УЛС ТӨР

ХОМ: Төрийн гурван өндөрлөгийн орлого, хадгаламж буурчээ

АТГ-аас УИХ-ын гишүүдийн 2021 онд мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг дэлгэсэн байна. Үүнээс төрийн гурван өндөрлөг: Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын хөрөнгөд ямар өөрчлөлт орсныг мэдээлье.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРЛОГО БУУРЧ, БУСАД ХӨРӨНГӨ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ

ӨӨРИЙН ОРЛОГО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд 169.6 сая төгрөгийн өөрийн орлоготой гэж мэдүүлсэн нь өмнөх оноос 13.1 сая төгрөгөөр буурсан дүн болж байна.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ: Харин нийтийн нэг орон сууц, зуслангийн нэг байшинтай хэмээн 2018 оноос хойш мэдээлсэн нь хэвээр аж. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь өөрчлөгдөөгүй буюу 162.4 сая төгрөг байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тээврийн хэрэгсэлд мөн 2018 оноос хойш өөрчлөлт ороогүй байна. 284 сая төгрөгөөр үнэлэгддэг түүний тээврийн хэрэгслүүдэд: “Harley Davidson” мотоцикл, “Lexus-570” жийп, “Mercedes Benz ML320” суудлын автомашин нэрлэгдэж байна.

ХАДГАЛАМЖ: Түүний хадгаламжийн хэмжээ мөн 2018 оноос хойш өөрчлөгдөөгүй байна. Тухайлбал, дотоодын банк санхүүгийн байгууллагад 1 тэрбум 694 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн 2018 онд мэдүүлж байсан нь хэвээр аж.

УИХ-ЫН ДАРГЫН ОРЛОГО ОГЦОМ БУУРЧЭЭ

ӨӨРИЙН ОРЛОГО: УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд 2021 онд 60 сая төгрөгийн өөрийн орлоготой гэж мэдүүлжээ. 2020 онд 506 сая, 2019 онд 124.3 сая төгрөг байснаар нь авч үзвэл, түүний орлого огцом буурсан байна. Нарийвчилбал, нэг жилийн дотор Г.Занданшатарын орлого 446 сая төгрөгөөр буурчээ.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ: Харин үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нь өмнөх 2020 оноосоо өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байшин нийлээд 1 тэрбум 175 сая төгрөг болж байгаа юм. Гэхдээ энэ нь 2019 онтой харьцуулахад огцом өссөн дүн. Тус онд 762.6 сая төрөг байснаа 2020 онд ийн 1.175 тэрбум болж өссөн байдаг.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ: Спикерийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 2018 оноос хойш өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, 80 сая төгрөгийн үнэлгээ бүхий түүний тээврийн хэрэгсэлд “Nissan Murano” маркийн нэг суудлын автомашин байна.

ХАДГАЛАМЖ: Харин түүний хадгаламж буурчээ. Түүний дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн хэмжээ 115.9 сая байгаа нь 2020 оноос 70 сая төгрөгөөр буурсан үзүүлэлт болж байна. Харин гадаадын банк санхүүгийн байгууллага дахь хадгаламж нь 2.8 сая төгрөг бөгөөд мөн өмнөх оноос нэг сая орчим  төгрөгөөр буурчээ.

ЕРӨНХИЙ САЙДЫН ХАДГАЛАМЖ ДӨРВӨН ЖИЛ ДАРААЛАН БУУРЛАА

ӨӨРИЙН ОРЛОГО: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийн орлого 234.9 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оноос 20 орчим сая төгрөгөөр буурсан гэсэн үг. 2019 онд 233.5 сая төгрөг байсан түүний өөрийн орлого 2020 онд өсөөд байсан ч ийн буцаад буурчээ.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ: Тэрбээр нэг л нийтийн орон сууцтай. Үүнийгээ 2017 оноос хойш өөрчлөлтгүйгээр мэдээлжээ. Түүнийх нь үнэлгээ харин 2021 онд өссөн байна. Өнгөрсөн жилүүдэд 244 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 2021 онд 291.3 сая төгрөг болж өсжээ.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ: Ерөнхий сайдын тээврийн хэрэгсэл ч өөрчлөгдөөгүй иржээ. Тодруулбал, туулах чадвар өндөр “Toyota Highlander” хэмээх ганц машинтай гэж 2017 оноос хойш ХОМ-тээ мэдээлж байсан. Харин  үнэлгээ нь зах зээлийн хангаа дагаад өсжээ. 2020 онд 28 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол 2021 онд 30 сая болжээ.

ХАДГАЛАМЖ: Тэр 2020 онд 97.6 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2021 онд 93.8 болж буурсан байна. Ерөөс түүний хадгаламж тасралтгүй буурч ирсэн дүр зурагтай. 2018 онд 112.9 сая, 2019 онд 100.6 сая, 2020 онд 97.6 сая, 2021 онд 93.8 сая болжээ. Тэр гадаадын банк, санхүүгийн байгууллагад хадгаламжгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button