ДЭЛХИЙ

Шинзо Абэгийн аллага урьдаас төлөвлөгдсөн байсан уу

Дэлхий нийт Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн харамсалтай үхлийн “шоок”-ноос гарч амжаагүй байна. Улстөрч агсны төлөө гашуудсан, эмгэнэл илэрхийлсэн хүндэтгэлийн үйл ажиллагаа олон улс оронд, тэр дотор Монголд ч болсон нь талийгаачийг дэлхийд хэр нэр хүндтэй удирдагч байсныг илтгэнэ. Түүний амь насанд халдсан шалтгааны талаар олон янзын таамаг хөвөрч, эцэстээ зүгээр нэг сэтгэцийн гажигтай этгээд алсан болоод дуусах замдаа орчихлоо.

Учир нь алуурчин этгээд байцаалтын явцад “Улс төрийн үйл ажиллагаа нь сэтгэлд хүрэхгүй байсан”, “Нэгэн шашны бүлэглэлийн тэргүүнийг алах зорилготой байсан ч андуурчихсан байна”, “Талийгаачтай холбоотой байсан нэг бүлэглэл амьдралыг минь сүйрүүлсэн учраас хорссондоо хөнөөсөн” гэх зэргээр мэдүүлгээ олон дахин өөрчилж байгаа тул өдгөө сэтгэцийн байдлыг нь шалгахаар болоод буй.

Тэгвэл өөр бас нэг таамаг байна. Халдлагаас хоёр хоногийн дараа явагдсан Зөвлөхүүдийн танхим ( Японы парламентын дээд танхим)-ын сонгуулийн үр дүн энэ таамгийг бий болгов.

Ард түмэн нь Шинзо Абэгийн хүслийг биелүүллээ

Дайнд ялагдсан Япон улс 1947 онд шинэ Үндсэн хууль батлахдаа Хааны гэр бүлийн эрхийг хязгаарлаж, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн хамт цэрэг армийг иргэний хүчтэй хяналтад оруулж өгсөн байдаг. Улмаар аюулгүй байдлаа АНУ-д хариуцуулж, батлан хамгаалахад зарцуулах байсан мөнгөө эдийн засгийн өсөлт рүү хийж  өнөөгийн өндөр хөгжилд хүрснийг бүгд мэднэ. Товчхондоо, Үндсэн хуулийн 9 дүгээр заалт тухайн үедээ оновчтой байж, Япон улсын өнөөгийн хөгжилд хангалттай өгөөж өгчээ. Гэвч сүүлийн жилүүдэд БНАСАУ, БНХАУ-ын зүгээс ирэх байнгын аюул заналхийлэл нь Япон улсыг батлан хагаалах салбараа АНУ-аас хараат бусаар бие даан хөгжүүлэх, байлдах чадавхиа нэмэгдүүлэх сонирхолтой болгосон юм. Шинзо Абэ яг энэ зорилгын төлөө насаараа зүтгэсэн нэгэн байв.

Зорилгоо биелүүлэхийн тулд тэрээр Үндсэн хуулийн 9 дүгээрт буй “Дайнаас татгалзах” тухай заалтыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байсан. Аль ч улс Үндсэн хуулиа дархлаатай байлгахыг эрмэлздэг бөгөөд өөрчлөхийн тулд өндөр босго тавьж өгдөг. Японд ч ялгаагүй, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд Парламентын дээд Танхимын 248 гишүүний 2/3 буюу дор хаяж 166 нь дэмжсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Шинзо Абэ Либерал Ардчилсан намаа сонгуульд 2012 оноос хойш зургаа дараалан ялуулсан /Зөвлөхүүдийн танхим 2013, 2016, 2019, Төлөөлөгчдийн тахим 2012, 2014, 2017/ ч зорилгодоо хүрч чадаагүй юм.

