Ярилцлага

Б.Хүрэлбаатар: Энэ жилээс наадмын IV, V байрт шалгарсан харваачдад улсын цол олгоно

Үндэсний их баяр наадмын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх бэлтгэл ажил өргөн дэлгэр өрнөж байна. Тэр тусмаа эрийн гурван наадмыг оролцогчид ч, наадамчин олон ч  хоног тоолон хүсэн хүлээж буйгаараа онцлогтой. Эл өдрүүдийг угтан Монголын үндэсний харваачдын холбооны дэд тэргүүн, спортын мастер Б.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Үндэсний харваачдын холбоо, монголын харваачдад онцгой жил тохиолоо хэмээн харж байгаа. Учир нь өчигдөрхөн батлагдсан баяр наадмын тухай хуулиар сур харвааны цол олгоход өөрчлөлт орлоо. Энэ талаар яриагаа эхэлье?

-Баяр наадмын тухай хууль батлагдаж, үндэсний их баяр наадмын үндэсний сур харваанд дөрөв, тавдугаар байр  эзэлсэн харваачдад улсын цол олгох боллоо. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр байр улсын онч харваач, тавдугаар байр улсын тод харваач болж байгаа юм. Сур харваа уламжлалаараа дээр үеэс мэргэн цолыг олгож байсан. 2003 онд баяр нааамдын тухай хууль гарч, нэг түрүүлбэл улсын мэргэн, хоёр түрүүлбэл хошой мэргэн, гурав түрүүлбэл гоц, дөрөв түрүүлбэл гарамгай мэргэн, тав түрүүлбэл даяар дуурсах мэргэн, зургаа түрүүлбэл дархан мэргэн гэж цоллох болсон. Бас улсад зургаа түрүүлж байж дархан мэргэн болдог байсан учраас 2017 он хүртэл улсын хэмжээнд нэг дархан мэргэнтэй байсан. Ингээд 2017 харваачдын холбоо хурлаараа хэлэлцэж чансааг бууруулах хуулийн төсөл өргөн барьснаар улсын баяр наадамд дөрөв түрүүлсэн харваач дархан мэргэн цол хүртэх болсон. Мөн энэ хуулиар хоёр, гуравдугаарт орсон харваачдад улсын цол олгож, монгол улсын гарамгай харваач, гоц харваач төрж эхэлсэн түүхтэй.

-Энэ жилийн үндэсний их баяр наадамд хэдэн харваач цэц мэргэнээ сорих вэ?

рдын хувьсгалын 100, 101 жилийн ой учраас харваач бүр өндөр ач холбогдол өгч байна. Хэдий тийм ч сурын талбайн хүчин чадалдаа тааруулж 540 харваач цэц мэргэнээ сорино. 540 харваач эрэмбэлэгдэж орж ирнэ. Энэ жил Хүй долоон худагт сур харвааг зохион байгуулах хүсэлтийг баяр наадам зохион байгуулах комисст өгсөн ч хүлээж авсангүй. Улсын наадамд харвах хүсэлтэй харваачид маш их байдаг ч бид нар есөн зурхайдаа захирагдахаас өөр арга даа.

-Улсын хэмжээнд нийтдээ хэдэн харваач бий бол...?

-Сая Говь-Алтай аймагт УАШТ зохион байгуулахад л 1400 харваач оролцсон. Өнгөрсөн жил 100 жилийн ой болно гээд Хүй долоон худагт сорилго хийнэ гэхэд 21 аймаг есөн дүүргээс 4000 харваач хүсэлт ирүүлсэн. За ер нь бол улсын чанартай уралдаан  тэмцээнд тогтмол оролцдог 2000-3000 харваач бий. Бид нар 50-60 зурхайтай байж харваачдынхаа хүсэлтийг хүлээн авах боломжтой болно.

-Одоо байгаа харвааны талбай мөн зурхайн стандартын талаар та ойлгомжтой мэдээлэл өгөөч?

