НИЙГЭМ

ЗУЛ ҮГ

Богд уул манантай, хүйтэн өглөө. Ийм хүйтэн өглөө бидний ертөнцөөс нэгэн яруу найрагч буцлаа...

Харанхуй, гэрэл хоёр тэврэлдэн салах мөчид харанхуйтай хамт буцлаа. Харанхуй буцаад л ирнэ. Харин тэр ирэхгүй. Цээжин дахь хураалгаатай үгсээсээ хүн төрөлхтнийг цастай, бороотой хүйтэн өдрүүдэд, цамцаа тайлж шидмээр халуун өдрүүдэд уншиж дулаацаг, сэрүүцэг хэмээн үлдээгээд буцлаа. Тэр аавдаа үнсүүлэхээр явлаа.

Одоо үүр цайх бүрийд л, долоодугаар сарын 4 бүрийд л яруу найрагчид Л.Хасар ахыгаа, дүүгээ, найзыгаа бодох нь. Бид бодолдоо л түүнийг аргамжиж, зүүдэндээ л "зэмлүүлэх" нь.

Тэр явахаа мэдэж байсан юм шиг аавынхаа бичсэн "Тамгагүй төр" жүжгийн гар бичмэлийг Б.Баатарт дурсгаж байв. Ердөө гуравхан сарын өмнө.

Амьдралын алдаа мадагтай нүүр тулж зогсоо мөчид аманд өөрийн эрхгүй "Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
" хэмээх шүлгийн мөр нь "амтагддаг" сан.

Тэр эзгүй ч түүний яруу найргууд таньтай ярилцана.

Болор цом 26 наадмын тэргүүн байр эзэлсэн шүлэг

Он цаг урсана.
Он цаг...
Он цаг...
Он цаг...
Ид эрхлэх гэхэд минь
Эмээг минь надаас булаасан
Өссөнөө гайхуулах гэхэд минь
Өвөөг минь надаас булаасан
Өгсөнөө авдаг хатуу он цаг Он цаг...
Он цаг...
Он цаг...
Эжий аавын минь залуу насыг
Хэцүүгээр солиод авчихсан
Эрх танхил насыг минь
Хэрсүүгэзр солиод авчихсан
Атаа хорсол, үзэн ядахуй
Үхэх төрөхтэй
Улаан нүүрээр минь тулгаж
Тархины сүүдрийг минь нэмсэн
Үзэсгэлэнт бүсгүйтэй намайг учруулж
Үхэн хатах хайрын зовлонд унагасан
Үр надад өгч, үнсэж үлгэх,
Хайрлахын зовлонд унагасан
Он цаг чи
Намайг тосож ирсэн
Он цаг чи
Намайг үдэж үлдэнэ.
Он цаг үл тасалдах амьсгал
Он цаг
Үхэлд хүртээлгүй
Эрх чөлөө
Он цаг
Өгсөнөө буцааж заавал авдаг
Үгүйсгэлгүй мөнхийн дарангуйлал
Он цаг

Миний нэг өдөр ингэж санагдаад

6 цаг 30 минут
Хар дарсан зүүд үргэлжилж
Яргачин бурхан нүдийг минь сохолж, хэлийг минь сугалж
Мөчийг минь тасдаж зовооно
Улайрсан яргандаа тэд чихийг минь авахаа мартаад
“Одоо яах уу” хэмээн мэгдэн сандралдана
Хар дарсан зүүд

7 цаг 30 минут
Манай ванны өрөөнд жоомнууд
Амиа тэврэн гүйлдээд
Жоомны цус зэвтэй ус шиг крантнаас гоожоод
Сав нь нялцайгаад
Оо хатаад
Шүд нь биш оо цав цагаан санагдаад
Шар шүдтэй амаараа
Шар юм, хар юм, улаан юм ярихаар би гарч одно

