Нийгмийн

АНАЛИЗ: 2022 онд 41.9 хувиар өссөн дизелийн үнэ иргэн Доржийн хэтэвчид хэрхэн нөлөөлөх вэ

Дизель түлшний үнэ уржигдар 3730 төгрөгөөс 4030 төгрөг нэмэгдсэн билээ. Бид дизелийн түлшний олон улсын зах зээлийн байдал, цаашдын төлөв, Монгол дахь үнийн өсөлтийн шалтгаан болон дотоодын зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

-ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ КАЗАХСТАН, ОХУ-Д Л ТОГТВОРТОЙ БАЙНА-

Манай улс ОХУ-аас шатах, тослох материалаа Засгийн газар хоорондын комиссын оролцоотойгоор, экспортлогч компанитай үнэ тохирч авдаг байсныг уншигчид санаж байгаа байх. Тэр үед ОХУ дэлхийн зах зээлийн үнээс өндөр үнээр зардаг байсан тул манай талаас хүсэлт тавьж, Сингапурын биржийн сүүлийн 28 хоногийн дундаж үнээр авдаг болсон нь тухайн үедээ л дэвшил байсан. Нэгэнтээ ингээд олон улсын зах зээлийн тогтолцоо руу орсон учир одоо зах зээлийн зарчмаараа явахаас өөр аргагүй.

Сүүлийн зургаан сард дизель түлшний үнийн хэлбэлзлийг харахад, газрын тосны орд, боловсруулах үйлдвэртэй Иран зэрэг Ойрхи Дорнодын улсуудыг эс тооцвол Казахстан, ОХУ-д л тогтвортой, бусад улсуудад 50 орчим хувиар өсжээ.  

Дизель түлшний литр тутмын үнэ ОХУ-д дунджаар 51.6 рубль байгаа нь Монгол төгрөгөөр 2875.67 төгрөг гэсэн үг.

Гэхдээ энэ нь татаас /дотаци/-тай үнэ. Украинд цэргийн ажиллагаа эхлүүлэх үед 51.86 рубль байсныг төрөөс газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд татаас өгөх замаар хэвэнд нь барьж байгаа аж. ОХУ-ын Засгийн газар гадаадад цэргийн ажиллагаа явуулахын хажуугаар дотооддоо улс төр, эдийн засгийн тогтвортой байдлаа хангахын тулд асар их хүчин чармайлт гаргаж буйн нэг жишээ нь энэхүү дизелийн түлшний үнэ барилт юм.

Харин Монголд 72.3 рубль байгаа нь Европын холбооны дундаж үнээс хоёр дахин бага байна. Казахстанд хамгийн хямд буюу 28 орчим рубль байгаа юм.

Дизель түлшний үнэ хамгийн ихээр өссөн улсууд /2022 оны эхний хагас/

  • Латви 56,7%
  • Испани 52,7%
  • Австри 48,5%
  • Болгар 47,4%
  • Румын 45,9%
  • Литва 45,6%
  • Словак 42,5%
  • Эстон 42,1%
  • Кипр 40,9%
  • Грек 40,1%     

-ҮНИЙН ӨСӨЛТИЙН ТАЛЫГ ЗАСГИЙН ГАЗАР ӨӨР ДЭЭРЭЭ АВЧЭЭ-  

Манай улсын хувьд нэг тонн дизелийн түлшний хилийн үнэ оны эхэнд 705 ам.доллар байсан нь энэ сард 1295 ам.доллар болж 84 хувиар өссөн байна. Гэхдээ оны эхэнд 2840 төгрөг байсан жижиглэнгийн үнэ 4030 төгрөг болж 41.9% өссөн нь хилийн үнийн өсөлтөөс хоёр дахин бага байна. Засгийн газраас өнгөрсөн дөрөвдүгээр сард дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг тэглэсэн нь үүнд нөлөөлжээ. Манай улсын хувьд, жижиглэнгийн үнэд хилийн үнээс гадна ам.долларын ханш мөн нөлөөлдөг. Тэгэхээр, эцсийн хэрэглэгч дээр очих өсөлтийн шоокийг аль болох бага байлгахын тулд импортлогч компаниуд, Засгийн газар багагүй хүчин чармайлт гаргасныг эндээс харж болж байна.

