэгтэй. Энэ тогтолцооны давуу тал нь төлөвшсөн нам, төлөвшсөн улс төрчид, залгамж халаатай төрийн бодлого бий болдог. Гол нь бодлогын залгамж халаагаа хийхгүй бол Монгол Улс цаашид хөгжих найдваргүй харагдаж байна. Тогтвортой улс төрийн шийдвэрүүдийг төлөөллийн ардчиллын зарчмаар хамтран гаргаж явах нь алдаа гаргах байдлыг багасгаж цаашдын хөгжлийг хурдасгах боложтой.

-ДЭЛХИЙ НИЙТИЙН ХАНДЛАГА БОЛ КАРЬЕРИСТ УЛС ТӨРЧДӨӨС ЗАЛХАЖ БАЙНА-

-Нөгөө талаар сул талыг нь хэрхэн харж байна вэ. Өөр бидэнд сонголт болж болохуйц ямар хувилбарууд бий бол?

Дэлхий нийтийн хандлага бол карьерист улс төрчдөөс залхаж байна. Улс төрийн тогтолцоонд улс төрчдөд итгэх итгэл дэлхийн түүхэнд хамгийн доод түвшинд очсон. Улс төрийн тогтолцоо ялзарсан гэж хэлж болно. Тэгэхээр ард түмэн цэвэр, шударга, авлигагүй улс төрчдийг гаргая гэдэг асуудал яригдаж байна. Олон удаа сонгогдсон олигтой юм хийдэггүй нөхдүүдээр төр дүүрсэн байна.

Улс төрийн тогтолцоонд салхи оруулахын тулд Z generation үеийн залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Монголын нөхцөлд улс төрийн намын авлигажсан байдал, сонгуулийн санхүүжилтийн асуудал, гурав дахь хүчний орон зай зэрэг олон асуудлыг шийдэхгүйгээр өөр үр дүн хүлээх боломжгүй юм. Пропорционал болон мажиротар тогтолцооны холимог хувилбар нь энэ хоёр системийн давуу талуудыг нэгтгэж байгаа учраас төлөөллийн хувьд арай илүү гэж дүгнэж болох юм.

Аль ч тогтолцооноос үл хамаардаг зүйл бол мөнгөний фактор. Улс төрийн сонгуулийн зардал Монголын төрийг тамирдуулахаас гадна төрд байх ёстой нэр цэвэр хүмүүст хаалт болж байна. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг шийдэх ёстой. АНУ-д сонгуулийн санхүүжилтийг улс төрийн нам өөрөө дэмжигчдээсээ нээлттэйгээр босгож нэр дэвшигч зөвхөн нэр хүндээрээ өрсөлдөж ялдаг. Манайд эсрэгээрээ нэр дэвшигч мөнгөө гаргаж намдаа хандив өгч сонгуульд өрсөлддөг нь мөнгөтэй хүнд л ашигтай систем яваад байна.

Тиймээс сонгуулийн зардлын хязгаарлалт хийх, мөнгө тараах, санал худалдаж авч буй тохиолдлуудад хуулийн хариуцлага хүлээлгэх, улмаар сонгуулийн зардлыг төсвөөс гаргадаг болох хэрэгтэй. Хэрэв төсвөөс сонгуулийн үндсэн зардлыг гаргадаг бол нэр дэвшигч нар зөвхөн мөрийн хөтөлбөр бодлогоо ярьж дан гарц мэдлэг оюунаараа л өрсөлдөнө. Энэ мөнгөний уралдаанаа одоо зогсоох хэрэгтэй. Бид энэ мөнгөний факторын асуудлыг хазаарлахгүйгээр мянга сонгуулийн тогтолцоо яриад нэмэргүй гэж боддог. АН-ын 100 сая, МАН-ын 60 тэрбумын скандал бол мартаж болохгүй, системийн гажуудлын илэрхийлэл мөн.

Улс төрийн соёл, сонгогчдын боловсрол, ёс зүй зэрэг нь тухайн орны хөгжилтэй нь холбож үзэхээс өөр аргагүй. Бид энэ авлига гэдэг зүйлээс салахгүйгээр сонгуулийн тогтолцооны өөрчлөлт ярих нь хэт хийсвэр, өнгөц төдий л санагддаг.

-Сонгуулийн тогтолцооноос гадна УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал ч хөндөгдөж байна. Үүнийг хэр эерэг өгөөжтэй шинэчлэл гэж харж байна вэ?

Дахиад хэлэхэд манай дарга нар хэлбэр хөөх, бүтэц, тоо өөрчлөхөөр болчихно гэж бодоод байх шиг. Өнөөдөр УИХ 76 гишүүнтэйгээ, аймаг нийслэл, баг, сум иргэдийн хуралтай хангалттай төлөөллийн ардчилалын тогтолцоо бүрдсэн байна. УИХ-ын 76 гишүүнийг 150 болгоод, аймаг нийслэл дүүргийн хурлын төлөөлөгчдийн тоог нэмлээ гээд зарчмын өөрчлөлт гарахгүй. Цомхон төр, чадварлаг төрийн алба, тогтвортой улс төрийн институциуд төлөвшин хөгжих хэрэгтэй.