-Есөн зурхай байдаг, талбайг өргөтгөх, нэмэх ямар ч боломж байхгүй тойруулаад зайгүй хашаа, байшин барьчихсан. Монгол улсын стандартын дагуу 2Х2,5 метр, аюулгүй бүс таван метр нийтдээ долоон метр бүхий есөн зурхайтай. Есөн зурхайдаа захирагдаад 540 харваач л харвадаг байхгүй юу. Хүй долоон худагт хүсэлт хүлээж авсан бол харваачдаа эрэмбэлж чансаалахгүйгээр өргөн дэлгэр наадах боломжтой байлаа. Улсын чанартай уралдаан тэмцээнд ордог 3000 орчим харваачдын бүртгэлийг харахад тал нь цол зэрэгтэй. Манай харваачдын ур чадвар маш өндөр, жилдээ наамдын тав хоногоос бусад өдөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг. Бүх агуулгаараа түүх, өв соёл, уламжлал тээсэн энэ сайхан үндэсний спортын төрөлдөө хэдхэн метр газар шийдэж өгөөд, харваачдаа бахдалтай наадуулж чадахгүй байгаа нь харамсалтай.

-ХАРВААЧИД ӨРСӨЛДӨГЧӨӨ ОНООСОЙ ХЭМЭЭН УУХАЙЛДАГ-

-Өв уламжлал гэснээс сур харвааны хэчнээн төрөл байна вэ?

-Монгол улс 25 ястан угсаатантай, тэр бүр өөр өөрийн гэсэн харвааны төрөлтэй. Манайхан  урианхай, буриад сурын харвааг үндэсний сур харвааны төрөл гэж андуураад байдаг. Энэ чинь бол ястангуудын хэв шинж, дэг жаяг агуулсан харвааны төрлүүд. Монгол улсын хэмжээнд харвааны төрөлжсөн долоон холбоо бий. Урианхай, буриад, баргын түнх, үзэмчний мин, морин харваа, зэвтэй харваа, үндэсний харваа гээд.

Үндэсний их баяр наадмын эрийн гурван наадамд бол зөвхөн үндэсний сурын харваа л орно. Буриад харвааны тэмцээнийг 1962 оноос, урианхайг 1995 оноос таниулан сурталчлах зорилгоор наадамтай зэрэгцэн зохион байгуулж эхэлсэн. Энд түрүүлсэн харваачид холбооныхоо цол, шагналыг хүртээд явдаг. Эдгээр харваагаа сая үндэсний их баяр наадамдаа оруулах гээд болсонгүй ээ.

-Үндэсний сур харвааны бусад төрлөөс ялгаа нь юу вэ?

-Тухайн газар нутгийн онцлогоос шалтгаалаад харвааны төрлүүд өөр өөр байсан. Үндэсний сурын харваа монгол улсын хамгийн анхны дүрэмтэй спорт. Одоогийн байдлаар олдсон баримт нь 1874 оны дүрэм байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ дүрэм дээр цаг үетэй нийцүүлж хуучин дүрмийг хэрэгсэхгүй болголоо гэсэн байгаа юм. Тэгэхээр бүр үүнээс өмнө дүрэмтэй байсан болж таарч байгаа юм. Тэрийг бид архивын материалаас хайгаад олдоггүй.

1874 оны дүрэм дээр үндэсний сур харваа, бөмбөг намнах буюу морин харваа хамт бичигдсэн байдаг. 1800-1900 онд харваж баяр наадмууд дээр бөмбөг намнах, холч, үндэсний сур гэсэн төрлөөр харвадаг байж. Үндэсний сур харваа одоо ч гэсэн цаг үеэ дагаад дүрэм нь өөрчлөгдөөд явж байгаа. Тухайн үедээ бай 96 см өндөр, зургаан метрийн урттай байсан бол одоо 25 см өндөр, 1,60 м  урттай болсон.

-Харвах зай нь...?