-АИ92-ЫН ОРОНД ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ҮНИЙГ БАРИХ БОЛОМЖ БАЙСАН УУ-

Намрын тариа хураалт, уул уурхайн салбарын идэвхжлийг тооцвол одоо бидэнд өргөн хэрэглээний АИ92 шатахуун гэхээсээ дизелийн түлшний үнийг барих нь илүү ашигтай. Эдийн засгийн өсөлтийг дэмждэг гэдэг талаас нь ч харсан, нийт импортын дийлэнхийг эзэлдэг гэдэг утгаар нь бодсон ч дизель хямдрах нь ашигтай. Засгийн газар сая Гадаад харилцааны сайд С.Лавровыг ирэхэд нь дизелийн түлшний үнийг мөн хямдруулах санал тавьж, “Роснефть” компанитай хэлэлцсэн ч манайхтай адилхан ургац хураалт хаяанд тулж, уул уурхай идэвхжин, дотоодын хэрэглээ нь өсөх учир хямдруулах боломжгүй, харин нийлүүлэлтээ таслахгүй байх тал дээр анхаарья гэсэн хариу өгсөн байна.

Манай улсын импортолдог шатахууны төрөл, хэрэглээнд эзлэх хувь

  • Дизель түлш дунджаар 62%
  • АИ-92 дунджаар 33%
  • АИ-95, ТС, АИ-80) 5 орчим %

Нийлүүлэлт тогтвортой байх нь үнэ хямд байхаас дутуугүй ач холбогдолтой. ОХУ-аас шатахуун, дизель авахаа больсон Европ одоо дутагдлаа нөхөх гэж бартер хийх нь холгүй, үйлээ үзэж буй. Европын улсууд хэрэглээнээсээ илүү шатахуун үйлдвэрлэдэг бол дизелийн түлш дээр эсрэгээрээ, үйлдвэрлэдгээсээ илүүг хэрэглэдэг юм байна. Тиймээс АНУ руу шатахуун нийлүүлж, дизель авах маягаар хамтарчээ. Ялангуяа Британи, АНУ своп хэлцлээр ажиллаж байгаа аж. 

Дотооддоо газрын тос боловсруулдаг, үнэ ханш хямдтай Казахстанд хүртэл ирэх есдүгээр сард, ургац хураалтын үеэр дизель түлшний хомсдол үүсэх магадлал өндөр болж, Ерөнхийлөгч К.Токаев нь саяхан Парламентдаа үг хэлсэн жишээ байна. Тэрээр “Хомсдол үүсэхээс сэргийлэх ёстой. Хомсдол үүсгэх шалтгаануудыг олж хаа. Хөрш зэргэлдээ улсын тээврийн компанийн жолооч нар манай улсаас дизель түлшээ авч угаадаг гэнэ, дотоодын зах зээлээс аваад хөрш улсуудад худалддаг жижиг гарын сүлжээ үүсээд олон жил болсон гэж байна, учрыг нь ол” гэжээ.

Тэгэхээр, үнэ өссөн ч ирэх намар нийлүүлэлт тасалдахгүй байна гэдэг манайдаа бараг л их юм болсон бололтой.

Уг нь бол ОХУ Ази, Ойрхи Дорнодын улсуудад нефть бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа юм билээ. Намрын ургац хураалт буюу эрэлттэй үе нь л таарсан бололтой.  

-ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛӨХ Ч ОГЦОМ ӨСГӨХГҮЙ-

Дизель түлш нь суурь үнийг бүрдүүлэхэд оролцдог тул зах зээлд үнийн өсөлт болох нь тодорхой. Үнийн өсөлт нь шатахуун тослох материал зардлынх нь хэчнээн хувийг эзэлдгээс шалтгаалаад салбар бүрт өөр байна.

Жишээ нь, хуурай болон усан замын тээврийн зардлын 52 хувь, шуудангийн үйлчилгээний зардлын 43 хувь, агуулахын үйлчилгээний 39 хувь, уул уурхайн туслах үйлчилгээний зардлын 34 хувь, агаарын тээврийн салбарын зардлын 26 хувь нь шатахуун, дизелийн түлшний зардал байдаг байна. Тэгэхээр, дээр нэр дурдагдсан салбарт үнийн өсөлт хамгийн тод мэдрэгдэх нь.

-Дизель түлшний импортын дийлэнх буюу 70 хувийг бөөний худалдан авагчид буюу уул уурхай, зам, барилгын компаниуд хэрэглэдэг бол Аи-92 бензиний үндсэн хэрэглэгчид нь иргэд байдаг байна.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний тухайд, дизель гэлтгүй шатахууны үнийн өсөлт нь хэрэглээний сагсанд багтдаг 329 нэр төрлийн бараа үйлчилгээний 97 хувь буюу 319 нэр төрлийн бараа үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх суурь шалтгаан болдог байна.

Гэхдээ хамрах хүрээ нь ийм өргөн ч хэмжээний хувьд өм, цөм нэмэгдэх шалтгаан болохгүй. 1000 төгрөгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний 20 хувь буюу 200 төгрөг нь тээврийн зардал байлаа гэж бодоход 10 хувь буюу 100 төгрөгөөр л нэмэгдэх ёстой. Тиймээс тээврийн зардал 41 хувиар өслөө гээд 1000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 1500 болгох үндэслэл байхгүй гэсэн үг.