Өнөөдөр эдийн засаг хямрал руу орж хил дээр ачаа бараа гацсан, долларын ханш хадаж ард иргэд үнийн дарамтад орсон хүнд цаг хугацаа үргэлжилж байна. Төрд сонгогдсон хүмүүс бол ард түмний зарц шүү дээ, тиймээс амласан амлалтаа биелүүлж ажиллах ёстой. Эдийн засгийн сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж мэдлэгт суурилсан, баян чинээлэг дундаж давхаргатай, дэлхийд өрсөлдөх эдийн засагтай Монгол орныг бий болгохын төлөө ажиллах ёстой. Өнөөдөр сандал суудлын тоо яриад явж байгаа нөхдүүд завтай байна. Монголын төрд чадваргүй олон гишүүдийг цалинжуулах хангамж өгөх төсөв байхгүй байх гэж боддог.

-Эдгээр шинэчлэлийг хийхийн тулд Үндсэн хуульдаа дахин өөрчлөлт оруулах шаардлагатай болж буйг эрх баригчид онцолсон. МАН Үндсэн хуульд гар хүрээд удаагүй байна. Өдгөө дахин эл асуудлыг сөхөх нь хэр нийцтэй вэ?

-Яг ийм нэг намын тогтолцоотой үед үндсэн хуульд гар хүрэх нь аюултай үзэгдэл.  Бүх намууд, ард түмний шийдэх асуудал гэж харж байгаа. Өнөөдөр үндсэн хууль болохгүй болохоор улс орон хөгжихгүй байгаа биш шүү дээ. Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ-ийн асуудал гэх мэт өнөөдөр бараг мартагдаж байгаа асуудлуудаа шийдмээр байна. Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр сонгуулийн тогтолцоогоо солиод явах боломжтой.

Сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулаад явах боломжтой гэж харж байна. Үндсэн хууль нь төрийн оролцоог хязгаарлаж  төрд гарсан улстөрчдийн эрх мэдлийн хязгаарыг тогтоож өгөх үүрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв цаг хугацаанд олон талын оролцоотой хийхгүй бол эрх баригчид хүссэнээрээ тоглоомын дүрмийг өөрчлөх аюултай. Төр нь тунгалаг, хариуцлагатай, оролцоог хангасан зарчим дээр шийдвэр гаргах ёстой. Эрх баригчид олонхоороо түрэмгийлэн үндсэн хуульд гар хүрэх нь сайн засаглалын зарчимтай нийцэхгүй гэж үзэж байна.

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ НЬ ҮХ-ИЙГ ӨӨРЧЛӨХ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН БИШ-

-Эцэг хуулиа олон дахин өөрчлөхийг буруу гэж үздэг. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний чухал асуудал мөн үү?

АНУ-ын constitution буюу үндсэн хуулийг 1789 оноос хойш 27 удаа л өөрчлөлт оруулсан байдаг. Гэхдээ We the People буюу АНУ-ын ард иргэдийн эрх ашгийн төлөө юу үгүй юу гэсэн асуултанд эхлээд хариулсны дараа шийддэг гэдэг. Энэхүү бичиг баримт нь эртний бичиг баримт лугаа адил тэр болгон өөчлөөд самраад байдаггүй зүйл. УИХ-ийн гишүүдийг тоог нэмэх нь үндсэн хуулийг өөрчлөх хангалттай шалтгаан мөн үү гэдэг асуултанд хариулах хэрэгтэй.

Үнэхэээр олон гишүүнтэй болохоор бид авлигааса салах уу, эдийн засаг өсөх үү, юмны үнэ буурах уу, ажлын байр нэмэгдэх үү. Хариулт нь үгүй бол энэ сэдвийг ярих цаг нь биш гэж бодож байна. Үндсэн хууль нь Монголын ард түмний эрх ашгийг хамгаалсан дээд хууль болохоос биш улс төрчдийн засаж тоглодог хууль биш шүү.

-Хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үйл ажиллагаа өрнөж эхэлбэл АН-ын зүгээс ямар байр сууриар хандах вэ. Ямар оролцоотой байх вэ?

-АН дотоодын хямралтай байгаа нь үнэн. АН дотоодын хямралаа хурдан шийдэж сөрөг хүчнийхээ байр суурин дээр л очих шаардлагатай байна. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор гарч болох сөрөг үр дагаврыг үгүй хийхийн тулд дуу хоолойгоо хүргэх хэмжээний чадамжтай болмоор байна.

АН-ын хувьд бусад улс төрийн намуудтай хамтарсан мэдэгдэл гаргаж хамтран ажиллах хэрэгтэй. Одоо тамга тэмдгийн хэрүүлээ зогсоож хоорондоо ойлголцох, намаа нэгтгэж ажиллах цаг ирсэн байх гэж бодож байна. АН-ын залуучууд одоо жаахан зоригтой, ах нарынхаа цүнхийг барихаа больж, гарч ирмээр байна. АН-д одоо шинэ нүүр царай, шинэ бодлого, шинэ эрч хүч хэрэгтэй.

-Ярилцсанпд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-06-23 14:03

Уха�##�аг, бас боловсролтой энэ мэт з�##�уус монголын төрд ус агаар мэт хэрэгтэй байна шүү, хувь хүнээ боловсруулж хөгжүүлчихсэн, эрхэлсэн ажил сургууль бизнестэй, өөрөөр хэлбэл биеэ засаад гэрээ засчихсан, одоо төр засах ажилд гар бие оролцуулмаар з�##�уус цөөхөн ч гэсэн байна аа байна. Дэмжих л хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button