НийгмийнСурвалжилга, Нийтлэл

УЯАН ДЭЭРЭЭС: Ноднин 3000 км туулаад уралдаж чадалгүй буцсан уяач өнөө жил догдлон иржээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой давхацсан Үндэсний их баяр наадмын өдрүүд айсуй. Өнгөрсөн жил Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тэмдэглэх хугацааг бүтэн жилээр хойшлуулах шийдвэрийг наадам болохоос хэдхэн хоногийн өмнө гаргаж байв.

Цагийг нь тулгаж гаргасан эл шийдвэрийн хариуд хэдэн сарын хөрөнгө, хөдөлмөрөө үнэгүйдүүллээ хэмээн уяачид, бөхчүүд болон сур харваачид гомдол дүүрэн үлдсэн. Тэр байтугай Төв талбайд морьтой жагсаал зохион байгуулж “No naadam” хөдөлгөөнийхөнтэй “мөргөлдөх” шахам үйл явц өрнөж байсныг олон нийт санаж байгаа байх.

Эл үйл явдлын дараахан уяачдын галаас сурвалжилга бэлтгэхээр явах замд анир чимээгүй дүнсийх наадмын талбай, морьд нь үгүй уяаны шонгийн дүр зураг хөвөрч, урам нь хугарсан уяачид наадамд сойсон хүлгээ ачин буцаж байхтай таарч байлаа.

Тэгвэл энэ жил уяаны шон дээр газар газраас ирсэн алтан "тууртууд" ярайж, наадмын бэлтгэлээ хийж хөл нь газар хүрэхгүй гүйлдэх уяач, унаачдаар “Наадам толгой” дүүрчээ.

Манай сурвалжлах баг Налайх дүүргийн “Наадам толгой”-д болох бага сунгааг зорин очихтой зэрэгцэн 300 гаруй морь, 150 орчим уяач цугларсан байв. Уяачдын дунд Увс аймгийн Хяргас сумаас морьдоо ногоолуулсаар тойруугаар 3000 гаруй километр замыг туулан ирсэн уяач О.Галхүү сонирхол татсан тул хэсэг хугацаанд ийн ярилцав.

-ЭНЭ ЖИЛ БАГШИЙНХАА ХҮСЛИЙГ ЗААВАЛ ГҮЙЦЭЭНЭ-

-Цар тахлын улмаас өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100 жилийн ойг өнжсөн. Энэ жил нөхөж 100, 101 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Сэтгэгдэл ямар байна?

-Увс аймгаас тойруугаар 3000 гаруй километр туулан ирсэн миний хувьд сэтгэгдэл өндөр байлгүй яах вэ дээ. Ноднин жил бас л хол зам туулж ирээд уйлах шахам гэр морио ачаалаад буцаж байлаа. Уг нь 100 жилийн ой учраас багшийнхаа хүслийг гүйцээхээр зорин ирсэн ч чадаагүй юм. Манай багш бас их мундаг уяач байсан. Намайг “Миний шавийн сойсон морь их том ойд түрүүлнэ дээ” гэж байнга ярьдаг байлаа. Гэвч тэр ойд нь зорин ирээд ганзага хоосон буцсан даа. Гэхдээ яах вэ. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэдэг шиг энэ жил ч бас горьдлого тээж л байна. Үнэнээ л хэлье. Ах нь бүр догдлохдоо нойр хүртэл багасаад, сэрвэлзээд л байгаа шүү.

-Таны хувьд энэ жилийн наадамд хэдэн насны морьтой ирэв. Сунгаанд өнгөлж чадаж байна уу?

-Нас насны л морьтой ирсэн. Сая азарга маань дээгүүр давхилаа. Энэ жилийн хувьд хурд хүч, өнгө төрх сайхан байна. Гэхдээ наадмын өдрүүдэд яаж давхихыг нь тухайн өдрийн аз, од л мэднэ дээ.

-Баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга өчигдөр /уржигдар, Сурв/ батлагдлаа. Ингэхдээ эрлийз, монгол адууг сэрвээний өндөр, үүлдэрлэг байдал зэргээр нь ялгах талаар хуульд тусгагдсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ. Ингэж ялгах нь хэр зөв бэ?

