Монголын "Тамирчдын өдөр"-ийг энэ сарын 22-нд тэмдэглэнэ

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 3.6.3, дөрөвдүгээр бүлгийн 4.1.19 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын ололт амжилт, олимпизмын үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт холбоодыг олон нийтэд мэдээлж сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнаж урамшуулан алдаршуулах, олимп, паралимпын медальтан, олимпын наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр тэмдэглэгдэг Монголын “Тамирчдын өдөр”-ийг, “Олон улсын олимпын өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган 2019.06.22-ны өдрийн 10:30-15:00 цагт Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулна.
Өдөрлөгийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Монголын “Тамирчдын өдөр”, “Олон улсын олимпын өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, “Токио олимп сан”-гийн нээлт болно.
Дараагийн хэсэг спорт, урлагийн тоглолтоос гадна нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, спорт клубууд үйл ажиллагаагаа сурталчилж, үзүүлэх тоглолтуудыг хийнэ. Мөн спортын чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, спортын брэндүүд асар ажиллуулж, олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилна.
Түүнчлэн энэ өдөр Монголын үндэсний олимпын хорооны музей, дүүргүүдийн биеийн тамир, спортын хорооны спортын заал, талбай иргэдэд тодорхой хугацаанд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.