-1800 оны үед метргүй болохоор том, жижиг нумаар хэмждэг байж. Гэтэл алдаа гараад байхаар нь тогтсон хэмжээст модоор орлуулсан. Үүнийг метрт шилжүүлээд ирэхээр 75 болж байгаа юм. Үндэсний сурын харваа насны хязгааргүй. Манайд хамгийн залуу нь хоёр настай, хамгийн ахмад нь 90 настай хүн харваж байсан. Өнөөдөр бол хамгийн ахмад нь 83 настай хүн байна.

18 наснаас доош насны ангилал ороод ирдэг. Балчир нас буюу найман нас хүртэлх хүүхдийн насыг нь эрэгтэй бол дөрвөөр, эмэгтэй бол гурваар үржүүлж, харвах зайг тогтооно. Гурван настай охин харвах бол есөн метр, хүү бол 12 метрээс харвана гэсэн үг.

Найман наснаас дээш бол 9-14 настай охид 35, хөвгүүд нь 45, 15-17 насны охид 55, хөвгүүд 65, насанд хүрэгчид эмэгтэй 65, эрэгтэй 75 метрээс харвана. Сумны тухайд хүүхдүүд насныхаа ангиллаас хамаарч 20, 28, 32, насанд хүрэгчид 40 сум харвадаг.

-Сур харвааг дэг жаягтай онцлогтой спорт гэж ойлгодог. Учир нь наадмаар хурдан морь, бөх дээр ямар нэг маргаан, тохироо хийсэн гэж яригдаж байхад сур харваа нам жим байдаг?

-Сур харваа нүдэн дээр ил тод болдог учрааас ямар нэг лобби хийх боломжгүй, булхайцах зүйл байхгүй. Дээрээс нь хоёр хүн хоорондоо өрсөлдөггүй, 540 харваачийн 180 эмэгтэй, 360 эрэгтэй хүн байна. Эд нар чинь бүгд зөвхөн түрүүлэхийн төлөө харвана. Гэхдээ нэг онцлог бүгд өрсөлдөгчөө оноосой гэж бэлэгшээдэг. Манайхан өөрөө харвачхаад бууж, зурхай дээр очиж ажлаа хийнэ. Ингэхдээ өрсөлдөгч тамирчныхаа хасааг нь өрж, сумыг нь зөөн бууцыг нь зааж өгнө. Сум тавих бүр оноосой гэж сайхан уухайлна.

Сурын спорт уртаашаа ухаан, өргөөшөө бяр шаарддаг гэж манай ахмадууд хэлдэг нь ийм учиртай. Харваачийн дохио, биеийн хэлэмж тэр чигээрээ хэмжээс харуулдаг. Сөөм, тохой, алд гээд гараараа үзүүлэх нь сум дутсан байдлыг хэлж байна. Харваач тэр хэмжээг хараад дараагийн харваагаа тооцоолдог. Эртнээс хэрэглэж байсан бүх хэмжээсийг биеэрээ илэрхийлдэг. Ер нь бөхийн цол, хурдан морины гийнгоо, сур харвааны уухай бол ард түмнийг хөглөдөг сэргээдэг тансаг, нандин өв уламжлал, соёл. Харваа хараад уухайлдаггүй монгол хүн гэж байхгүй шүү дээ. Энгийн нүдээр хараад ойлгохгүй байж магадгүй ч харваачдын бүх үйлдэл бэлгэдэл тээж явдаг.

-ХАРВААЧИД ХАМГИЙН САЙН ТООЧИД-

-Жишээ нь...?

