Үйлдвэрлэгч

ХӨХҮҮР УРЛААЧ С.Мөнхбаяр: Айрагны жинхэнэ амт, үнэр, араншинг хөхүүр л мэдрүүлдэг

“Үйлдвэрлэгч”-ийн  энэ удаагийн дугаарт үндэсний их баяр наадам тохиож буйтай холбогдуулан, “Манлай ханшир” ХХК, хөхүүр урлаач С.Мөнхбаяр, гэргий З.Уранчимэг нарыг зорьж уулзлаа. Хилийн VII, VIII отрядад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хос хөхүүр “үйлдвэрлэх” ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ. Говийн уугуул иргэд нийслэл хотод өв уламжлалаа сэргээж, үндэсний хэрэглээгээ өрх бүрт хүргэх зорилготой ажиллаж байгаа нь бахдам.

  • Брэндийн нэр: "МОНГОЛ ХӨХҮҮР"
  • Үүсгэн байгуулагч:  С.Мөнхбаяр З.Уранчимэг
  • Үүсгэн байгуулсан он: 2019 он
  • Сошиал хуудас: Монгол хөхүүр
  • Холбогдох утасны дугаар:  9921-1199 

-НАСААРАА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЦАЛИНЖСАН ӨРӨӨ ТӨЛЖ БАЙНА-

-Ажлаа эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?

-Төсвийн байгууллагаас тэтгэвэртээ суугаад байсан үе. Нэг өдөр зурагтаар  ЮНЕСКО-д хөхүүрийн айраг бүртгэгдлээ гэсэн мэдээ үзлээ. Тэрнээс өмнө бас ар монгол, өвөрмонгол хоёр монгол залуу урд хөхүүр, суран эдлэл хийж байхыг зурагтаар харсан юм. Тэгээд энэ буянтай ажлыг хийе гэж шийдсэн. Улс эх орондоо ажлын байр бий болгоё, татвар төлье иргэний үүргээ биелүүлье ч гэж бодсон. Эхлээд судалгаа хийлээ. Улсын хэмжээнд 101 хүн хөхүүр урлаач бүртгүүлсэн, нутаг нутгийн онцлогоос хамаарсан арьс боловсруулалт, хийц төрх, архад,ташуур, борви, намаг гээд нэр хүртэл өөр өөрөөр хэлэх жишээтэй. Нөгөө талаас хүн амын эрүүл мэндэд аюул учруулаад буй хуванцар савны хэрэглээг багасгая. Гадагшаа гарч, эргэж бидэнд үнэ өндөртэй гутал, цүнх сав болоод ирдэг түүхий эдийг эх орондоо авч үлдье гэсэн зорилго тээж, уламжлалт технологийг шинэчлэлтэй нь холбож гаргахаар 2019 оны намар эхэлсэн түүхтэй.

-Насаараа төсвийн байгууллагад ажилласан хүнд өөрөө бизнес эхэлнэ гэдэг амаргүй байв уу?

-Төрийн албанаас тэтгэвэрт гарчхаад нөгөө хэдэн төгрөгөө хүлээгээд хэвтээд байвал ёстой биеийн амар харсан юм болно. Ер нь энэ ажлыг эхэлснээр “хорвоотой танилцсан түүх” эхэлсэн гэж боддог. /инээв/ Олон хүнтэй танилцлаа, түүх соёлоо уншлаа. Насаараа татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, улсаараа тэжээлгэсэн өрөө төлж байна гэж боддог юм. Өнөөдөр нийгэмд энэ улс орныг хэдхэн  хүн хувааж аваад хэдхэн айл баяжаад байгаа мэтээр яриад бичээд байгаа ч мань мэтээр жишээлэхэд олон мянган хүн эх орноо хөгжиж байна гээд бодоод ажиллаж хичээж яваа шүү. Манайх хилийн цэргээс тэтгэвэртээ гарсан хүмүүсийг манайд ирж ажиллаарай гэж урьдаг. Одоо ч энд ажиллаад байж байна. Ажлын байраа түрээслээд, хоёр, гурван ажилтан авч компани байгуулаад эхэлсэн. Тэр үеэ бодоход одоо ч үйлдвэр гэдэг үгийг хэлэх хэмжээнд хүрчих гээд л байна шүү. ЖДҮДС-гийн зээл хөөцөлдөөд сүүлийн шатанд тэнцээгүй. Зээл авахад санхүү, хууль эрхзүйн мэдлэг, техник технологийн мэдлэгтэй байх ёстойг энэ үед ойлгосон. 