-Ер нь арга ядсан зүйл. Сэрвээний өндрийг хэмжих нь үүлдэрлэг байдлыг харахаас арай дээр л дээ. Гэхдээ хамгийн оновчтой, зөв арга биш. Асуудлыг томоор нь харвал, алсдаа удаан хэрэгжих боломжгүй гаргалгаа. Учир нь эрлийз адууг эрлийзээс нь ялгана гэж байхгүй. Одоогийн нөхцөлд цэвэр Монгол адуу уралдаж чадахгүй.

Баяр наадмын хуулиараа сэрвээний өндрөөр ялгахаар болчихлоо гэж үзэхэд 4-5 жилийн дараа эрлийз, монгол морийг хольж уралдуулахаас өөр аргагүйд хүрнэ. Аяндаа амьдрал бодит үнэнийг шаардана. Уяач бүхэн эрлийз морьтой болсон цаг. Тийм морьгүй нь адууныхаа цусыг сэлбэх хүсэлтэй байдаг.

Цаг хугацааны аясаар монгол морь эрлийзтэй уралдах боломжгүй болно. Алсдаа эрлийз морь эрлийзтэйгээ уралддаг болох эрсдэлтэй. Ингэж бодохоор эрлийзийг эрлийзээс нь ялгах утгагүй биз дээ. Тиймээс сэрвээний өндрийг хэмжиж ялгах нь урт хугацаандаа хэрэгжих боломжгүй арга.

Шинэ цагийн монгол адууны цус холдох тусам эрлийз гээд ялгахад бэрх болдог. Хүний нүдээр ялгах ямар ч боломжгүйг сүүлийн 10 гаруй жил монгол түмэн харлаа. Ер нь төрд шийдвэр гаргаж байгаа хэд нь ядаж л мал мэддэг болоосой л гэж бодох юм даа.

-Таны уяж ирсэн морьд дунд эрлийз адуу бий юү?

-Одоогоор алга байна. Нэг зүйлийг хэлье. Энэ жилийн наадмыг харж л байгаарай, бөөн хэрүүл тэмцэл, холион бантан болно. Яагаад гэвэл ихэнх уяачдын морь сэрвээний өндрөөрөө тэнцэхгүй хасагдаж эрлийзээ уралдуулъя гэхээр болохгүй. Монгол мориндоо уралдъя гэхээр тэнцэхгүй. Энэ мэт тал талын л маргаан бий болно. Зарим 25 хувьтай эрлийз морьд дунд Монгол морь шиг өндөртэй нь ч байгаа. Тэдний үүлдэрлэг байдлыг нь тогтоогоод мордуулна гэвэл ёстой гонжийн жоо, голионы баас болно биз. Бас эрлийз морь айрагдаж түрүүлгээд ч түүнийг нь уяачийн амжилтад тооцож алдар цол олгохгүй гэж байгаа юм. Тийм утгагүй зүйл гэж юу байх вэ дээ.

Эрлийз морьдтой хүмүүсийн хүч хөдөлмөрийг тарамдаж байгаа хэрэг болно. Унаач хүүхэд, туслах уяачийн цалин хөлснөөс авахуулаад бүгд л хөрөнгө мөнгө шаардсан ажил шүү дээ. Зарим хүмүүс уяач биднийг харахдаа зүгээр л нэг хоббиндоо идэгдсэн амьтад гэж хардаг. Гэтэл үнэн хэрэгтээ бид чинь энд бага ч гэсэн ажлын байр бий болгож, олон хүний амьжиргаанд тус дэм болж яваа улс шүү дээ. Мэдээж үүнээсээ сайн сайхан зүйл мэдэрч яваагийн хувьд өөрийн амьдралаа зориулж яваа минь ч үнэн.

Биднийг ийнхүү ярилцах хооронд их морь мордох болж уяач О.Галхүү босон харайж, бэлтгэл ажилдаа орсноор бидний яриа “Айргийн морины хашаанд уулзацгаая” хэмээсэн билэгтэй ерөөлөөр өндөрлөцгөөв.