10 цаг 00 минут
Гудамж дүүрэн хүмүүс тарни унших мэт
Зовлон, зовлон гэж үглээд
Зөгий шиг дүнгэнэлдээд
Хөгширч үглэх үг нь дуусахаараа
Хэдхэн удаа тарни уншаад үхнэ дээ гэж бодогдоод
Энэ хот зөгийний үүр шиг санагдаад
Балыг нь бурхан өглөөний цайндаа хийж уугаад л

12 цаг 30 минут
Өдрийн цайндаа зөгийн бал хийгээд
Дөнгөж ууж эхлэх гэж байтал
Лусын дагина, бурхны элч
Хөөрхөн гоё тэнэг, гоё харагддаг бүсгүй урдуур явж
Өдрийн цайг халбага шиг хөлөөрөө туучаад
Залуучууд гаслаад, хөлөг онгоц ч живээд
Лусын дагина зүгээр яваад өгнө
Тэр буланд суугаа охин л надтай хамт живнэ дээ гэж санагдаад
Миний цай тэр олон залуучуудыг залгисан далайн ус шиг шорвог санагдаад

13 цаг 13 минут
Гудамжаар алхаад, миний гарыг чанга атгаад
Миний мөрийг налаад
Хэзээ энэ охинтой танилцсанаа би мартаад
Гудамж нарийсаж тэдний гэр лүү улам ойртоод
Олон давхар цоожтой айлын хаалга онгойж өгөхгүй удаад
Зүрх минь цагийн зүүнээс хурдан цохиод
Энэ гэрийн эзэн охиноо харамлаж буруу газар олон цоож хийсэн байх
Ханхай хоосон гэр хов хоосон санагдаад
Нүцгэн охин Венерагийн баримал шиг санагдаад
Хэрэггүй санагдах баахан номтой тавиур дээр
Венераг мартаж гараад, гудамжаар алхаад

18 цаг 30 минут
Хэн нэгэн дээр очмоор санагдаад
Канёо, Ницше, Бодлер, Рембү үхснийг санаад
Үхэл тэдэнтэй дайралдах байлгүй
Архины мухлаг ормоор санагдаад
Цонхоор нь харахад тэд архины шилэн дотор сууж байгаа юм шиг
Архиар тархиа угаая гэж бодоод тархиа мушгихад
Ус асгараад, шал дэмий
Шил нь согтож, тасарч унахгүй болохоор нь
Шил шиг болмоор гэнэт санагдаад
Хэн нэгэн дээр очмоор санагдаад

21 цаг 20 минут
Нарны нүд хорсож улайгаад
Хүмүүсээс зугатаад, салхи шал согтуу
Тэнгэр хүртэл согтуу, агсан тавьж уйлаад
Нулимс нь үсчиж, намайг норгоод
Газар согтуу хурхираад
Би ганцаараа эв эрүүл, гэр лүүгээ алхаад
Сар хөндөлдөөд, шалбаагт хэвтээд
Би сарыг туучаад, гэрт ирсэн
Гутал нойтон
Сар нойтон байдаг юм байна гэж мэдээд
Орон дээр миний биеийн хэв үлэг гүрвэлийн мөр шиг санагдаад
Би гэрээсээ гараад удсан юм байна

Өглөө
Өчигдөр согтуу байсан салхи, тэнгэр, газар, хот зүв зүгээр
Би ганцаараа шартсан бас хар дарсан зүүдээ ярихаар
Ижий рүүгээ очихоор гудмаар алхаад

Усан үзэмнээс нарны нулимс амтагдана

Усан үзэмнээс нарны нулимс амтагдана
Уйлж суугаа чамаас алдаа амтагдана
Тойрмын бараанаас туучаад өнгөрсөн тэмээ амтагдана
Өндөр холын одноос гэрэл амтагдана
Өнгөрсөн цагийн дурьтатгалаас гэнэн амтагдана

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 13:52

Mash haramsaltai gun emgenel

Дэлгэр
Дэлгэр
2022-07-04 17:38

Ум ма ни бад мэ хум..

Холбоотой мэдээ

Back to top button