41.9 хувийн өсөлтийн бодит нөлөөллийг нь тооцвол нь дээр дурдсанчлан, хуурай замын тээврийн салбарт л хамгийн өндөр буюу 25 орчим хувиар өсөх шалтгаан болно.   

-ДИЗЕЛИЙН ҮНИЙГ ХЯМДРУУЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ-

Дэлхийн улс орнуудын туршлагыг харахад татвар тэглэх, татаас өгөх гэсэн хоёр хэлбэрээр үнийн өсөлттэй тэмцэж байна.

Тухайлбал, дизелийн түлшний үнэ 2.13 евро хүрсэн тул Грекийн Засгийн газар энэ оны VII, VIII, IX сард шатахуун, дизелийн түлшний үнийг барих зорилгоор 580 сая евро төсөвлөсөн. Япон улс аль нэгдүгээр сарын сүүлээр татаас өгөх журамд шилжжээ. Манай улсын хувьд, татвар тэглэх механизмыг ашигласан, одоо татаас өгөх арга нь үлдээд байгаа. Гэхдээ бараг дэмий биз дээ. Шатахууны импорт манай нийт импортын 25 орчим хувийг дангаараа эзэлдэг, ам.долларыг хомсдуулж, ханшид нөлөөлдөг, экспортын гол түүхий эдийн өртгийг өсгөдөг  гэдэг утгаараа дизелийн түлшний үнийн өсөлт тэртэй тэргүй макро эдийн засгийн түвшинд хангалттай хорлож байгаа шүү дээ. Хүчээр барьж байгаад дараа нь алдвал илүү огцом өсөж, иргэд хүчтэй шооконд орж мэднэ. Учир нь, шатахууны үнийн өсөлт улс төрийн тогтворгүй байдлыг мөн дагуулдаг билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-19 08:34

Дизелийн үнээ барих байсан юм. Энэ сэтгүүлч тодорхой бичжээ

Зочин
Зочин
2022-07-19 08:37

Тэгэхээр бараг бинзен иймэрхүү үнэтэй байгаа нь хямдхан ч юм шиг

zochin
zochin
2022-07-19 09:03
Reply to  Зочин

Бинзен биш бензин гээч

Зочин
Зочин
2022-07-19 08:37

olon ulsiin jishgiig l dagasab deer l dee

Зочин
Зочин
2022-07-19 08:48

Tarhi ugaah amarhan yum daa... za za tasrahgui ni gehbaidalaar evlerne een

9908
9908
2022-07-19 10:09

Оюуэрдэнэ гэдэг боловсролгүй бизнесийн сэтгэхүйгүй тэнэг м�##�аа �######�уулаад өгөөч

Иргэн
Иргэн
2022-07-19 13:28

АИ-95,98, ДТ-ТҮЛШЭЭР АИ-92-Н АЛДАГДАЛЫГ НӨХӨЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ ХӨӨ!!! АДИЛХАН Л ЗАХ ЗЭЭЛЭЭР НЬ ЯВУУЛАЖ СУРГААЧ!!! 24-ОНЫ СОНГУУЛЬД ЗОРИУУЛСАН ХОЦРОГДСОН ХУУРАЛТ ҮЕЭЭ ӨНГРӨӨСӨН ШҮҮ!!! ТЭР АРХИЧИН АЖИЛ ХИЙХ СОНИРХОЛГҮЙ НИЙГЭМИЙН ХОГ ШААР БОЛСОН ХАЛАМЖИЙН СОНГОЧИДОО Л ХУУР

Зочин
Зочин
2022-07-23 12:16

Энэ нийтлэл бол яг үнэнийг хэлэхэд асууд�##� үүссэн улс орондоо юу ч хийж чаддаггүй, чадамжгүй засгийн газраа өмгөөлсөн, захи�##�гат шахуу нийтлэл юм уу даа,

Хийморийн амнаас
Хийморийн амнаас
2022-07-23 13:31

Нефтийн энэ их нөөцтэй байж түүнийгээ хужаа нарт үнэгүй өгчхөөд өөрсдөө ингээд дарлуулж суух нь МАН-ын бодлого зөв яваагийнх юм болов уу даа. Тэр бум тэр бумаар нь одон мед�##�ь хийлгэж хэт их мөнгөөр наргиж байхын оронд нефтийн үйлдвэрээ ажилд оруулах т�##� дээр шургуу ажиллах хэрэгтэй юм даа уг нь.

Холбоотой мэдээ

Back to top button