-ХҮҮХЭД БАЙНА УУ, ГАНЦ ХҮҮХЭД ӨГЧИХ Л ДӨӨ-

Их морь мордох гэж бужигнаж байх зуурт уяачдын дундуур нэлээд холхиж, олны байр байдлыг ажиглав. “Хүүхэд байна уу, ганц хүүхэд өгчих л дөө” хэмээх үг л хамгийн их сонстоно. Энэ үгэнд их учир бий. Наадмын сургаар гэлтгүй хурдан морины уралдаан бүрээр унаач хүүхдийн эрхийн асуудал хөндөгдсөөр ирсэн. Арга ч үгүй. Олон ч хүүхэд хурдан морь унах үедээ бэртэж гэмтэх улмаар амь насаа алдах тохиолдол ч гардаг.

Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд хоёр ч хүүхэд хурдан мориноос унаж амь насаараа хохироод буй. Эл асуудлаас болж хурдан морь унах хүүхдийн тоо ч эрс цөөрсөн аж.

Тодруулбал, хүүхдээ морь унуулах эцэг, эхчүүдийн тоо цөөрч “Хүүхэд байна уу” гэх асуултад “Байхгүй” гэж хэлэх нь элбэгшжээ. Ийнхүү унаач хүүхэд байхгүй гэх хариулт сонссон уяачид “Өөрийнхөө дэнхгэрийг л мордуулъя даа” хэмээн урам муутайхан дуугарах аж.

-ХҮҮХЭД, МОРЬ ЭСЭН МЭНД УРАЛДААД ИРВЭЛ ТҮҮНЭЭС ӨӨР БАЯРЛАХ ЗҮЙЛ БИДЭНД ҮГҮЙ-

Хүүхдийн эрх зөрчигдөх цаашилбал амь насаа алдах хэмжээний эрсдэл байсаар байгаа цагт эцэг, эхчүүдийг ийн хандах нь ойлгомжтой. Тэгвэл унаач хүүхдийн асуудалд уяачид ямар байр суурийг илэрхийлэх бол гэдэг сонирхолтой санагдлаа. Тухайлбал бид аймгийн алдарт уяач Д.Дарханбаатартай уулзаж байр суурийг нь сонссон юм.

Тэрбээр “Монгол наадмын онцлог нь хүүхэд морио унаж уралдах шүү дээ. Мэдээж уяач бид хүүхэд, морь эсэн мэнд уралдаад ирвэл тэрнээс өөр баярлах зүйлгүй улс. Харин ч хамгаалалтын малгай, зориулалтын хувцас хэрэглэлийг нь бүрэн хангаад уралдуулах хэрэгтэй байх гэж боддог.

Манайх нэг унаачийгаа л гэхэд сар бүр 450 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Морь унахгүй байсан ч гэсэн сар болгон цалингаа тогтмол өгөөд л явдаг гэсэн үг. Яг морины ажил хийдэг хугацаа бол гурван сар л даа. Үлдсэн есөн сард нь авах цалингаа хүүхэд маань хичээл сургууль, өмсөж зүүх хувцас зэрэг хэрэгцээндээ зарцуулдаг. Мөн унаач хүүхдээс гадна туслах уяачдын цалин хөлс гэж бий.

Гэхдээ сүүлийн үед хүүхдээрээ хурдан морь унуулах хүн улам л ховордоод байгаа. Чи хар л даа. Үүгээр л нэг хүүхэд сурсан хүмүүс байгаа биз дээ. Хамаатан садан нь л биш бол хүүхдээ өгч морь унуулах хүн байхгүй учраас олон сайхан хөдөөгийн уяачид морь уяхаа больж байгаа. Энэ нь нөгөө л нэг өв соёл маань бага багаар алдагдаж байна л гэсэн үг. Би буруу ярьж байж ч магадгүй. Гэхдээ ард түмэн ялгаж салгаад ойлгох байх гэж найдаж байна” хэмээн бидэнд учирлав.

-“УЛСЫН НААДАМД ГАРЦААГҮЙ БАЙХ АА”-

Түүнийг ийн ярих зуурт 7-12 насны л болов уу гэмээр хэд хэдэн хүүхэд уралдаж ирсэн морио уяа тойруулан хөтлөн алхана. Тэдний дунд өрнөх яриа нэг тийм гэгээлэг. “Мань өчигдөр түрүүлж байна гэж зүүдэлсэн. Яг л байна шүү. Одоо улсын наадамд гарцаагүй байх аа. Чи сая яагаад морио хадууруулаад байсан бэ” гэхэд “Амыг нь дийлэхгүй байсан юм аа. Чиний түрүүлсэн тэндээ л биз. Дараа чамаас заавал түрүүлнэ ээ” ярилцана.