-Нэг босоонд дөрвөн хүн босч дөрвөн сум харвана. Үүнийг өрөг гэнэ. Хоёр дахь удаагаа босохдоо найман сум харвана, энэ нь эхэн өргийн адаг болох бөгөөд дөрвөн зүг найман зовхисоо бэлэгшээнэ. 15 босоо буюу нэг зурхай дээр жаран тамирчин харвана. Харвахдаа босоо эрэмбээр явна. Босоо эрэмбээ мэргэ, шил, ноён, баатар, хөндий, шувтарга үе гэж ангилна. Мэргэ үе дээр хамгийн өндөр цолтой, ахмад настай харваач нар босно. Шил үе дээр эмэгтэй өндөр цолтой, ахмад харваачид, ноён үе дээр аймгийн зэрэг цолтой харваачид,  баатар үе дээр спортын цол зэрэгтэй харваачид, хөндий үед сумын спортын зэрэгтэй харваач нар, шувтарга үе дээр залуу харваач нар босч харвадаг. Босоо эрэмбэ хүний бие дээр заагаад ярихад яг таардаг. Дөрвөн сумаар 10 удаа харвана. Дандаа тоон бэлгэдэлтэй. Нум сумыг гол уруудуулж харвадаггүй. Сөрж эсвэл хөндлөн харвана. Эрт дээр үеэс гэр харваа гэж үүдийг хөндлөн харваж цээр гаргадаг, хүү төрвөл нум сум бэлдэж өгдөг зэрэг сайхан дэг жаяг, уламжлал байсан. Ер нь  монголчуудын хүчирхэг явсан нь нум сумтайгаа холбоотой.

-Харваач хүний ур чадвар, онцлогийн тухайд?

-Тоо бодно, харваачид бол маш сайн тоочин хүмүүс. Бодно, тооцоолно, төлөвлөнө. Босоод харвахдаа салхиа мэдэрнэ. Хараагаа цаг агаартайгаа холбож, гэр дээрээ тооцоолон зурна. Салхи хаанаасаа салхилж байна, сумыг туухаар байна уу, сумыг барихаар байна уу гэдгийг тооцоолж хараагаа нэмж, хасна.  Миллметрээр л ярина ш тээ. 75 метрээс нэг мм алдаж харвахад зурхай дээр буухдаа 1-2 метрийн алдаа гардаг байхгүй юу. Хүмүүс улаан хасааг оновол өндөр оноо авдаг уу гэж асуудаг. Хасааг хаана нь онох нь хамаагүй нэг оноо авна. Улаан хасаа төв цэг бөгөөд салхины хурдыг тооцоолж улаан хасаанаасаа баруун, зүүн тийш хэдэн хасаа зөөж харвахаа тооцдог. Цаг уурч л тоо бодоод байгаа биз. /инээв/ Эв дүй, арга ухаан, өөрийгөө ялан дийлсэн удирдах сэтгэлзүй харваач хүний гол ур чадвар.

-Та бяр чадал гэж хэлсэнгүй. Барагтай энгийн хүн нумыг татахад дийлддэггүй юм шиг харагддаг?

-Турьхан охид, хүүхдүүд харваад зогсож байгаа биз дээ. Сур харвааг хэн ч сурдаг. Ганц эрхий хуруугаараа татдаг учраас тэнд маш их ачаалал ирнэ. Эв дүй их нөлөөтэй. Ард түмний дунд сайн мэдэхгүй учраас үндэсний сур харвааны талаар мэдлэг мэдээлэл учир дутагдалтай байж магадгүй. Бид 2014 оноос эхлээд 1000 нум сум хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд сур харвааг таниулж, сонирхогч харваач олон болсон. 

-Энэ өндөр настай хүмүүс харваж харагддаг. Тэдний хүч чадал, харааны чадвар хадгалагдаад байна уу?

-Сур харваа нас бол тоо гэдгийг харуулдаг спорт. 2014 онд Ховд аймагт УАШТ болоход Баян-Өлгий аймгийн Я.Дашдэндэв гээд 70 настай хүн спортын мастерийн болзол хангасан. Нас ахиад ирэхээр арай зөөлөн нум, сум барьдаг. Энэ нь салхинд туугдах эрсдэл бий. Бусдаар бол яг л адилхан.

-Нум сум бас нас насаараа өөр байна уу?