-Одоо хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна вэ?

-5-160 литрийн хөхүүрийг хараа, бүлүүр, ховоо, цах гээд цогцоор нь хийнэ. Нэг үхрийн ширнээс нэг л хөхүүр гардаг болохоор бусдаар нь сур хийнэ. Монголчууд эр хүнд эрхий ороох сур, айлын авдранд алд сур байх учиртай гэдэг. Тэр агуулгаараа хэдэн литрийн хөхүүр авснаас шалтгаалж гурван алд хүртэлх сур бонус болгож өгдөг. Модон эдлэлээ бүгдийг нь хушаар хийдэг. Хушинд давирхайн үнэр, амт байдаггүй учраас хамгийн тохиромжтой мод. Цахны дээд талд адуу мал нь өсөж үржихийн бэлгэдэл азарга, гүү, унага бэлчээрлэж яваа сийлбэртэй. Харааны хөхүүрийн шанаа руу ордог хэсэгт төр мөнхөд оршихуйн бэлгэдэл түмэн наст хээн дотор ашиг орлогын үүд нээгч арван нүдтэй өлзий хээг байрлуулсан. Цахан дээр зогсолтгүй үргэлжлэх зоосон хээ, эвэр угалз үүлэн хээг сийлбэрлэсэн. Манай сийлбэрийг TZSA компанийн С.Ганчимэг гэж хөдөлмөрч, ажилч бүсгүй хийдэг.

-Арга технологи, хийцийн тухайд?

-Арьс боловсруулах олон аргаас гандахыг, хар, цагаан гээд гангийн олон төрлөөс шар сүүгээр гандахыг илүүд үзэн хэрэглэж байна. Халимлаад хивгээр боож үзсэн ч гандах нь илүү өгөөжтэй. Гандаа байгалийн хужир шүү, шар будаа, овьёос хийнэ. Утлага нь таарсан хөхүүр дэвтэж норохгүй, илжирч мууддаггүй учраас өмх, холтос, хомоолоор хагас утлага хийгээд дараа нь нарсны шошгоогоор утчихаар үнэр нь арилдаг. Ширнийхээ өехийнөөс нь нарийн зүсч авч бэлтгэсэн сураар хөхүүрээ оёно. Манай хөхүүрт зуулт цуу ямбуунаас өөр үйлдвэрийн бүтээгдэхүүн ордоггүй.

-Процессийн хувьд...?  

-Ширээ аваад өндөр даралттай усаар шүршиж улаан шүүсийг авч, халимлаад ганд хийж 14 хонуулна. Гангаас гаргаж сар хэртэй урь идүүлнэ. Тэгээд эсгэж, оёоод модны үртсээр хэлбэржүүлнэ. Ингээд бодохоор нэг хөхүүр 50 хоногийн дотор бэлэн болно гэсэн үг. Өвөл ширээ боловсруулах үе хамгийн их ачаалалтай байдаг болохоор 2-3 хүн нэмж түр ажиллуулаад, дараа жил ирээрэй гээд явуулдаг. Шүдлэн, хязаалан үхрийн шир сайн. Их том үхрийн шир оёход хатуу, хүндрэлтэй тал бий. За ингээд манай ажил угаалга, ган, эсгүүр оёдол, модон эдлэлийн хийц гэсэн хэсгээс бүрдэж байна даа.