Японы Либерал ардчилсан намын дарга Фцмио Кишида

Тэгвэл өчигдөр явагдсан сонгуульд Фумио Кишидагийн удирдсан Либерал ардчилсан нам, Комейта намын эвсэл 125 суудлын 75-ыг авчээ /Зөвлөхүүдийн танхимын гишүүд зургаан жилийн хугацаатай ч гишүүдийнхээ талыг гурван жил тутамд сонгууль явуулж сэлгэдэг/.  Ингэснээр эрх баригч эвсэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмждэг “Нишин” зэрэг сөрөг хүчний намуудын суудлын нийлбэр 170-д хүрэв. Энэ бол Шинзо Абэ хэмээх агуу удирдагчийн амьддаа бодож, зорьж явсан хүслийг ард түмэн нас барсан хойно нь биелүүлсэн хэрэг байлаа.

Дайнч үндэстэн дахин мэндэлнэ

Япон бол дайнч улс, япончууд дайчин хүмүүс. Техник, технологийн хөгжлийн түвшин эдийн засгийн нөөц боломжийг нь ч бодсон, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихвал нэгэн асар их дайнч гүрэн олон жилийн “нойрноосоо сэрж”, асар их хүчээр өндийн босож ирэх нь тодорхой.

Өдгөө олон улсын байдал хурцдаж, улс гүрнүүд нэгэн их үйл явдалд бэлтгэж буй нь тодорхой болсон. Шинзо Абэ болон үзэл санаа нэгтнүүд нь үүнийг эртнээс мэдэрсэн ч ард түмэнд ойлгуулж, зорьсноо хуулийн дагуу хийх гэсээр хэтэрхий их хугацаа алдаж, цагийг нь тулгачихсан. Дахин цаг алдах боломжгүй тул эрх баригчид сонгогчдын сэтгэл санаанд нөлөөлж, найдвартай үр дүн гаргахын тулд Шинзо Абэ хэмээх ард түмний хайртай хүүг золигт гаргасан байж мэднэ. Бүр тодорхой хэлбэл, Шинзо Абэгийн амь насны үнэ цэн нь Япон улс дайнд бэлтгэх боломж, эдийн засаг, техник технологийн асар их нөөц боломждоо дулдуйдан өөрийгөө хамгаалах, цаашлаад гүрний ашиг сонирхлоо илэрхийлэх эрх байх боломжтой.

Шинзо Абэ цэрэг армиа хүчирхэгжүүлэхийн төлөө тэмцэх явцдаа БНХАУ, БНАСАУ-тай аргагүй их тэрсдэг байлаа.

Албан тушаалаа өгсний дараа тэрээр намынхаа хамгийн том фракцын лидер, зангарагтай улстөрч хэвээр үлдсэн. Өнгөрсөн жил Тайванийн асуудлаар хатуу байр суурь илэрхийлж, БНХАУ маш эмзгээр хүлээж авч байсан нь үүний илэрхийлэл. Сая халдлага болсны дараа алуурчин этгээдийг эхлээд солонгос гаралтай, дараа нь хятад гаралтай гэж олон нийтийн сүлжээнд “сэвсэн”. Албан ёсны эх сурвалжид гараагүй энэ мэдээллийг өөр бусад улсууд авч түгээсэн явдал ч гарсан. Сонгууль болохоос өмнөх хоёрхон хоногт ийм эрс тэс мэдээлэл сэвэгдэнэ мгэдэг санамсаргүй тохиолдол биш. Эрх баригч нам, ҮХНӨ-ийг дэмжигч бүлэглэл Шинзо Абэгийн аллагыг зохион байгуулсан, эс бол нэгэнт үйлдэгдсэн халдлагыг өөрсдөдөө ашигтай болгохыг хичээсэн хоёрын нэг.         

Мэдээж 100 хувийн баталгаа байхгүй, зөвхөн үйл явц, баримтуудыг логикоор холбосон сэжиг таамаг л бий. Японы Парламент удахгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, цэргийн их гүрэн болох замаа засвал баримт бас нэгээр нэмэгдэж байгаа хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button