-Хувь хүн өөртөө таарсан нум сумтай байдаг. Татлын хүч буюу паунд гэж ярьдаг л даа. 2.2 паунд 1 кг болно. Жишээ нь би өөрөө 60 паунд буюу 25 кг нум сум барьдаг. Манайд 28 нум сум үйлдвэрлэгч байгаа ч зах зээлээ хангаж чадахгүй л байна. Эндээс үндэсний сур харваагаар ямар олон хичээллэдэг нь харагдаж байна. Ер нь манай харваачид жилдээ дээл, гутал, малгай, нум сум, агсуур гээд 2-3 тэрбум төгрөгийн орлогыг үндэсний  үйлдвэрлэгч нартаа оруулж байна. Манайд нум сум үйлдвэрлэгч 28 компани байгаа ч зах зээлээ хангаж чадахгүй байна. "Хотула" компани гаднаас одос үхрийн эвэр оруулж ирдэг, мөн зооны урт шөрмөсөөр хийдэг учраас их олон харваач эднийхээр үйлчлүүлдэг.

-Харваачид маань наадмын бэлтгэлээ ямархуу зохион байгуулалтаар хийдэг вэ?

-Харваачид баяр наадмын тав хоногоос бусад үед бэлтгэлээ хийж байдаг. Өвөл болохоор урианхай, мөсөн сурдаа орчихно. Наадмын бэлтгэлд баг, клубээрээ өөр өөрсдийн боломжоор гараад явчихдаг. Бүх л харваач нар сум, аймаг, улсынхаа наадамд бэлтгэж байгаа. Манай багш, дасгалжуулагч нар дагаад бэлтгэлд гарчихдаг.

- Бай шагнал нь хэр байдаг вэ?

-Улсын баяр наадамд түрүүлсэн харваач эрэгтэй, эмэгтэй төрлөөрөө тус бүр найман сая төгрөгөөр шагнуулдаг. Түрүүлсэн бөх 15 сая, түрүү морийг таван сая төгрөгөөр байлдаг. Энэ шагналыг хэт өндөр байх шаардлагагүй гэж үздэг. 

- Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Сур харвааг үзэгчгүй наадам гэж хэлэх нь бий. Хүмүүс маш хурдан хугацаанд кайф өгдөг зүйлд дуртай учраас гурван өдрийн дараа дүн нь гардаг үндэсний харвааг эхнээс нь дуустал үздэггүй. Гэхдээ шигшээ 16 дээр бол хөл гишгих зайгүй болчихдог. Гаднынхан маш их үзнэ.

-Олон улсад манай харваа дэлгэрсэн үү?

-Дэлхийн 64 орны гишүүнчлэлтэй олон улсын уламжлалт харваачдыг холбоо гэж бий. Манай улс 2008 онд элсэж, олон улсын хэд хэдэн уралдаан тэмцээнд орж байсан. Гадны орнууд бүгд зэвтэй сумаар харвадаг, булцуут сумаар харвадаг цор ганц орон бол манайх. Манайд гадаадаас харваачид ирдэг. 2020 онд Хөлөнбуйрын тамирчин 35 онож байсан, мөн Сингапур, Япон, Австралиас ирж харвадаг.

-Ярилцсанд баярлалаа.   

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-07-01 08:43

Харваач нарыг ер нь л хүмүүс танихгүй юм тиймээ

Баярт
Баярт
2022-07-01 09:30

бас айргийн 5тай болж байгаа юм байна лдаа

Зочин
Зочин
2022-07-01 11:02

Өчнөөн их хүч хөдөлмөр шаардсан өв соёлоо тээн дэлгэрүүлж яваа энэ спорт, энэ хүмүүсийг яагаад ч орхигдуулж болохгүй ээ цол олгох нь зөв шүү

Зочин
Зочин
2022-07-01 11:03

Нууцхан өв тээгчид гэж харваачидыг л хэлнэ

Зочин
Зочин
2022-07-01 11:03

ХҮмүүс харваачидыг мэддэггүй нь их харамс�##�тай байдаг шүү.

Зочин
Зочин
2022-07-02 07:25

Цолоор яадаг юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button