-Зөвхөн үхрийн ширээр л хийдэг үү?

-Адууны ширээр хийж болноо. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нэг залуугийн уургын морь нь хөгшрөөд нас гүйцэхээр нь төхөөрүүлж ширээр нь хөхүүр хийлгэе, хэдэн жил харж явья гээд аваад ирсэн. 300 литр орох сайхан том хөхүүр болсон доо. Адууны шир үс нь маш шигүү, дээрээс нь тослог ихтэй. Үхрийн ширийг 50 литр шар сүүнд гандаад боловсруулчихдаг бол адууны шир 200 литрээс наашгүй шүү. Шигүү үс, тослогийг арилгаж боловсруулахад цаг их шаарддаг болохоор адууны ширийг тэр болгон сонгодоггүй юм.

-АЙРАГНЫ АМТ, ҮНЭР, АРАНШИН ЗӨВХӨН ХӨХҮҮРЭНДЭЭ БҮРЭН ЦОГЦОЛДОГ-

-Та ярианыхаа эхэнд хэлж байсан, цэнхэр савын хэрэглээг халах зорилготой гээд. Таны зорилго биелэлээ олж байна уу?

-ЮНЕСКО-гийн орлогч захирал Эрнесто Оттоне гэдэг хүн хөхүүрийн айргийг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх хурал дээр “Монголчууд гайхамшигт уламжлалаа хадгалж хамгаалах, өвлүүлэн уламжлах, түгээн дэлгэрүүлэх үүргийг дэлхий дахины өмнө хүлээж байна. Монголчуудад баярлалаа” гэж хэлсэн байдаг.Тэгэхээр бид дэлхийд гайхагдаж байгаа өв соёлыг өөрсдөө гарын дор арьс шир, модоороо урлачхаж байгаа нь маш том бахархал бас боломж гэж хардаг. Түүх, соёл хадгалсан өв гэдэг үйлдвэрийн түвшинд аваачсан ч бас л уламжлал, үндэсний онцлог бүхий тоног төхөөрөмж шаардлагатай байдаг юм байна. Энэ сур элддэг машиныг найзууд маань хийж өгсөн. Одоо оёдлын машин хийх гээд үзэж байна. Сураар  оёдог, тэгэхээр үүндээ тохирсон машин байх хэрэгтэй. Энэ мэтээр өдрөөс өдөрт өргөжөөд, шинэ содон санаагаар ажлаа баяжуулаад явж байгаа нь бидний зорилго биелээд л байгаагийн шинж. Цаашдаа цогц үйлдвэрийн хэмжээнд хүргэж, монгол айл бүрт хөхүүрийн үнэ цэнийг мэдрүүлээд, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залчихвал хүсэл бүрэн биелэнэ дээ. Айраг гэж амьд ундааны амт, үнэр, араншин гурав зөвхөн хөхүүрэндээ л бүрэн цогцолдог. Агаар нэвтрүүлж, таагүй бодис байвал гадагшлуулдаг хөхүүр бол дэлхийн 200 гаруй улс орноос ялгарч, ондооших монгол ахуйн том соёл.

-Таны гол хэрэглэгчид хэн бэ?

-Гол хэрэглэгч бол хувь хүмүүс. Цагаан сараар, үндэсний баяр наадмаар их авна,  дулаа орохоор зуслан дээрээ тавьж, зундаа айргаа ууя гэсэн хүмүүс их ирдэг боллоо. За тэгээд, өв уламжлал соёлоо түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй үнэ хайрлахгүй авдаг хэдэн залуус бий. Уяачид, төсвийн байгууллагууд, хийдүүд авна. Цэцэрлэг, сургуулиуд нь монгол ахуйгаа таниулах зорилгоор авна гэхээр би учиргүй их баярлаж хямдруулаад өгчихдөг. Япон, Солонгос, Чех, Өвөрмонгол руу гарсан. Гадаадын улс орнуудад фермерт ажилладаг монгол хүмүүс бас гэр орондоо монгол ахуйг бий болгосон хүмүүс авч явдаг.