Биднийг дөхөн очиход хараад сандарсан уу аль эсвэл айсан уу зарим нь таг дуугүй болж орхив. Ингээд бид одоо 11 настай мориноос хасагдах дөхсөн ч энэ жилийн наадмаас заавал айраг түрүү хүртэх зорилготой нэгэн хүүтэй хэсэг хууч хөөрөв.

-ЭНЭ ЖИЛ “ЗОДОГ ТАЙЛАХ” УЧРААС ТҮРҮҮЛДЭГГҮЙ ЮМ АА ГЭХЭД АЙРАГДЧИХ ЮМ САН-

Унаач хүүхдүүдийн ихэнх нь л бүрэг ичимхий байдаг хойно. Тэд диктафон /дуу хураагуур/-ыг маань хараад хэсэг балмагдав бололтой дуугүй байсны эцэст сая л ам нээв.

Хэвлүүхэн яриатай өнөөх хүү “Ах аа, та хурдан морь унаж үзсэн үү. Их сайхан шүү дээ. Би өмнө жилийн наадмаар морь унах гэж зөндөө догдолсон хэдий ч болоогүй. Их ч уйлсан даа. Аргагүй шүү дээ. Би чинь юу юугүй мориноос хасагдах болж байгаа юм чинь. Энэ жил их нас, азарга унавал их юм гэж бодож байгаа. Гэхдээ яах вэ. Оргүйгээс л дээр. Ямартай ч зодог тайлах гэж байгаа учраас энэ жил түрүүлдэггүй юм аа гэхэд айраг амсчих юм сан. Би том болоод өөрийн гэсэн бизнестэй болно. Тэгээд хажуугаар морь уяна гэж боддог шүү” хэмээн ярив.

Биднийг бага сунгаа болж байгаа газраар явж ганц хоёр хүнтэй ярилцаж байх хооронд салхи дэгдэж шороо утгаар нь нүдэж гарав. Уяачид яаран сандран морьдоо ачсаар гэр гэрийн зүг хөдөлсөн юм.

Цар тахлын улмаас бараг л хоёр жил хүлээсэн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам нь болох гэж буй тул уяач, унаачдын морины ажил ид эхэлсэн нь энэ байлаа. Аргач үгүй юм. Наадам болохгүй гэх сургаар Төв талбайг тойрон морьтой жагсаал хийж явсан цаг саяхан мэт. Ийнхүү наадмын өдрүүдийг удтал хүлээсэн тэд унтаж ч чадахгүй, догдлол дүүрэн байгаагаа биднээс нуусангүй.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-30 08:15

Уяачид минь энэ жил сайхан наадаарай

Зочин
Зочин
2022-06-30 09:00

Бөөн хобби хүсэл мөрөөдөл байдаг юм байна дааа 3000км туулна гэдэг тийм ч амар ч амар юм биш

Зочин
Зочин
2022-06-30 09:01

Морь хүүхэд хоёр минь эрүүл байгэээ

Зочин
Зочин
2022-06-30 09:01

uyachid min saihan naadaarai

Гуталт муур
Гуталт муур
2022-06-30 09:52

Уяачид энэ жил өнгөрсөн жилийн шархтай их л бухимд�##�тай цугларч байгаа даа

иргэн
иргэн
2022-06-30 10:57

ЯАЖ Ч, ХААГУУР Ч ТОЙРООД УВСЫН ХЯРГАСААС УБ ХҮРТЭЛ 3000 КМ ЯВАХГҮЙ. ДОРНОД ОРООД БУЦАЖ ИРЭЭГҮЙ Л БОЛ.

Bidon
Bidon
2022-06-30 13:51

Erguu dontoi piz daa bn daa

Уншигч
Уншигч
2022-06-30 20:52

Ирж буцахын нийт 3000 км шүү.

Холбоотой мэдээ

Back to top button