Нийгмийн

Соёолон нас уралдах үеэр замыг нэг чиглэлийн урсгалтай болгоно

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ. Үүнд ЦЕГ, ЗЦГ, НЗДТГ зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Мэдээллийн агуулгыг товчлон хүргэе.

-ШАР МАНДАТ 100 ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ-

Үндэсний их баяр наадмын 100, 101 жилийн ойн баяр наадмыг сурвалжлах хүсэлтийг гадаад, дотоод 1000 хэвлэл мэдээллийн ажилтан тавьснаас 600 мандат  олгосон байна. Улаан мандат нь Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сурын харваа, шагайн харваа сурвалжлах давуу эрхтэй, ногоон мандат цэнгэлдэх, цэнхэр мандат Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг, шар мандат гадаадын сурвалжлагч нар гэх мэтээр ялгах юм байна. Үнийн хувьд шар мандат 100 доллар, бусад нь 25 мянган төгрөгийн үнэтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олгох автомашины “Г” зөвшөөрөл хараахан хэвлэлтээс гараагүй байгаа бөгөөд тус зөвшөөрлөөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн нийтийн хэсэгт нэвтэрнэ.

-СОЁОЛОН НАС УРАЛДАХ ҮЕЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭГ УРСГАЛД ОРУУЛНА-

Баяр наадмын өдрүүдэд ЦЕГ өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжиж, 3600 алба хаагч ажиллана. Алба хаагчид олон төрлийн эргүүлийн зохион байгуулалттай 24 цагаар ажиллаж, дуудлага мэдээллийг хэвийн хүлээн авна. Замын хөдөлгөөний хязгаарлалтын тухайд Төв цэнгэлдэх хүрээлэнд 1300 машины хүчин чадал бүхий зогсоол байгаа учраас Гандийн гудамж-Нийслэлийн өргөн чөлөө хоёр замын уулзваруудыг хааж, явганаар хөдөлгөөнд оролцох боломж бий болгоно. Иргэд автомашинаа Дүнжингарав, 1000 машины зогсоол, Мишээл экспо төвийн талбайд байршуулаад өөрсдөө автобусаар үнэгүй зорчин наадамдаа ирэх боломжтой. Харин Хүй долоон худагт долоон төрлийн зөвшөөрлөөр машинаа байрлуулна. Соёолон нас уралдах үеэр өглөө Улаанбаатар хотоос Хүй долоон худаг чиглэлийг Архангай салдаг замаас Хүй долоон худаг хүртэл нэг чиглэлийн урсгалд оруулж, үдээс хойш Улаанбаатар чиглэлд нэг урсгалтай болгохоор зохион байгуулалт хийжээ. Нийтийн тээврийн хэрэгсэл Хүй долоон худаг Төв цэнгэлдэх чиглэлд иргэдийг үнэ төлбөргүй зорчуулна. Төв цэнгэлдэх орчмын 19 хотхоны 16 мянган иргэний 6000 автомашиныг  иргэд орон сууцны гэрчилгээ, түрээсийн гэрээг үзүүлж хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.

-1111 ДУГААРТ БАЯР НААДАМТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ САНАЛ ХҮЛЭЭН АВНА-

Мөн энэ үеэр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө.  Оны эхний зургаан сарын байдлаар 23 хүүхэд гэмтэж бэртсэний улмаас, 11 хүүхэд усанд живж, 10 хүүхэд өндрөөс унаж, 2 хүүхэд буу сум алдаж, 2 хүүхэд халуун тогоонд түлэгдэж, 4 хүүхэд тогонд цохиулан тус тус амиа алдсан байна. Цагдаагийн байгууллагаас наадмын өдрүүдэд хүүхдийг төөрч алга болох, ахуйн осолд өртөх, зам тээвэр, гол усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдэж, эцэг эх, асран хамгаалагчдыг хариуцлагатай байхыг хүслээ. Наадмын өдрүүдэд Засгийн газрын 1111 дугаарт иргэдийн гомдол, саналыг хүлээж авах юм байна.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button