-Хямдруулаад гэснээс үнэ нь хэд вэ?

 -5-160 литр нь 250-900 мянган төгрөгийн үнэтэй. 120 литрээс дээш хэмжээтэйг  бол  ярьж тохироод өгчихдөг л юм. Нэг ч гэсэн айл хөхүүрийн айргийн амт чанарыг таньж мэдээсэй гэсэндээ хямдруулдаг.  Анх бид хоёр чинь шинэ баян чээж өвчтэй гэгчээр гучаад хөхүүр, бас сураа шуудай, шуудайгаар үнэгүй тараасан. Өөрсдөө хийж байгаа ажлаасаа таашаал, урам аваад тэрийгээ бусадтай хуваалцахын бөөн хүслэн байгаа байхгүй юу.

-Байнгын үйлчлүүлэгчид олон уу?

-Зайсанд Идрээ гээд өв соёлоо дээдэлдэг, хөрөнгө чинээ суучихсан мундаг залуу байнгын үйлчлүүлэгч. Бас Тэрэлжийн америк Баяраа, "Адууны асрамжийн газар"-ын эзэн гээд хэд хэдэн хүн бий. Тордайн Ганболд, Дамбын Хишгээ, манлай уяач Дуламсүрэн гээд томчууд ч ирж авна. Чамин ганган, сайхан өнгө зүстэй хөхүүр гарахаар хошуураад, мөнгөний боломжтой айлууд аваад явчихдаг. Авахгүй хэрнээ байнга асуудаг хэдэн үйлчлүүлэгч бий /инээв/ Өвөрмонгол руу маш олон хүн авна гэж байтал цар тахал гараад тэгээд бас хориглосон гэж сонссон.  Монгол хэл, бичгийг холдуулах гээд байдаг болохоор бодлогоор хориглосон байж магадгүй гэж боддог юм. Заримдаа ч их хөгжилтэй юм болно. Туулайгаар, гахайгаар солих уу гэнэ. Хөдөөнөөс хониор сольё гээд ярина. Хонийг ч бол аваад хөргөгчиндөө хийчхэж байгаа юм. Туулай, гахайгаар яалтай билээ. /инээв/ Таван литрийнх байна уу гэхээр нь байна гэнэ. Тэгэнгүүт найман литрийнх байна уу гэнэ. Хөдөөнөөс хотод байдаг хүүхэд энэ тэрдээ захидаг. Тэгээд ирээд үзнэ, бид хоёр тайлбарлаад үстэй тал нь дотроо, халим нь гадагшаа хардаг гэхээр цаашаагаа халимаг нь гээд ярина. Дүүжлүүр нь энэ үү гэж асууна. Хөгжилтэй юм их болноо.

-Зан заншил, өв уламжлал бүдгэрч байгаагийн л илрэл юмуу даа?

-Тийм шүү. Ямар сайндаа өв соёлтой холбоотой хэлц үг, сургаалыг аль болохоор энэ ажилдаа шингээн холбож хэлж өгнө. Өв уламжлал, монгол гэсэн тодотголтой бүхнээ бид нар чадах ядахаараа өвлүүлж таниулахгүй бол хойш хойшоогоо улам л бүдгэрнэ. АХА гээд нэвтрүүлэг үзэхээр бидний уламжлал, зан заншил, бүр ахуйн мэдлэг, мэдээлэл хүртэл өвлөгдөөгүй нь харагддаг. Малаа цаасны хутгаар хөнгөлдөг залуустай таарлаа. Малчны хотонд пиво шимээд дэмбээдэж буй хүүхдүүдийг харж байлаа. Ширийг үйлдвэрийн аргаар бодисоор боловсруулаад хөхүүр хийгээд өг гээд ирнэ. Хүнсний аюулгүй байдлын эсрэг хөлсний ажил хийхгүй ээ гээд буцаана.

