Төрийн далбаа хэмжээ, загвараасаа хамаарч 1500-30000 төгрөгийн үнэтэй байна
Монголчууд үндэсний их баяр наадмаар төрийн далбааг өөрийн ахуй нөхцөлд тохирсон байдлаар сонгож, эл байдалд бүрэн нийцсэн олон төрлийн сонголтоор ч "үйлдвэрлэх" болсон. Залуус төрийн далбаан стикерийг биедээ нааж хэрэглэх нь элбэг. Харин гар далбааг явганаар алхаж буй наадамчид малгай, цүнхэндээ тогтоож явдаг бол тээврийн хэрэгслийн овроос шалтгаалан хэмжээгээ сонгох боломжтой болсон. Төрийн далбааны хэрэглээ, сонголт, үнэ ханш тойрсон мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
-МАРГААШ ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР-

Монгол улсын төрийн далбаа нь монгол улсын үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хэрэглэж эхэлсэн. Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна" гэж заажээ.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос "Монгол улсын төрийн далбааны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байна.
МАШИНЫ ТОЛИНД "ӨМСҮҮЛДЭГ" ТӨРИЙН ДАЛБАА Ч ГАРЧЭЭ

Баяр наадмын өдрүүдэд Нарантуул зах, наадмын талбай, зам дагуу зарагдаж буй туг, далбаа урд хөршөөс оруулж ирдэг. Гэвч хэвлэлийн алдаатай, соёмбо хэсэгт бэлгэ тэмдэг нь дутуу, уруу доошоо харсан гэх мэт учир дутагдалтай байдаг. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд дотоодын хэвлэлийн компаниуд эл хэрэгцээг ханган ажиллаж байна. Энэ нь урд хөршийн алдаатай буруу хийсэн далбаа огт орж ирэхээ больсон гэсэн үг биш. Тийм учраас иргэд үндэсний бахархалт наадмаараа төрт ёсоо хүндэлж төрийн далбаагаараа гоёхоор бол сонголт хийхдээ анхаараарай. Төрийн далбааг аль ч хэвлэлийн газар, хувь хүмүүс хийхдээ тогтсон стандарт хэмжээсүүдээр гаргаж байна.

- 25Х25 см: Гартаа барих, цүнх, малгайдаа зүүх, үйлчилгээний газрууд ширээндээ тогтоох зэргээр ашигладаг. Үйлдвэрээс 1000-1800 төгрөгөөр бөөндөж иргэд гар дээрээсээ 3000-4500 төгрөгөөр худалдан борлуулж байна.
- 35Х45 см: Ихэвчлэн машины толь, шилэнд байрлуулна. Бас ААН, компаниуд асар майхан, шоу рүүмд сонгодог. Үйлдвэрээс 2500-3000 төгрөгөөр бөөндөж, жижиглэнгээр 4000-5500 төгрөгөөр борлуулж байна.
- 1мХ60см: Том оврын машинууд энэ хэмжээг сонгосон харагддаг. Мөн үйлчилгээний газрууд гаднаа байрлуулна. Хэвлэх үйлдвэрийн үнэ нь 8000 төгрөг байна.
- 1мХ2м: Наадмын талбай, баяр наадмын томоохон арга хэмжээ, эвэнтэд өргөн хэрэглэнэ. Хэвлэх үйлдвэрээс 30 мянган төгрөгийн үнээр гарч буй.
- Толины загвар: Машины толины ар талаас хөмөрсөн байдлаар углаж хэрэглэх "толины малгай" загвар бүхий төрийн далбаа. Хэвлэх үйлдвэрээс гарч буй үнэ 3500 төгрөг. Шинэ содон хэрэглээг эрхэмлэдэг хүмүүс энэ жилийн наадмаар машинынхаа толинд энэ малгайг олноороо өмсгөх байх.
ХЭВЛЭЛИЙН ҮЙЛДВЭР: ТӨРИЙН ДАЛБААГАА ГАНЦ ӨДӨР ХЭРЭГЛЭЭД БИТГИЙ ХАЯАРАЙ

Төрөл бүрийн туг, далбааг үйлдвэрлэж буй хэвлэх үйлдвэрээс төрийн далбааны хэвлэл хэрэглээний талаар тодруулав.
Ингэхэд "Төрийн далбааг манайхаас хүмүүс аваад үнэ нэмээд зардаг. Урдаас орж ирдэг далбаанууд соёмбо нь буруу харсан, галыг нь орхисон гэх мэт алдаатай байдаг учраас авч байгаа хүмүүстээ сайн тайлбарлаж мэдээлэл өгөөд явуулдаг. Бас төрийн далбаан дээгүүр гишгэдэггүй, байнга дээш нь тавьж хүндэтгэлтэй хандаарай гэж хэлдэг. Төрийн бэлгэдэл, хүндэтгэлийн эд зүйлсийг хийнэ гэдэг өөрөө маш хариуцлагатай ажил. Хүмүүс зүгээр ганц өдөр барьж явах, машиндаа зүүгээд хаях биш хаа нэг газраа хүндэтгэлтэй тогтоож хэрэглээсэй гэж хүсдэг. Туг, далбаа эх бэлтгэл, өнгө, хэвлэл, лазер, оёдол, индүүдлэг гээд жижиг, том гэлтгүй олон дамжлагатай, нарийн нямбай ажиллагаа шаарддаг онцлогтой" гэсэн юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг л зуны тренд юм даа. Машинтай болгон л тугаараа гангарна даа
МАШИНТАЙ монгол хүн бүр төрийн д�##�баагаа мандуулаад сайхан наадаарай
,Нөгөө БАЯЛАГТАА ЭЗЭН -гэж попроод бсан хүрэлсүх чинь яагаад чимээгүй бнаааа.????????????чигчий хуруугаа ч хөдөлгөхгүЙ бна шүү
Hvrelsvh hujaagiin tald bolohooro hortoi mah gazriin tos 2n asuudald nvden balai chih ni dvlii sh de