-ДЭЛХИЙД ЦОР ГАНЦАД ТООЦОГДОХ ХӨХҮҮР УРЛАНА-

-Танай ойрын төлөвлөгөө юунд зорьж байна вэ?

-Монгол уламжлалт эд зүйлсээ боломжоороо хэрэглэж  сургах хүсэлтэй. Айраг борлуулдаг хүмүүс таглаатай саванд хийгээд зарахаар ашигтай л байдаг байх. Хамгийн гол нь авч хэрэглэж байгаа хүмүүс хор хөнөөлийг нь мэдэхгүй байна. Хөдөө хотгүй малын уяа, тушаанд урдаас орж ирдэг мяндас хэрэглэдэг. Энэ чинь өгрөөд хуучраад ирэхээр бутарч, өвс, усаар дамжин малын биед орж, улмаар бид нар  махаар дамжуулаад иднэ. Саяхан эрдэмтэд хөл бөмбөгийн хиймэл зүлэг үжрээд ийм замаар хорт хавдар үүсгэдэгийг нотоллоо.

-Сурны гүйлгээ хэр байна вэ?

-Манайхаас сүүлийн хоёр жилд 4 км-тэй тэнцэх хэмжээний сур гарсан. Уламжлалт аргаар гүйцэд боловсруулсан, нуугисан шар сур гардаг болохоор эрэлт ихтэй шүү. Үхрийн гуур хорхой гайгүй болсон ч төхөөрөхдөө ширээ цоолоод хаячихдаг хүндрэлтэй, ямар ч ширний ар зооноос нэг хөхүүр гарна. Тэр утгаараа сур их гарна.

-Таны мөрөөдөл...?

-Дэлхийд цор ганц гэж тооцогдох хөхүүр урлана. Түүхий эд, материалаа цуглуулж байна. Өв уламжлал, ёс заншилын талаар бүрэн дүүрэн мессэж өгөх кино хийнэ. Хөхүүр урлах ажил томоор харвал ҮАБ-ын үзэл баримтлалтай нийцдэг. Хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, оршин тогтнох, тусгаар тогтнолын аюулгүй байдалтай бүрэн нийцдэг гэж өөрийгөө урамшуулдаг юм. /инээв/ Би хөхүүр авсан хүндээ "Адуу мал нь хөндий дүүрэн бэлчээрлэж, айраг тараг нь сөнгөө бялхаж байх болтугай" гэж ерөөдөг.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-08 09:33

З�##�уу үедээ үлгэр дуурайл�##� болж бгаа таньд гялайлаа

Зочин
Зочин
2022-07-08 09:33

Mundag ym be

Зочин
Зочин
2022-07-08 09:36

Эрт дээр үеэсээсээ л хөхүүрэээ өвөг дээдэс минь хэрэглэсэээр ирсэн. Харин одоо цагт уламжл�##�аа �##�даж, юмыг амарчилах гэсэн арга байрл�##�д сур�##�цжэээ. Таньд харин гялайлааа дахин сэргээж бгааад, зөв үлгэр жишэээ үзүүлж бгаад т�##�архий

Зочин
Зочин
2022-07-08 09:46

Uuuh tvvvheee delgervvvlj bui ahaaraaa vnheeer ih baharhaw. Bayarlalaaa

Зочин
Зочин
2022-07-08 10:36

Мундаг ах пмаа амжилт

Уншигч
Уншигч
2022-07-08 11:44

Бахархаж байна, амжилт хүсье.

Уншигч
Уншигч
2022-07-08 20:20

Баяр хүргэе. М�##�чид маань хортой цэнхэр саваа хэрэглэхгүй байгаасай.

Мөнхбат
Мөнхбат
2022-07-08 21:07

Ажлын амжилт хүсье

Гэрэлт- Од
Гэрэлт- Од
2022-07-08 21:20

Найздаа амжилт хүсье. Мундаг байна. Хөхүүр авна шүү

Холбоотой мэдээ

Back to top button